| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0025/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/28 |
| Огноо | 2024-02-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/28
2024/ШЦТ/28
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: А.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Аын Гт холбогдох 2412000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ө багийн .. гэх газарт оршин суух, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Аын Г /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орой Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Баваг сайхан булаг гэх газарт хохирогч Б.Этай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун талын гарын шуу хэсэгт модоор цохиж, эрүүл мэндэд нь баруун шуу ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Эын “...Би 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын төвд Г.Атэй уулзаад хурдан удмын даага зарахаар тохиролцоод Г.А Хотонт сумын Улаанчулуу багт очиж тухайн даагыг үзээд наймаа хийхээр тохирч даагаа барьж аваад хүнд араас аваад ир гэж захиж үлдээгээд Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Баваг сайхан булаг гэх газар Аийн гэр буюу Г гэх айлд очиж наймаа хийсэн малаа авах гээд очиход Г.Аийн аав Г нь дургүйцэж, ...Г нь над руу дайрч багцаагаар 1 метр орчим урттай модон шон барьж далайгаад дайрахаар нь шонг нь булааж аваад өөрийг нь цааш түлхэхэд буцаж дайраад надаас шонгоо булааж аваад намайг унах үед шонгоор баруун гарын шуу хэсэгт 3 удаа цохиод би босоод машин тойрч зугтааж байгаад Аийн машинд суухад миний баруун талын гар даагдахгүй байсан. Тэгээд Г.А бид 2 Хотонт сумын төвийн ард байх цэнхэр самбарын хажууд машин дотроо хоноод, өглөө нь утас байхгүй, гар өвдөөд Аийн гэрийн гадуур утсаа хайх гэж очоод утсаа олоогүй учир Г.Аийг сумын төв рүү хүргээд өг гэж гуйхад завгүй байна гээд явахгүй байсан. Миний гар өвдөөд байхаар нь Аийн машиныг унаад Хотонт сумын төв рүү орж ирээд Хотонт сумын эмнэлгийн галч Бтай уулзаад галлагааны өрөөнд ороод орон дээр нь хэвтэж байхад А орж ирээд надаас машиныхаа түлхүүрийг аваад явсан. Тэгээд би гараа арай хугарчихаагүй байх гэж бодоод орой нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн орой 22 цагийн үед автобусны буудал дээрээс Бгаар гар өргүүлж байгаад жижиг тэргэнд суулгуулаад Улаанбаатар хотод 03 цагийн үед гэртээ харьж хоноод Гэмтлийн эмнэлэгт очиж зургийг нь авахуулахад баруун гарын шууны яс хугараад зөрсөн байна гээд гэмтлийн эмнэлэгт хэвтэж хагалгаанд орж шууны ясаа хадуулсан. Би маш их гомдолтой байна. ...Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Г нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр миний хохирол үлдэгдэл 2.700.000 төгрөгийг барагдуулахаар тохиролцсон. Мөн 2023 оны 12 дугаар сард 1.300.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07, 66-67/,
гэрч Б.Ты “...Яг хэдэн байсныг нь санахгүй байна. Манай хүү Г.А нь Б.Э гэх хүнийг дагуулж ирээд Б.Эаас цустай даага худалдаж авах гэж байгаа гэхэд манай нөхөр Гтай наймаа тохирохгүй, гадаа хэрүүл, маргаан хийгээд байсан. Би гэрт байсан учир хараагүй. Гэтэл Э гэх залуу гар хугалчихлаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
гэрч Г.Аийн “...2023 оны 11 дүгээр сарын 14, 15-ны үед яг хэдэн байсныг нь санахгүй байна, Б.Э би хотоос ирчихлээ гээд намайг дуудаад бид хоёр Хотонт сумын төвд уулзаад би Б.Эаас шарга даага худалдаж авахаар тохироод Хотонт сумын Улаанчулуу багийн Хужирын голд хадам аавынд нь очоод даагыг нь үзээд бага насны хоёр адуу, 1 тооны шүдлэн үхрээр худалдаж авахаар тохироод Б.Э, бид хоёр Хотонт сумын Өндөрсант багийн Баваг сайхан булаг гэх манай гэрт очиж малаа барьж авахаар тохироод очиход би аав Гт 1 шил архи авч очоод адуу худалдаж авах гэж байгаа талаараа хэлээд гэрт Б.Э, аав Г 2 нэг шил архи хувааж уугаад үлдсэн. Би ямаандаа яваад харанхуй болсон хойно ирэхэд аль, аль нь жаахан халамцуу, маргалдсан шинжтэй сууж байсан. Би орж ирээд аавд хандаж гүүгээ тавихаасаа өмнө малыг нь барьж авах уу гэж хэлээд гэрээс гараад би Б.Эт зааж өгөөд бугуйлдуулж 1 тооны адууг барьж аваад, 1 тооны адууг барьж авах гээд машинаараа тойруулж хөөж элдэж байгаад машинаа хунгарт суулгаад аав над руу уурлаад одоо харанхуй шөнө адуу барьж авч яах юм гээд унагаа тавиад явуулаад, аав намайг загнаад байж байтал Б.Э аав руу дайраад хүүдээ ганц адуу аваад өгчихөж чадахгүй гэж маргалдаж эхлээд аав хашааны хажууд байсан 1 метр хэмжээтэй шонг барьсан зогсож байсан. ...Аав босч ирээд Б.Эыг барьж аваад машины хажууд унагаагаад дараад авсан байсан. Б.Э орилоод унахаар нь би очтол аав дээр нь дарсан хажууд нь шон байсан. Тэгээд би хоёр тийш нь салгаад Б.Э машин тойрч зугтааж байгаад машинд суугаад бага гэрийн гадаа иртэл Б.Э миний гар өвдөөд байна гээд байсан. ...Б.Э би утсаа хаясан байна гээд буцаад манай гэрийн гадаа очиж утсаа хайгаад олоогүй бөгөөд намайг буцаад сумын төв рүү хүргээд өг гээд би ажилтай байсан учир чадахгүй гээд байж байтал ойролцоо утсаа хайна гээд машин унаад Хотонт сумын төв рүү явсан. Би бага гэрээ барьж дуусаад Хотонт сумын төвд ирсэн бөгөөд эмнэлгийн үүдэнд миний машин байхаар нь иртэл Хотонт сумын эмнэлгийн галлагааны өрөөнд Б.Э согтуу Бгийн хамт байсан. Би Б.Эт машинаа авлаа шүү гэж хэлээд машинаа аваад гэр рүүгээ явсан. ...Манай аав Г, бид 2 маргалдаад би аавыг барьж аваад 1 удаа хавсарч газарт унагаасан. Э бид хоёрыг салгасан. ...Аав шон бариад Эыг ална гээд хөөгөөд...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 62-63/,
Гэрч Л.Бгийн “...2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн орой 20 цагийн үед ажил дээрээ байж байхад Б.Э нь манай ажил дээр Г.Аийн улаан өнгийн Приус-20 маркийн машинтай ирээд Г.Атэй адууны наймаа хийх гэсэн чинь бүтсэнгүй гэж ярьж байгаад гар өвдөөд байна гээд орон дээр хэвтэж байгаад би орой 22 цагийн үед автобусны буудал дээр гар өргөж зогсож байгаад Улаанбаатар хот явах цагаан өнгийн Приус-20 маркийн автомашинд суулгаж өгөөд явуулсан. ...Б.Э надтай уулзахдаа баруун талын гараа хөдөлгөж чадахгүй цээж хэсэгтээ барьчихаад гар өвдөөд байна гээд хэвтээд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 /,
Яллагдагч А.Гын “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Эын биед баруун шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч А.Г нь хохирогч Б.Эт хохиролд 1.800.000 төгрөгийг төлсөн, 2.200.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч А.Гыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч А.Г нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 1.490.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болно.
Хохирогч Б.Э нь эмчилгээ хийлгэж, эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 1.490.000 төгрөгийг шүүгдэгч А.Гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Гын хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч А.Г нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Гт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч А.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Аын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Г нь хохирогч Б.Эт хохиролд 1.800.000 төгрөгийг төлсөн, 2.200.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гаас 1.490.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүй, шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР