Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 00592

 

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2020/00592

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ............хотын ................... дүүргийн ............. хорооны ............ гудамжны ......... тоотод оршин суух, Э.Т-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00736/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Нэхэмжлэгч Э.Т нь 1963 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. 1984 онд Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны Хүнсний технологийн үйлдвэрийн сургууль төгсөж, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны шийдвэрээр Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт хуваарилагдан ирж тус үйлдвэрийн талхны цехэд 1984 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн нормчноор ажиллаж эхэлсэн.

Яагаад 1984 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бэ гэвэл 1984 оны Ховд аймгийн хүнсний үйлдвэрийн захиргааны тушаал дээр дээрх хүмүүс 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажлын 18 хоног амарсан тул амралтын мөнгийг саадгүй бодож олгохыг нябо Каглаад зөвшөөрсүгэй гэсэн даргын тушаал байгаа. Социализмын үед улсын зардлаар бүх хүмүүс сураад яамны хуваарийн дагуу хуваарилагддаг байсан. Хуваарилагдсан газраа очих хүртэл томилолт олгодог. Томилолтоо авч очиход тухайн байгууллага нь амраагаад ажилд оруулдаг систем хэрэгжиж байсан учир 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс нормчноор ажиллаж эхэлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. 1984 оны 7 дугаар сарын0 5-ны өдрөөс 1995 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэр, хүнсний Буян ХК, талхны цехэд номрчноор ажиллаж байгаад өвчний улмаас группд орсон байсан. Нэхэмжлэгч харааны бэрхшээлтэй юм.

Иймд нэхэмжлэгч Э.Т-ыг Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нормчноор, Ховд аймгийн Буян ХК-д 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг яагаад 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж гаргасан бэ гэвэл 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүн бүр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгч Э.Т нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй. Нэхэмжлэгч 1994 оны сүүлчээс группд орсон. Нийгмийн даатгалд хамрагдаагүй. Харааны бэрхшээлтэй хүн над дээр ирсэн. Одоо тэтгэврийн насанд хүрсэн тул группийг зогсооно таны тэтгэвэрт гарах нас болсон байна гэдэг шаардлагыг тавьж байгаа....гэв.

    

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг Э.Т-ын Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нормчноор, Ховд аймгийн Буян ХК-д 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Т нь Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нормчноор, Ховд аймгийн Буян ХК-д 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1984 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаартай Ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 44 дугаартай Тэтгэмжтэй чөлөө, тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1992 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай Ажилчин Э.Т-д буцалтгүй тусламж олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Хүнсний Буян ХК-ийн захирлын 1995 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 1986 оны 12 дугаар сарын 14-ний өдрийнЭ.Т-д олгосон Сайшаалын үнэмлэх, гэрч Д.И-ийн ....Намайг Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор ажиллаж байх үед Э.Т нь ...Хүнсний техник мэргэжлийн сургуулийг төгсөөд манай үйлдвэрт нарийн боовны цехэд нормчноор томилогдож ирж байсан. Э.Т нь надтай адилхан 2000 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрээс эхлээд Алтайн буян ХК, Буян ХК-д тасралтгүй нормчноор ажилласан юм...Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн баруун гар талын арын эгнээний эхэнд дээлтэй зогсож байгаа хүн бол манай нарийн боовны цехийн нормчин К, түүний хажууд цагаан цамцтай нүдний шилтэй зогсож байгаа хүн бол Э.Т, түүний баруун гар талд саарал цамцтай зогсож байгаа хүн нь нормчин Г, түүний хажууд зогсож байгаа хар пиджак, цагаан цамцтай зогсож байгаа хүн бол Ц байна. Урд талын эгнээд баруун гар талын эхэнд сууж байгаа дээлтэй хүн бол Н, дунд сууж байгаа хар дээлтэй хүн нь Г, зүүн гар талд сууж байгаа нь О нар байна. Эдгээр хүмүүс нь манай цехэд нормчноор ажиллаж байсан хүмүүс байна....Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан гэрэл зураг нь 1987 онд манай Хүнсний үйлдвэрийн ой болж, хүнсний үйлдвэрийн нийт ажилчдын дунд зохион байгуулсан урлагийн үзлэгээр авахуулсан зураг байна. Уг гэрэл зураг дээр Э.Т нь цахилгаан гитартай зогсож байна. Доод талын ажлын цагаан хувцастай зогсож байгаа хүмүүс нь бүгд манай цехийн ажилчид байна. Энэ зураг дээр би байхгүй байгаа. Учир нь би жирэмсний амралттай байсан юм. Э.Т нь арын эгнээний бруун гар талаас 2-т нүдний шилтэй зогсож байна.... гэх мэдүүлэг, гэрч Д.Ц-гийн ....Э.Т нь 1984 оны 6 дугаар сард Улаанбаатар хотын Хөнгөн хүнсний үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулийн чихрийн ангийг төгсөөд надтай хамт 1984 оны 8 дугаар сард Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд нормчноор томилогдож байсан. Э.Т нь надтай адилхан 2000 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрээс эхлээд Алтайн буян ХК-нд тасралтгүй нормчноор ажилласан юм....Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн баруун гар талын арын эгнээний эхэнд дээлтэй зогсож байгаа хүн бол манай нарийн боовны цехийн нормчин К, түүний хажууд цагаан цамцтай нүдний шилтэй зогсож байгаа хүн бол Э.Т, түүний баруун гар талд саарал цамцтай зогсож байгаа хүн нь нормчин Г, түүний хажууд зогсож байгаа хар пиджак, цагаан цамцтай зогсож байгаа хүн бол би байна. Урд талын эгнээд баруун гар талын эхэнд сууж байгаа дээлтэй хүн бол Н, дунд сууж байгаа хар дээлтэй хүн нь Г, зүүн гар талд сууж байгаа нь О нар байна. Эдгээр хүмүүс нь манай цехэд нормчноор ажиллаж байсан хүмүүс байна....Э.Т сайн дурын уран сайханч байсан бөгөөд манай үйлдвэрийн уран сайхны тоглолтын үеэр авахуулсан зураг байна. Уг гэрэл зураг дээр Э.Т нь цахилгаан гитартай зогсож байна. Доод талын ажлын цагаан хувцастай зогсож байгаа хүмүүс нь бүгд манай цехийн ажилчид байна. Энэ зураг дээр би байхгүй байна. Э.Т нь арын эгнээний баруун гар талаас 2-т нүдний шилтэй зогсож байна.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-7, 15, 32-34, 35-37 дугаар тал/

Хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн Д.Ц, Д.И нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн Э.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Э.Т-ын Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нормчноор, Ховд аймгийн Буян ХК-д 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчЭ.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ