Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2020/00573

 

 

 

 

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2020/00573

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                    

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багт оршин суух, З.Л-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 153/2020/00698/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч З.Лнар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л миний бие нь 1960 онд Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан бригадад Занын 4 дэх хүүхэд болон төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж байгаад тус сумынхаа найман жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1968 онд элсэн орж суралцаад, 1976 онд наймдугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техниккумд 1976-1979 оны хооронд малын бага эмчийн мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1979 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар тушаалаар Ховд аймгийн Чандмань сумын 4-р бригадын малын бага эмчээр томилогдон ажиллаж байгаад 1980 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цэргийн албанд татагдаад, 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 88 дугаар тушаалаар Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадын малын бага эмчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Тус газартаа ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Чандмань сумын Сум дундын оношлох кабинетад лаборант бага эмчээр ажиллаж эхэлсэн ба 1991 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаад эргээд Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малын бага эмчээр эргэж томилогдоод 1993 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал ажилласан

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилд орсон гарсан тушаалын зарим нь архиваас олдохгүй байна. Мөн хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийсэн боловч зарим бичилт дээр тамга тэмдэг дарагдаагүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Миний бие нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан тул хүсэлтийнхээ шаардлагыг 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэж тогтоолоо.

Иймд Л намайг 1979 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын 4-р бригадын малын бага эмчээр, 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадын малын бага эмчээр, 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Сум дундын оношлох кабинетад лаборант бага эмчээр, 1991 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Л нь 1979 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын 4 дүгээр бригадад малын бага эмчээр, 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадын малын бага эмчээр, 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын сум дундын оношлох кабинетэд лаборант бага эмчээр, 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн мал эмнэлэгийн газрын даргын 1979 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар хавсралтын хамт /хх-ийн 7 дугаар тал/

2.Ховд аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 88 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар хавсралтын хамт /хх-ийн 8 дугаар тал /

3.Ховд аймгийн Мал эмнэлэгийн газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 44 дүгээртэй Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 9 дүгээр тал/

4.Ховд аймгийн Чандмань сумын мал эмнэлэгийн тасгийн эрхлэгч эмчийн 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 10 дугаар тал/

5.Ховд аймгийн Чандмань сумын мал эмнэлэгийн тасгийн эрхлэгч эмчийн 1991 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5 дугаартай ажилтаны цалин тогтоох тухай тушаал /хх-ийн 11 дүгээр тал/

6.Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын 1993 оны 04 дүгээр саын 08-ны өдрийн 24 дүгээртэй Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 12 дугаар тал/

7.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 13 дугаар тал/

8. Зана овогтой Л-ийн 1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 14-37 дугаар тал/

9.1977 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн №390316 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх /хх-ийн 40-50 дугаар тал/

10. Мэргэжлийн үнэмлэх хавсралтын хам /хх-ийн 51 дүгээр тал/

11. Гэрч Ц.Наранхүүгийн...Би 1974 оны 02 сараас нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн малын бага эмч, эмчилгээ тэжээлийн эмч зэрэг ажлыг хийж байсан. Нэгдэл тарснаас хойш хувиараа ажиллаж байгаад 2002 онд тэтгэвэртээ гарсан. З.Л 1979 оны 7 сард сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малын бага эмчээр ажилд орж 1980 он хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан цэргээс ирээд мөн нэгдлийн бригадын малын эмчээр ажиллаж байгаад 1991 оны 5 сараас 1993 оны 4 сар хүртэл мал эмнэлэгийн тасагт лаборант, бага эмчээр ажилласан. Нэгдэл 1991 оны үед тарсан юм. Нэгдэл тараад мал эмнэлэг нь татан буугдаад мал эмнэлэгийн тасаг гэж өөрчлөгдсөн юм тэр тасаг нь олон жил оршин тогтнож чадаагүй 2 жил гаран болоод л татан буугдсан юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/

12.Гэрч Г.Лхүндэвийн... Би 1976 оноос нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн малын эмчээр ажиллаж байсан. З.З 1979 оны 7 сард сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малын бага эмчээр ажилд орж ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд мөн малын бага эмчээр нэгдэл тартал ажилласан. Нэгдэл тараад мал эмнэлэгийн сум дундын оношлох кабинет гэж байгуулагдахад мөн л тэндээ малын бага эмчээр ажиллаж байсан. Он сар өдрийг нь би тодорхой хэлж мэдэхгүй олон жилйин өмнөх асуудал болохоор мартсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ........... овогт З.Л-ийг 1979 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын 4 дүгээр бригадад малын бага эмчээр, 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадын малын бага эмчээр, 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын сум дундын оношлох кабинетэд лаборант бага эмчээр, 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ОТГОНЖАРГАЛ