| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 110/2026/0091/З |
| Дугаар | 221/МА2026/0634 |
| Огноо | 2026-09-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2026/0634
Т.Жын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.Ж
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Ж
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Е.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чг
Хэргийн индекс: 110/2026/0091/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдлын шаардлага:
1. “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 0957662 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас хууль бус байсныг тогтоох, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг хүчингүй болгуулах” дүгнэлт гаргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Т.Жын шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 0957662 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас хууль бус байсныг тогтоох, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч Т.Ж дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
“... Анхан шатны шүүх шийдвэрээрээ Т.Жын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: «Барилга угсралтын ажлыг баталгаажсан зураг төсөл, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн нь нотлогдсон тул захиргааны албадлагын арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй» гэж дүгнэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх процессын эрх зүйн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үнэн зөв байх (маргаангүй) шинжийг үгүйсгэсэн, мөн иргэдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг ноцтой зөрчсөн дүгнэлт болсон байна.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гол үндэслэлүүдийн нэг нь хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо материаллаг эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэсэн явдал юм. Т.Ж нь 3 давхар үйлчилгээний барилгын угсралтыг 2024 оны 07 дугаар сард бүрэн дуусгасан бөгөөд анхны талбайнуудын өмчлөх эрх нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болохыг анхан шатны шүүх тогтоосон байдаг.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.5 дахь хэсэгт зааснаар иргэнд 500 нэгжтэй тэнцэх төгрөгийн торгууль ногдуулах зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа зөрчил үйлдсэнээс хойш 6 сар байна. Мөн хуулийн 2.4 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацааг эрх бүхий байгууллага, албан тушаалтан илрүүлсэн үеэс бус, зөрчил үйлдэгдсэн өдрөөс эхлэн тооцохоор тусгайлан заасан.
Барилга угсралтын ажил бодитоор дуусаж, иргэний эрх зүйн эргэлтэд орсон (2022 оны 12 сар болон 2024 оны 07 сарын улсын бүртгэлээр нотлогдоно) тул 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг нээх үед хуульд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа бүрэн дууссан байжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох хөдөлшгүй үндэслэл болдог. Байцаагч Б.Шындаулет тус хуулийн 6.5 дахь зүйлийг баримтлан хэрэг бүртгэлтийг зогсоох ёстой байтал хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад актууд үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх энэ хууль бус ажиллагааг зөвтгөсөн нь ноцтой алдаа юм.
Актын хэлбэрийн болон процессын доголдлууд
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар бичгээр гарсан захиргааны актад тавигдах шаардлагыг хуульчилж өгсөн. Ингэхдээ маргаан бүхий шийтгэлийн хуудас болон албан даалгаварт эрх бүхий албан тушаалтан тэмдэг дараагүй байгаа нь хуулийн 40.2.1-т “ захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он сар, өдөр. дугаарыг заасан байх” гэснийг зөрчиж байгаа юм.
Барилгын захиалагчид хариуцлагыг үндэслэлгүй баталгаажуулсан тухай
Захиргааны байгууллага болон шүүх барилгын зураг төслийн экспертиз (магадлал) хийлгээгүй гэх зөрчилд барилгын захиалагчийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй.
Т. Ж нь барилгын зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй «Р» ХХК-иар гүйцэтгүүлсэн. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар барилга байгууламжийн зураг төслийг нормативын дагуу хийж, Барилгын развитийн (хөгжлийн) төвөөр магадлал (экспертиз) хийлгэх үүргийг заавал мэргэжлийн зураг төсөл зохиогч байгууллага хүлээдэг.
... Зөрчлийн тухай хуулийн 12.1 нэгжид зааснаар магадлал хийлгээгүй зураг төслөөр барилга барьсан тохиолдолд хуулийн хариуцлагыг (5,000 нэгжээр торгох) захиалагч иргэнд бус, Зураг төсөл зохиогч хуулийн этгээдэд ногдуулахаар тусгасан. Иймд «Р» ХХК-ийн гаргасан алдааг Т. Жд халдаан хариуцлага тооцсон нь салбарын хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн явдал мөн.
Гуравдагч этгээдийн юмын эрхийг зөрчсөн ба итгэл хамгаалах зарчим
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилж, үйл ажиллагааг нь зогсоосон объект нь Улсын бүртгэлд бүртгэлтэй хэд хэдэн бие даасан хөрөнгөөс бүрддэг.
Үл хөдлөх хөрөнгө болон газрын бүртгэлийн бүтэц:
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2022, 2024 онуудад өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь тухайн объектыг Барилга ашиглалтад авах комиссын акт болон баталгаажсан зургийг үндэслэн хуулийн дагуу бүртгэсэн гэсэн үг юм.
Гэтэл Барилгын албаны байцаагч нэгэнт төрөөс нэг гараараа бүртгэж баталгаажуулсан өмчийг өөр гараараа «зөвшөөрөлгүй» гэж үйл ажиллагааг нь зогсоож байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан Иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг (итгэл хамгаалах зарчим) бүдүүлгээр зөрчиж байна. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байдлын хохирлыг иргэн хүлээх ёсгүй.
Түүнчлэн, X. С гэх зөрчилд огт хамааралгүй, зээлдэгч эсхүл зөрчил гаргагч биш иргэний дундаа хамтран өмчлөх 170.99 кв.м амины сууцыг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т заасан гуравдагч этгээдийн өмчлөх эрхэд хууль бусаар халдсан явдал мөн.
Эцэст нь, Т.Ж нь 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр № 0000450324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг «Худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолбор» зориулалтаар албан ёсоор авсан тул газрын маргаан бүрэн арилж, барилгыг битүүмжлэлд байлгах үндэслэлгүй болсон.
Нэгэнт Т. Ж 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийн торгуулийг төлсөн тул № 09577662 дугаар шийтгэлийн хуудас нь биелэгдэж дууссан захиргааны акт болсон.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-д заасныг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Т.Жаас “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 0957662 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас хууль бус байсныг тогтоох, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “... Зураг төсөл батлагдаагүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй, 3 давхар үйлчилгээтэй барьж ашигласан /улсын комисс ажиллаагүй байхад/ гэж Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар Т.Ж-ийг 500.000 төгрөгөөр торгож, эрх бүхий албан тушаалтны даалгавраар “... зөрчлүүдийг арилгах хүртэл тус барилга угсралтын бүх үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж” тус тус шийдвэрлэсэн байна.
3. Уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх “... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнаас шийтгэлийн хуудас болон даалгаврыг танилцуулсан байх боловч уг шийдвэрийн агуулга, үр дагаврыг тайлбарласан нь тогтоогдоогүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1-д заасан холбогдогчийн эрхийг хариуцагч хангаагүй гэж үзэхээр байна. Иймд зөрчлийн холбогдогчоос эрх бүхий албан тушаалтны шийдвэрт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж үзээд, гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзсэн болно...” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзалгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2-т “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.38, ... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “энэ хуульд заасан "гомдол" гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл...”, 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас болон даалгаврыг эс зөвшөөрч гаргах гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргахаар байна.
5. Нэхэмжлэгч Т.Ж нь 2025 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн шийтгэлийн хуудас, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг хүчингүй болгуулахаар 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь дээрх хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй нь буруу болжээ.
Учир нь хэрэгт авагдсан маргаан бүхий 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэлийн хуудас, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавартай нэхэмжлэгч нь тухайн өдөр танилцаж гарын үсэг зурсан, мөн өдрөө шийтгэлийн хуудсаар оногдуулсан 500.000 төгрөгийг төлсөн (1 хавтас-44-47 хуудас), мөн холбогдогч Т.Жд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгөв гэж Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд тусгаж, уг тэмдэглэлд нэг бүрчлэн хуулийн заалтыг жагсаан бичсэн, Танилцсан хэсэгт нэхэмжлэгч гарын үсэг зурж, “2025.08.13 14:36 гарын үсэг зурсан” гэж тэмдэглэсэн (1 хавтас 38 хуудас ) зэргээс үзвэл улсын байцаагчийг шийдвэрийн агуулга, үр дагаврыг тайлбарлаагүй гэж буруутгах, улмаар шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл /гомдол/-ийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2026/0093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т заасныг баримтлан “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 0957662 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас хууль бус байсныг тогтоох, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Т.Жын нэхэмжлэл /гомдол/-ийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ