| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0030/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/23 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/23
2024 01 22 2024/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч М.Сайнзаяа,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнням,
хохирогч, иргэний хариуцагч Ш.Э,
хохирогч М.З /цахимаар/,
хохирогч Л.О*******,/ цахимаар/
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа,
шүүгдэгч Г.Ц******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц*******д холбогдох эрүүгийн 2215000000308 дугаартай, 163/2023/0030/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Гомбосүрэнгийн Ц*******, Булган аймгийн Булган суманд 1976 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 5 дугаар баг, Хишигийн 12 дугаар гудамжны 1211 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Соёлын төвийн номын санч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, 46 настай, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Г.Ц******* нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 50 минутын орчимд Булган аймгийн ******* сумаас ******* хотын чиглэл рүү зорчихдоо ******* улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн гийн элс гэх газарт засмал зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 3.4.б, 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.*******гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.О*******, М.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 7 настай С.гийн амь хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000308 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Ц******* нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 50 минутын орчимд Булган аймгийн ******* сумаас ******* хот руу эрүүл мэндийн урьдчилсан эрт илрүүлгийн шинжилгээнд орох зорилгоор Ш.Эгийн ******* улсын дугаартай ******* маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн гийн элс гэх газарт засмал зам дээр захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх хориглосон заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.*******гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.О*******, М.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 7 настай С.гийн амь нас хохирсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц*******гийн өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай байгууллагынхан эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд орохоор ******* хот руу явахаар болсон. Тухайн өдөр өдрийн 12 цаг гээд байгууллагын дарга Ш.Эгийн хувийн эзэмшлийн ******* загварын машинтай явахаар болсон. Тэр өдөр даргын ажил амжихгүй байсаар байтал орой 17 цагт ******* хот руу хөдлөхөөр явсан. Орой 17 цагийн үед Золоо над руу утсаар яриад Ц******* эгчээ 17 цаг болчихлоо явахын болов уу? яахын бол та дарга руу яриад асуучих гэж хэлэхээр нь 17 цаг 10 минутын үед дарга руу ярихад би одоо бензин аваад очиж байна, би гараад ир гэж хэлэхээр гараад машин суусан. Ажил дээр очиход З гарч ирээд машинд суусан. Тэгээд цаашаагаа О*******гийнд очиход дарга эднийхээр хоол хийлгэж байгаа учраас бүгдээрээ хоол идээд явъя гэж хэлсэн. Гэрт нь ортол О******* архи, согтууруулах ундааны зүйл уучихсан байхаар нь өө явах гэж байж юм уудаг нь яаж байгаа юм бэ?, өглөө гэгээ орохоор явах уу? одоо эртхэн унтаж амрах уу? гэсэн яриа болоход О******* “тэгвэл надад сайн байна” гэж хэлсэн. З ч гэсэн орой болчихсон юм чинь маргааш өглөө эрт явах уу? гэж хэлэхэд дарга орой очиж усанд ороод хоносон нь дээрээ, маргааш өглөө эмнэлэг дээр цаг авчихсан юм чинь гэж хэлсэн. Хоол идээд 18 цаг дөнгөж өнгөрөөд хот руу хөдөлсөн. Тэгээд О******* жолоо барьж яваад машины гэрэл хол ойр дээрээ шилжихгүй байна гээд замдаа зогсоод янзлах гээд хараад байсан. З бас хажуугаар хамт янзлах санаатай харж үзээд янзалж чадаагүй. Тэгээд цаашаагаа явж байгаад засмал зам дээр гарахад О******* “за одоо засмал зам дээр гарсан юм чинь бүгдээрээ бүсээ бүслээрэй” гэж хэлсэн. Тэгээд цаашаагаа явж байгаад О******* “би одоо юм уучихсан юм чинь цагдаа таарна, жолоо барьж болохгүй” гэсэн. Харин дарга болохоор “би хараа муутай тул шөнө харахгүй” гэж хэлээд намайг жолоо барьчих гэж хэлсэн. Тэгэхэд цаг оройн 20 цаг өнгөрч байсан. Гадаа харанхуй болчихсон, хүйтэн байсан, мөн нялх нойтон хүүхэдтэй байсан болохоор машин техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж үзэх боломжгүй байсан тул за гэж хэлээд машин барьсан. Ажлынхаа нэг хүнийг юм уучихсан байхад нь асуудалд оруулаад яахав дээ гэж бодоод машин барьсан. Машиныг барихад их сонин байгаад байсан. Урьд нь би энэ машиныг 2022 оны 9 сард соёлын ажилтны баярын үеэр бас даргын гуйлтаар барьсан байдаг юм. Тэгж барьж байхад уг машинд өндөрлөгөө хийлгээгүй байсан. Жижигхэн замын нүхэнд цохьчих гээд тас няс хийлгээд аягүй хэцүү байсан болохоор энэ машиныг урьд барьж байснаас арай өөр болчихжээ гээд хэлсэн чинь “өө тийм, өндөрлөгөө хийлгэсэн юм. Тэгээд бас өвлийн дугуйг нь аваад сольчихсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би харин тийм байна, нэг л өөр байгаад байна, нэг л сонин байгаад байна гэж хэлсэн. Цаашаагаа явж байхад машин нь өнгөрөхөд гэрэл солигдохгүй байсан учраас хэцүү байсан. Тэгээд машинаа зогсоож замаа чөлөөлөөд гэрлээ унтраагаад 2-3 удаа машинуудыг зөрүүлж байсан. Тэгээд Дашинчилэн сумын тэнд байдаг гүүр өнгөрөөгөөд би явж чадахгүй юм байна, О******* чи барих уу гэсэн чинь О******* үгүй ээ гэсэн. Тэгэхэд дарга яасан бэ? гэхэд нэг л сонин байгаа тул чадахгүй байна гэтэл пост өнгөртөл ойрхон юм чинь бариад явчих гэсэн. Тэгээд л удаагүй явж байтал нэг том машин зөрөхөд гэрлээ унтраагаад зөрөхийн хооронд аягүй чанга сигналдаад өнгөрсөн чинь дарга харин тийм ээ? ингээд гэрэл нь аягүй хурц тусдаг болохоор уурлаж байгаагаа илэрхийлж байна гэж хэлсэн. Яг тэр үеэр аяархан явж байхад ******* унтаагүй явсан. Тэгснээ “өө ээж Ц******* эгч чинь харин аягүй удаан яваад байдаг юм байна. Манай ээж хот явахдаа ингээд машин гүйцэж түрүүлэхдээ 120 км хүргээд л гүйцэж түрүүлдэг. Ц******* эгч чинь давхидаггүй юм байна шүү дээ” гээд ярьж байсныг сүүлд санаж байна. Яагаад энэ 120 км хүргэсэн гэсэн яриа гараад байдаг юм бол гэсэн чинь *******г тэгж хэлсэн байдгийг сүүлд сонссон. Энийг манай хамт явж байсан зорчигчдоос бол асууж тодруулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгээд л тэр яриа өнгөрөөгөөд жоохон явж байгаад машин замын цагаан зураасаа даваад явсан чинь Э дарга яаж яваад байгаа юм бэ? гэхэд нь харин тиймээ гээд эргэж байгаад машины жолоо дийлдэхгүй болоод онхолдчихсон. Ийм л зүйл болсон. Би маш их харамсаж байгаа. Энэ үйл явдалд харамсаагүй нэг ч өдөр байхгүй. Тэр машиныг яах гэж баривдаа л гэж бодож байна. Надад үнэхээр хэлэх ч үг алга даа. Тэр үед өөрөө үхчихгүй яав даа гэж бодогддог. Би хүнд үгүй гэж хэлж чаддаггүй зантай. Хүмүүст гай болоод яахав дээ хүн надаас гуйж байхад гэж бодсон гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Эгийн өгсөн: Сумын 100 жилийн ойн хүрээнд ******* хотод байгаа хүмүүсийг идэвхжүүлье гэж хэлсэн. Аймгаас хүмүүс ирэхдээ ажилчдаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт заавал оруулаарай, танай сум зарим байгууллага огт ороогүй юм байна ш дээ гэж хэлсний дагуу хот руу эрт илрүүлгэнд хамрагдахаар явсан. Миний машин бол шинэ машин бөгөөд тэр ондоо би машинаа мэргэжлийн хүмүүсээр мэргэжлийн авто засварын газарт очиж тэнхлэг тохиргоо хийлгэж, янзлуулсан. Машин бол бүрэн бүтэн байсан гэдгийг баталж хэлье. 2022.11.09-ний өдөр гэртээ явахаар ачаа бараагаа янзлаад байж байтал манай нягтлан над руу залгаад та хэдийн эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй байгаа юм байна ш дээ, энийгээ яаралтай төлөхгүй болохоор та хэд эрт илрүүлэгт очоод нэмэргүй ш дээ гэж хэлэхээр нь төлөх гээд өдрийг барсан. Ингээд шимтгэл төлөх ажлыг дуусгачихаад орой 17 цаг өнгөрөөд сумаас хот руу гарсан. Гэрэл бол урьд нь зүгээр л шилждэг байсан. Энэ хэд л замдаа явж байгаад гэрэл шилжихгүй байна гэж яриад замдаа зогсож гэрлийг нь оролдоод байсан. Одоо бодоход энэ хэд оролдож байгаад тохиргоог нь алдагдуулсан юм шиг байна. Тухайн үед би замдаа явж байгаад хүүхдээсээ миний хүү хэдэн км цагийн хурдтай явж байна гэж асуухад ээжээ 110 км цагийн хурдтай явж байна гэж хэлэхээр нь өө хурдаа хасаарай, наад машин чинь жоохон хөл тавиад л их хурд авчихдаг юм байна лээ шүү гэж хэлсэн. Тухайн үед би их айхтар гэмтсэн. Бараг босож чадах уу? үгүй юу л гэж яригдаж байсан. 6 сарын турш эмчилгээ хийлгэлээ. Хотын эмнэлэгт нэг удаа очиж боолгоход 1 удаа 30.000 төгрөгөөр сольж цэвэрлэж боож өгдөг юм билээ. Үений хагалгаанд протезийг худалдаж авахад 5-6 сая төгрөг байдаг, хагалгааны зардал 2-3 сая төгрөг гээд бараг 10 сая гаруй төгрөг болох юм байна гэж бодож төлөвлөж байтал тендер зарлагдаад орж ирэхэд нийт зардал нь 3-4 сая төгрөг болсон. Үүнийг манай нутгийн ард иргэд, төрийн албан хаагчид, сургуулийн хүүхдүүд маань хандив босгож мөнгө өгсний хүчинд би өдий зэрэгтээ явж байна. Хүн ер нь аав, ээжийгээ алдана гэдэг бол их хэцүү ч гэсэн, за яахав жам юм даа гэж боддог юм байна. Түүнээс биш хүн үр хүүхдээ алдана гэдэг бол дэлхий дээрээс хөмрөөд ороод ирж байгаа юм шиг маш их хэцүү, даван туулах боломжгүй зовлон байдаг юм байна. Би ******* сумын Соёлын төвийн эрхлэгчээр 10 жил орчим хугацаанд ажилласан. Цалингийн асуудал дээр 13.106.728 авч байсан цалин, групп хоёрын зөрүү юм. Хэрвээ би энэ мөнгийг ажиллаж байсан бол авах байсан юм. Эмнэлгийн хажууд байр түрээслэж амьдрах шаардлага гарсан. Ингээд байрны түрээсийн мөнгө 4 сая төгрөгийг бас нэхэмжилж байгаа юм. Шатахууны зардалд 4.342.372 төгрөгийг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд 13.656.060 төгрөгөн дээр өнөөдрийн шинээр гаргаж өгсөн эм тариа авсан төлбөр болох 182.946 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Тээврийн хэрэгслийн үнэ 18.500.000 төгрөгийг нэхэмжил байна. Осол аваарт орж охиноо алдсанаас болж сэтгэл санаагаар маш их хохирсон тул сэтгэл санааны хохиролд 30.360.000 төгрөгийг /5 дугаар зэрэглэлийн сэтгэл санааны хохирол/ нэхэмжилж байна. Нийт 82.099.528 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайннямын өгсөн: Сүүлийн 6 сарын ажиллаагүй байсан хугацааны цалин нийт 61.497.813 төгрөг, оршуулгын зардалд 14.029.700 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 6.000.000 төгрөг, талийгаач охины маань сэтгэл санааны хохиролд 82.500.000 төгрөг, бензен 2.047.215 төгрөг, гэмтэл авсан охины маань сэтгэл санааны хохиролд 8.528.400 төгрөг, нийт 174.598.128 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.О*******гийн өгсөн: Нэхэмжлэх зүйл байхгүй, надад огт гомдол, санал байхгүй гэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Згийн өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр орой 17 цаг өнгөрөөд ******* сумаас ******* хот руу гарсан. Осол болсноос хойш 1 жил гаруй хугацаа өнгөрлөө гэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон газар нь Булган аймгийн Дашинчилэн сумын 1 дүгээр багийн нутаг гийн элс гэх Дашинчилэн сумаас ******* хот явах чиглэлд төв асфальтан зам дээр болсон байв. ...Уг тээврийн хэрэгсэл нь 4 дугуй дээрээ, ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан, урд хоёр дугуй нь хагарсан, урд гупер хэсэг нь эвдэрч үгүй болсон. Тээврийн хэрэгслийн их бие хэсэг нь хэлбэр дүрсээ алдсан байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн тээврийн хэрэгсэл дотор явуулахад тээврийн хэрэгслийн доторх эд зүйлс эмх цэгцгүй, тээврийн хэрэгслийн жолоочийн суудлын түшлэг хэсэг урагш шахсан, суудлын урд хэсгээс хаз, тоормозны гишгүүр буюу пидал хүртэлх зайг хэмжиж үзэхэд 35 см байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 3-6 дахь тал/,
2. Ослын газарт хийсэн схем зураг, тээврийн хэрэгсэл, хувцас, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 7-18 дахь тал/,
3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Сайннямын өгсөн: Амь хохирогч нь миний охин байгаа юм. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн ******* сумаас эрт оношилгоо арга хэмжээнд оролцох зорилгоор эхнэр Ш.Э болон тус сумын Соёлын төвийн ажилчид нийт 4 том хүн, 2 хүүхэд ******* хотын чиглэлд ******* улсын дугаартай ******* загварын машинтай явсан байсан. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой 21 цагийн үед утсаар дунд охин Энхдөлгөөн нөгөө хэд чинь замд явж байгаад осолдсон юм шиг байна гэж хэлэхээр нь ер болохгүй боллоо гээд сумын цагдаа Өлзийдалай руу залгаад юу болов гээд асуухад охин чинь өнгөрсөн байна, эхнэрийн чинь биеийн байдал муу байна гэсэн. Осол гаргасан тээврийн хэрэгсэлд эхнэр Ш.Э, С., С.******* нар нь хамт явсан. Маргааш өглөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 6 цагт Өмнөговь аймгаас ******* хот руу ирсэн ирээд охин гийн буяны ажлыг хийсэн. Эхнэр Ш.Э нь ослын улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд гар, хүзүү, толгойдоо 3 удаагийн хагалгаанд орсон тус ослоос болж дараах хохирлууд учирсан. Талийгаач С.гийн оршуулгын зардалд 14.029.709 төгрөг, эхнэр Ш.Эгийн эрүүл мэндэд 9.633.148 төгрөг, Булган аймгаас ******* хот руу ирж буцах шатахууны зардал 833.715 төгрөг, хохирогч С.*******гийн Samsung S10 маркийн гар утас ослын улмаас эвдэрсэн тул 650.000 төгрөг, Ослын улмаас хэрэглэх боломжгүй болсон тээврийн хэрэгслийн үнэ 17.900.000 төгрөг, эмчилгээний ахуйн хэрэглээний зардал 182.946 төгрөг, эхнэр Ш.Э нь байнгын сахиуртай байх шаардлагатай байх тул миний сарын дундаж цалин болох 14.000.000 төгрөг, эхнэр Ш.Эгийн сарын дундаж цалин 1.164.729 төгрөг, нийт 58.394.247 төгрөгийн хохирол одоогоор учраад байна. Цаашид эхнэр Ш.Э арьс нөхөх, гарын тохойны үе солиулах, хамар хугарлын гэх 3 удаагийн хагалгаанд орох шаардлагатай гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал/,
4. Хохирогч Ш.Эгийн өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн оройн 18 цагийн орчим Булган аймгийн ******* сумаас ******* хот руу эрт илрүүлэг арга хэмжээнд хамрагдах зорилгоор соёлын төвийн ажилчид болох Г.Ц*******, З, О*******, миний хоёр охин гээд нийт 4 том хүн, 2 хүүхдийн хамт хөдөлсөн. ...жолооч Л.О******* барьж яваад засмал зам дээр гараад Г.Ц*******д жолоогоо шилжүүлсэн. Ойролцоогоор 20-30 км-д охин ******* Г.Ц*******д хандаж та 120 км цагийн хурдтай явж байна гэж хэлэхээр нь би жижиг тэрэг нэг мэдэхэд л хурдаа авчихдаг юм байна лээ шүү хурдаа багасгаарай гэж хэлсэн. Тэр үед Ц******* утсаар яриад байх шиг сонсогдсон. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нүдээр хараагүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвд сэрсэн. ...Даралт ихсэж, багасаад босож чадахгүй байнга хэвтрийн дэглэмд нөхөр Б.Сайнням байнгын асаргаатай байна. Дараа нь 3 хагалгаа хийлгэх шаардлагатай байна. ...Өнөөдрийн байдлаар 58.394.247 төгрөгийн хохирол учраад байна. Цаашид эмчилгээ хийлгэхэд маш их хэмжээний мөнгө шаардлагатай байх тул түргэн шуурхай хохирлоо төлж барагдуулмаар байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-32 дахь тал/,
5. Хохирогч Л.О*******гийн өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 09-ний орой 18-19 цагийн орчим Булган аймгийн ******* сумын төвөөс ******* хот руу байгууллагаараа эрт илрүүлэгт хамрагдах гээд ******* дугаартай улаан өнгийн суудлын авто машинтай Соёлын төвийн эрхлэгч Э, Ц*******, М.З, Эгийн хүүхдүүд болох *******, нарын хамт гарсан. Тухайн үед сумын төвөөс би машин барьж яваад Булган аймгийн Дашинчилэн сум руу нэлээн дөхөж байгаад Дашинчилэн самбарын орчимд зам дээр зогсож байгаад уг машины жолоог Ц*******д шилжүүлсэн. Тэгээд унтаж байгаад гэнэт ухаан орсон чинь Эгийн охин ******* нь ээж байхгүй байна гээд орилж байсан. Тэгээд харсан чинь Э нь дэрсний хажууд хэвтэж байхаар нь Эгийн толгойг өөрийнхөө хөл дээр тавиад өөрийнхөө толгойг зүүн гараараа тулаад Эгийн баруун талын гарыг барьсан чинь тохой хэсэг нь хугарчихсан байхаар нь гарыг нь хэвлий дээр нь тавиад хэвтэж байтал манай араас явж байсан захиргааны машин ирсэн. ...Би Ц*******д машинаа өгөөд жолоочийн урд талын арын суудал дээр суусан. Тухайн үед Э, талийгаач хоёр жолоочийн эсрэг талын урд суудал дээр давхарлаад сууж явсан. Арын суудлын голд нь *******, жолоочийн суудлын хойд талд М.З нар тус тус сууж явсан. ...Би Ц*******д машинаа өгөхөд холын гэрэл нь шилжихгүй байсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
6. Хохирогч М.Згийн өгсөн: ...Тухайн үед сумын төвөөс О******* ах машин барьж яваад Ц******* нь солигдож барьсан. Тухайн үед Ц******* нь машин барьж явахад Э эгч, талийгаач хоёр жолоочийн эсрэг талын урд суудал дээр давхарлаад сууж явсан жолоочийн суудлын хойд талд О******* ах голд нь *******, жолоочийн суудлын хойд талд би тус тус сууж явсан юм. Ц******* нь машин барьж явахдаа нээх сонин яваад байсан ба тухайн үед урдаас машин зөрөхөд манай машины гэрэл нь солигдохгүй их тод байсан. Тэгээд Ц******* нь машин зөрөхөд 1-2 удаа зогсож гэрлээ унтрааж зөрсөн ба хэд хэдэн удаа явж байхдаа гэрлээ түр унтрааж зөрсөн юм. Тэгээд Дашинчилэн сум өнгөрөөд гайгүй явж байгаад тэгшхэн зам дээр Ц******* гэнэтхэн анх машин барьсан шигээ гуйваад эсрэг талын урсгал руу 2-3 удаа орж явсан чинь Э нь Ц*******г яаж яваад байгаа юм бэ гээд орилоод загнасан чинь Ц******* нь яаж яваад байгаагаа мэдэхгүй байна, одоо яанаа гэж хэлээд удалгүй машин замын урд тал руу унаад нэлээд хэд эргэсэн. Тоог нь сайн мэдэхгүй байна, машин эргэж байгаад 4 дугуй дээрээ зогссон. Тэгээд урагшаагаа харсан чинь Э эгч болон талийгаач нь хоёр урд суудал дээрээ байхгүй хаалга нь онгорхой урд салхины шил, хаалганы шил нь тус тус хагарсан байсан. Тэгээд би машиныхаа хаалгыг өшиглөж онгойлгож буугаад Ц******* эгч ******* бид гурав Э эгч болон талийгаач хоёрыг хайгаад явж байгаад талийгаачийг машинаас баруун тал руу ойролцоогоор 4-5 метрийн зайд хэвтэж байхаар нь Ц*******г дуудсан чинь талийгаачийг ирж тэвэрч авсан ба тухайн үед талийгаач нь муурны цээж шиг нээх сонин амьсгалж байсан ба ухаангүй байсан. Тэгээд Ц******* бид хоёр дахин цааш нь Эг хайж эхэлсэн ба Э нь машинаас зүүн тийш 4-5 метрийн зайд шидэгдсэн байдалтай доош нь хараад хэвтэж байсан. Тэгээд л цагдаа, эмнэлэг дуудсан. ...Машин барьж явсан Ц******* нь суудлын бүсээ бүсэлсэн бусад хүмүүс нь суудлын бүсгүй байсан. ...Миний баруун талын бөөр өвдөж байгаа. Мөн толгой, зүүн талын далны доогуур хатгуулж өвдөөд байна. Эмчилгээнээс шалтгаалан цаашид бөөрний хагалгаанд орох эсэх нь шийдэгдэнэ. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
7. Насанд хүрээгүй гэрч С.*******гийн өгсөн: ...Дашинчилэн сум орох гэж байхад манай ээж Э Ц******* эгчийг чи машин барь гэж хэлсэн юм. Тэгтэл Ц******* эгч за гэж хэлээд машин жолоодоод ******* хот руу хөдөлсөн. Тухайн үед жолоочийн хажуу талын суудалд манай ээж Э, манай дүү г тэврээд явж байсан. Харин тээврийн хэрэгслийн арын суудалд З багш О******* ах бид гурав суугаад явж байсан. Ингээд миний хажууд сууж байсан О******* ах унтаад бусад хүмүүс нь хоорондоо яриад явж байсан. Тэгээд бид нар Дашинчилэн сум өнгөрөөд замаар нэлээн явж байтал жолоо барьж байсан Ц******* эгч тээврийн хэрэгслий үрүүлийг буруу тийш дарсан. Тэгэхэд нь ээж хүүе хүүе гэж хэлэхэд машин муриганаж байгаад замын хажуу тийш онхолдсон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-46 дахь тал/,
8. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 68 дугаартай: Талийгаачийн биед гавал тархи, цээж, дээд мөчдийн хавсарсан хүнд гэмтэл буюу гавлын зүүн зулай, зүүн чамархай, дагз, суурь ясны хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулайн аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, зүүн шуу ясны ил хугарал, дух, зулай хуйханд шарх, дух баруун хацар зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэх буюу авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Талийгаач нь дээрх гавар тархи, цээж, дээд мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 53-64 дэх тал/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 16010 дугаартай: Ш.Эгийн биед зулай, дух, зүүн нүдний ухархай, этмойд хөндий хамарсан шугаман ил хугарал, зулай зүүн хэсэг, духны зөөлөн эдийн дутагдал бүхий шарх, хүзүүний 6, 7 дугаар нугалмын далд хугарал, баруун гарын атгаал ясны ил бяцарсан хугарал, зүүн сүүжний дэлбээ, сээрний 2, 3 дугаар нугалам, хамар ясны хугарал, зулай, чамархайн хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал, хэвлий, хоёр гарын сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс зулай, дух, зүүн нүдний ухархай, этмойд хөндий хамарсан шугаман ил хугарал, зулай зүүн хэсэг, духны зөөлөн эдийн дутагдал бүхий шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д, хүзүүний 6,7 дугаар нугалмын далд хугарал нь 3.1.5-д, баруун гарын атгаал ясны ил бяцарсан хугарал нь 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн сүүжний дэлбээ, сээрний 2, 3 дугаар нугалмын хугарал нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 65-67 дахь тал/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16009 дугаартай: Л.О*******гийн биед хүзүүний 4, 5 дугаар нугалмын сэртэнгийн хугарал, дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хүзүүний 4, 5 дугаар нугалмын сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дух, зулайд шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5908 дугаартай: Шинжилгээнд илрүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Г.Ц******* ******* гэх хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16011 дугаартай: С.*******гийн биед нуруу ба зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд араа шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16007 дугаартай: Г.Ц*******гийн биед тархи доргилт, хамар баруун эгэмний дотор хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 16008 дугаартай: М.Згийн биед баруун бөөрний хальсан доорх цус хуралдалт, бага аарцгийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал/,
15. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 222812 дугаартай: ******* улсын дугаартай, улаан өнгийн ******* маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 18.500.000 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 101-106 дахь тал/,
16. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал/,
17. Булган аймгийн автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай: Зүүн, баруун урд гэрэл хагархай. Уг тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх системийг тоног төхөөрөмжөөр хэмжиж шалгах боломжтой байна. Уг тээврийн хэрэгслийн ажлын тоормос болон зогсоолын тоормосыг тоног төхөөрөмжөөр хэмжиж шалгах боломжгүй байна. Тээврийн хэрэгслийн урд 2 амартизатор, хойд 2 пүршинд хайлшин өндөрлөгөө хийсэн байна. MNS 5011:2020, MNS 4598:2020 стандартуудад тээврийн хэрэгсэл өндөрлөхийг хориглосон заалт байхгүй тул дүгнэлт гаргах боломжгүй. Зүүн урд дугуй хагарсан, M+S тэмдэглэгээтэй дугуй нь өвлийн улиралд тохирохгүй байгаа тул MNS 5011:2020 стандартын 6.3.11-ийн 7 дугаар заалтны дагуу тул шаардлага хангахгүй байна. /Тухайн тээврийн хэрэгсэл нь асаж, хөдлөх боломжгүй тул дүгнэлт гаргах боломжгүй байна/ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, техникийн дүгнэлтийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 174-181/
18. Техникийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/12 дугаартай дүгнэлт: Жолооч Г.Ц******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг... суурин газрын гадна цагт 80 км .. ээс хэтрүүлэхийг хориглоно” 3.4 б заалт буюу “Жолооч... хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх... үүргийг хүлээнэ” гэснийг зөрсөн гэж үзэж байна.
******* маркийн автомашины тухайн үеийн жинхэнэ хурдыг тодорхойлох боломжгүй. Харин явсан байж болох хамгийн бага хурдыг тодорхойльё. Хамгийн бага хурдыг тогтоохын тулд ******* маркийн автомашин анх замаас гарсан “А” цэгээс 28.6 метр зайнд өнхөрсөн, шороон хөвөөн дээр дугуйн мөр дууссанаас автомашины ослын дараах байрлал хүртэлх (33.9-28.6)+5.6+9+14.3=34.2 метр зайнд онхолдож шидэгдсэн гэж тооцоог хийе...” гэх дүгнэлт
19. Яллагдагч Г.Ц*******гийн өгсөн: Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний орой Булган аймгийн ******* сумын нутгаас манай сумын соёлын төвийн дарга Ш.Э, О*******, З, даргын хүүхдүүд болох С., С.******* нарын хамт ******* хотод эрт илрүүлэгт хамрагдах зорилгоор Ш.Эгийн эзэмшлийн улаан өнгийн ******* маркийн тээврийн хэрэгсэлтэй оройн 18 цаг өнгөрч байхад гарсан. ...Ш.Э дарга би хараа муутай, намайг тээврийн хэрэгсэл жолоодоод яв гэж хэлсэн. Тэгээд намайг тээврийн хэрэгсэл жолоодох үед тээврийн хэрэгслийн гэрэл нь шилжихгүй, тээврийн хэрэгслийн гэрэл нь хол дээрээ тавигдаад ойр дээрээ шилжихгүй байсан. Уг гэрлийг бид нар янзлах гээд бүгд оролдсон боловч чадаагүй юм. ...Ингээд Дашинчилэн сум өнгөрөөд явж байтал нэг мэдэхэд тээврийн хэрэгсэл асфальтан замын голын цагаан шугам даваад эсрэг урсгал руу орсон байсан. Тэгтэл Э чи яаж яваад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би харин тиймээ гээд тээврийн хэрэгслийн жолоогоо баруун гар тийш нь дарахад тээврийн хэрэгслийн үрүүл дийлдэхгүй, хэд хэд мурилзаад замын хажуу тийш ороод онхолдсон юм. Би тухайн үед Ш.Этэй ойр зуурын юм яриад явж байсан, тэгтэл тээврийн хэрэгслийн үрүүл дийлдэхгүй замын цагаан шугам даваад эсрэг урсгал руу орсон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 144-146 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,
Шүүгдэгч Г.Ц******* нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 50 минутын орчимд Булган аймгийн ******* сумаас ******* хот руу эрүүл мэндийн урьдчилсан эрт илрүүлгийн шинжилгээнд орох зорилгоор Ш.Эгийн ******* улсын дугаартай ******* маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн гийн элс гэх газарт засмал зам дээр захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх хориглосон заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.*******гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.О*******, М.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 7 настай С.гийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон байна.
Техникийн шинжээчийн 07/12 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Г.Ц*******г Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 3.4 б жолооч хамгаалах бүсээр тоноглосон машин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ гэснийг зөрчсөн, Ниссан Ноте маркийн тээврийн хэрэгслийн хамгийн бага хурд нь 94.68 км/цаг, осолд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь Г.Ц*******гийн замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дахь заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд уг дүгнэлт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглалтай агуулгын хувьд тохирсон байна.
Шүүгдэгч Г.Ц*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас
Шинжээчийн 68 дугаартай дүгнэлтэнд: Талийгаачийн биед гавал тархи, цээж, дээд мөчдийн хавсарсан хүнд гэмтэл буюу гавлын зүүн зулай, зүүн чамархай, дагз, суурь ясны хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулайн аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, зүүн шуу ясны ил хугарал, дух, зулай хуйханд шарх, дух баруун хацар зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэх буюу авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Талийгаач нь дээрх гавар тархи, цээж, дээд мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт,
Шинжээчийн 16010 дугаартай дүгнэлтэнд: Ш.Эгийн биед зулай, дух, зүүн нүдний ухархай, этмойд хөндий хамарсан шугаман ил хугарал, зулай зүүн хэсэг, духны зөөлөн эдийн дутагдал бүхий шарх, хүзүүний 6, 7 дугаар нугалмын далд хугарал, баруун гарын атгаал ясны ил бяцарсан хугарал, зүүн сүүжний дэлбээ, сээрний 2, 3 дугаар нугалам, хамар ясны хугарал, зулай, чамархайн хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал, хэвлий, хоёр гарын сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс зулай, дух, зүүн нүдний ухархай, этмойд хөндий хамарсан шугаман ил хугарал, зулай зүүн хэсэг, духны зөөлөн эдийн дутагдал бүхий шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д, хүзүүний 6,7 дугаар нугалмын далд хугарал нь 3.1.5-д, баруун гарын атгаал ясны ил бяцарсан хугарал нь 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн сүүжний дэлбээ, сээрний 2, 3 дугаар нугалмын хугарал нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт,
Шинжээчийн 16009 дугаартай дүгнэлтэнд: Л.О*******гийн биед хүзүүний 4, 5 дугаар нугалмын сэртэнгийн хугарал, дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хүзүүний 4, 5 дугаар нугалмын сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дух, зулайд шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт,
Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16011 дугаартай: С.*******гийн биед нуруу ба зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд араа шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтүүд нь хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг тогтоосон байна.
Шүүгдэгч Ц*******гийн буруутай үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаардах боловч шүүгдэгч Г.Ц*******гийн захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нэг удаагийн үйлдлийн улмаас Г.Ц*******гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
С.*******г хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхээр нь хангасан, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг хийсэн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж тус тус хуульчилсан ба Г.Ц*******гийн жолоодож явсан ******* улсын дугаартай Ниссан Ноте маркын тээврийн хэрэгсэл нь хохирогч Ш.Эгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Ш.Эг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэл бүхий болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч Г.Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг: Шүүгдэгч Г.Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Ц*******гийн өмгөөлөгч Н.Энхтуяа: Шүүгдэгч Г.Ц******* нь тухайн авто тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлийг бүрдүүлээгүй. Дугуй хагарсан нь авто осол гарах болсон шалтгаан нөхцөл болсон. Шөнө, хөдөө хээр, машины гэрэл болохгүй байсан, машинд 2 нялх хүүхэд байгаа, 11 сард гадаа хүйтэн байгаа зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийхэд техникийн бүрэн бүтэн байдлыг үзэх, шаардах, бүрэн бүтэн байдлыг хангах ямар ч боломжгүй байсан, хохирогч Ш.Э замын хөдөлгөөний хэд хэдэн заалт зөрчсөн нь осол хүргэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах дүгнэлтийг тус тус шүүхэд гаргасан байна.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяагийн гаргасан хэргийг цагаатгаж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Учир нь шүүгдэгч Г.Ц******* нь осол болох тухайн цаг хугацаанд Ш.Эгийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь тогтоогдсон бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч, иргэний хариуцагч Ш.Эг замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн талаар дурдсан боловч ослын шалтгаан болоогүй, ослын шалтгааныг Г.Ц*******гийн замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалтыг зөрчсөнөөс гарсан гэж дүгнэсэн байх тул шүүгдэгч Г.Ц*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч Г.Ц******* нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлий хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Ц*******гийн гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ц*******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний буюу Л.О*******, М.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний буюу Ш.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний буюу 7 настай С.гийн амь нас хохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Ц*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас С.гийн амь хохирсон, С.*******гийн эрүүл мэндэд хөнгөн, Л.О*******, М.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол хор уршиг тус тус учирчээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнням:
Оршуулгын зардалд 14.029.700 төгрөг, охин С.*******гийн сэтгэцэд учирсан хохиролд 8.528.400 төгрөг, талийгаач охин С. нас барсантай холбоотой сэтгэцэд учирсан хохиролд 82.500.000 төгрөг, бензины зардалд 2.047.215 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 61.497.813 төгрөг нийт 174.598.128 төгрөгийн,
Хохирогч Ш.Э:
Эм, эрүүл мэндийн зардалд 13.747.267 төгрөг
Эмчилгээ ахуйн хэрэглээний зардалд 182.946 төгрөг
Цалингийн зардал 13.106.728 төгрөг
Тээврийн хэрэгслийн зардалд 18.500.000 төгрөг
Эмчилгээ хийхэд байр түрээслэсэн зардалд 4.800.000 төгрөг
Шатахууны зардалд 1.402.587 төгрөг
Сэтгэл санааны зардалд 30.360.000 төгрөг нийт 82.099.528 төгрөгийн тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэсний дагуу хохирлыг дараахь байдлаар тооцсон болно
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайннямын гаргасан 174.598.128 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас:,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайннямын нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны зардалд нэхэмжилсэн 61.497.213 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнням нь авах ёстой дундаж цалинг 5.491.286 төгрөгөөр тооцож, цалингийн зөрүү 61.497.813 төгрөгийг нэхэмжилжээ.
Нийгмийн даатгалын Ерөнхий газраас гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтонд Б.Сайннямын цалин сар бүр харилцан адилгүй олгогдсон байна.
“Говь хангай” ХХК-тай амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнням нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ 3 дугаар хавтаст хэргийн 97 хуудсанд авагдсан байна.
Уг гэрээнд сарын хөдөлмөрийн хөлсийг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоосон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Б.Сайнням нь сар бүр хийсэн хөдөлмөрөөр өөр өөр цалин авдаг талаар мэдүүлсэн байна.
Сар бүр харилцан адилгүй тогтмол биш цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх тул шүүх ажил хөдөлмөр эрхлээгүй байсан үеийн цалинг таамаглан тооцож, 61.497.813 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.
Харин Б.Сайнням нь эхнэр Ш.Эг эмчлүүлэх хугацаанд байнга асарсан 3 сарын хугацаанд ажилгүй байсан болох нь холбогдох бичгийн баримтаар тогтоогдож байх тул Говь хангай ХХК-тай хөдөлмөрийн гэрээний хүрээнд 3 сарын цалин болох 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
Оршуулгын зардалд учирсан 14.029.700 төгрөг, бензений зардалд 2.047.215 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6.000.000, ажилгүй байсан хугацааны цалин 3.000.000 төгрөг нийт 25.076.915 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж иргэний хариуцагч Ш.Эгээс гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.
Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Г.Ц******* 21.150.000 төгрөгийг хохирогч талд өгсөн, эхний ээлжинд оршуулгын зардалд гарсан 14.029.700 төгрөг, Ш.Эгийн эмчилгээний зардлыг төлсөн гэж мэдүүлсэн тул иргэний хариуцагч Ш.Эгийн төлбөл зохих 25.076.915 төгрөгөөс Г.Ц******* нь оршуулгын зардлыг төлсөн байх тул хасаж үлдэгдэл 11.047.215 төгрөгийг иргэний хариуцагч Ш.Эгээс гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайннямд олгохоор,
Харин 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар амь хохирогч С.Энэрэлэнгийн гэр бүлийн гишүүн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайннямын сэтгэцэд учирсан гэм хорыг хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 99.000.000 төгрөгийг,
Түүнчлэн зам тээврийн ослын хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан насанд хүрээгүй хохирогч С.*******гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгдчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3 дахь хэсгийн 3.6-т зааснаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг баталсан хүснэгтээр тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийг тус тус нийт 102.300.000 төгрөгийг шүүгдэгч Г.Ц*******гоос гаргуулж, амь хохирогчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайннямд олгохоор шийдвэрлэв.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэмжээг хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөр зохицуулсан 660.000 төгрөгөөр бодож тооцсон болохыг,
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай тогтоолоор баталсан журмын 2.6.6-т зааснаар насанд хүрээгүй хохирогчийн эрх ашгийг хамгаалах өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно гэсний дагуу шийдсэн болохыг тус тус дурдъяа.
Хохирогч Ш.Эгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь буюу
Эм, эрүүл мэндийн зардалд 13.747.267 төгрөг
Эмчилгээ ахуйн хэрэглээний зардалд 182.946 төгрөг
Цалингийн зардал 13.106.728 төгрөг
Тээврийн хэрэгслийн зардалд 18.500.000 төгрөг
Эмчилгээ хийхэд байр түрээсэлсэн зардалд 4.800.000 төгрөг
Шатахууны зардалд 1.402.587 төгрөг
Сэтгэл санааны гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавдугаар зэрэглэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 30.360.000 төгрөг нийт 82.099.528 төгрөгийг хангаж, шүүгдэгч Г.Ц******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ 7.128.300 төгрөгийг эмчилгээний зардалд тооцон өгсөн талаараа мэдүүлж байх тул төлбөл зохих 82.099.528 төгрөгөөс хасаж үлдэх хохирол болох 74.971.228 төгрөгийг шүүгдэгч Г.Ц*******гоос гаргуулж, хохирогч Ш.Эд олгохоор,
Иргэний нэхэмжлэгч Б.Дүүрэнбаярын зээлийн гэрээний үлдэгдэл 15.755.079 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үүргийн гүйцэтгэлийн гэрээ, фидуцийн гэрээг хохирогч иргэний хариуцагч Ш.Этэй байгуулсан байх тул Ш.Эгээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Дүүрэнбаярт олгохоор тус тус шийдвэрлэв.
Хохирогч Ш.Э цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ц*******д хохирогч М.Зд 500.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Л.О******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Ц*******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ц*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ц*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Нэгдүгээр хавтаст хэргийн 120, 122-123 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, жолоочийн эрхийн үнэмлэхийн лавлагаа, 2 дугаар хавтаст хэргийн 13-14, 39-40 дэх талд авагдсан Булган аймгийн ******* сумын Мэдээлэл соёлын төвийн даргын тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.Ц******* нь Булган аймгийн Булган суманд 1976 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын 5 дугаар баг, Хишигийн 12 дугаар гудамжны 1211 тоотод амьдардаг, Булган аймгийн ******* суманд гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцтай, ******* хотод 31.43 м3 орон сууцтай, ******* сумын Соёлын төвийн номын санч ажилтай, 46 настай, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,
Амь хохирогчийн болон хохирогч нарын өмгөөлөгч Г.Алтанчимэг:Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна, хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа: Шүүгдэгчид хорих ял оногдуулчихвол шүүхээс оногдуулсан энэ их хохирол төлбөрийг хэрхэн яаж төлөх вэ? гэдэгт шүүх анхаарч үзнэ үү. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц******* нь шүүхээс тогтоосон хэмжээнд хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн тул хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Г.Ц*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдъя.
Шүүгдэгч Г.Ц*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн зэрэг бүхий л нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгч шүүгдэгч Г.Ц*******д хорих ял оногдуулж өгнө үү гэж тайлбар дүгнэлтээ илэрхийлсэн боловч,
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, зорилгын хүрээнд шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн яг оногдуулах нь хохирогч нарын хохирол төлбөрийг саадгүй, хурдан шуурхай төлүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээх чухал ач холбогдолтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Ц*******гийн эзэмшлийн “В” ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл,38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Авга тайж овогт Гомбосүрэнгийн Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний буюу Л.О*******, М.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний буюу Ш.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол, С.гийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 / гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц*******г оршин суугаа газраас буюу Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хязгаарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ш.Эгээс 11.047.215 /арван нэгэн сая долоон зуун дөчин долоо мянга хоёр зуун арван тав/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайннямд олгохоор, шүүгдэгч Г.Ц*******гоос 102.300.00 /зуун хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайннямд олгохоор, шүүгдэгч Г.Ц*******гоос 74.971.228 /далан дөрвөн сая есөн зуун далан нэгэн мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Эд олгохоор, 15.755.079 /арван таван сая долоон зуун далан далан таван мянга далан есөн/ төгрөгийг Ш.Эгээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Дүүрэнбаяр нарт тус тус олгохоор, хохирогч Ш.Э цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Г.Ц******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.Ц*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 761596 тоот үнэмлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Л.О*******, М.З нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ