| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2024/0011/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/37 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дэлгэрмөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/37
2024 01 08 2024/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дэлгэрмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,
улсын яллагч А.Дэлгэрмөнх,
шүүгдэгч Ч.З нарыг оролцуулан эрүүгийн 2311 01228 1548 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ч.З /РД:хх000000/, 2001 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токерьчин мэргэжилтэй, Бишрэлт групп ХХК-д хүргэлтийн жолооч, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Толгойт 18101 Москвагийн гудамж, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.З нь 2023 оны 6 дугаар сарын 07-ны шөнө Чингэлтэй дүүргийн 3 хороо Улсын их дэлгүүрийн орчим хохирогч Д.Буман-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй..” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.Б ийн мэдүүлэг, гэрч Г.Гандаваагийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7452 тоот дүгнэлт, шүүгдэгч Ч.З ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай оролцсон байна.
Шүүгдэгч Ч.З 2023 оны 6 дугаар сарын 07-ны шөнө Чингэлтэй дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Улсын их дэлгүүрийн ард хохирогч Д.Буман-Эрдэнийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж нүүрэн тус газарт нь цохих өшиглөх зэргээр зодсоны улмаас хүний биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нудний зовхинд цус хуралт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, хоёр өвдөг, тохой, зүүн мөр, зүүн болон баруун даланд зулгаралт, баруун даланд цус хуралт, хоёр гарын алганд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 7452 тоот дүгнэлтээр “...Д.Б ийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нудний зовхинд цус хуралт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, хоёр өвдөг, тохой, зүүн мөр, зүүн болон баруун даланд зулгаралт, баруун даланд цус хуралт, хоёр гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацааннд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ....” (хавтаст хэргийн 21-22 дахь тал) гэх дүгнэлтээр хохирогч Д.Б ийн биед Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/216/422 тоот тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх” журамд заасан хөнгөн хохирол учирсан байна.
Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:
Хохирогч Д.Б мэдүүлсэн: “...2023 оны 6 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед найз Ч.З их дэлгүүрийн арын сааданд байна хүрээнд ирээч гэхээр нь пиво уугаад дахин 2 авч уусан. Тэгээд уусан пиво уусан дуусаж дахин 3 том пиво нэг сөжү аваад байж байтал найз Давганоров машинтайгаа ирээд бид 4 машинд нь суусан. Ч.З , Ганаа 2 сүүлийн авсан пивоо ууж чадалгүй согтоод арын суудал дээр унтчихсан. Дагваноров машин барьж байгаа гээд уухгүй байсан учир ганцаараа ууж байгаад Ч.З ыг ханиндаа ууя аа ганц авчих гэхэд уухгүй гэхээр нь чи яагаад байгаа юм бэ гэхэд над руу томроод уухгүй цохисон тэгэхээр нь би буугаад үеье гээд хоорондоо барьцалдаж аваад нэг нэг цохилцсон би хаана нь цохисоноо мэдэхгүй байна. Давганоров болиулаад буцаад би машины урд суудал дээр сууж байсан Ч.З миний нүүр рүү хөлөөрөө өшиглөхөөр нь хэрэлдээд байж байтал жолоочийн хаалганы талаар ирээд миний хамар руу гараараа нэг удаа цохиод миний хамраас цус гарахаар нь би цагдаад дуудлага өгөхөд цагдаа ирэхээс өмнө зугтаагаад явчихсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),
Гэрч Г.Гандаваа мэдүүлсэн “...Заяа бид хоёр арын суудал дээр суугаад унтаад өгсөн Д.Б үлдсэн пиво аяглаад Занааг сэрээг гээд Д.Б нэг удаа алгадаад Занаа сэрээд чи намайг алгаддаг хэн бэ гээд хэрүүл маргаан эхлээд машинаас буугаад барилцаж аваад нэг нэгнийгээ цохиод Д.Б ийг Зана унагаахаар нь Дагваноров бид хоёр очиж салгатал Д.Б хамраас цус гарсан байсан тэгээд босож ирээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
Шүүгдэгч Ч.З яллагдагчаар мэдүүлсэн “...Би Гандаваа гэх найзтайгаа 2023 оны 6 сарын 06-ны орой 23 цагийн үед уулзаад “...Улсын их дэлгүүрийн сааданд 2 литрийн Сэнгүр нэртэй 2-3 ширхэг пиво ууж сууж байгаад Д.Б ийг дуудаад хамт ууцгаасан...” 2023 оны 6 сарын 07-ны шөнө 02 цагийн үед Дагвагноров бид гурав дээр машинтайгаа хүрээд ирсэн тэгээд машинд орж суугаад би арын суудал дээр нь унтаад өгсөн. Тэгсэн чинь Д.Б намайг алгадаж сэрээгээд тэгээд хэрүүл маргаан эхэлсэн. Д.Б бид хоёр машинаас буугаад би Д.Б ий нүүрэн тус газарт нь 1-2 удаа алгадсан тэагээд бид хоёрыг Гандаваа, Дагваноров хоёр салгаад Д.Б ийг Дагваноров аваад бид нар салцгаасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.З нь хохирогч Д.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.З нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.
Шүүгдэгч Ч.З ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ч.З ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.З ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Д.Б нь эмчилгээний зардалтай холбоотой санхүүгийн баримтуудыг гаргаж ирүүлээгүй, хэрэгт энэ талаар баримтууд авагдаагүй бөгөөд хохирогч нь “...гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 32 дахь тал) гэх хүсэлтээ илэрхийлсэн талаар баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ч.З нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ч.З нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, мөн тухайн үед тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.З ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ч.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Ч.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.З /РД:хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.З д сануулсугай.
5. Шүүгдэгч Ч.З нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР