Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж,

Нэхэмжлэгч: Н.А  

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Н.А г Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд жинхлэн томилохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.А миний бие нийгмийн даатгалын салбарт 2007 оноос эхлэн мэргэжилтэн, байцаагч, газрын дарга, хэлтсийн даргаар ажиллах хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, үр дүнгийн гэрээг 90 хувиас 100 хувь дүгнүүлэн ажиллаж ирсэн билээ.

Би 2012 оны 11 дүгээр сараас Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон, 2013 оны 09 дүгээр сард удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж тэнцэн, Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 35 тоот тогтоолоор 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдон ажилласан.

2015 оны 06 сард тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын

сайдаар ажиллаж байсан С.Э надад Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын ажил дордсон байгаа тул сайжруулж ажиллах талаар үүрэг өгсөн тул тус хэлтсийн даргаар 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/135 тоот тушаалаар томилогдон ажилласан. Тухайн үед хэлтсийн даргын албан тушаалд томилсон тушаалтай танилцаагүй, гардаж аваагүй бөгөөд түр орлон гүйцэтгэгч-ээр томилсныг мэдээгүй.

Энэ тушаал гарсантай холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар жинхлэн томилж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан боловч өнөөг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байгаа болно.

Иймд Н.А намайг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын х.элтсийн даргаар жинхлэн томилохгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд жинхлэн томилохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Н.А гийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170 дугаар мөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0445 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч, гуравдагч этгээд нар эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2018/0513 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

Тус нэхэмжлэлтэй хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар жинхлэн томилуулах шаардлагыг өгсөн боловч шүүх тус

нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангахгүйгээр шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.А нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар Н.А г жинхлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд жинхлэн томилохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгуулахаар,

хариуцагчаас ...Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн маргааныг дахин нотлох шаардлагагүй гэж тус тус маргаж байна.

Шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Н.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаас үзэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Н.А г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/135 дугаар тушаалаар Н.А г Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан байна.

Гэвч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Н.А г шилжүүлэн ажиллуулах тухай Б/170 дугаар тушаалаар Н.А г Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Сургалт сурталчилгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулсан байх ба мөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Н.А д сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/219 дүгээр тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0445 дугаар шийдвэрээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170, мөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, Н.А г Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0513 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаар тогтоолоор тус анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэн хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Н ын А г ажилд эгүүлэн авах тухай Б/14 дүгээр тушаалаар өмнө эрхэлж байсан ажил болох Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилжээ.

Улмаар Н.А нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг хүчингүй болгон, хэлтсийн даргын албан тушаалд жинхлэн томилуулахыг хүсэж хүсэлт гаргасан боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зүгээс хариу ирүүлээгүй байх тул шүүхэд хандсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж зааснаар Н.А нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад ажиллаж буй албан тушаалдаа жинхлэн томилогдохыг хүссэн хүсэлтээ гаргасан боловч хуульд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу хүргээгүй байх тул нэхэмжлэгчид өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах эрх үүссэн.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/135 дугаар тушаалаар Н.А г Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд томилсон нь хууль зүйн үндэслэлтэй тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул дахин дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Үүнээс гадна Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Н ын А г ажилд эгүүлэн авах тухай Б/14 дүгээр тушаал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг үндэслэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Нийгмийн даатгалын төв байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагын даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын даргыг нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө. гэж заасныг хангах учир хуульд нийцэж байна.

Харин дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Н.А г албан үүрэгт эгүүлэн авахдаа түр томилсон тухайд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг баримтлах ёстой.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг заасан байх ба тус зүйлийн 43.3.1-д байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх, 43.3.2-д дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх, 43.3.3-д энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх, 43.3.4-д жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх нөхцлүүдийг тодорхой заажээ.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан эдгээр нөхцөлүүдийн аль нэг нь тохирох тохиолдолд л захиргааны байгууллагаас албан тушаалтныг төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж болохоор байна.

Гэвч Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 05 дугаар

сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг

дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хоёрдугаар хавсралт, Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/10250 дугаартай баримт бичгийг тус тус үндэслэсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам бүхий нөхцлүүдийг үл агуулж байна.

Тодруулбал Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг баримтлаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагчийн зүгээс өмнөх хэрэг маргаан шүүхийн шатанд хэлэлцэгдэж байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар жинхлэн томилуулах шаардлагыг өгсөн боловч шүүх тус нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангахгүйгээр шийдвэрлэсэн гэх үндэслэлийн тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана:, 52.2.4-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл гэж зааснаар захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0445 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.А гаас гаргасан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170, мөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, Н.А г Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлагын хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэсэн учир хариуцагч талаас гаргаж буй тайлбарын үндэслэл тогтоогдохгүй байна.

Улмаар хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Ажилд томилох тухай 265 дугаар тушаал, 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Н.А г ажилд томилох тухай Б/48 дугаар тушаал, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай Б/366 дугаар тушаалууд болон Н.А гийн нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нэхэмжлэгч Н.А нь нийгмийн даатгалын салбарт тогтвор суурьшилтай ажиллаж байсныг нотолж байна.

Мөн 2013 оны үр дүнгийн дүнгийн гэрээний биелэлтээр 99,99 хувь, 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр 100 хувь, 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр 91.96 хувиар тус тус дүгнэгдсэн, 2013 оны 09 дүгээр сард удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн зэрэг нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон нөхцөл шаардлагуудыг хангасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд жинхлэн томилохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА