Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 00600

 

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2020/00600

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: ....аймгийн ...сумын ...багт оршин суух, Ц.М-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 153/2020/00661/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгч Ц.М нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 онд Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд бог мал маллаж байгаад 1983-1986 онуудад Улаанбаатар хотод цэргийн алба хаасан.

Цэргээс ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад хамрагдсан. Одоо тэтгэвэрт гарах нас хүрсэн учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.М нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодрууллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.М нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1469 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадын 1981, 1987-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгч Ц.М-ийн Ажилладаг гэх хэсэгт Эрдэнэбүрэн сумын Шураг хэсэг, ажилд орсон он гэх хэсэгт 1984, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, он, сар, өдөр гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар, гэрч Н.Н-жийн ....Ц.М нь 1981 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Намайг 1978 онд 8 дугаар анги төгсөхөд Ц.М нь 5 дугаар ангид суралцаж байсан учраас мэдэж байна. Намайг 1983 онд цэргээс халагдаж ирэхэд Ц.М нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгор хаг буюу 3 дугаар бригадад аав Ц, ээж Ж нарын мал маллаж байсан. Ах нь цэргийн алба хааж байсан, дүү нар нь сургуульд суралцаж байсан юм. Ц.М нь 1981 оноос эхэлж 1991 онд нэгдэл тарах хүртэл нэгдлийн мал малласан.... гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ын ...Ц.М нь 1981 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгор хаг буюу 3 дугаар бригадад аав Ц, ээж Ж нарын мал маллаж байсан. Ц.М нь 1983-1986 оны хооронд цэргийн алба хаасан. Ц.М нь 1988 онд гэр бүл болсон. Ц.М нь 1981 оноос эхэлж 1992 онд нэгдэл тарах хүртэл нэгдлийн мал малласан.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7-10, 26, 32-33, 34-35 дугаар тал/

Ц.М нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Ц.М нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.М нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1616000751 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1675 дугаартай лавлагааны хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13, 14 дугаар тал/

Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадын 1980 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 15-18 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Н, Б.Б нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ц.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.М-ийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч Ц.М нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ