Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00028

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

                               хариуцагч П.У-т холбогдох

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/00066 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.У-т холбогдох,

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч П.Уын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч П.У, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь П.У-тай 2013 онд танилцаж, дотно харилцаатай байсан. Ингээд хүү У.Б 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. Бид гэр бүл болоогүй хоёр гэрээрээ харилцан ирж, очиж амьдардаг байсан. Гэтэл П.У нь хамтран амьдрах хугацаандаа болон түүнээс өмнө согтууруулах ундаа архи дарс байнга хэрэглэж бидний хооронд үл ойлголцох асуудал үүсдэг байсан. П.У нь хамтран амьдрах энэ хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан. Энэ байдал нь хүүхдийг амгалан тайван орчинд амьдруулах зөв боловсон хүмүүжүүлэх, мэдлэг боловсрол эзэмшүүлэхэд сөргөөр нөлөөнө гэж үзэж байгаа тул хүү У.Б-ийг миний асрамжинд байлгаж өгнө үү. Миний хувьд төрсөн ганц хүүгээ өөрийн гар дээр өсгөн бойжуулж зөв боловсон хүмүүжүүлж, гал голомтоо залгуулах бодолтой байна гэжээ.

Хариуцагч П.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

П.У миний бие нь Ш.Б-тэй 2012 оны 01 дүгээр сард анх танилцсан. 2013 оны 10 дугаар сард миний хүү У.Б гэдсэнд олдсон. 2014 оны 07 дугаар сард төрсөн. Ш.Б нь жирэмсэн байх хугацаанд минь согтуу гэдэс рүү өшиглөж, хоолойг минь боосноос болж доошоо цус алдаж эмнэлэгт хэвтсэн. Жирэмсэний хугацаанд үл ойшоож, архидан согтуурч дарамт үзүүлдэг байсан. 3 сартай байхад Ш.Б ...би өсгөж чадахгүй авахуул гэж 80.000 төгрөг хүртэл өгч байсан удаатай. Хүү У.Б-ийг маань төрсөн цагаас өдийг хүртэл Ш.Б тэжээж, хувцаслаж, хайрлаж, халамж тавьж байгаагүй ба өвдөхөд нь миний бие Ш.Б-ийн араас хөөцөлдөн байж арай гэж ганц, хоёр удаа эм тариа авахуулж байсан. Анх хүүхэдтэй болсон үеэс хойш өнөөдрийг хүртэл Ш.Б-тэй хэзээ ч амьдарч байгаагүй, гэрлээгүй бөгөөд гэрлэлтийн баталгаа байхгүй. Хүү минь эцгээрээ биш эхээрээ овголдог. Төрсөн цагаас эхлээд хүүг минь хүн гэж тоогоогүй хаясан байж хүний гараас гараад бааж, шээж сураад цэцэрлэгт оронгуут нь авах гээд байгаа хүнд би хөхнөөсөө ч гараагүй нялх үрээ өгөхгүй, өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлмээр байна. Тийм учир Ш.Бээс хүүхдийн тэтгэмж авдаг болмоор байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

П.У миний бие нь анх хүүхдээ гэдсэнд олдсоноос эхлээд өнөөдрийг хүртэл өөрийн биеэр ганцаараа хүү У.Б-ийгээ өсгөж, асарч байгаа. Ш.Б нь У.Б-ийгээ төрсөн эцэг нь мөн ба хүү бид хоёрт хайр халамж, тус хүргэдэггүй. Миний бие хүүгээ хараад гэрт одоохондоо ажилгүй байна. Миний бие У нь Б-тэй хэзээ ч хамт амьдарч байгаагүй, цаашид ч амьдрах боломжгүй учир өөрөө төрүүлж, өөрөө асарч өсгөсөн 2 ой 6 сартай хүүхдээ У миний бие нь хүүгээ цаашид насанд хүртэл нь үргэлжлүүлэн асарч өсгөмөөр байна. Б нь хүү бид хоёрыг гэдсэнд байхаас нь өнөөдрийг хүртэл бие сэтгэлийн дарамт үзүүлдэг байсан. Тиймээс Ш.Бээс хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/00066 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү У.Б-ийг эцэг Ш.Б-ийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Ш.Бээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хариуцагч П.Уын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг болохыг тайлбарлаж, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү У.Бий өсөж байгаа орчин нөхцөл, эрүүл мэнд, ёс суртахууны хүмүүжил, эцэг Ш.Б-ийн хүүд тавьж байгаа анхаарал халамж, асаргаанд хяналт тавихыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянбулаг багийн нийгмийн ажилтанд тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Уаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч П.У давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул хэргийг дахин нягталж хүү У.Б-ийг П.У миний асрамжинд үлдээж өгөхийг хүсэж байна.

Ш.Б нь миний хүү У.Б-ийг гэдсэнд байхаас нь өнөөдрийг хүртэл таг чиг сураггүй алга болсон. Нялх нялзрай байхад нь тоохгүй орхичихоод одоо цэцэрлэгт ороод хүний гараас гарангуут нь хүү бид хоёртой хамт амьдарч үзээгүй байж өөрийн дураар өөр дээрээ авна гээд байгааг нь эсэргүүцэж байна. Хэн нэг хамааралгүй болсон хүнд би хүүгээ өгмөөргүй байна. Ш.Б тийм их үр удмаа залгуулмаар байгаа юм бол насанд хүрч, эрийн цээнд хүрэхээр нь уулзаж учирч болно шүү дээ. Миний хүү У.Б 2-4-2 тоот болох өөрийнхөө гэртээ дулаан байранд өмсөх хувцас, идэх хоол гэрийнхнийхээ хайр халамжаар дуталгүй өдийг хүртэл амьдарч байхад нь огт таньж мэдэхгүй орчинд хайрлаж ч байгаагүй ерөөсөө хамт амьдарч үзээгүй хүмүүстээ амьдарч чадахгүй нялх хүүхэд минь ээж эмээгээ санаж бэтгэрнэ. Би хүүгээ ингэж зовоомооргүй байна. Б нэхэмжлэл дээр бичихдээ архидан согтуурч үл ойлголцох асуудал их гардаг байсан гэсэн байдаг. Энэ бол миний жирэмсэн болохоос өмнөх асуудал юм. Сүүлийн жил гарны хугацаанд ууж байсан нь үнэн боловч хэтрүүлэн хэрэглэж байгаагүй. Сүүлийн хугацаанд би өөрийн алдаа дутагдлаас болж хайртай хүү, сайхан ээж хоёрыгоо шүүхэд дуудагдах дээрээ тулж зовоосондоо үнэхээр их харамсаж байна. Надад буруу байгаа ч гэсэн, би ганц хоног бүр байг гэхэд 3 хоног тааруулж уугаад л больчихдог байсан. Одоо бол би огт амсахгүй байгаа гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш.Б нь хүү У.Б-ийг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч П.У нь Ш.Бээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Зохигчид 2013 онд танилцаж, үерхэж байгаад хүү У.Б-ийг 2014 оны 07 дугаар сарын 04-нд төрүүлсэн ба гэр бүл болон амьдарч байгаагүй бөгөөд хоорондын таарамжгүй харилцаа, архины асуудлаас болж тусдаа амьдарсан хүү У.Б эхийн асрамжинд төрж өсөж байгаа зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ш.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч П.У нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан гэх үйл баримтанд үндэслэн тодорхойлсон ба хариуцагч П.У нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хүүхдээ өөрийн асрамжинд байлгаж эцэг Ш.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

Шүүх хүү У.Б нь төрсөн цагаасаа эхийн хамтаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-4-2 тоотод амьдарч байгаа эх П.У нь архи согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ээж дүү нарын хамт амьдардаг, зан суртахууны хувьд доголдолтой хүүхэд гэр бүл хөгжлийн газрын шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар дүгнэлтээр эцэг Ш.Б нь хүүхдээ тэжээн тэтгээд явах боломжтой гэж үзсэн дүгнэлтийг хийж хүү У.Б-ийг эцэг Ш.Б-ийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч П.У нь эцэг Ш.Б нь архи уудаг, согтуугаар машин жолооддог, хүүхдээ эргэж тойрч ирдэггүй, хүүгээ анх төрөхөөс нь өдийг хүртэл хайр халамж өгч чадаагүй хүнд хүүгээ өгч чадахгүй гэж маргаж буй боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзал, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.  

Хариуцагч П.Уын архины хамааралтай болох нь оршин суугаа засаг захиргааны байгууллагын тодорхойлолт, хөрш зэргэлдээ оршин суугчид мэдүүлсэн, эрүүлжүүлэгдсэн тухай Цагдаагийн байгууллагын ирүүлсэн нотлох баримт зэргээр тогтоогдсон байх тул У.Б-ийг эцэг Ш.Б-ийн асрамжинд үлдээсэн нь гэр бүлийн тухай хуулийн зохицуулалтанд нийцсэн байх тул хариуцагч П.Уын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/00066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч П.Уын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч П.Уын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.БАТТӨР

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ