Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/02678

 

 

2020 10 06                                                                      183/ШШ2020/02678

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж М ХХК-ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: М.А-т холбогдох,

  Төлбөрийн үлдэгдэл 60 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Ж М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.А нь манай компанитай 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн .......... тоот Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан дараа төлбөрт 98117255 дугаарыг 1 сарын 65 000 төгрөгийн ярианы хэрэглээний эрхтэйгээр сонгон авсан. Гэвч М.А нь 2019 оны 8,9 саруудын ярианы төлбөр болох 40 500 төгрөгийг төлөөгүй байна. Иймд М.А-аас гэрээний үлдэгдэл төлбөр 40 500 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.15-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 20 250 төгрөг, нийт 60 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2019 онд Баянхонгор аймагт хувийн ажлаар 6 сар ажилласан. Энэ хугацаанд хөдөө орон нутагт Ю болон М-ын сүлжээ барьдаггүй газар байсан тул Баянхонгор аймгийн төвөөс Ж М сүлжээний салбарууд руу орж ажилтантай нь уулзахад Манай сүлжээ хаана ч барина. Дээр нь суурь хураамжгүй болсон. Ярихаараа төлбөр нь гардаг ихдээ 15 000 төгрөгөөс хэтэрдэггүй гэсэн сурталчилгаа хийсэн тул энэхүү дугаарыг авсан. Нэхэмжлэлд хавсаргасан гэрээний эхний хуудас надад танилцуулаагүй, гарын үсэг байхгүй байна. Би тухайн үед суурь хураамжгүй гэсэн гэрээн дээр гарын үсэг зурахдаа гэрээний бүх хуудас дээр гарын үсэг зурсан. Хэрэв суурт хураамжтай гэдгийг мээж гэрээн дээр гарын үсэг зурсан бол юу гэж би ярьснаараа төлбөр төлнө гээд үл ойлголцох зүйл яриад байж байх вээ дээ. Баянхонгор салбарын ажилтан төлбөр 7 000 төгрөг гарлаа та ...............  дугаар Хаан банкны С гэдэг хүний дансанд шилжүүлээрэй гэж ярьсан. Би хөдөө байсан тул шилжүүлэх боломжгүй байснаас сар орчмын дараа аймгийн төв рүү орохдоо 45 000 төгрөг гарсан гэсэн. Ингээд л бидний маргаан эхэлсэн. Иймд намайг хуурч төөрөгдөлд оруулж хийсэн гэх энэхүү гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж М ХХК нь хариуцагч М.А-т холбогдуулан хувь хэрэглэгчид үүрэг холбооны дараа төлбөрт үйлчилгээний үзүүлэх гэрээний үүрэгт 40 500 төгрөг, алданги 20 250 төгрөг, нийт 60 750 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2019 оны 8 сарын 25-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр М.А нь сарын 30 000 төгрөгийн багц бүхий ...........  дугаарыг сарын хэрэглээг хязгаарлах дүн 65 000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон байх ба төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги төлөхөөр тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.

Харин хариуцагч М.А .............. дугаарыг авч, уг дугаарыг ашигласан байх боловч дээрх гэрээний хугацаанд төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч хариу тайлбартаа ...Баянхонгор салбарын ажилтан төлбөр 7 000 төгрөг гарлаа та .................. дугаар Х банкны С гэдэг хүний дансанд шилжүүлээрэй гэж ярьсан. Би хөдөө байсан тул шилжүүлэх боломжгүй байснаас сар орчмын дараа аймгийн төв рүү орохдоо 45 000 төгрөг гарсан гэсэн. Ингээд л бидний маргаан эхэлсэн... гэж тайлбарлах хэдий ч энэ талаар нотлогдоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн талуудын байгуулсан гэрээний 5.3-т хэрэглэгч нь төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд компани нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3 хувиар алданги тооцно гэж тохиролцож хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож, алданги 50 000 төгрөгийг гаргуулна гэсэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч М.А 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтанд гарын үсэг зурсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гадна, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна. Энэ нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болдог.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.А-аас 60 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж М ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжинд 4 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж М ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ