Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 01766

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/01176/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ц...сумын .. дүгээр багт оршин суух, регистрийн дугаар РП..., Д.н овогт Ч.Ю-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн А... сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар РБ..., Ш. овогт Ч.А-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Ч.Ю., Ч.А. нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ю. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ч.Ю. нь Ч.А. 2010 онд танилцан үерхэж байгаад 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсаар байсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү Т. 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр, охин Н. 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тус тус төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдан хэрэлдэх болсон. Ч.А. нь зодож хэл амаар доромжилж дээрэлхэж байсан тул энэ байдал нь хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон. н.Т., н.О. гэх хүмүүстэй дотно харилцаатай байсан нь үнэн. Одоо бол хүүхдүүдээ л харж хандана гэж бодож байгаа.

Би шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа гэрлэлтээ цуцлуулж, хүү А.Т., охин А.Н. нарыгаа өөрийн асрамжинд авч, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, мөн Ч.А. нь өөрийн гарын үсгээр 2 хүүхдийн мөнгийг авч өөрийнхөө хэрэгцээнд зарцуулж байгаа тул 1.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид харилцан тохиролцож, 500.000 төгрөгийг Ч.А.с гаргуулах, охин А.Н хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулснаа өмнөх шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү А.Т. тэтгэлэг нэхэмжлэхгүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү А.Т., охин А.Н. нарыг миний асрамжид үлдээн, охин Б.Н. эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Бидэнд шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн боловч бид эвлэрч чадаагүй гэв.” гэжээ.

Хариуцагч Ч.А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ч.А. нь А. сумын 2-р багийн иргэн. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Мөрөн суманд эцэг эхийн хамт амьдарч байгаа. Ч.Ю.тэй 2010 онд танилцаж, 2011 онд гэр бүл болсон. Арбулаг сумын 2-р баг Өвөр суга гэх газарт мал маллаж, 7 жил хамт амьдрахад бид дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Том хүү А.Т. 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн. Охин Н 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн. Энэ хугацаанд бид эвтэй найртай амьдарч байсан хэдий ч 2018 оны 6 сараас эхлэн миний эхнэрийн зан харьцаа муудаж ирсэн. Учир нь эхнэр маань 2016 онд бөө болсон бөгөөд өөрийн багш М-н хамт Архангай аймаг руу Уул овоо тахих арга засал хийх ажилтай нэрийдлээр сар гаруй хугацаанд явж ирээд сэтгэл санаа нь өөрчлөгдөж сална гэх болсон. Үүнээс хойш хэрүүл маргаан тарьж, элдэв муухайгаар хэлж доромжлон, хувцас хунар, мал идээгээ ялгаж авч явна гэх зэргээр дарамталж хамт амьдарч байсан гэрээ үр хүүхэд биднийг орхин явсан. Гэр бүлээс гадуур н.Т., н.О. гэх хүмүүстэй гэр бүлийн харилцаа үүсгэж байсан ч би хүүхдүүдээ болон гэр бүлээ бодон тэвчиж ирсэн. Гэвч Ч.Ю.н байнга сална, өөр хүнтэй болсон, миний амьдралд битгий гай болоод бай, 2 хүүхдээ аваад яв гэх зэргээр дайрч доромжилсноос нь болж тэвчээр алдаад нэг удаа алгадсан. Ингээд Ч.Ю. шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Ч.Ю. нь бүх хөрөнгө мал идээгээ өгвөл шүүхэд хандахгүй. Би өөр хүнтэй болсон. Хамт амьдрах боломжгүй гэх зэргээр дарамталж байсан. Би 2016 онд Ч.Ю-г бөө болгохын тулд 3.500.000 төгрөгийн зээл авч түүнийгээ өөрийн маллаж байсан бог малыг зарж борлуулан банкны өрөө төлсөн. Ч.Ю шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа өөрийн багш болон Маамын хашаанд гэр барин тусдаа амьдарч н.Төмөрөө гэх залуутай хамтран амьдардаг болсон. Би эхнэр Ч.Ю-тэй эвлэрэх зорилгоор удаа дараа очдог байсан ч намайг үл тоон хэл амаар доромжлох, эцэг, эхийг минь элдэв муухайгаар хэлж харьцахад хүндрэлтэй байсан ч 2 хүүхдээ бодон тэвчсээр ирсэн. Ингэж тусдаа амьдарч байхдаа Ч.Ю 2 хүүхдээ харахгүй асрахгүй байнга нааш цааш явуулдаг байсан. Ингээд 2019 оны 9 сард 2 хүүхдээ надад орхин УБ хот явсан. Би хүүхдүүдээ өөрөө харж цэцэрлэг, сургуульд нь зөөж асарч байтал 12 дугаар сард Ч.Ю-н төрсөн эгч н.Ч ирж 2 хүүхдийг минь авч явснаас хойш айлуудаар явуулж хөгшин ээж, ах эгчийнхээрээ байлгаж надтай уулзуулахгүй болсон. 2 хүүхдийнхээ төрөөс олгодог хүүхдийн мөнгийг сар бүр авч хүүхдийнхээ хэрэгцээнд авч ашигладаг байсан бөгөөд 2019 оны 4 сараас хадгаламж үүсгэж хадгалж байгаа. Энэ хүн 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ч бид 500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн. Энэ хүн нэгэнт надтай эвлэрэхгүй гэж шийдсэн болохоор ганц би хүсээд амьдрал болохгүй юм байна лээ. Тийм болохоор гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Би хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна гэж бодож байсан боловч энэ хүн надад өгөхгүй гэсэн болохоор ээжид нь үлдээхийг  зөвшөөрч байна. Харин хүүхдүүдийг маань надтай уулзуулж байхыг хүсч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү А.Т- хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн. Охин А.Н тэтгэлэг төлөхөөс татгалзахгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ю нь хариуцагч Ч.А холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон 1.000.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэг болон 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр байгуулан ирүүлсэн байна. 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 34 дүгээрт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчидийн тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчидийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Ч.Ю, Ч.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүү Ш овогт А.Т., 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин Ш. овогт А.Н. нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбарууд зэргээр тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь хүүхдүүдийн төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан байх ба зохигчид 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүү Ш. овогт А.Т., 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин Ш. овогт А. Н. нарыг өөрийнхөө асрамжид авахаар шаардахад, эцэг нь хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч, гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүү А.Т., охин А.Н.а нарыг эхийнх нь асрамжид үлдээлээ.

Хүүхдүүдийг эх Ч.Ю. асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүдийг эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эх Ч.Ю., эцэг Ч.А. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: “... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ...”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул охин А.Н. сар бүр эцэг Ч.А-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгч нь хүү А.Т. тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид 500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна” гэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг” гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт: “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, ... зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана.” гэж тус тус заасан байх тул хариуцагч Ч.А.с улсын тэмдэгтийн хураамж 118.689 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ю.д олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлүүлэх хугацаанд хариуцагч Ч.А., нэхэмжлэгч Ч.Ю. нарт шүүхээс эвлэрэх 2 сарын хугацаа олгосон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, эвлэрэх хугацаа дууссан учир хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РП..., Д. овогт Ч.Ю., регистрийн дугаар РБ..., Ш.. овогт Ч.А. нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РБ..., 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, хүү А.Т., регистрийн дугаар РБ..., 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, охин А. Н.а нарыг эх Ч.Ю. асрамжид үлдээсүгэй. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РБ...., 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин А.Н. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.А.с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Нэхэмжлэгч нь регистрийн дугаар РБ..., 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Ш. овогт А.Т.т хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид 500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 65 дугаар зүйлийн 65.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ч.А.с улсын тэмдэгтийн хураамж 118.689 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ю.д олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй. 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.  

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Р.САРАНТУЯА