Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

 

    2024        01          22                                   2024/ШЦТ/68

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч М.Г  нарыг оролцуулан эрүүгийн 2311 000000 1416 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М.Г /РД:хх0000000/, 1967 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г  нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хүнсний 1 дүгээр дэлгүүр дотор байрлах "CU" сүлжээ дэлгүүрт хохирогч А.О ийн гар утсыг хулгайлан авч бусдад 675.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: дуудлага лавлагааны хуудас, хохирогч А.О ийн мэдүүлэг, гэрч Ц.Ганцэцэгийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч М.Г ын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээниий тайлан, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

  Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.Г  нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хүнсний 1 дүгээр дэлгүүр дотор байрлах "CU" сүлжээ дэлгүүрт хохирогч А.О ийн “iphone XS” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад 675.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал), хохирогч А.О э мэдүүлсэн “...Би 2023 оны 9 сарын 16-ны үүрээр Хүнсний нэгдүгээр дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг CU дэлгүүрт ороход манай гэрийн ойролцоо зам цэвэрлээд явж байдаг ах таараад би 4 ширхэг пирожки авч өгчихөөд би сандал дээр сууж байгаад унтаад өгсөн байх хооронд миний Айфоне XS загварын гар утсыг аваад явсан байсан нь хяналтын камер бичлэгт бичигдсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...Теди худалдааны төвөөс 2022 онд Ч.Гэрлээ гэдэг таньдаг эгчээсээ хувь лизингээр 900.000 төгрөгөөр авч байсан. Цагаан өнгөтэй, 256 гб багтаамжтай, ногоон өнгөтэй кейстэй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал), гэрч Ц.Ганцэцэг мэдүүлсэн “...Централ экспрэсс компанид 2019 оны 6 сарын 18-нд дэлгүүрийн ажилтнаар орж байсан. Энэ дэлгүүрийн менежерийн ажлыг хийгээд жил долоон сар болж байгаа. 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өглөө ажилдаа 8 цагт ирсэн. Ажилдаа ирэхэд зааланд нэг залуу пиво уугаад сууж байсан. Байгууллагын дотоод журманд зааланд архи, согтууруулах ундаа ууж болохгүй тул “Энд ууж болохгүй ээ. Гарч уугаарай” сануулж хэлсэн. Тэр залуу за одоо гарлаа гэсэн. Арын өрөөндөө ороод ирдэг эрэгтэй хүн нь пиво уугаад сууж байсан хүний хажуугийн ширээнд суучихсан байсан. Хэсэг байж байгаад харахад пиво уугаад сууж байсан залуу газар уначихсан байсан. Согтсон уу, унтсан уу гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Камер шүүгээд өгөөч гэсэн.  Камер шүүж үзэхэд тухайн үед ширээнд нь сууж байсан манайд байнга орж ирдэг эрэгтэй халааснаас нь аваад гарч байсан. Манайд өдөрт хоёроос гурван удаа тогтмол орж ирдэг. Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс хааяадаа манайхаас юм авч өгдөг болохоор тэр үү ер нь л манайд тогтмол орж ирдэг юм. 160-165 см хавьцаа өндөртэй, шамийдуу, бор, халзан дэлдэн чихтэй 55-60 орчим настай байх. Манайхаар байнга орж гардаг учир би харвал шууд танина.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), шүүгдэгч М.Г  яллагдагчаар мэдүүлсэн “...2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр би Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн CU дэлгүүрийн салбар дотор сууж байх үед танихгүй залуу надад хоол авч өгсөн. Тэгээд тэр танихгүй залуу намайг хамт уух уу гэж хэлээд бид 2 гарч архи аваад хувааж уусан. Байж байгаад бид 2 CU дэлгүүр рүү буцаж хамт ороод сууж байтал нөгөө залуу согтуу байсан учраас сандалнаасаа унаад газарт хэвтчихсэн. Би тэр залууг сэрээх гэтэл сэрэхгүй байсан учраас тэр залуугийн карманаас нь гар утсыг нь хулгайлаад авчихсан юм. Би гар утсыг нь төв шуудангийн ард талд Монтелын хажууд нэг танихгүй хүнд 80.000 төгрөгөөр зарчихсан. Одоо би тэр утсыг хэнд өгсөн гэдгээ мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 24-29 дэх тал),  “Дамно” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 28ы өдрийн Дугаар ЧД1-23-864 хөрөнгийн үнэлгээний тайлан “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 675.000 төгрөг” (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Г  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч М.Г ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Шүүгдэгч М.Г  нь “Дамно” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 28ы өдрийн Дугаар ЧД1-23-864 хөрөнгийн үнэлгээгээгээр тогтоогдсон 675.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч М.Г оос 675.000 /зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 11-33 тоотод оршин суух, А.О /РД:хх0000000/-д олгохоор шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.Г  нь хэдийгээр урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж байгаагүй боловч бусдын өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, ашиг хонжоо олох гэсэн зорилготой, шунахайрах сэдэлтээр үйлдэгддэг, гэмт хэрэг үйлдэх арга, гэмт хэргийн объект, халдлагын зүйл зэргийг урьдчлан сонгож, гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг онцлогтой гэмт хэрэг байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв. Шүүгдэгч М.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгч М.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Хэдийгээр улсын яллагчаас хорих ял санал болгосон боловч шүүгдэгч М.Г ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, урьд гэмт хэрэгт холбогдож ял, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар 2024/ШЗ/122 дугаартай захирамжаар шүүгдэгчийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсний дагуу 2024 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр цагдаагийн байгууллагаас шүүгдэгч М.Г ыг саатуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих, хаалттай 461 дүгээр ангид хүргэснээс хойш 3 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар дүйцүүлж нийт 24 цагийг шүүгдэгчид оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцохыг дурьдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Г /РД:хх0000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Г од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г од оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г ын цагдан хоригдсон 3 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай тэнцүү байхаар тооцож нийт 24 цагийг эдлэх ялаас нь хасч тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч М.Г оос 675.000 /зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 11-33 тоотод оршин суух, А.О /РД:хх0000000/-т олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

8. Шүүгдэгч М.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР