| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01580/И/ |
| Дугаар | 01775 |
| Огноо | 2020-10-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 01775
Хэргийн индекс 155/2020/01580/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ц...сумын 6 дугаар баг, Жаргалантын 13-05 тоотод оршин суух, регистрийн дугаар РЭ..., Д... овогт Г.Г-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М... сумын 5 дугаар багийн 07-03 тоотод оршин суух, регистрийн дугаар ГА..., Ш... овогт Э.Н.д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Г.Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т., хариуцагч Э.Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Г. нь Э.Н. 2013 онд гэр бүл болж, албан ёсоор 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2014 онд хүү Н.Э 2016 онд охин Н.Э. нар төрсөн. 2018 оноос эхлэн энэ хүний ааш зан нь эвдэрсэн. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, бас намайг зодож, цохиж муухай авир гаргах болсон. Би саяхан өөрийн багаасаа хүсч мөрөөдөж байсан Онцгой байдлын газар ажилд орсон. Манай ажлаас ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор ажилчиддаа газар өгч би газартай болсон. Тийм болохоор би энэ ажлаасаа гарч Э.Н.н хүссэнээр Улаанбаатар хотод очиж амьдарч чадахгүй. Энэ хүн хөдөө амьдарч чадахгүй гэж байгаа боловч бид ялгаагүй л сумын төвд өсч хүмүүжсэн. Хөдөө амьдрал байхгүй гэж хэлж болохгүй байх.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Н.Э., охин Н.Э. нарыг миний асрамжинд үлдээн хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Хариуцагч Э.Н. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Э.Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Э.Н. нь 1990 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн. Г. овогтой Г. 2013 онд танилцаж үерхэж явсаар 2014 онд гэр бүл болж, бидний дундаас 2 хүүхэдтэй төрсөн. Хамтран амьдрах эхний жилүүдэд сайхан амьдарч байсан боловч эхнэрийн хэрүүл маргаан улам ихсэж ялих шалихгүй зүйлээр буруутгаж хэрүүл хийж улмаар Солонгос Улсад суугаа найзтай маань хардаж байж боломгүй ааш авир гарган хардаж сэрдэх нь хэрээс хэтэрч байсан. Ширээний буланд цохьчихоод намайг зодсон гэж хууль хяналтын байгууллагад худал мэдүүлэг өгч энэ асуудлаар Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ ч авагдаж байсан. Би энэ хүнтэй амьдрахын тулд гэр бүл болсноос биш салахын тулд гэр бүл болоогүй. Энэ хүнийг Улаанбаатар хотод шилжээд ирээч гэхээр ирдэггүй. Энэ хүн төрийн байгууллагад ажиллаж байгаа бол миний ажиллаж байгаа газар ч бас төрийн өмчийн байгууллага. Миний тухай суманд очиж амьдарч чадахгүй. Тэнд надад ажил олдохгүй. Миний хадмууд жаахан ааштай хүмүүс байдаг болохоор намайг ажилгүй суувал бүр ч хэрүүл маргаан тасрахгүй гэж бодож байна. Нэгэнт бидний хүсэл зориг өөр өөр байгаа болохоор гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдүүдийн тухайд охиноо өөрийн асрамжиндаа авъя гэж бодож байсан боловч энэ хүн өгөхгүй гэж байгаа болохоор эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдүүдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Бид угаасаа таарч тохирч амьдарч чадахгүй юм билээ. Би энэ хүнтэй эвлэрэх гэж зөндөө л гуйсан. Хотод шилжин амьдарч чадахгүй гэсэн болохоор ямар ч эвлэрэх боломж байхгүй. Миний ажил чөлөө өгдөггүй болохоор эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дахин дахин ирж оролцох боломжгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г. нь хариуцагч Э.Н. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр О.. аймгийн Б.. сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6101000264 дүгээрт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Г.Г., хариуцагч Э.Н. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү Ш. овогт Н.Э., 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин Ш. овогт Н.Э. нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч Г.Г.нь хүү Н.Э., охин Н.Э. нарыг өөрийнхөө нь асрамжид авахаар шаардаж, эцэг нь хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч, асрамжийн талаар маргаагүй тул хүү Н.Э., охин Н.Э. нарыг эх Г.Г.н асрамжид үлдээлээ.
Хүү Н.Э., охин Н.Э. нарыг эх Г.Г.н асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Э.Н., эх Г.Г. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж,
мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: “... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ...”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул хүү Н.Э., охин Н.Э. нарт сар бүр эцэг Э.Н.с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж,
мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна.” гэж,
7.1.2 дахь хэсэгт: “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг ” гэж тус тус заасан байх тул хариуцагч Э.Н.с 138.628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г.д олголоо.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, зохигчид өөр өөр газар оршин сууж байгаа зэргийг харгалзах үзэж, гэрлэгчдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РЭ., Д. овогт Г.Г., регистрийн дугаар ГА..., Ш.. овогт Э. Н.нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар ФА.., 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, хүү Ш. овогт Н.Э., регистрийн дугаар ФА..., 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, охин Ш. овогт Н.Э. нарыг эх Г.Г.н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар ФА.., 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, хүү Ш..овогт Н.Э., регистрийн дугаар ФА., 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, охин Ш. овогт Н.Э. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Н.с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Э.Н.с 138.628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г.од олгосугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА