| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/16 |
| Огноо | 2024-01-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/16
2024/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Шүүгдэгч: О.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оын Нд холбогдох 2312000000314 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт А аймгийн Х сумын А багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Оын Н /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Н нь согтуурсан үедээ 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн орой 23 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Асагт багийн Шар булан гэх газарт хохирогч Б.Хыг шалтаг, шалтгаангүйгээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, өмдний тэлээгээр ороолгож, цохиж зодон улмаар биед нь зүүн хацар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун дагзны дэлбэнгийн хатуу хальс дээрх цус хуралт, зүүн 2, 3 дугаар хавирга, баруун 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Хын “...Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн оройн 19 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Асагт багийн Шар булан гэх газарт хамт ажилладаг Угэх хүнтэй иргэн Бийн гэрт нь очсон. ...Убид хоёр Бтэй хамт нэг шил 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архиа ууж дуусгаад гэрээс гарч мотоциклио унаад кемп рүүгээ очих гээд явж байгаад төөрсөн. Тэгээд явж байхад мотоцикльтой хоёр залуу бид хоёр дээр хүрч ирсэн. ...Тэр жижиг шар залуу нь намайг цохиж унагаахад би ухаан алдсан. Ухэлэхдээ намайг унасан байхад хэвлий рүү өшиглөж тэлээгээ тайлаад ороолгосон гэж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа сэрэхэд шанаа хавдаад амьсгаа авч болохгүй, хамаг бие хөндүүрлээд өвдөж байсан. Тэр жижиг шар залуу зүүн шанаа руу нэг удаа цохиж унагаасан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Тухайн үед миний зүүн талын шанаа хавдаж цууралт өгсөн байна гэж эмч хэлж байсан. Зүүн талын дээрээсээ 6, 7, 8 дугаар хавирга хугарсан, толгойд цус хурсан байна гэсэн. ...Би хэрэгт 1.062.000 төгрөгийн баримт гаргаж хавсаргуулсан байгаа. Мөн мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах ажлаар Улаанбаатар хотоос ирсэн автобусны ирж буцах зардал 92.000 төгрөг, Архангай аймагт ирж хоносон буудлын мөнгө 40.000 төгрөг, тухайн зодуулах цаг хугацаанд би “Эвт Уул” ХХК-нд ажиллаж байсан бөгөөд 1 cap 13 хоногийн цалингаа, зодуулаад өвчтэй байсан учир авч чадаагүй эмчийн акт болон “Эвт уул” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон цалин авч байсан эсэхийг нотлох банкны хуулга зэрэг нотлох баримт байгаа. Би өдрийн 100.000 төгрөгөөр ажилладаг байсан учир 4.300.000 төгрөг, нийт 5.494.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрвээ миний хохирлыг барагдуулах юм бол ямар нэгэн санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 6-8, 86/,
гэрч Л.Тийн “...Би тухайн асуудлыг нүдээр хараагүй, намайг унтаж байхад Б.Х, Ухоёр хүнд зодуулчихсан ирсэн. Тэгээд танай гэрт сууж байсан хоёр залуу намайг чи яасан их цемент хулгай хийдэг юм, яасан их салиарк хулгай хийдэг пизда вэ гээд жижиг биетэй шар залуу нь намайг өмднийхөө тэлээг тайлаад учиргүй нүдлээ гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 12- 14/,
гэрч Ж.Уын “...2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн орой 20 цагийн үед хамт ажилладаг экскаваторын жолооч ах Б.Х гэх ах намайг хоёулаа айлд очоод ирье гэхээр нь би хамт явсан. Тэгээд тэдний гадаа нутгийн залуучууд бололтой хоёр залуу ирээд тэдний бага гэрт орсон. Тэгээд нэг шил архиа ууж дуусаад, дахиад нэг шил архи хувааж уусан. Цаг орой болсон болохоор бид хоёр кемп рүүгээ явахаар болоод байж байхад Т эгч та хоёр хоноод яваач, орой болсон байна гэсэн. Бид хоёр ажил дээрээ очиж хонохгүй бол болохгүй гээд тэднийхээс гараад явж байхад төөрсөн бөгөөд замаа олохгүй явж байхад мотоцикльтой сундалсан хоёр залуу хүрч ирээд урдуур дарж зогсоод хоёр хулгайч минь зогс гэсэн. Тэгээд би юу яриад байгаа юм бэ чи гэтэл буугаад ир хоёр хулгайч минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид хоёр мотоциклиосоо буугаад очтол хоёр хулгайч минь цемент хулгай хийгээ биз дээ, салиарк хулгай хийгээ биз дээ гээд шууд өмднийхөө тэлээг сугалж аваад учир зүггүй ороолгож миний далан дундуур хоёр удаа ороолгосон. Б.Х ахыг тархин дундуур нь ороолгож унагаасан. Тэгээд газарт унангуут нь хөлөөрөө дээрээс нь дэвсэж байсан, мөн хоёр хулгайчийг ална гээд тэлээгээрээ ороолгож дээрээс нь дэвсэж хэсэг хугацаанд зодсон. Б.Х ах өөдөөс нь эсэргүүцсэн чинь чи урдаас эсэргүүцдэг ямар овоо хулгайч вэ гээд зодоод байсан. Тэлээнийхээ төмөртэй хэсгээр ороолгоод байсан болохоор би айгаад ойртож чадаагүй намайг ойртох гэхээр ороолгох гээд байсан. Тэгээд би тэр залуутай хамт явсан залууг нь цаана унтаж байхад нь очоод дуудаж сэрээгээд цуг яваа залуу чинь хүн аллаа гэж хэлсэн. Гэтэл тэр залуу нь нөгөөх залуу дээрээ очоод салгаж авсан...” гэх мэдүүлэг/хх-н 17-19/,
Гэрч Д.Бын “...Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн орой 20 цагийн үед гүүгээ тавиад айргаа бүлээд сууж байхад манай саахалт айлын дүү болох О.Н манайд орж ирээд айраг ууж байгаад ахаа доошоо Л.Б ахын гэр рүү явах уу, очиж архи ууя гэсэн. Тэгээд бид хоёр О.Нтай хамт Л.Б ахын гэр рүү явсан. Тэгээд тэдний гадаа очиход Л.Б ахын гэрт ортол жижиг гэрт нь шар булангийн гүүрэн дээр ажилладаг хоёр хөгшин хүн Т эгчтэй хамт архи уугаад сууж байсан. Тэгээд Т эгч бид хоёрт 1 литр монгол архи тогооны авдраасаа гаргаж өгсөн. Тэр гурав байшин руугаа орсон бөгөөд бид хоёр 1 литр монгол архиа хувааж уугаад...ууж дуусгаад гэр рүүгээ харихаар хөдлөх үед О.Н мотоциклио бариад хөдөлсөн. Би өдөр нь голоос ус авч байхдаа 2 литр монгол архи уусан байсан болохоор тасарсан байсан. Тэгээд нэг хүн намайг татаад байхаар нь сэртэл Угэх ах нь намайг чи тэр дүүгээ очоод аваач, хүн зодоод алах гээд байна гэсэн. Тэгээд би О.Нг салгаж аваад манай гэр рүү явсан. Манай гэрт бид хоёр очоод унтаж амарсан. Маргааш өглөө нь Л.Б ах манайх руу залгаад наад О.Н чинь гүүрний хүнийг зодсон байна, ирж уулз гэж хэлсэн. Тэгээд О.Н манай жижиг гэрт унтаж байхаар нь очоод тэр хүмүүстэйгээ уулз гэтэл унтаад сэрэхгүй байсан. Тэгээд өглөө 10 цагийн үед Л.Б ахын гэр рүү О.Н бид хоёр очоод уулзах гэтэл тэр хүмүүс нь яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг/хх-н 22-24/,
2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 36-39/,
2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 363 дугаартай дүгнэлт /хх-н 44-45/,
Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12/154 дугаартай лавлагаа /хх-н 99/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-н 103-104/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 107/,
Хохирогч Б.Хын бичгээр гаргасан хүсэлт /хх-н 115/,
Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-н 117/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Х нь 5.500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч О.Н нь хохирогч Б.Хд хохиролд 3.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч Б.Х нь хохирлын үлдэгдэл 2.000.000 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт хэрэгт авагдсан, мөн шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч О.Нг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч О.Н нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 1.409.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болно.
Хохирогч Б.Х нь эмчилгээ хийлгэж, эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 1.409.000 төгрөгийг шүүгдэгч О.Нгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч О.Нгийн хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Нд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч О.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг цагаан өнгийн арал хэлтэй бор өнгийн тэлээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч О.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Оын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Нд оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Н нь хохирогч Б.Хд хохиролд 3.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч Б.Х нь хохирлын үлдэгдэл 2.000.000 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.Нгаас 1.409.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг цагаан өнгийн арал хэлтэй бор өнгийн тэлээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч О.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР