Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 25

 

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Болормаа,

Шүүгдэгч: Г.Батдэлэг, Д.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаагчууд овогт Гансүхийн Батдэлэг, Булгадар овогт Дамжины Ганболд нарт холбогдох 201720000019 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

             1. Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт Зүүнговь сумын Тохой багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цагаагчууд овогт Гансүхийн Батдэлэг /РД: ОД94030214/,

              2. Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт Зүүнговь сумын Тохой багт оршин суух урьд ял шийтгэлгүй, Булгадар овогт Дамжины Ганболд /РД: 92071717/,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Г.Батдэлэг, Д.Ганболд нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 11, 19-ний өдрүүдэд Зүүнговь сумын Тохой багийн нутаг Хар үзүүр гэх газраас Л.Амгалангийн 3 настай 2 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:                                                                                                                  

1. Хохирогч Л.Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Зүүнговь сумын Тохой багийн нутаг Эхэн хар гэх газарт нутагладаг бөгөөд миний 15 тооны үхэр баз Батдэлгэрийнд Хар үзүүр гэх газарт байдаг юм. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Батдэлгэр над руу утасдаж улаан халзан зүсний гунан үхэр бэлчээрээс ирсэнгүй гэж хэлсэн юм. Би тэгж байгаад ирэх байх гэж бодоод хайгаагүй юм. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Батдэлгэр над руу утсаар ярьж хүрээд ир гэсэн тул очиход шаргал зүсний гунан эр үхрийг Ганболд, Батдэлэг нар хулгайлж, модон дотор уячихсан байсныг нь үйлдэл дээр нь барьж авлаа. Урьд нь алдагдсан улаан халзан үхрийг бас эд нар хулгайлсан байна гэж хэлсэн. Тэр хоёр үхэр миний унаган үхэр байгаа юм. Би тэдэнтэй уулзахад тэд үхэр хулгайлж модонд уяад Батдэлэгийг дуудаж, түүнд өгч явуулах гэж байснаа хүлээж хохиролд 700000 төгрөг төлж барагдуулсан. Тэдгээр үхрүүд нь улаан халзан болон шаргал зүсний гунан эр үхрүүд байсан. Им, биркгүй юм. Хоёулаа эвэртэй үхрүүд байсан. Сүүлд улаан халзан гунан үхэр Батдэлгэрийнд өөрөө гүйж ирсэн талаар сонссон” гэх мэдүүлэг / хх-ийн 32-33-р талууд/

            2. Гэрч Ц.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай баз Амгалангийн 15 тооны үхэр манайд байдаг. 2016 оны 12 дугаар сарын 11-ний орой бэлчээрээс үхэр ирэхэд Амгалангийн улаан халзан гунан эр үхэр байхгүй байсан. Бид хэд хоног хайгаад олоогүй юм. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээс зүүн зүгт байдаг модон дотор улаан халзан үхрийг хайгаад ганцаараа явж байтал модон дунд Амгалангийн шаргал гунан эр үхрийг модноос дээсээр уясан байсан. Би түүнийг үзэж байтал морьтой хүний явах чимээ сонсоод чимээгүй харж байтал Дамжингийн Ганболд гэх залуу бор зүсний морьтой ягаан өнгийн дээлтэй модны захад өөрийнхөө үхрийг тууж гарч ирээд гэр лүүгээ явсан. Би сэжиг аваад Бат-Өлзий гэх залуугийнд очиж учраа хэлж нөгөө үхэр уясан газарт очоод морьдоо нуучихаад отож байтал 21 цаг 30 минутаас 22 цаг 00 минутын орчимд 2 морьтой хүн ирээд нэг нь морьдоо барьж нөгөөх нь мориноосоо бууж тэр үхрийн уяаг тайлсан. Бат-Өлзий бид хоёр үхэр тайлж байгаа хүнийг Д.Ганболд гэж таньсан, нөгөө хүнийг нь таниагүй. Бид хоёр барих гэтэл тэд зугатаагаад явчихсан тул буцаж морьдоо аваад Дамжины гэрт очиход Ганболд аавындаа байсан. Түүнээс үхэр хулгайлсан талаар асуухад эхэндээ хүлээхгүй байж байгаад хүлээж, Батдэлэгийн хамт уг газарт очсоноо хэлсэн. Үхрийг ганцаараа хулгайлж модноос уяад Батдэлэгийг дуудсан байна лээ. Тэдгээр үхрүүд Ганболдын гэрээс ойрхон бэлчиж хажуугаар нь өнгөрдөг байсан. Бэлчээрээс хулгайлагдсан юм. Уг үхэр уясан газар нь Ганболдын гэрээс зүүн зүгт 400-500 метр зайтай. Би улаан халзан үхрийг олон хоног хайсан боловч олоогүй байсан. Сүүлд 2016 оны 12 дугаар сарын 23-ны хавьцаа өөрөө гүйж ирсэн юм. Ирэхдээ хадгалагдсан байгаад тавьсан шинжтэй гэдэс нь багасч турсан шинжтэй байсан. Би уяж байгаад тавьж явсуулсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг / хх-ийн 34-35-р тал/,  

3. Гэрч Б.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 19-ний орой би гэртээ байж байтал Батдэлгэр гэх хүн ирж “Амгалангийн манайд байдаг нэг үхрийг модон дотор уячихсан байна. Хоёулаа хамт очиж очъё” гэж хэлсэн. Тэгээд бид 2 морьтой явж ойрхон байдаг бургасан дотор 18 цаг орчимд ороход шар зүсний гунан үхрийг модноос шар цоохор дээсээр уясан байсан. Бид хоёр морио далд уяад явган отож байтал орой 22 цагийн орчимд хоёр морьтой хүн ирээд нэг нь морьдоо бариад нэг нь үхэр дээр очиж уяаг нь тайлсан. Тухайн үед уяа тайлсан хүн нь Дамжины Ганболд гэх залуу байсан. Бид хоёр гүйгээд очтол Ганболд явган зугатсан нөгөөх нь морьтой зугатчихсан. Тэгэхээр нь Батдэлгэр бид хоёр морио аваад Дамжины гэрт очиход Ганболд тэднийд байсан. Батдэлгэр түүнээс яагаад үхэр хулгайлаад байгаа юм бэ? гэхэд би хулгайлаагүй гээд хэргээ хүлээхгүй байсан. Тэгэхэд нь Батдэлгэр түүнд чамайг үхэр уясан газраас морьтой харьж явахыг чинь би харсан гэхэд Ганболд уг үхрийг хулгайлж уясан гэдгээ хүлээсэн. Мөн хамт явсан хүнээ Батдэлэг гэдэг залуу гэж хэлсэн юм. Амгалангийн үхэр гунан, шар зүсний эр /эвэртэй/ үхэр байсан. Тухайн үед Ганболд нь бор зүсний нас гүйцсэн морийг зайдан унасан байсан. Батдэлгэр урьд нь улаан халзан гунан үхэр бэлчээрээс ирсэнгүй гэж хайж байсан. Тэр үхэр нь сүүлд гүйж ирсэн байна лээ” гэх мэдүүлэг / хх- ийн 36-р тал/,

            4. Гэрч Б.Байгалийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 19-ний орой би Д.Ганболдын гэрт зурагт үзэж байгаад 19.30 цаг орчимд гэртээ орсон юм. Маргааш нь Д.Ганболд Л.Амгалангийн үхрийг модонд уяад Батдэлэгтэй хамт очиж авах гэж байгаад Амгалангийн үхрийг маллаж байсан Батдэлгэр, Бат-Өлзий нарт баригдаад зугтсан бөгөөд шөнө Батдэлгэр, Бат-Өлзий нар Ганболдын гэрт ирсэн талаар сонссон юм. Тэр шөнө би унтаж амарсан тул Батдэлгэр, Бат-Өлзий нарыг Ганболдын гэрт ирснийг мэдээгүй юм. Шар зүсний гунан үхэр байсан. Би Ганболдын үхрийг ерөнхийд нь мэднэ. Уг үхэр тэдний үхэр биш байсан” гэх мэдүүлэг, / хх-ийн 37-р тал/,

            5. Гэрч Т.Дамжины мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тэр үед гэртээ байсан. Би гэрээс гарч яваад байдаггүй. Өнгөрсөн жилийн хавар даралт харвасан тул өвчтэй гэр орондоо байдаг. Болсон асуудлын талаар хүү маань надад хэлээгүй. Сүүлд сумын төвийн цагдаа нар ирэхэд мэдсэн. Намайг өвчтэй тул даралт ихсэн гэх нэрийдлээр манай гэрийнхэн болсон асуудлыг надад мэдэгдээгүй байна лээ. Тэр үеэр Ганболд үхэр тууж ирээгүй би хотон дотроо гэр оронд ойр зуурын зүйл хийж малаа цэгцэлдэг юм. Ганболд гадны өөр хүний үхэр авч ирээгүй. Тэр өдрүүдэд Ганболдын эхнэр нь Улаангомд нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан. Мөн Зүүнговь сумын эмнэлэгт бас үргэлжлүүлж хэвтэж байсан тул Ганболд гэртээ ганцаараа, хүүхэд нь манайд байсан юм” гэх мэдүүлэг, / хх-ийн 38-р тал/,

           6. Гэрч Н.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Зүүнговь сумын төвд болсон хурлаас ирээд Батдэлэгээс уг хэргийн талаар сонсож мэдсэн. Тухайн үед Батдэлэг надад Ганболдын хамт 2 үхэр хулгайлаад баригдсан гэж хэлсэн. Уг 2 үхрийн эзэн нь Амгалан гэх манай багийн залуу бөгөөд Батдэлэг, Ганболд нар уг 2 ухрийг өөр өөр өдөр хулгайлж сүүлийн үйлдэл дээрээ баригдсан гэж хэлсэн. Гэрт ямар нэгэн гадны хүний үхэр авч ирж харагдаагүй. Манай ойр орчмоор улаан халзан гунан үхэр явж харагдаагүй. Энэ хугацаанд би гэртээ бараг байгаагүй тул мэдэхгүй байна. Батдэлэг нь тухайн үед цавьдар зүсний 7 настай морь уналаганд ашиглаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал /,

            7. Гэрч Н.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Хүү маань орой бүхэн адуугаа эргэж тогтоодог өдөр нь хашаалж орой 21 цагийн орчимд гаргадаг. Батдэлэг 2016 оны 12 дугаар сарын сүүлчээр адуунд яваад тэр шөнөө ирээгүй бөгөөд маргааш нь ирээд үхэр хулгайлж байгаад баригдсан. Надад уг хэргийг Ганболдтой хамт хийсэн гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үхэр хулгайлсан талаар сүүлд цагдаад шалгуулахдаа хэлсэн. Тэр өдрүүдэд 7 настай цавьдар морь голчлон үнаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал /,

           8. Гэрч Г.Дэлгэрсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “Батдэлэг нь миний дүү байгаа юм. Би уг хэргийн талаар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өглөө Амгалангийн эхнэр гэх хүн над руу утасдаж танай дүү чинь манай үхрийг хулгайлж модон дотор уячихсан байж байгаад баригдсан гэж хэлэхэд мэдсэн. Урьд шөнө нь Батдэлэг адуугаа хашаанаас гаргаад явсан юм. Түүнийг ийм хэрэгт холбогдоно гэж бодоогүй. Ганболд, Батдэлэг хоёр надад үхэр хулгайлсан болон хулгайлах гэж байгаа талаар яриагүй” гэх мэдүүлэг / хх-ийн 42-р тал/,

9. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13-р тал/,

10. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16, 23-24-р тал/,

11. Эд зүйл хураан авч битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 18-19, 21/,

12.  Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27, 29-30-р тал /,

13. “Увс финанс-Аудит” ХХК-ий 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн “Гунан эр үхэр үнэлсэн тухай”  13 дугаартай дүгнэлт / хх-ийн 44-45-р тал /,

14. “Увс финанс-Аудит” ХХК-ий 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “ Морь болон морины дагалдах хэрэгслийг үнэлсэн тухай” 52 дугаартай дүгнэлт / хх-ийн 50-р тал /,

15.  Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, / хх-ийн 75, 140-р тал/,

16. Шүүгдэгч Г.Батдэлэгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 78, 79, 81, 98, 100-р тал /,

17. Шүүгдэгч Д.Ганболдын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 84, 87, 88, 89, 98, 100-р тал /,

18. Хохирогч Л.Амгалангийн 2017  оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн “ Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн иргэн Л.Амгалан би хоёр гунан үхрээ хулгайд алдсан нь үнэн. 2 үхрээ зүсээр нь олж авсан нь үнэн болно. Энэ хугацаанд гарсан хохирлыг гүйцэд барагдуулсан болно. Ийм ураас надад гомдолгүй” гэх тодорхойлолт / хх-ийн 102-р тал /,

19. Шүүгдэгч Г.Батдэлэгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 12 сарын 09-ний өдөр би найз Ганболд гэх залуу руу утсаар ярьж Мөнгөний хэрэг болоод байна. Хоёулаа үхэр хулгайлж мөнгө олъё. Чи нэг үхэр гаргаад өг би нядалж зараад мөнгийг нь хоёулаа хувааж авъя гэж ярилцсан юм. Тэгээд гэртээ байж байтал 2016 оны 12-р сарын 11-ний орой 19.00 цагийн орчимд харанхуй болсон байтал Ганболд над руу утасдаад "Нэг үхэр хулгайлаад модон дотор аваачаад уячихлаа. Хүрч ирээд авчих" гэж хэлсэн тул би өөрийнхөө цавьдар зүсний 7 настай мориор тэдний гэрийн орчимд очоод гэрт нь оролгүй утсаар Ганболдыг дуудаж түүнтэй хамт үхэр уясан газарт очиход улаан халзан зүсний гунан үхэр модноос уятай байсан юм. Бид хоёр тэр үхрийг тууж модноос гараад Ганболд гэрлүүгээ буцсан. Би цааш нь ганцаараа үхрээ туугаад гэртээ аваачиж малын хашаанд хийж хонуулаад өглөө нь босоод хартал тэр үхэр алга болсон байсан. Манай үхэр өөр хашаанд байсан бөгөөд би хулгайн үхрийг бог малын хашаанд хийсэн байсан тул даваад гараад явчихсан бололтой байсан. Намайг гэртээ очиход шөнийн 00.00 цаг өнгөрч байсан байх. Би маргааш нь үхэр алдагдсан талаар Ганболдод утсаар хэлсэн юм. 2016 оны 12 сарын 15-ны өдөр би Ганболд руу утасдаад түрүүчийн үхэр алдагдчихсан юм чинь дахин үхэр хулгайлая гэж ярилцсан. Тэгээд 2016 оны 12 сарын 19-ний орой 19.30 цаг орчимд Ганболд над руу утасдаад дахиад нэг үхэр модон дотор аваачаад уячихлаа гэж хэлсэн тул би цавьдар морио унаж тэдний гэрийн орчимд очиж утсаар Ганболдыг дуудаад түүнийг дагаж үхэр уясан газарт очиход түрүүчийн үхэр уясан газрын ойролцоо модон дотор шар зүсний гунан үхэр модноос уясан байсан. Бид хоёр уг үхрийн уяаг тайлж байтал Батдэлгэр, Бат-Өлзий гэх хоёр хүн хүрээд ирсэн юм. Бид хоёр тэр хүмүүсээс айгаад зугатсан юм. Би зугатахдаа мориноосоо унаж морио алдаж явган болсон тул Ганболдын гэрт очиход Батдэлгэр, Бат-Өлзий хоёр тэднийд ирчихсэн байсан юм. Би нэгэнт хулгай хийснийг мэдчихлээ гэж ойлгоод тэднийд орж уулзаж хэрэг ээ хүлээсэн юм. 3 настай эр үхэрнүүд байсан. Эхнийх нь улаан халзан зүстэй, сүүлийнх нь шаргал зүсний үхэр байсан. Им, биркийг анзаараагүй. Би өөрийн цавьдар зүсний 7 настай морь унаж очсон. Ганболд бор зүсний 8 настай морьтой байсан. Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг

 

20. Шүүгдэгч Д.Ганболдын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 12 сард манайх Зүүнговь сумын Тохой баг Тохойн хөвөө гэх газарт өвөлжиж байсан юм. 2016 оны 12 сарын 09-ний өдөр миний найз Г.Батдэлэг над руу утасдаж "Нэг үхрийн хэрэг байна. Чи нэг үхэр гаргаад өгөөч би зүгээр байхгүй. Зараад мөнгөний талыг нь чамд өгье. Мөнгийг нь хувааж авъя. Чи үхэр хулгайлаад над руу ярьчих" гэж хэлсэн юм. Тухайн үед миний эхнэр эмнэлэгт хэвтчихсэн надад мөнгө маш их хэрэгтэй байсан тул би зөвшөөрсөн. Тэгээд 2016 оны 12 сарын 11-ний орой 17.00 цаг орчимд харанхуй болж байхад би гэрээсээ холгүй байдаг модон дотроос үхрээ олоод туугаад гэрлүүгээ эргүүлж байтал манай гэрээс холгүй 1 км хүрэхгүй газарт модон дотор Амгалан гэх хүний үхэрнүүд бэлчээрээс буцаж гэрлүүгээ явж байхаар нь би улаан галзан зүсний гунан эр үхрийг хөтөлж авч яваад холгүй модон дотор уяж орхисон юм. Тэгээд найз Батдэлэгт нэг үхэр барьж модон дунд уясан талаараа хэлэхэд тэр удахгүй яваад очно гэж хэлсэн юм. Би гэртээ хариад байж байтал 20.00-21.00 цаг орчимд Г.Батдэлэг над руу утасдаад танай ойролцоо ирчихлээ. Хүрээд ир гэж хэлсэн тул би түүний байгаа газарт буюу модны захад өөрийнхөө бор зүсний морьтой ганцаараа очиход Г.Батдэлэг ганцаараа цавьдар зүсний морьтой ирсэн байсан. Тэгээд бид хоёр хамтдаа явж үхэр уясан газартаа очиж нуусан үхрийг тууж модноос гаргаж өгчихөөд би гэрлүүгээ харьж Г.Батдэлэг тэр үхрийг ганцаараа туугаад гэрлүүгээ явсан юм. Тэдний гэр манайхаас 10 гаруй км хол Бөөрөгт байсан юм. Морьтой хүн 2 цаг орчим явдаг юм. Тухайн үед Г.Батдэлэг надтай нэг их юм яриагүй үхрийг гэртээ авч харьж нядлаад зарж мөнгө болгоод хувааж авъя гэж тохирсон байсан юм. Түүний маргааш нь Г.Батдэлэг над руу утасдаад “Нөгөө үхрийг малын хашаанд хийгээд хонуулсан чинь шөнө алдуураад хашаа даваад явчихаж, хүний мал болохоор хайж чадсангүй орхилоо”  гэж хэлсэн юм. Түүнээс хойш хэд хоногийн дараа буюу 2016 оны 12 сарын 15-ны өдөр 14.00 цаг орчимд Г.Батдэлэг надруу утасдаад дахин нэг үхэр хулгайлъя. Мөнгөний хэрэг гараад байна. Чи гаргаад өг би зарж борлуулаад мөнгө өө хуваая" гэж хэлсэн юм. Би түүнтэй ярьсанаас хойш хэд хоногийн дараа буюу 2016 оны 12 сарын 19-ний орой би малаа гэрлүүгээ эргүүлж байтал модон дотор Амгалангийн шар халзан үхэр явж байсныг туугаад гэрийнхээ ойролцоо урьд нь үхэр уясан газрын ойролцоо модон дотор уяж орхиод Г.Батдэлэг рүү утасдаж дахин нэг үхэр уяж орхисон талаар хэлэхэд одоо очлоо гэж хэлсэн юм. Батдэлэг шөнө орой болсон байхад буюу 22.00 цаг орчимд манай ойролцоо ирчихсэн. Хүрээд ир гэж утсаар хэлсэн тул би гарч уулзаад бид хоёр урьд нь унаж ирсэн морьтойгоо үхэр уясан газартаа очоод би мориноос бууж үхрийн уяаг тайлсан, Батдэлэг морь бариад морьтой зогсож байтал модон дотроос Батдэлгэр гэх Амгалангын үхэр хариулдаг залуу, Бат-Өлзий гэх залуугийн хамт хоёулаа гараад ирсэн тул бид хоёр тэр газраас зугатсан юм. Би гэртээ явган очоод байж байтал араас Батдэлгэр, Бат-Өлзий нар ирж яагаад үхэр хулгайлаад байгаа юм гэж тулгахад нь би тэдэнд үхэр хулгайлж модон дотор уясан гэдэг ээ хэлж цагдаад мэдэгдэхгүй байхыг гуйсан юм. Би бор зүсний морьтой явж байхдаа уг үхрийг модноос уясан орой нь уг мориороо очиж тууж гаргаж өгсөн. Батдэлэг цавьдар зүсний 7 орчим насны морьтой ирж тууж явсан юм. Морьд эмээл хазаартай байсан. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Миний эхнэр өнгөрсөн намар авто машины осолд орж хүнд өвчтэй болсон. Байнгын эмчилгээ хийлгэдэг, нэг бага насны хүүхэдтэй. Одоо мал төллөөд амьдрал хэцүү байна. Миний амьдралын байдлыг харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

 Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Г.Батдэлэг, Д.Ганболд нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 11, 19-ний өдрүүдэд Зүүнговь сумын Тохой багийн нутаг Хар үзүүр гэх газраас Л.Амгалангийн 3 настай 2 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжилсэн болон хураан авсан тэмдэглэл, хохирогч Л.Амгалан, гэрч Ц.Батдэлгэр, Б.Бат-Өлзий, Б.Байгаль, Т.Дамжин, Н.Гансүх, Н.Болормаа, Г.Дэлгэрсайхан нарын мэдүүлэг, Увс финанс-Аудит ХХК-ий 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн “ Гунан эр үхэр үнэлсэн тухай” 13 дугаартай дүгнэлт,  шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Ганболд, Г.Батдэлэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна

            Энэ хэргийн улмаас 700.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан болох нь “ Увс финанс ” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаартай “Гунан эр үхэр үнэлсэн тухай” дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан болох хохирогч Л.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан тодорхойлолтоор тус тус нотлогдож байгаа тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Г.Батдэлэгийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 500.000 төгрөгийн үнэ бүхий настай цавьдар зүстэй 7 настай морь, шүүгдэгч Д.Ганболдын уналга болгон ашигласан 500.000 төгрөгийн үнэ бүхий 7 настай бор зүстэй морийг тус тус хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Иргэний нэхэмжлэлийг хангах, нэмэгдэл ял хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Д.Ганболдын 300.000 /гурван зуун мянга/ төгрөгний үнэ бүхий хүрэн зүсний 3 настай эр үхэр, Г.Батдэлэгийн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгний үнэ бүхий саарал зүсний, эвэргүй, 3 настай эр үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 13, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.

             Гэмт хэрэг үйлдэх үедээ морьны дагалдах хэрэгсэл болгон ашигласан нь тогтоогдож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Ганболдынг хуучин цэрэг хйицтэй эмээл 1 ширхэг, хуучин хазаар 1 ширхэг, хуучин суран ногт 1 ширхэг, тохом 1 ширхэг, шүүгдэгч Г.Батдэлэгийн дан ясан хяртай хуучин модон эмээл 1 ширхэг, суран хазаар1 ширхэг, тохом 1 ширхэгийг  тус тус улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч  Г.Батдэлэг, Д.Ганболд нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

               Шүүх ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.1-д “...анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д “ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан,  55.1.9-д  “ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, ”  гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

            Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1,  284 дүгээр зүйлийн 284.1,  286 дугаар зүйлийн 286.1, 294-296 дугаар зїйл, 297 дугаар зїйлийн 297.1- 297.5 дахь хэсэг 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаагчууд овогт Гансүхийн Батдэлэг, Булгадар овогт Дамжингийн Ганболд нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн  145.2 дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Батдэлэг, Д.Ганболд нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт нь 2  /хоёр/ жил 1 /нэг/ хорих ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Батдэлэг, Д.Ганболд нарт оногдуулсан хорих ялыг  жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь  хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Д.Ганболдын уналга болгон ашигласан 500.000 төгрөгийн үнэ бүхий 7 настай бор зүстэй морь, шүүгдэгч Г.Батдэлэгийн уналга болгон ашигласан 500.000 төгрөгийн үнэ бүхий 7 настай цавьдар зүстэй морийг тус тус хурааж улсын орлого болгосугай. 

6. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх  хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатнаас шүүгдэгч Д.Ганболдын өмчлөлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий 3 настай, хүрэн зүстэй эр үхэр,  шүүгдэгч Г.Батдэлэгийн өмчлөлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий саарал зүстэй, 3 настай эр үхэр битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 

7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50.000 төгрөгийн үнэ бүхий хуучин цэрэг эмээл 1 ширхэг, 120.000 төгрөгийн үнэ бүхий дан ясан хяртай хуучин модон эмээл 1 ширхэг, тус бүртээ 9000 төгрөгийн үнэ бүхий хуучин суран хазаар 2 ширхэг,  5000 төгрөгийн үнэ бүхий хуучин суран ногт 1 ширхэг, тохом 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Батдэлэг, Д.Ганболд нарт  оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Г.Батдэлэг, Д.Ганболд  нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр зїйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зєвшєєрвєл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шїїхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Б.ГАНСҮХ