Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

 

 

 

 

 

 

   2024         01         08                                   2024/ШЦТ/38

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Р.Энх-Оюун,

хохирогч Э.Т ,

шүүгдэгч Б.Э  нарыг оролцуулан эрүүгийн 2311 0000 01561 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Б.Э  /РД: ХХ000000/, 1992 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э  нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Т ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Э.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”... Тухайн өдөр Б.Э  бид хоорондоо маргалдаад би Б.Э д цохиулсан. Миний урд 2 шүд унасан. Нэг шүдэнд чиг утас хийгээд бариад бэхжинэ гэж эмч хэдсэн.               Урд талын  2  шүд  унахаар тэдгээрийн хажуугийн  2  шүд  хөдөлгөөн  орох  ба  тухайн

шүднүүд нь чиг утсанд баригдаад ямар нэг хөдөлгөөнгүй болно гэсэн. Суулгасан шүд нь 6 сарын дараа бүрэн бэхжих эсэх нь мэдэгдэх учраас надад эрсдэл үүсч магадгүй гэж үзээд 2 шүд гэж хэлсэн. Имплант шүд хийлгэхэд 1 шүд нь 2.500.000 төгрөг. Нэмээд зураг авахуулна. Өвчин намдаах эм, тариа хэрэглэнэ гээд тусдаа мөнгө орно гэсэн. Би шүүгдэгч Б.Э гаас илүү мөнгө авахгүй” гэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн Дугаар 13285 тоот дүгнэлт, хохирогч Э.Т ийн мэдүүлэг, гэрч Б.Чинсувдын мэдүүлэг, гэрч Т.Батцэцэгийн мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч Б.Э гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай оролцсон байна.

            Шүүгдэгч Б.Э  нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны шөнө Чингэлтэй дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Э гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж нүүрэн тус газарт цохиж, өшиглөж зодсоны улмаас хүний биед дээд үүдэн баруун, зүүн 1-р шүдний булгарал, буйлны цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн дээд зовхины дотор булан, зүүн нүдний дотор булан цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн Дугаар 13285 тоот дүгнэлтээр “...Э.Т ийн биед дээд үүдэн баруун, зүүн 1-р шүдний булгарал, буйлны цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн дээд зовхины дотор булан, зүүн нүдний дотор булан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна. ...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” (хавтаст хэргийн 25-26 дахь тал) гэх дүгнэлтээр хохирогч Э.Т ийн биед Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/216/422 тоот тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх” журамд заасан хөнгөн хохирол учирсан байна.   

Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:  

Хохирогч Э.Т  мэдүүлсэн: “...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрладаг Саунд бокс нэртэй нийтийн караокед би ганцаараа орсон бөгөөд 6 лааз Хайнекен гэх нэртэй шар айраг уусан. Тэр газартаа ууж сууж байгаад манай эгч Дэлгэрмөрөнгийн 10 жилийн ангийнх нь охин болох Батцэцэгтэй би таарч уулзсан. Батцэцэг нь тэр нийтийн караоке дотор нөхөр болон эмэгтэй найзуудтайгаа явж байсан бөгөөд би тэд нартай нийлж нэг ширээнд хамтдаа сууж шар айраг ууцгаасан юм. Бид нар нийлж дуулж ууж сууж байгаад 10 дугаар сарын 18-ны 03-04 цаг орчмын үед тэр нийтийн караокеноосоо гарсан шиг санагдаж байна. Бид нар тэр газраасаа гараад зам хөндлөн гарч такси барих гээд гар өргөтөл замын цаана 3 хүн бас такси барих гээд зогсож байсан бөгөөд тэр 3 бид нар түрүүлж такси барих гэж байсан гэх мэт үгс хэлэн маргалдаж би зам хөндлөн гарч хэрэлдсэн залуутайгаа уулзах гээд очтол тэр залуу миний нүүр хэсэг рүү цохиж унагааж унасан хойно тэр залуу миний нүүр хэсэг рүү өшиглөх болсон. Тэр үед намайг цохидог залуу надтай цуг явж байсан Батцэцэг болон эмэгтэй найз нь болиулж байх шиг байсан. Бид хэд тэр газраасаа холдоод цагдаад дуудлага өгсөн юм. ...Би тэр хүнийг огт танихгүй бөгөөд урьд нь харж байгаагүй. ...Миний биед тэр эрэгтэйгээс өөр хүн халдаж цохисон зүйл байхгүй. ...Тэр эрэгтэйд нүүр хэсэгтээ цохиулсны улмаас миний үүдэн хоёр шүд унаж, нэг шүд нь хөдөлчихсөн байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

Гэрч Б.Чинсувд мэдүүлсэн: “...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нөхрийн найз болох Намсрай манай гэрт ирсэн бөгөөд бид хэд манай нөхөр Намсрай бид 3 сууж байгаад 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн үед нөхөр бид хоёр найз Намсрайгаа унаанд суулгаж өгөх гэж гарч явж байгаад зам дагуу байдаг Саунд бокс гэх нэртэй нийтийн караокенд орж ууж суухаар болсон. Тэр газарт бид 3 ороод Сэнгүр гэх нэртэй шар айрагнаас захиалж ууж сууж байгаад 03, 04 цагийн үед тэр газраасаа гарч зам дагуу такси барин харих гээд би гараа өргөөд зогсоод байж байтал бид хэдийн орсон караокеноос 2, 3 согтуу хүмүүс гарч ирээд тэдний нэг эрэгтэй нь намайг такси барьдаггүй юм гэж элдэв янзаар доромжилж зам хөндлөн гарсан хойноо бас элдэв янзаар хэлээд байсан. Тэр үед манай нөхөр намайг өмөөрч хэдэн үг хэлтэл тэр залуу зам хөндлөн наашаа гарч ирсэн бөгөөд манай нөхөр тэр эрэгтэйтэй барьцалдаж авсан бөгөөд манай нөхөр толгойгоороо тэр эрэгтэйгийн нүүр хэсэг рүү нь мөргөөд газарт давхралдаж унасан. Тэр хоёр тэгээд хэрэлдэж маргалдаад бид хэд тэр хоёрыг болиулж салгацгаасан. Нөхөр болон найз Намсрай бид гурав тэр болсон үйл явдлын дараа караокендоо буцаж ороод байж байтал тэр эрэгтэйгийн нэг эмэгтэй найз нь орж ирээд бид хэдийн зураг болон утасны дугаар гэх мэт зүйлийг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

Гэрч Т.Батцэцэг мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 22 цаг орчмын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Саунд бокс гэх нэртэй караокед нөхөр Өнөрболд болон найз Мөнхтуяа нарын хамтаар би тэр караокед орсон. Бид гурав тэр газарт ороод ууж сууж байгаад манай нутгийн дүү Түмэндэлгэр болон нөхөр найз бид хэд суж байгаад 10 дугаар сарын 18-ны шөнийн 03-04 цагийн үед тэр караокеноос гарцгаасан. Би тэр газраас гараад манай нөхөр нэлээд согтчихсон байсан бөгөөд нөхрө аваад харих гээд тэр хоёроос салаад явж байтал бид нарын орсн газрын үүдэнд хүмүүс шуугилдаад орилолдоод байхаар нь эргээд хартал Түмэндэлгэр нэг залуутай барьцалдаж аваад зогсож байсан. Би тэрийг хараад яваад очтол Түмэндэлгэр газарт хэвтчихсэн байхад нь малгайгүй хар өнгийн куртиктэй нэг залуу нь Түмэндэлгэрийн цээжин хэсэгт нь өшиглөх шиг болсон. Түмэндэлгэрийн тухайн үед амнаас нь цус гарчихсан байсан. Би найз Мөнхтуяатай цуг Түмэндэлгэрийг аваад зам хөндлөн авч явсан. Түмэндэлгэрийг зодсон хүн 2 найзтайгаа тур гурав бид нарын орсон караоке руу орчих шиг болсон. Тэр үед Түмэндэлгэр зам хөндлөн гарсан хойноо миний шүд уначихсан юм шиг байна гэхээр нь би хартал 1 шүд нь уначихсан 1 шүд нь хөдөлчихсөн байсан. Би тэрийг хараад Түмэндэлгэрийг зодсон хүмүүстэй уулзах гээд караоке руу ардаас нь орсон. Би тэр караокед ороод нэг эмэгтэйтэй нь уулзаад тэр хүмүүсийн гар утас болон гэрийн хаяг гэх зүйлс болон мэдэллийг нь аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

Шүүгдэгч Б.Э  яллагдагчаар мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 23 цаг орчмын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Саунд бокс гэх нэртэй нийтийн караокед эхнэр Чинсувд болон найз Намсрайгийн хамтаар орсон. Бид гурав тэр нийтийн караокед орж Сэнгүр гэх нэртэй шар айрагнаас Намсрай бид 2 хүний 4, 4 шилийг уусан бөгөөд эхнэр маань 1 шилийг уусан. Бид 3 ууж байхдаа орсон караокедоо дуулж ууж сууж байгаад 10 дугаар сарын 18-ны шөнийн 03 цаг 30 минут орчмын үед караокеноосоо гарч зам дагуу гар өргөн такси барин явах гэтэл бид хэдийн орсон караокеноос хэсэг хүмүүс гарч ирээд зам хөндлөн гарч бид хэдийн зогсож байсан замын эсрэг талаас нэг үл таних эрэгтэй миний эхнэр Чинсувдыг элдэв янзаар харааж бид хэд рүү орилж байсан. Тэр эрэгтэй орилж байснаа зам хөндлөн бид хэдийн тал руу гарч ирснээ намайг элдэв янзаар харааж орилоод байхаар нь гэнэт миний уур хүрээд тэр эрэгтэйтэй хэрэлдээд барьцалдаж аваад би тэр эрэгтэйн нүүрэн хэсэгт нь толгойгоороо нэг удаа мөргөж газарт унасан байх үед нь хөлөөрөө нүүрэн хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед надтай цуг явж байсан найз Намсрай намайг салгаж болиулаад тэр эрэгтэйг цуг явж байсан найзууд нь босгоод аваад явсан санагдаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э  нь хохирогч Э.Т ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.Э  нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.

Шүүгдэгч Б.Э гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Б.Э гийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Э.Т  нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтыг ирүүлээгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо шүдэндээ эмчилгээ хийлгэх талаар мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун, зүүн 1-р шүдний булгарал гэмтлийн тухайд хүний шүд, шүдэлбэр нь ердийн явцаараа эдгэрдэггүй, дахин шүдлэх боломжгүй заавал эмчилгээ хийлгэх, хиймэл шүд, шүдэлбэр суулгах шаардлагатай байдаг тул шүүгдэгч Б.Э гийн үйлдлийн улмаас хохирогч Э.Т ийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, гэм хортой холбоотой цаашид хийлгэх эмчилгээний зардлаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

            Хохирогч Э.Т  нь гэмт хэргийн улмаас сэтгэл санаанд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг дурьдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Б.Э  нь урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (хавтаст хэргийн 40 дэх тал), мөн тухайн үед тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Б.Э гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагын санал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

            Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б.Э  /РД: ХХ000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Хохирогч Э.Т  нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.  

6. Шүүгдэгч Б.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.  Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР