| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00644/и |
| Дугаар | 00599 |
| Огноо | 2020-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 00599
| 2020 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2020/00599 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: ...хотын ....дүүргийн .... хорооны .....хэсэгт оршин суух, Т.Э-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00644/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Э нь 1970 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж байгаад, тус сумынхаа найман жилийн сургуулийн нэгдүгээр ангид 1978 онд элсэн орж суралцаад, 1986 онд 8 дугаар ангиа төгссөн.
Ховд аймгийн Нэгдүгээр арван жилийн суруульд 9 дүгээр ангид 1986 онд элсэн ороод, 1988 онд аравдугаар ангиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд эцэг, эхийнхээ туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Малчнаар ажиллаж байгаад 1989 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Л.Б-тай гэр бүл болж тус нэгдэлдээ мал маллан амьдарсан.
Тус нэгдэл тарж нэгдлийн суурь дээр байгуулагдсан Шинэ зам ХК-д мөн малчнаар ажилласан. Т.Э нь насаараа мал маллан амьдарч байгаад Улаанбаатар хот руу шилжсэн.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр дээр зарим бичилт дутуу, тушаал дутуу учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд ПЮ70021803 регистрийн дугаартай, Т.Э-ыг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам ХК-д 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Архиваас шүүлгэхэд гарч ирэхгүй байгаа. Хөдөлмөрийн дэвтэр дээр 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нэгдлийн даргын 14 дүгээр тушаалаар 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Талын булаг бригадад малчнаар томилогдож, 1993 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар нэгдлийн даргын тушаалаар малчнаас чөлөөлөгдөв гэж бичсэн байгаа....Хөдөлмөрийн дэвтрээ 1990 оны 12 сарын 03-ны өдөр нээлгэсэн....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь нэхэмжлэлийн шаардлагыг Т.Э-ын Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам ХК-д 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодрууллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Э нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1199 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Чандмань сумын 1988, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч З.Х-ийн ....Т.Э нь 1987, 1988 оны үед Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд малчин болж, Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригад эцэг эхийнхээ хамт нэгдлийн мал малласан. Т.Э нь 1990 онд Л.Б-тай гэр бүл болж, нэгдэл тартал малчнаар ажилласан. Т.Э нь өөр сургуульд суралцаагүй, өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байгаа хүн юм.... гэх мэдүүлэг, гэрч О.Б-ын ....Т.Э нь 8 дугаар анги төгссөн гэж надад хэлж байсан. Т.Э нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг багт эцэг эхийнхээ хамт нэгдлийн мал малласан. Т.Э нь Л.Б-тай гэр бүл болж байж байгаад Улаанбаатар хотын Багануур дүүрэг рүү шилжээд явсан. Би оныг сайн санахгүй байна. Би Т.Э-ын талаар өөр зүйл мэдэхгүй.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-8, 40-42, 43-44 дүгээр тал/
Харин нэхэмжлэгч Т.Э нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам ХК-д 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүх хуралдаанд Т.Э-ыг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам ХК-нд 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ ....Архиваас шүүлгэхэд гарч ирэхгүй байгаа. Хөдөлмөрийн дэвтэр дээр 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нэгдлийн даргын 14 дүгээр тушаалаар 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Талын булаг бригадад малчнаар томилогдож, 1993 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар нэгдлийн даргын тушаалаар малчнаас чөлөөлөгдөв гэж бичсэн байгаа.... гэж тайлбарлах боловч Т.Э-ын 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилсон хэсэгт хийгдсэн бичилтэд нэгдлийн тамга дарагдаагүй, тус бичилтээр нэхэмжлэгч нь тухайн байгууллагад ажиллаж байсан байдал нотлогдохгүй, мөн гэрч З.Х нь нэхэмжлэгчийг нэгдэл тартал ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч нь Шинэ зам ХК-д ажилласан болох нь тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Т.Э нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам ХК-д 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Э нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 4 дүгээр сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 2902000063 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 20 дугаар тал/
Нэхэмжлэгч Т.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Э-ын Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч Т.Э нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам ХК-д 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ