Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/145

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Янжиндулам,

шүүгдэгч Д.Э-***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-***холбогдох 2308000001897 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агаарын тээврийн мэргэжилтэй, “Аэро ****” ХХК-д аялал бүрдүүлэгчээр ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, Хилчин хотхоны 11 дүгээр байрны **** тоотод оршин суух хаягтай,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Заяын гэгээн овогт Д-ын Д.Э-***(регистрийн дугаар:УА0028*****).

 

Хэргийн товч агуулга: Шүүгдэгч Д.Э-***нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Э-***нь “эхнэртэй хувийн харилцаа үүсгэлээ” гэх шалтгаанаар иргэн Г.Х-***нүүрэн тус газар нь гараараа удаа дараа цохиж, зодсоны улмаас баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э-***нь гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон.

4. Шүүгдэгч Д.Э-***нь Г.Х-***нүүрэн тус газар нь гараараа удаа дараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

4.1. 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Г.Х-***цагдаагийн байгууллагад гаргасан “бусдад зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 хуудас),

4.2. Хохирогч Г.Х-***өгсөн “... 2023 оны 10 сарын 06-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын* *** тоотод хамаатны ах З-** унтаж амрах гээд байж байхад орой 20 цагаас хойш 2 удаа над руу залгаад байсан З.А-***/МҮИС-ийг төгссөн эгч/ 9020-0801 тэгээд би 22 цагийн үед дахин над руу залгахаар нь аваад ярихад З.А-***гараад ир ярих юм байна гээд манай гэрийг хаана байдгийг асуусан би гэрээ зааж өгч чадахгүй гэрийнхээ ойролцоо байдаг хүнсний дэлгүүрийг зааж өгсөн. Тэгээд гараад очтол З.А-***эгч, Т.А-*** ах болон түүний найз гэх танихгүй залуу 3 хар өнгийн Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд сууж байсан тэгээд намайг машинд суу гээд Т.А-*** найз нь хэлэхээр нь би машины арын суудалд суугаад Т.А-*** ах машинтайгаа хөдлөөд явсан. З.А-***эгч урд нь сууж байсан тэгэхдээ уйлсан харагдаж байсан надтай юм яриагүй...Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээгүүрийн эсрэг талд автозамын хөвөө рүү зогсож Т.А-*** ахын найз жолоочийн суудалд Т.А-*** ах машины арын суудалд орж ирээд миний баруун нүд рүү цохисон тэгээд нүүрээ гараараа хамгаалсан чинь намайг үсдэж гэдийлгээд гараа ав ... гээд нүүр рүү 4 удаа алгадаж нилээн хэдэн удаа нүүр рүү, бас баруун талын хүзүү чихний ар хэсэг рүү цохисон тэгээд доошоо тонгойгоод нүүрээ хамгаалж байхад миний нуруу руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэхээр нь би ахаа болио уучлаарай гэж хэлсэн. Тэгээд урд сууж байсан Т.А-*** найз гэх залуу наад хүүхэд чинь машинд халууцаад байна гадаа гаргая гэж хэлсэн. Тэгээд машины арын хаалгыг гаднаас нь Т.А-*** ахын найз онгойлгоод миний цамцнаас татаж машинаас чирж газар унагаасан тэгхээр нь би Т.А-*** ахын найзыг түлхээд петровис шатахуун түгээгүүр рүү гүйсэн миний араас Т.А-*** ах болон найз нь гүйгээд ална даа гээд Т.А-*** ахын найз хэлсэн. Тэгсэнээ Т.А-*** ах машинаараа миний араас хөөсөн тэгээд би Петровис дээр зогсож байсан цагаан өнгийн акуатай зогсож байсан ахаас туслаарай гэхэд шууд хөдлөөд яваад өгсөн тэгээд бензин авч байсан машинтай хүмүүсээс туслаарай гээд тэгээд намайг машиндаа суулгаад тэр машины жолооч ах намайг зодсон хүмүүсийг араас дагаад яв гэж хэлсэн боловч машинтайгаа А, Т.А-*** найз нь тэр гурав яваад өгсөн. Тэгэхээр нь намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд орой 00 цаг 40 минутын үед 90200808 дугаараас над руу Т.А-*** ах залгаад хорооллын "Tse" пабд байна хүрч ирээд уучлал гуй гэж хэлсэн тэгэхгүй бол сургууль дээр чинь очоод уулзана шүү гэж хэлсэн тэгээд би гэрийнхэн рүүгээ болсон асуудлын талаар хэлсэн....." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-15 хуудас),

4.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №12840 дугаартай “...Г.Х-***биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 хуудас),

4.4. Шүүгдэгч Т.А-***“Би зодож гэмтэл учруулснаа хүлээн  зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 36 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

5. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

 

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

7. Хохирол хор уршгийн талаар:

7.1. Хохирогч Г.Х-***гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 536,500 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгчийн зүгээс уг хохирлыг бүрэн төлсөн болох нь банкны гүйлгээний баримтаар тогтоогдсон тул бусдад төлөх төлбөргүй болно.

8. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

8.1. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Э-***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            8.2. Шүүгдэгчээс: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

           

            8.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            8.4. Шүүгдэгч Д.Э-***нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их, хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд бусдыг эхнэртэйгээ хардсан нөхцөл байдал уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялаас хөнгөрүүлж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

 

            8.5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Заяын гэгээн овогт Д-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-***600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.Э-***үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Э-***мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирлын 540,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ