| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0479/З |
| Дугаар | 221/МА2026/0609 |
| Огноо | 2026-08-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2026/0609
Д.А-ын гомдолтой
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч: Д.А
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0584 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч Д.А
Хариуцагч С.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/02304792/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Д.А-аас Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д-т холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч З.Д-ийн 0135061 дугаартай "Шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0584 дүгээр шийдвэрээр: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 11 дүгээр зүйлийн 11.10, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.2.2, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Д.А-аас Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д-ийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн 0135061 дугаартай "Шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З давж заалдах гомдолдоо:
3.1. “...Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. 1.2, 11 дүгээр зүйлийн 11.10, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.2.2, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасны баримтлан манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэж, анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Шүүхээс Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд Санхүүгийн зохицуулах хорооны хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд энэ зүйлийн 6.2.2-т “үнэт цаасны зах зээлд оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан" гэж байгаагаас үзэхэд хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Д нь маргааны үйл баримтад дурдсан асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийн хуудас шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан мөн тул иргэн Д.А-ын гаргасан үйлдлийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10-т "нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгохыг хориглоно" гэж заасныг зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх “нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгосон" заалтыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0135061 дугаар шийтгэлийн хуудсаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Д.А нь фейсбүүк цахим орчинд 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б т ХХК-ийн төслийг сэргээнэ гэх утга агуулгатай мэдээллийг өөрийн хувийн хаяг болох "А D" гэх фейсбүүк цахим хуудсаар оруулсантай холбогдуулж Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Д /цаашид "хариуцагч" гэх/ нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа явуулсан Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл, 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдээс мэдээлэл шаардах, хянан шалгагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хянан шалгах эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагааг явуулж, хяналт тавих эрхтэй.
Гэтэл Д.А нь Санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд биш, түүнчлэн “Б т” ХХК ч мөн адил зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд биш байтал Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Д нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтад заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны эрх хэмжээний хүрээнд байхгүй, хорооноос тавих хяналтад хамаарахгүй этгээдэд шалгалт хийж шийтгэл оногдуулсан үйлдэл гаргасан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхтэй хэдий ч Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Д нь зөвшөөрөл эзэмшдэггүй, бүртгэлгүй этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулж үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргасан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн болох нь анхан шатны шүүх хуралдааны явцад мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар огт тогтоогдоогүй байхад Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу гурван мянган нэгжээр буюу 3 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээсэн шүүхийн шийдвэр нь хуулийг буруу хэрэглэсэн.
Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11.10 дахь хэсэгт “Нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгохыг хориглоно.” гэж заасан боловч шүүхээс нэхэмжлэгч Д.А-ын фейсбүүк цахим орчинд мэдээлэл оруулсан үйлдлийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т заасны дагуу нийтэд санал болгосон буюу үнэт цаасаа 50-аас дээш тооны этгээдэд санал болгосон талаар дүгнэлт хийгээгүй, тухайн мэдээлэлд 104-н хариу үйлдэл, 22 сэтгэгдэл авсан нь 50-аас дээш тооны этгээдэд санал болгосон буюу нийтэд санал болгосон үйлдэл гэж үзсэн.
Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.22-т заасны дагуу нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл гэж юуг хэлж байгаа талаар дүгнэлт хийгээгүй, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа мөн хуулийн 5.2.1-т заасны дагуу Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй талаар дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдааны явцад үнэт цаас гэж тодорхойлолтыг бүрэн тогтоогоогүй. “Б т” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь нэхэмжлэгч Д.А- боловч шүүхээс хувь хүн компанийг төлөөлж, өөрийн цахим орчинд компанитай холбоотой мэдээлэл нийтэлсэн үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11.10 дахь хэсэгт заасан компанийн хувьцааг нийтэд санал болгосон үйлдэл гэж үзэж шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй. “Б т” ХХК-ийн эцсийн өмчлөгч компанийг төлөөлөн өөрийн хувийн цахим хуудсан дээр мэдээлэл оруулах боломжтой, тухайн мэдээлэл нь "Б т” ХХК-ийн албан ёсны мэдээлэл мөн гэж үнэлэгдэх боломжтой эсэх асуудалд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.1 дэх заалт бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6-т “...Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу компанийг өөрчлөх замаар хувьцаа буюу үнэт цаасаа үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах шийдвэр гаргаагүй, Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан зөвшөөрлийг олгоогүй байхад иргэн Д.А нь “Б т” ХХК-ийн эцсийн өмчлөгч болохын хувьд энэхүү компанийн хувьцааг олон нийтийн сүлжээгээр нийтэд санал болгосон нь түүнийг дээр дурдсан Үнэт цаасны тухай хуулийн хориглосон хууль бус үйлдлийг гаргасан гэж үзэхээр байна." гэж үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн.
Тодруулбал, Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эцсийн өмчлөгч өөрийн хувийн цахим орчинд мэдээлэл оруулсан үйлдлээр компанийн хувьцааг нийтэд санал болгосон гэж үзэж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хориглосон хууль бус үйлдлийг гаргасан гэж шийдвэрлэсэн. Мөн үндэслэх хэсэгт "Үнэт цаасны тухай хууль" гэх Монгол улсад хүчин төгөлдөр мөрддөггүй 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүчингүй болсон хуулийг үндэслэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-т Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд хамаарахгүй гэж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд хамаарахгүй гэдгийг хоёрдмол утгагүйгээр хуульчилж байхад тус зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Иймд Давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан гомдлын хүрээгээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0584 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Гомдол гаргагч Д.А-аас Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д-т холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д-ийн 0135061 дугаартай "Шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд
3.1. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д нь ““Б т” ХХК нь нийт давуу эрхийн хувьцааг жилийн 15 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, энгийн хувьцаа руу шилжих сонголттой 5 тэрбум төгрөг босгоно гэх зар сурталчилгааг фейсбүүк орчинд 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ойролцоогоор 47 мянган дагагчтай А D фейсбүүк хуудсанд байршуулсан байна” гэх СЗХ/26-12 дугаартай мэдээллийг хүлээн авч, шалгалт хийсэн байна.
3.2. Шалгалтаар иргэн Д.А-аас 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн цахим хаяг болох фейсбүүк орчинд “давуу эрхийн хувьцаа гаргах мэдээллийг оруулсан” нөхцөл байдал тогтоогдож, улмаар хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д нь 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0135061 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Д.А-ыг Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 3,000,000.00 төгрөгөөр торгожээ.
4. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулиар үнэт цаасыг нийтэд санал болгох, эсхүл хаалттай хүрээнд гаргах, арилжих, бүртгэх, клиринг, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах, бусад зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.”, 4 дүгээр зүйлийн 4.1.15-т "үнэт цаасны танилцуулга" гэж үнэт цаасны захиалга авах, худалдах зорилгоор үнэт цаас гаргагчаас холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу бэлтгэж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн танилцуулга, баримт бичгийн бүрдлийг;”, 4.1.21-т “нийтэд санал болгох" гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50-аас дээш тооны этгээдэд санал болгон худалдахаа цахим орчин дахь олон нийтийн сүлжээ, мэдээлэх хэрэгслээр нийтэд мэдэгдэхийг;”, 4.1.22-т "нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл" гэж энэ хуульд заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг;” гэж тус тус хуульчилсан.
5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хуулийн этгээд нь нийтэд санал болгох үнэт цаасны зөвшөөрлийг холбогдох захиргааны байгууллагад хандан авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд зөвшөөрөлгүйгээр үнэт цаасаа нийтэд санал болгосон бол зөрчил гаргагчийг хуульд заасан хэмжээгээр торгохоор байна.
6. Гомдол гаргагч Д.А нь өөрийн цахим хаяг болох А D гэх фейсбүүк хаягтаа ““Б т” ХХК нь нийт давуу эрхийн хувьцааг жилийн 15 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, энгийн хувьцаа руу шилжих сонголттой 5 тэрбум төгрөг босгоно” гэх мэдээлэл оруулсан болох нь гомдол гаргагчийн мэдүүлэг, болон хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогддог.
7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 1.2-т “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн” гэж заасны дагуу маргаан бүхий хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д-ийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0135061 дугаар дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Д.А-ыг 3,000,000.00 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
8. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхтэй хэдий ч Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Д нь зөвшөөрөл эзэмшдэггүй, бүртгэлгүй этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулж үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргасан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
8.1. Учир нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10-т “Нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгохыг хориглоно.” гэж зааснаар хэрэв иргэн Д.А-аас “IPO (Initial Public Offering) гаргах зар биш” гэж байгаа бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааны талаар нийтэд зарлаж, уг хуулийг зөрчсөн байна.
8.2. Харин нээлттэй хувьцаат компани болж IPO гаргах тохиолдолд дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д ““үнэт цаас гаргагч” гэж энэ хуульд заасны дагуу үнэт цаасны зах зээлд арилжих үнэт цаасаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн, эсхүл бүртгүүлэх хүсэлт гаргаж байгаа этгээдийг хэлнэ” гэж заасны дагуу гомдол гаргагч “Баялаг өндөг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.А нь үнэт цаасны зах зээлд арилжих үнэт цаасаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэгтэй.
8.3. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т “зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн үйл ажиллагааг шалгах;”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийнэ.” гэж тус тус хуульчилсны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д-ээс хуульд нийцүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
8.4. Энэ талаарх анхан шатны шүүхийн “-...Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан зөвшөөрлийг олгоогүй байхад иргэн Д.А нь “Б т” ХХК-ийн компанийн эцсийн өмчлөгч болохын хувьд энэхүү компанийн хувьцааг олон нийтийн сүлжээгээр нийтэд санал болгосон нь түүнийг дээр дурдсан Үнэт цаасны тухай хуулиар хориглосон хууль бус үйлдлийг гаргасан гэж үзэхээр байна...” гэх дүгнэлт зөв болжээ.
9. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0584 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР