Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2022/00399/И |
Дугаар | 001/ХТ2022/01124 |
Огноо | 2022-11-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2022/01124
МОХНН
УБТЗын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/01658 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2022/01587 дугаар магадлалтай,
МОХНН УБТЗын нэхэмжлэлтэй
“АК” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 587,406,577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшиндаваагийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. МОХНН УБТЗ нь “АК” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 587,406,577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/01658 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “АК” ХХК-аас 37,102,204.81 төгрөг гаргуулж, МОХНН УБТЗд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550,304,372.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч МОХНН УБТЗаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,505,946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АК” ХХК-аас 5,754,424.23 төгрөг гаргуулан МОХНН УБТЗд олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2022/01587 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/01658 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “37,102,204.81” гэснийг “571,947,324” гэж, “550,304,372.19” гэснийг “15,459,253” гэж, 2 дахь заалтын “5,754,424.23” гэснийг “3,017,687” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,094,983 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшиндаваа хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1., 172.2 дэх хэсэг 172.2.1, 172.2.3 дахь заалтын дагуу хяналтын журмаар тус гомдлыг гаргаж байна. 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” үндэслэл бий болсон тухайд: 1.1. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасныг анхан шатны шүүх “...гэрээний нийт үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж ойлгогдохоор,...” гэж дүгнэсэн байхад, давж заалдан шатны шүүх “...алдангийн онцлог болох хоног тутам тооцох хэсгийг тус тус орхигдуулсан, ...232.6 дахь хэсэгт заасан алдангийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж зөрүүтэй тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн. 1.1.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.”, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.” гэж заасныг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Захиалагчийн төлж болох алдангийн заалтыг гэрээний нийт үнийн дүнгийн 0.5 хувьд байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй, хуульд заасан тус хэмжээ хязгаарт багтаан талууд гэрээндээ өөр дүнгээр тохиролцон тогтоох боломжтой гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болох зарчимтай бөгөөд гэрээний үнийн дүнгээс алдангийг тооцохоор тохиролцсон, тохиролцсон хэмжээ нь хуульд заасан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрүүлэхгүй байх хуульд заасан хэмжээг хэтрүүлээгүй тул талуудын тохиролцож байгуулсан хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн болох гэрээг Иргэний хуульд заасан зарчмын дагуу тайлбарласан анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн хэм хэмжээ, эрх зүйн зарчимд нийцсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчин, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн дагуу алдангийг талууд заавал хоног тутамд тооцох гэсэн үгээр гэрээнд тусгах шаардлагатай гэж тайлбарласан нь үндэслэлгүй, иргэний эрх зүйн зарчимд нийцэхгүй. 1.1.2. Талуудын хооронд 2021.01.21-ний өдөр байгуулагдсан гэх гэрээг Гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэж дуусаад, хүлээлгэж өгөхөд бэлэн болсон үед буюу 2021.08 дугаар сард байгуулсан талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт талууд хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрээ байгуулагдсан хугацааны талаар талууд маргадаггүй. Тодруулбал, ОГ/21/002, Н-40-АГ-21/2 тоот гэрээ байгуулагдах үед Гүйцэтгэгч нь аль хэдийн ажлаа гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болсон үедээ бичмэл гэрээг байгуулсан буюу гүйцэтгэлийг хугацаанд нь хүлээлгэн өгөхгүй хоцорсноос үүдэн гэрээний 1.6.7.а-д заасны дагуу Захиалагчид алданги төлөх нөхцөл байдал огт үүсэхээргүй байсан. Ийм учраас, гэрээний 1.6.7.а дахь заалтыг гэрээнд тусгасан тул, талуудын тэгш эрхийг хангах зорилгоор Захиалагчийн хувьд нөхцөл байдал ялгаатай буюу төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах алданги буюу гэрээний нэмэлт хариуцлага ногдох боломжтой нөхцөл байдлыг харгалзан алдангийн зохицуулалтыг хоног тутамд бус, харин гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор талууд харилцан тохиролцож, гэрээнд тусгасан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлохоор хуульчилсан байхад давж заалдах шатны шүүх тус хэм хэмжээг үл харгалзан, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан “талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох” эрхийг үгүйсгэн, анхан шатны шүүхийн дээрх заалтыг зөв тайлбарлан дүгнэснийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй. 1.1.3. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний бичвэр буюу алдангийн талаар зохицуулсан 1.6.7.b заалтын хувьд алдангийн талаар ноцтой төөрөгдөн хийсэн гэж маргаагүй, ийнхүү тус заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах аливаа шаардлага, илэрхийлэл гаргаагүй. Иймээс анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасныг үндэслэн тухайн гэрээний бичвэрт бичигдсэн үгийн шууд утгыг анхааран, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний тохиролцоог тодорхойлно гэж үзэж хэрэглэсэн байхад, давж заалдах шатны шүүх нь 198.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээ, талуудын тохиролцож гэрээнд тусгасан шууд утгыг эс хайхран, шуух талуудын хүсэл зоригийг нөхөн тодорхойлж, гаргаж ирэх боломжтой мэтээр тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний ноцтой зөрүүг үүсгэж байна. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэл бий болсон тухайд: 1. Монгол Улсын Дээд шүүхийн 2010.6.22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 1.4-т Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг “хүсэл зоригийн агуулгыг тодорхойлоход үгийн шууд утгыг анхаарна” гэж тайлбарласан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт хуульчилснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд гэрээ байгуулахдаа илэрхийлсэн хүсэл зоригийг дээрх тайлбарын дагуу буюу талуудын илэрхийлж, баталгаажуулсан хүсэл зоригийн илэрхийллийн бичмэл хэлбэрийн шууд утгаар тайлбарлах үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Улсын дээд шүүхийн тогтоолоор тайлбарласнаар хүсэл зоригийн агуулгыг үгийн шууд утгыг анхааралгүйгээр, харин “алдангийг хоног тутам тооцох хэсгийг орхигдуулсан” гэж өөрийн санаачилгаар талуудын гэрээ байгуулахдаа илэрхийлсэн хүсэл зоригийг “нөхөн” өөрчилж тайлбарлаж байгаа нь Улсын Дээд шүүхийн 2010.6.22-ны өдрийн 17 дугаар тогтоолтой зөрчилдөж байна. 2. Мөн түүнчлэн тус 17-р тогтоолын 1.4-т “Хуулийн 41 дүгээр зүйлийн 41,2-т заасан бусад нөхцөл байдал гэж хүсэл зоригийн илэрхийллийн утга санааг тодорхойлоход ач холбогдол бүхий аливаа хүчин зүйлийг хэлнэ” гэж тодорхойлсон байхад гэрээ бодитоор хэзээ байгуулагдсан, түүнээс үүдэн алдангийн заалтыг хэрхэн гэрээнд тусгасан зорилгыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын төлөөлөгчид мэдүүлсээр байхад шүүх “хоног тутам тооцох хэсгийг орхигдуулсан” гэж үзсэн нь алдангийг хуульд заасан хэмжээний хүрээнд талууд өөрөөр тохиролцсон хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахад огт хамааралгүй, орхисон гэсэн үндэслэл өөрийн санаачилгаар тодорхойлж гаргаж ирсэн нь дээрх албан ёсны тайлбартай нийцэхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх 587,406,577 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Хариуцагч “АК” ХХК нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр барих Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын нэгдүгээр багцын 37 км замын ажлын хүрээнд нэхэмжлэгч МОХНН УБТЗтай нийт 1,236,740,162 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан. Тус ажлын санхүүжилт нь хугацаа алдаж хийгдэж байсан зэрэг нөхцөл байдлаас үүдэн төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн болно. Иймд, шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу анзын хэмжээ илт их байгааг харгалзан үзэхийг хүсье. Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг тус тус илэрхийлжээ.
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.11.04-ний өдрийн 001/ШХТ2022/01212 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгч МОХНН “УБТЗ” нь хариуцагч “АК” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 1,113,066,145 төгрөг, алданги 556,533,073 төгрөг, нийт 1,669,599,218 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 1,051,229,138 төгрөг төлсөн гээд “гэрээний баталгаа 2.5 хувь буюу 30,873,504 төгрөг, алданги 556,533,073 төгрөг, нийт 587,406,577 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ. Хариуцагч гэрээнд заасан ажлын чанарын баталгааны төлбөр 30,918,504 төгрөг, торгууль 5,565,331 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөөгүй байна.
9. Анхан шатны шүүх гэрээний нийт үнийн дүн болох 1,236,740,162 төгрөгөөс 0,5 хувиар алдангийг тооцож 6,183,700 төгрөгийг, баталгааны 30,918,504 төгрөгийн хамт нийт 37,102,204 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх алдангийг хоногт дутам тооцож, нийт 571,947,324 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
10. Анхан шатны шүүх гэрээний тохиролцоог тайлбарлаж чадаагүй, давж заалдах шатны шүүх талууд алданги тохирсон гэж гэрээний нөхцөлийг тайлбарласан нь үндэслэлтэй болсон боловч хариуцагч талын үүрэг гүйцэтгэх хугацаа, алданги тооцох эрх зүйн үндсийг анхаараагүй нь тус тус хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болсон, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс зөвтгөж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
11. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2021.01.21-ний өдрийн ОГ/21/002 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр “УБТЗ” нь “АК” ХХК-ийн захиалгаар Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замтай нэг түвшинд огтлолцсон 361, 384 дүгээр км дэх төмөр замын гармын байгууламжийг барьж шилжүүлэх, өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал нь ажлын хөлсөнд 1,236,740,162 төгрөг төлөхөөр тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
12. Ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэн 2021.08.18-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн, захиалагч “АК” ХХК нь урьдчилгаа төлбөрт 123,764,016 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,051,229,137.08 төгрөг төлсөн, гэрээний 1.6.4-д “ажлын гүйцэтгэлд 3 жилийн чанарын баталгаат хугацаа тогтоосон, чанарын баталгааны барьцаа 5 хувь, үүнээс 2.5 хувийг гүйцэтгэгч ажлыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа, үлдэгдэл 2.5 хувийг баталгааны хугацаа дууссаны дараа захиалагч нь гүйцэтгэгчид төлөх”-өөр заасан, баталгаа 30,918,5904 төгрөг төлөх эдгээр үйл баримтыг зохигч маргаагүй байна. Харин алданги тохирсон эсэх, алданги төлөх эсэх талаар зохигч маргажээ.
13. Гэрээний 1.6.7.а-д “ажил гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног дутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг захиалагч талд төлнө” гэж, 1.6.7.б-д “захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэсэн гэрээний нөхцөл нэхэмжлэлийн үндэслэл болсон байна.
Үүнээс 1.6.7.б-д заасан гэрээний нөхцөл нь хариуцагч буюу захиалагч талын үүрэг байх ба “алданги” гэж анзын төрлийг тодорхойлсон, “0.5 хувь” гэж хэмжээг тогтоосноос үзэхэд талууд алдангийг тохирсон, иймээс хууль зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар хоног дутам алдангийг тооцно гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээ үндэслэлтэй болсон. Нөгөө талаар талуудын тэгш эрхийн зарчмын хүрээнд, үүргээ зөрчсөн тохиолдолд талуудын аль аль нь алдангийг сонгосон тул гэрээний нөхцөлийг адил тогтоосон байх үндэслэлтэй, гэрээний 1.6.7.б-д алдангийг “үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх” гэж заасан хэдий ч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох агуулгатай, алданги учраас хоног дутам төлөх үүрэг гэж үзнэ.
14. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ”, мөн хуулийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан. Талууд бичгээр байгуулсан гэрээндээ алданги тохирсон, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал гэрээнд зааснаар алданги төлөх үүрэгтэй байна.
14.1. Талуудын байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 14-т төлбөр тооцоо хийх журам, гэрээний ерөнхий нөхцөлийн 1.6.1-д “гүйцэтгэгчийн төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн захиалагч нь ажлын 3 хоногт төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй” гэж үүрэг гүйцэтгэх хугацааг нарийвчлан заажээ.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2021.08.23-ны өдөр 1,113,066,145 төгрөгийн нэхэмжлэхийг хариуцагч талд хүргүүлсэн, 2021.10.21-ний өдөр талууд тооцоо нийлсэн байх ба “АК” ХХК 2021.11.29-ний өдрийн А-40-21/558 дугаар албан бичгээр төлбөрийг 2021 оны 12 сард багтааж төлөхийг мэдэгдсэн, уг хугацаандаа төлөөгүй гэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурджээ.
Энэ баримтаас үзэхэд талууд үүрэг гүйцэтгэх хугацааг дахин тохирсон, хариуцагч нь 2021.12.31-ний дотор үүргээ биелүүлэх байсан байна. Нэхэмжлэгч нь 2022.01.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэл гаргах хүртэл 24 хоногийн хугацааг хариуцагч хэтрүүлсэн тул энэ хугацааны алдангийг төлөх үүрэгтэй байна. Иймд гүйцэтгээгүй үүрэг 1,113,066,145 төгрөгийн 0,5 хувь нь 5,565,331 төгрөг, 24 хоногоор тооцоход 133,567,944 төгрөгийн алдангийг төлөх үүрэгтэй бөгөөд үүн дээр баталгааны 2,5 хувь 30,918,504 төгрөгийг нэмэхэд нийт 164,486,448 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна. Энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2022/01587 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/01658 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг баримтлан хариуцагч “АК” ХХК-иас 166,486,448 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МОХНН “УБТЗ”-д олгож, нэхэмжлэлээс 420,920,129 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...5,754,424...” гэснийг “...990,382...” гэж тус тус өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 3,017,687 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ