Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

 

                                                           

 

 

 

 

 

 

  2024         01         15                                    2024/ШЦТ/50

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Г.М, Ц.Ө нарыг оролуулан эрүүгийн 2311 01412 1702 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Г.М /РД:хх000000/, 1994 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Говь ХК-д үслэх машины оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 41-25 тоотод оршин суудаг гэх, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 1219 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Ц.Ө /РД:хх000000/, 1992 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хосор Очир ХХК-д борлуултын ажил хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 62-1-8 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М, Ц.Ө нар нь хоорондоо харилцан зодолдож харилцан бие биенийхээ бие, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Г.М, Ц.Ө нарын мэдүүлэг, гэрч Т.Алтаншагай, Л.Батбаатар нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.М, Ц.Ө нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 9059 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 9050 дугаартай шинжээчийн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М  мэдүүлэхдээ “...Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ө  мэдүүлэхдээ “...Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.М  мэдүүлэхдээ “...Хэлэх зүйл байхгүй.” гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ө  мэдүүлэхдээ “...Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ.

 Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.М, Ц.Ө нар нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.М, Ц.Ө нар нь 2023 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Чикаго баарны гадна хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч Г.М  нь хохирогч Ц.Ө ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж зодож цохисны улмаас хүний биед  баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүднийалимны салстад цус хуралт, хүзүү, баруун тохой, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт, зулгаралт, баруун даланд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Ө  нь хохирогч Г.М ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж  хүний биед уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дээд 1-р шүдний эмтрэл, цээжинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдоно.

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),        

Хохирогч Ц.Ө  мэдүүлсэн “...Би 2023 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго бааранд өөрийн найзууд болох Дашка, Оргилболд буюу Оргил гэж дууддаг,  Энхдаваа нарын хамт байсан. Бид дөрөв 0.75 литрийн Ауруг нэртэй архийг талд нь ортол нь уучихаад байж байтал тайз руу бүжиглэх гээд ширээнээсээ босоод гарчисхан байханд нэг танихгүй залуу ирээд миний мөргөлдсөн, тэгээд цааш нь юу болсонг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд гадаа гарчихсан заамдалцаад 2лаа үзье гээд над руу дайраад хоорондоо барицалдаж аваад намайг газар дэгээдэж унагаачихаад дал хэсэг рүү цохиод би чамайг алчихна шүү гээд дахин цохиогүй, намайг босоход дахиад нэг баруун нүд рүү бөгжтэй гараараа цохисон. Манай найзууд ирж бид хоёрыг салгасан тэрнээс хойш дахиж зодоон болоогүй. Тэгээд цагдаа ирэнэд авч явсан. Би өмнө нь тэр залуусыг огт харж байгаагүй, танихгүй. Тэр залуугийн найзууд салгах гэж оролдсог байх цохиулснаас хойш юу ч санахгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

Хохирогч Г.М  мэдүүлсэн “...2023 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 02 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго бааранд найзууд болох Алтаншагай, Батбаатар нарын хамт байж байтал үл таних нэг эрэгтэйн хажуугаар ариун цэврийн өрөө орчихоод буцаж явах замдаа хөл дээр нь санаандгүй гишгичихээд уучлаарай хөгшөөн гээд хэлээд зөрөөд явах гэтэл араас татаж аваад уруул руу баруун гараараа цохьсон. Тэгээд бид 2 барилцаад авсан. Тэгсэн тэр залуугийн найзууд нь бололтой 5-6 эрэгтэй хүмүүс над руу дайраад миний өмсөж явсан цагаан өнгийн пудболкыг ураад хаячихсан. Тэгээд баарны хамгаалагч нь ирээд намайг өргөөд гадаа гаргачихсан. Тэгээд би гадаа зогсож байсан чинь намайг цохиж миний пудболкыг урсан гээд байгаа залуучууд манай найз болох Алтаншагайтай зууралдаад хоолойг нь боогоод гараад ирсэн. Гарч ирээд газар унагаад дээрээс нь өшиглөөд цохиод байхаар нь би очоод нэгийг нь тэвэрч аваад унагаад найзыгаа салгаж авсан. Тэгээд Алтаншагай бид хоёр зугтаж тэр залуучуудаас холдоод цагдаад дуудлага өгсөн. Тэр зодоон болох үед Батбаатар найз маань бааран дотор байж байгаад сүүлд гарч ирсэн. Зодоод оролцоогүй бид хоёрыг цагдаа дуудаж байх явцад хохирогч гээд байгаа залуу баарны хамгаалагч билүү хуучин эзэн нь гэлүү /тэрийг нь сайн мэдэхгүй байна/ өндөр залуутай чи гуйлгачин минь баарны эзэн байлаа юу гээд хэрэлдээд байсан. Бид 3 тэр залууг тойроод баар руугаа ширээндээ очоод сууж байсан чинь баарны хамгаалагч ирээд цагдаа ирчихлээ та 3 гараад учраа олоорой гэж хэлсэн. Бид 3 гартал цагдаа ирчихсэн намайг цохисон гэх залуугийн хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан. Цагдаа хэлтэс дээр очиж байгаад учраа ол гээд бид хоёрыг авч явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

Гэрч Т.Алтаншагай мэдүүлсэн “...2023 оны 7 дугаар сарын 16-ны шөнө найзууд болох Г.М , Батбаатар нарын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Чикаго бааранд байж байсан. Ариун цэврийн өрөө орчихоод буцаад ширээ рүүгээ суух гээд би түрүүлээд Г.М  ард явж байсан чинь манай найз цохисон байсан. Тэгээд баарнаас Г.М , Батбаатар нарыг маргалдсан хүмүүстэй нь хамт хамгаалагч нь аваад гарсан. Би гараад хоорондоо маргалдаж байхаар нь болиулах гэсэн чинь тэр хүмүүст зодуулчихсан миний толгойг дарж байгаад толгой руу гараараа цохиод байсан. Тэгээд зодсон салаад цагдаа ирээд Г.М ыг эрүүлжүүлэх рүү аваад явчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Гэрч Л.Батбаатар мэдүүлсэн “...2023 оны 7 дугаар сарын 16-ны шөнө найзууд болох Г.М , Батбаатар нарын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Чикаго бааранд байж байсан. Би ширээн дээрээ суух гээд явж байтал миний ард хүмүүс шуугилдаад байхаар нь эргээд харсан манай найз болох Г.М ыг нэг үл таних залуу цохичихсон байсан. Тэгээд хамгаалагч нар нь Г.М , Алтаншагайг хамтад нь аваад гарахад би араас нь гарсан. Араас нь гараад очиход хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгсэн Г.М  нэг үл таних залуутай маргалдаад байж байтал Алтаншагай дундуур нь ороод салгаад болиулах гэтэл дахиад өөр үл таних хар пудболктой нүдний шилтэй залуу хажуунаас нь орж ирээд Алтаншагайг цохиод хавирч унагаад 2-3 залуу нэмэгдэж ирээд Алтаншагайг зодсон. Тэр залуучууд 4-5 лаа явж байсан. Тэгээд би нэг залууг нь татаж салгаж аваад та нар болиоч олуулаа хүн зодоод гэсэн бүгдийг чинь ална шүү гуйлгачингууд гээд хэл амаар доромжлоод баарны хамгаалагч зохион байгуулагч эзэн гээд байсан залуу мөн бид гурвуулаа хэл амаар дайраад байсан. Тэгээд зодооноос салахад тэр үл таних залуус хамгаалагч нартай маргалдаад үлдэхэд бид гурав баарны хажуу талд тамхи татчихаад баар руу ороод ширээн дээрээ суугаад байж байтал баарны хамгаалагч ирээд цагдаа ирлээ гараад асуудлаа шийдчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13282 дугаартай шинжээчийн “...Г.М ын биед уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 9059 дугаартай шинжээчийн “...Ц.Ө ийн биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүднийалимны салстад цус хуралт, хүзүү, баруун тохой, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт, зулгаралт, баруун даланд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 37-39, 40-41 дэх тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 46-49 дэх тал),  

Шүүгдэгч Г.М  яллагдагчаар мэдүүлсэн “...2023 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 02 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго бааранд  найзууд болох Алтаншагай, Батбаатар нарын хамт байж байтал үл таних нэг эрэгтэйн хажуугаар ариун цэврийн өрөө орчихоод буцаж явах замдаа хөл дээр нь санаандгүй гишгичихээд уучлаарай хөгшөөн гээд хэлээд зөрөх  гэтэл араас татаж аваад уруул руу баруун гараараа цохисон. Тэгээд бид 2 барилцаад авсан, тэгсэн тэр залуугийн найзууд нь бололтой 5-6 эрэгтэй хүмүүс над руу дайраад миний өмсөж явсан цагаан өнгийн пудболкыг нь ураад хаячихсан. Тэгээд баарны хамгаалагч нь ирээд намайг өргөөд гадаа гаргачихсан. Тэгээд би гадаа зогсож байсан чинь намайг цохиж миний пудболкыг урсан гээд байгаа залуучууд манай найз болох Алтаншагайтай зууралдаад хоолойг нь боогоод гараад ирсэн. Гарч ирээд газар унагаад дээрээс нь өшиглөөд, цохиод байхаар нь би очоод нэгийг нь тэвэрч аваад унагаад найзыгаа салгаж авсан. Тэгээд Алтаншагай бид 2 зугтаж тэр залуучуудаас холдоод цагдаад дуудлага өгсөн. Тэр зодоон болох үед Батбаатар найз маань бааран дотор байж байгаад гарч ирсэн. Зодоонд оролцоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),

Шүүгдэгч Ц.Ө  яллагдагчаар мэдүүлсэн “...2023 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго бааранд өөрийн найзууд болох Даашка, Оргилболд, Энхдаваа нарын хамт байсан. Бид дөрөв 0.75 литрийн Ауруг нэртэй 1 шил архи, хувааж ууж дуусчихаад дараагийнхаа 0.75 литрийн Ауруг нэртэй архийг талд нь ортол уучихаад байж байтал тайз руу бүжиглэх гээд ширээнээсээ босоод гарчихсан байхад нэг танихгүй залуу ирээд намайг мөрлөсөн. Тэгээд цааш нь юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд гадаа гарчихсан заамдалцаад хоёулаа үзье гээд над руу дайраад хоорондоо барилцаж аваад намайг газар дэгээдэж унагачихаад дал хэсэг рүү цохиод би чамайг алчихна шүү гээд дахиж цохиогүй намайг босоход дахиад нэг баруун нүд рүү бөгжтэй гараараа цохьсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.М, Ц.Ө нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Г.М, Ц.Ө нарын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч  Г.М, Ц.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Шүүгдэгч Г.М, Ц.Ө нар нь эмчилгээний зардалтай холбоотой санхүүгийн баримтуудыг гаргаж ирүүлээгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.  

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.М, Ц.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.М, Ц.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Г.М  нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дугаар2022/ШЦТ/1219 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж уг ялыг биелүүлсэн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Мөн шүүгдэгч Г.М, Ц.Ө нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдаас төлөвлөсөн санаа зорилго тогтоогдохгүй байх тул тохиолдлын шинж чанартай гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүгдэгч Г.М, Ц.Ө нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Шүүгдэгч Г.М, Ц.Ө нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчим, улсын яллагчийн санал зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Г.М  нь урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан боловч дахин хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байна. Иймд шүүгдэгч Г.М ыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний дотор торгох ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Ц.Ө ийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний дотор торгох ялыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Ц.Ө нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан тэдгээрт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалсугай.

Шүүгдэгч Г.М, Ц.Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав..  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.М /РД:хх000000/, Ц.Ө /РД:хх000000/ нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.М од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Ө т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Ө т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.М, Ц.Ө нарт сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалсугай.

6. Шүүгдэгч Г.М, Ц.Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М, Ц.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР