| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00520/и |
| Дугаар | 153/ШШ2020/00572 |
| Огноо | 2020-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 153/ШШ2020/00572
| 2020 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2020/00572 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 9-12 тоотод оршин суух, П.Ц-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 153/2020/00520/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч П.Ц нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн. 1983 онд 8 дугаар ангиа төгссөн. 1984-1985 онд Увс аймагт ТМС-д сууж, барилгын мэргэжилтэй болсон. Нэгдэл дундын үйлдвэрт 1988 оноос эхлэн Ховд суманд ажиллаж байсан юм. 6 дугаар ангид аавтайгаа туувар тууж байсан. Тэр мөн гарч ирэхгүй байгаа юм. Нэг хүүтэй тэр маань эхнэр 3 хүүхэдтэй болсон. Нөхөртэйгээ суусан боловч таарч тохирохгүй болоод салсан юм. Би 1985-1989 онуудад хэдэн хүүхдээ тэжээх гээд л Зэрэгт ажиллаж байсан. Би 1983 онд сургуульд сурч байсан боловч зуны амралтаараа хөдөө гарч эцэг, эхийн хамт мал малладаг байсан. Тэр жилээ бас тогтоолгох гэсэн юм. Ээж аавынхаа жилээс авч болдог гэхээр нь шүүхэд хандсан гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ц нь 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч П.Ц нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр би тухайн онуудад малчнаар ажиллаж байгаагүй, аавтайгаа хамт хүүхэд байхад тууварт явж байсан, ээж аавынхаа ажилласан жилээс авч болдог гэхээр нь шүүхэд хандсан гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байна.
Мөн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШЗ2020/01703 дугаартай шүүгчийн захирамжаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгчийн ХААТР-1, ХААТР-21 баримтыг шаардаж хэрэгт нотлох баримтаар авсан.
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 сарын 10-ны өдрийн 866 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 маягтанд Пөөтөөгийн Цг барилгачин мэргэжилтэй, 1990 оноос ямаачнаар ажилласан тухай тэмдэглэгдсэн байна. Иймд нэхэмжлэгч нь 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Дараах баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Үүнд:
1-рт. Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 308 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Бураа бригадын 1983,1985-1989 онуудын 70 дугаар дансанд П.Цтэй холбоотой баримтууд байхгүй, 2-рт. Д.Цэндхүү, П.Оюунцэцэг нарын тодорхойлолтууд нь хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар давхар нотлогдохгүй, тэдний тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ....П. Ц-г 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ