Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/19

 

 

 

 

 

 

 

   2024         01          03                                  2024/ШЦТ/19

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгч С.Э  нарыг оролцуулан эрүүгийн 2302 00000 0430 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.Э, Монол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвд алт, мөнгөний дархан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 0 гудамж, 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 0 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Э  нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” төвийн 5 дугаар корпусын Уран дархан цогцолборын 1 давхарын зааланд дарханы үйл ажиллагаа явуулах ажлын байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамууруулсан бодисын жагсаалтанд багтсан давсны хүчил – hydrochloric acid (HCI) гэх нэршилтэй бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар мэдүүлсэн “...Алт мөнгөний дарханы ажилд давсны хүчил нь халаасан алт, монет зэрэг үнэт эдлэлийг өнгөлөх зорилгоор хэрэглэдэг бодисыг тэрүүгээр 100 граммыг нь 10.000 төгрөгөөр зараад явж байдаг нэг танихгүй ахаас 50 граммыг 5000 төгрөгөөр худалдан авч үйл ажиллагаандаа ашиглаж байсан юм. Тухайн 50 грамм давсны хүчлийг ойролцоогоор 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр орчим худалдан авч байсан санагдаж байна. Тэрнээс хойш давсны хүчлийг үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж байсан юм. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би гадуур ажилтай явж байхад миний ширээ нь доороос хураан авсан юм байна лээ би өөрөө худалдан авч хадгалж, үйл ажиллагаандаа ашиглаж байсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал)-аас гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-3, 4-7 дахь тал), (хавтаст хэргийн 82-96 дахь тал), Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 521 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 9-10 дахь тал), гэрч Б.Аюушийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), гэрч Н.Цэцэгмаагийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), гэрч Б.Цогт-Эрдэнийн мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал), гэрч Ц.Батжаргалын мэдүүлэг (хавтаст хэргийн 91-93 дахь тал), гэрч А.Доржготовын мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дахь тал), Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/395 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн шинжээч, доктор Ш.Нямдэлгэрийн дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний “... Дугаар-4 Давсны хүчил-Hydrochloric (НСL) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 485 дугаарт багтсан байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-37 дахь тал), Монгол Улсын шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг болон шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Энэ гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ нь шинжээч Ш.Нямдэлгэрийн тодорхойлсончлон давсны хүчлийн уур манан нь нүд арьсанд түлэгдэлт үүсгэн амьсгалын замын эрхтэнг гэмтээнэ. Нүдэнд эдгэшгүй гэмтэл үүсгэнэ. Хоол боловсруулах болон амьсгалын замын эрхтэнд түлэгдэлт үүсгэнэ. Амьсгалах залгихад үхэлд хүргэж болзошгүй. Олон удаагийн давталт удаан хугацааны өртөлтөөр эд эрхтэнд гэмтэл учруулна. Усны хүчиллэг байдалд нөлөөлж усан орчны организмд хортой нөлөө үзүүлнэ. Хөрс руу асгарсан тохиолдолд хөрсний гадаргуугаас их хэмжээгээр ууршина гэж тодорхойлсон байна. Химийн хорт болон аюултай бодисыг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрдэм шинжилгээ, судалгаа, аливаа химийн үйлдвэрлэлд аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд хэрэглэдэг боловч ийнхүү иргэдийн гар дээр энэхүү бодис нь хадгалагдах, ашиглагдах нь хүний эрүүл мэнд, байгаль экологи, хүрээлэн буй орчинд хортой байдлыг үүсгэж байгаа юм. Шүүгдэгч С.Э ын хувьд химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалж таслан зогсоогдох хүртэл удааширсан үйлдлээр гэмт хэргийг үргэлжүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэв. Дээрх нөхцөл байдлууд нь нотлох баримтаар бүрэн нотлогдсон байна.

Шүүгдэгч С.Э ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч С.Э  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч С.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон, энэ талаар байр сууриа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж, мөн яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний талаар прокурортой тохиролцож гарын үсэг зурсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч С.Э т оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “4” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн шингэн, 30 мл хэмжээтэй Давсны хүчил (НСI) гэх бодисыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн, улсын яллагчийн саналыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгав. Химийн хорт, аюултай бодисын төрөлд хамаарч байгаа дээрх бодис нь хүний амь нас, эрүүл мэнд, байгаль экологи, хүрээлэн буй орчинд хортой учир зориулалтын дагуу аюулгүй байдлыг хангаж устгах ажлыг Экологийн цагдаагийн албанд даалгах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э т оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Э т сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “4” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн шингэн, 30 мл хэмжээтэй Давсны хүчил (НСI) гэх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.

6. Шүүгдэгч С.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ГАЛБАДАР