Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 01889

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 155/2020/01701/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П. ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ... сумын 2 дугаар багт оршин суух, регистрийн дугаар РУ..., З...овогт П.С. холбогдох даатгалын хураамжийн орлого 1.007.424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:                               “Хариуцагч П.С. нь П. ХХК-ий Хөвсгөл аймаг дахь салбарын менежерээр 2018 оны 3 сараас 2019 оны 02 сарыг хүртэл ажиллаж байсан бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. П.С. нь салбарын менежерээр ажиллаж байх үедээ “Жолоочийн хариуцлагын даатгал”-ын хураамж 623.424 төгрөг, “Хурдан морины хүүхдийн гэнэтийн ослын даатгал”-ын хураамж 384.000 төгрөг буюу нийт 1.007.424 төгрөгийн хураамжийг дутуу тушааж, авлага үүсгэсэн.

Хариуцагч нь тус авлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах талаар 2019 оны 01 сарын 24-ний өдөр компанид хүсэлт гаргасны дагуу түүнтэй 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэдийн даатгалын мэргэжилтэн Э.Н.авлага барагдуулах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу авлагыг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй байна.

Иймд хариуцагч П.С.с даатгалын хураамжийн орлого 1.007.424 төгрөгийг  гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.С. нь манай компанид салбарын менежерээр 2018 оны 3 сараас 2019 оны 02 сарыг хүртэл ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа “Жолоочийн хариуцлагын даатгал”-ын хураамж 623.424 төгрөг, “Хурдан морины хүүхдийн гэнэтийн ослын даатгал”-ын хураамж 384.000 төгрөг буюу нийт 1.007.424 төгрөгийн хураамжийг даатгуулагч нараас авсан боловч компаний дансанд тушаагаагүй. Хариуцагч П.С. “Жолоочийн хариуцлагын даатгал”-ын хураамж 623.424 төгрөг, “Хурдан морины хүүхдийн гэнэтийн ослын даатгал”-ын хураамж 384.000 төгрөг буюу нийт 1.007.424 төгрөгийн хураамжийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч компанитай зөвшилцөж тухайн төлбөрийг тодорхой хугацаанд төлөхөөр гэрээ хийсэн боловч төлбөрөө төлөөгүй, утсаа авахгүй, холбоо барихгүй байгаа юм. Иймд П.С.с “Жолоочийн хариуцлагын даатгал”-ын хураамж 623.424 төгрөг, “Хурдан морины хүүхдийн гэнэтийн ослын даатгал”-ын хураамж 384.000 төгрөг буюу нийт 1.007.424 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П. ХХК нь хариуцагч П.С. холбогдуулан даатгалын хураамжийн орлого 1.007.424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч П. ХХК нь даатгалын үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн дугаар 9017001002, регистрийн дугаар 2813017, 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэсэн мэдээлэл бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч П.С.  нь П. ХХК-ий Хөвсгөл аймгийн салбарын менежерээр ажиллаж байх хугацаандаа “Жолоочийн хариуцлагын даатгал”-ын хураамж 623.424 төгрөг, “Хурдан морины хүүхдийн гэнэтийн ослын даатгал”-ын хураамж 384.000 төгрөг, нийт 1.007.424 төгрөгийн даатгалын хураамжийг компаний дансанд шилжүүлэлгүй, хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашигласан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан П.ХХК-ий Санхүүгийн бүртгэлийн албанд хариуцагч П.С.н 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан: “П.С.  миний бие ЖХ болон ХМУГО-ын даатгалын тушаагдаагүй орлого болох 1.103.424 төгрөгийг 2 дугаар сард амралтын мөнгөний 50 хувийг, 3 дугаар сарын 2-ны цалин дээр 100.000 төгрөг, 4 дүгээр сарын 02-ны цалингаас 100.000 төгрөг тус тус төлөхөөс гадна үлдсэнийг нь 4 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгах хүсэлтэй байна.” гэсэн утга бүхий хүсэлт,

П.ХХК, П.С. нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан “Авлага барагдуулах гэрээ”, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар хариуцагч П.С. нь “Жолоочийн хариуцлагын даатгал”-ын хураамж 623.424 төгрөг, “Хурдан морины хүүхдийн гэнэтийн ослын даатгал”-ын хураамж 384.000 төгрөг, нийт 1.007.424 төгрөгийн даатгалын орлогыг П. хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөөгүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ үйлдэл нь П. ХХК буюу нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашигласан байна гэж үзэх үндэслэл болж байна гэж дүгнэлээ.

Хариуцагчид 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гардуулж, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг шүүхэд ирүүлэхийг мэдэгдсэн боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ  биелүүлж, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн хариуцагчид шүүх хуралдааны товыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 9601... дугаар утсанд 9934.... дугаарын утсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд  2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, П... ХХК Төв аймаг гэсэн тамга дарагдаж 1-26 гэж дугаарлагдсан 2 хуудас баримт гаргаж өгсөн боловч 1-10, 25 гэж дугаарлагдсан баримтуудад даатгуулагчийн төлөөлөгч гарын үсэг зураагүй, 10, 26 дугаартай баримтуудад он, сар, өдөр тавигдаагүй, даатгагч, даатгуулагчийн төлөөлөгч гарыг үсэг зураагүй, 0610176-Эрхийн 2018-03-01-ээс 2018.12.31-ийг хүртэл тооцоо тулгалтын хуудас гэсэн 9 хуудас баримт гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч...” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.С...эс 28.730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.хязгаарлагдмал хариуцлагатай компанид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.С..с даатгалын хураамжийн орлого 1.007.424 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.С.с 28.730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П. хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Р.САРАНТУЯА