| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00737/и |
| Дугаар | 00593 |
| Огноо | 2020-08-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 00593
| 2020 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 153/ШШ2020/00593 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: О.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-гийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00737/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Нэхэмжлэгч О.Ч нь 1965 онд төрсөн. 1981 онд 8 дугаар анги төгсөж МХЗЭвлэлийн илгээлтээр мал аж ахуйд гарч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2-р бригадад мал маллаж байгаад 1984 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдан Улаанбаатар хотын Хужирбулангийн 015 дугаар ангид цэргийн алба хаасан. 1987 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдан ирж Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд мал маллаж байгаад өмч хувьчлал явагдаж нэгдэл тарж компани болоход Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д мал маллаж байгаад компани тарахад хувьчлалаар мал авч хувиараа мал маллан өдий хүрч байна.
О.Ч нь малчнаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр тухайн үеийн бригадын даргад хадгалагдаж байгаад үрэгдэж алга болсон.
Иймд О.Ч-г Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Нэхэмжлэгч О.Ч-г Б гэдэг нэрээр дууддаг байсан....гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг О.Ч-г Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.Ч нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2478 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадын 1982-1984, 1987-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ц.С-ийн ....О.Ч нь ээж аавынхаа хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд мал маллаж байсан. Дараа нь Ө.М-тэй гэр бүл болж, эхнэрийнхээ хамт нэгдлийн мал маллах болсон. О.Ч нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ХК-нд бас малчнаар ажилласан. Би онуудыг нь сайн мэдэхгүй байна. Ямарч байсан манайхтай хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад хамт мал маллаж амьдарч байсан нь үнэн....О.Ч-г Бааван гэж дууддаг. Манай нутгийн хүмүүс Бааван гэдэг нэрээр нь сайн таньдаг. О.Ч гэдэг нэрийг нь мэдэхгүй хүн олон бий. Би О.Ч-г Бааван гэж дууддаг.... гэх мэдүүлэг, гэрч Д.С-ын ...О.Ч нь ээж аавынхаа хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд мал маллаж байсан. Дараа нь Ө.М-тэй гэр бүл болж, эхнэрийнхээ хамт нэгдлийн мал маллах болсон. О.Ч нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ХК-нд бас малчнаар ажилласан. Би онуудыг нь сайн мэдэхгүй байна. Ямарч байсан манайхтай хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд хамт мал маллаж амьдарч байсан нь үнэн. О.Ч нь өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байгаа нь үнэн О.Ч-г Бааван гэж дууддаг. Манай нутгийн хүмүүс Бааван гэж дууддаг. Би О.Ч, Бааван гэдэг нэрээр нь дууддаг.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-10, 33-35, 36-37, 40 дүгээр тал/
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2478 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт бригадын 1987 оны цалин хөлсний 70 дугаар дансанд О.Ч-гийн нэр дээр 1987 оны 9 дүгээр сараас эхлэн цалин хөлс бичигдсэн байх бөгөөд О.Ч нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд О.Ч-гийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Ч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1609000352 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн н/216 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 7897 дугаартай лавлагааны хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 16, 39 дүгээр тал/
Хавтаст хэргийн 11-15 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт бригадын 1990-1994 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ц.С, Д.С нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч О.Ч-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч О.Ч-ийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Ч-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ