| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00715/и |
| Дугаар | 00594 |
| Огноо | 2019-08-26 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 00594
| 2020 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 153/ШШ2020/00594 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: ...........аймгийн .........сумын ............багт оршин суух, Л.И-ийн нэхэмжлэлтэй,
нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00715/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгч Л.И, прокурор Э.У нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Л.И миний бие нь 1957 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн одоогийн Жаргалант суманд Г.Л-ийн охин болон мэндэлсэн. Одоо 63 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг.
Миний ээж Э.Т гэдэг хүн байсан бөгөөд миний бие нь Г.Л, Э.Т нарын цор ганц хүүхэд нь юмаа.
Миний аав Г.Л нь Ховд аймгийн Зэргийн Дунд хүрээнд Гавж мяндагтай, лам хүн байсан.
Л.И миний эцэг Г.Л нь 1938 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хурлын 119 дүгээр магадлалаар цагаатгагдсан.
Миний бие нь Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 517 дугаартай шийдвэрээр Л.И нь хэлмэгдэгч Г.Л-гийн төрсөн охин мөн болохыг тогтоолгож шийдвэрлүүлсэн.
Мөн Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр хэлмэгдэгч Г.Л-гийн нөхөх олговор 1,000,000 төгрөгийг түүний охин Л.И-д олгуулахаар шийдвэрлүүлж, 1,000,000 төгрөгийг тухайн үед авч байсан.
Зууны мэдээ Сонины 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 106, 107 /6331, 6332/ дугаарт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт-ын 21-т Ховд /Л.И, Л.Г-ийн/. Ховд. Хүүхэд. 40,000,000 гэж нийтэд мэдээлсэн.
Иймд Цагаатгалын нөхөн олговрын 40,000,000 төгрөгийг Л.И надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү....Аав маань 1938 онд хэлмэгдээд 10 жилийн хорих ялаар шийтгүүлээд ялаа эдэлж дуусаад буцаж ирээд 1961 оны 7 дугаар сарын 13-ны өдөр нас барсан....Ээж маань 1981 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсан....гэв.
Прокурор Э.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн ашиг сонирхол, нэрийн өмнөөс прокуророор оролцож байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нөхөн олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг гаргасан байна. Хүсэлтэд дурдсанаар өөрийн эцэг Л нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой байдлын бүрэн эрхт комиссын 1938 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай хурлын тогтоол, шүүх цаазын бичгээр 10 жилин хорих ял аваад эдэлж дуусаад гарч ирсэн байна. Л гуайг 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн магадлалаар цагаатгаж шийдвэрлэсэн байгаа.
Түүний төрсөн охин болох Л.И нь 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр төрсөн охин мөн болохыг тогтоолгож шийдвэрлэсэн шийдвэр нь хавтаст хэрэгт авагдсан. Тухайн шийдвэрээр иргэний хэргийн шүүхэд хандаад 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөр нөхөн олговор болох 1,000,000 төгрөгийг Л.И авсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Хавтаст хэрэгт Архивын Ерөнхий газрын лавлагаа болон сонин, төрсний гэрчилгээ зэрэг бусад нотлох баримтаар Л.И-д нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг олгох боломжтой гэж үзээд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.И нь нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэлмэгдэгч Г.Л нь улс төрийн хэрэгт холбогдуулан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдэн цагаатгагдсан болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 05/5732 дугаар архивын лавлагаа, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 23, 24-25 дугаар тал/
Нэхэмжлэгч Л.И нь хэлмэгдэгч Г.Л-гийн төрсөн охин мөн болох нь Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 517 дугаартай шүүхийн шийдвэрээр нотлогдлоо. /хх-ийн 9-10 дугаар тал/
Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журмын 9 дүгээрт энэ журмын гуравт заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комиссод бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана гэж заасны дагуу Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Зууны мэдээ сонины 2020 оны 5 дугаар сарын 29-ний №106, 107 /6331,6332/ дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч Л.И-ийн нэрийг зарлаж, нөхөх олговрын хэмжээг 40,000,000 төгрөг гэж нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /хх-ийн 15 дугаар тал/
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Л.И-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Л.И-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Л.И-гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Л.И-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ