| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2020/02615/и |
| Дугаар | 183/ШШ2020/02677 |
| Огноо | 2020-10-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2020/02677
2020 10 06 183/ШШ2020/02677
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ө.Б,
Хариуцагч: Б.Г нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 67 904 163 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М Ф ББСБ ХХК нь Ө.Б-тай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ....... тоот Зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар, бизнесийн зориулалтаар зээлүүлэхээр харилцан тохиролцсон. Зээлийн олголтыг Ө.Б-ийн Х банк дахь .......... тоот дансанд гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ө.Б-ийн нөхөр болох Б.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ........... дугаартай, ........... тоот гэрчилгээ бүхий, ....... дүгээр байрны ..... тоот хаягт байршилтай 36.51 м.кв, 2 өрөө орон сууцыг барьцаалж, Ө.Б-тай барьцааны гэрээг байгуулсан. Ө.Б нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлж дуусгахаар байсан боловч хүсэлт гаргаж, зээл төлж дуусах хугацааг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгож өөрчилсөн. Гэсэн хэдий ч Ө.Б нь хуваарийн дагуу төлөлт хийхгүй байсаар 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгах хүсэлт гаргасан. Манай компанийн зүгээс зээлдэгчид боломж олгон уг хүсэлтийг хүлээн авч зээлийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээний хугацааг сунгаснаас хойш Ө.Б нь хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөгийн төлөлт хийж, дахин огт төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Ө.Б-ийн ............ тоот Зээлийн гэрээний үндсэн зээл 39 999 966 төгрөг, үндсэн хүү 21 600 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 070 666 төгрөг, нийт 64 670 632 төгрөг болсон. Иймд Ө.Б-аас зээлийн гэрээний төлбөр 64 670 632 төгрөг, өмгөөллийн хөлс 3 070 666 төгрөг, нийт 67 904 163 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ......... дугаартай, ............. тоот гэрчилгээ бүхий ...... 509 дүгээр байрны ...... тоот хаягт байршилтай 36.51 м.кв, 2 өрөө орон сууцнаас хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Ө.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М ФББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй үндсэн зээл болох 40 000 000 төгрөг, мөн хүү болох 21 600 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн хүү болон өмгөөлөгчийн зардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2020 оны 3 сард тус банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Сараатай уулзаж зээлийн хүүг зогсоож өгөхийг хэлж байсан. Уг хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн. 2020 оны 1, 2 сардаа багтаан төлбөрийг төлөх эвлэрэх хүсэлтэй байна. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ФББСБ ХХК хариуцагч Ө.Б, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 39 999 966 төгрөг, зээлийн хүү 21 600 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 070 666 төгрөг, өмгөөллийн хөлс 3 070 366 төгрөг, нийт 67 904 163 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 64 670 632 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, үлдэх 3 070 366 төгрөгийг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг, мөн хариуцагч Б.Г-тхолбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
М ФББСБ ХХК хариуцагч Ө.Б нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ........ дугаар зээлийн гэрээ, ......... дугаар барьцааны гэрээг тус тус байгуулагдаж, уг гэрээгээр М ФББСБ ХХК нь 40 000 000 төгрөгийг, хэрэглээний зориулалтаар, сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 7-8/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Б.Г нь 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 994 дугаар итгэмжлэлийг Ө.Б-д олгосны дагуу Б.Г-ийн өмчлөлийн .... 509 байр, ..... тоот, .............. улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-ийн 9-12/
Мөн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ....... , ......... барьцаат зээлийн гэрээг 2019 оны 7 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай сунгаж, 2019 оны 7 сарын 26-ны өдөр ............ дугаар сунгалтын гэрээг байгуулжээ. /хх-14/
Дээрх ......... тоот зээлийн гэрээ, .......... дугаар сунгалтын гэрээнүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байх ба ............ тоот барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй байна.
Хариуцагч тал талуудын байгуулсан 2018 оны 12 сарын 27-ны өдөр ..... дугаартай зээлийн гэрээгээр 40 000 000 төгрөгийг зээлэхээр тохирсон асуудлаар маргаагүй, гэрээ байгуулсан өдөр М ФББСБ ХХК нь 2018.12.27-ны өдөр 40 000 000 төгрөгийг хариуцагч Ө.Б-ийн Х банкны ........ дугаар дансаар бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн ба хариуцагч Ө.Б нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 3 926 700 төгрөг төлсөн байна. Харин дээрхээс өөрөөр зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 17/
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар зохигч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх ба хариуцагч Ө.Б нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээ болон хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт шаардах эрхтэй байна.
Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
М ФББСБ ХХК нь 2014.03.27-ны өдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 сарын 21-ний өдрийн 365 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болох нь, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн ....... дугаар гэрчилгээ зэргээр тогтоогдож байна./хх-ийн 5-6/
Харин нэхэмжлэгч М ФББСБ ХХК нь хариуцагч Б.Г-т холбогдуулан 2018 оны 12 сарын 27-ны өдөр ........ тоот зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй байх ба Б.Г-тэй зээлийн гэрээ байгуулагдсан гэх баримтгүй, түүнчлэн уг гэрээний үүргийг хариуцах талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч М ФББСБ ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан нь дараах үндэслэлгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан ............ тоот барьцааны гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулагдсан хэдий ч улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх ба энэ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т Барьцааны гэрээг бичгээр байгуулна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ... мөн хуулийн 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэснээр дээрх гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч М ФББСБ ХХК нь хууль зүйн туслалцаа авсны хөлс 3 070 666 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй ба Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь нэхэмжлэгч тал шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал юм.
Дээрхийг нэгтгээд хариуцагч Ө.Б-иас үндсэн зээл 39 999 966 төгрөг, зээлийн хүү 21 600 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 070 666 төгрөг, нийт 64 670 632 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ФББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3 070 666 төгрөгийг, хариуцагч Б.Г-т холбогдох нэхэмжлэгчийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Б.Г-т 2020 оны 10 сарын 02-ны өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад Б.Г нь гарын үсэг зурсан байх ба шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 64 670 632 /дөчин долоон сая зургаан зуун жаран гурав гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ФББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3 070 666 төгрөгийг, хариуцагч Б.Г-т холбогдох нэхэмжлэгчийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Г-ийн өмчлөлийн ............ 9 тоот хаягт байршилтай 36.51 м.кв, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч М ФББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 497 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ө.Б-иас улсын тэмдэгтийн хураамжинд 481 303 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М Ф ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ