| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2020/02876/и |
| Дугаар | 183/ШШ2020/02623 |
| Огноо | 2020-09-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2020/02623
2020 09 30 183/ШШ2020/02623
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.Б-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 47 663 364 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б нь 2019 оны 01 сарын 17-ны өдөр Тоёота Хариэр маркийн ........ улсын дугаартай улаан өнгийн суудал зориулалттай автомашин, мөн ....... 423 байр, ....... тоот хаягт байршилтай, 41.3 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж 40 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж зээлийн болон баталгаат ипотек, фидуцийн гэрээг харилцан тохирч байгуулсан. Гэвч зээлдэгч зээл авснаас хойш зээлийн эргэн төлөх хуваарийг байнга хугацаа хэтрүүлэн төлдөг байсан бөгөөд 2020.01.17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна. Иймд үндсэн зээл 37 999 000 төгрөг, зээлийн хүү 8 245 736 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 418 629 төгрөг, нийт 47 663 364 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Фидуцийн гэрээний зүйл болох өдөр Тоёота Хариэр маркийн .......... улсын дугаартай автомашиныг бид хариуцагч Э.Б-тай харилцан тохиролцож зарж, үнийн дүнгээс төлбөрт тооцох боломжтой гэв.
Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П ББСБ ХХК-с 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 40 000 000 төгрөгийг хувийн бизнес хийх зорилгоор зээлж авсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн шимтгэл 400 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү зэрэгт 16 611 340 төгрөг, үндсэн зээлээс 2 000 000 төгрөг төлж барагдуулсан. Дэлхий нийтэд Covid-19 цар тахал гарч Монгол улс онц байдал зарласан бөгөөд миний хувийн бизнес бүрэн зогссон. Би Covid-19 цар тахлыг давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байгаа бөгөөд Монгол улс хилээ хааснаас бол зээлээ ямар ч төлөх боломжгүй болсон. Миний хувьд үндсэн зээлээ төлөх боломжтой бөгөөд П ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн хүү 8 245 736 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 418 629 төгрөг зэргийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК хариуцагч Э.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 37 999 000 төгрөг, зээлийн хүү 8 245 736 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 418 629 төгрөг, нийт 47 663 364 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талуудын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ........... дугаар зээлийн гэрээ, ................ дугаар баталгаат ипотекийн гэрээ, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр П ББСБ ХХК нь 40 000 000 төгрөгийг, хэрэглээний зориулалтаар, сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 9-13/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон ................ тоот, ............ улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, мөн .......... улсын дугаартай, Тоёота хариер маркийн автомашины өмчлөх эрхийг ББСБ өөрийн нэр дээр шилжүүлэн авч фидуцийн гэрээг тус тус барьцаалжээ./хх-ийн 10-11/
Мөн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ............... зээлийн гэрээг 2019 оны 7 сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай сунгаж, 2019 оны 7 сарын 17-ны өдөр сунгалтын гэрээ байгуулжээ. /хх-18/
Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хариуцагч тал талуудын байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 14-19011567 дугаартай зээлийн гэрээгээр 40 000 000 төгрөгийг зээлэхээр тохирсон асуудлаар маргаагүй, гэрээ байгуулсан өдөр П ББСБ ХХК нь 2019.01.17-ны өдөр 40 000 000 төгрөгийг хариуцагч Э.Б нь Хаан банкны ......... дугаар дансаар бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн ба хариуцагч Э.Б нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 19 468 340 төгрөг төлсөн байна. Харин дээрхээс өөрөөр зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 19-20/
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар зохигч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан байх ба хариуцагч Э.Б нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээ болон хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт шаардах эрхтэй байна.
Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
П ББСБ ХХК нь 2010.03.25-ны өдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 2019 оны 6 сарын 03-ны өдөр сунгагдаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны 6 сарын 16-ны өдрийн 192 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн 1/208 дугаар гэрчилгээ зэргээр тогтоогдож байна./хх-ийн 5-6/
Дээрхийг нэгтгээд хариуцагч Э.Б-аас үндсэн зээл 37 999 000 төгрөг, зээлийн хүү 8 245 736 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 418 629 төгрөг, нийт 47 663 364 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч П ББСБ ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Харин фидуцийн гэрээний зүйл болох ........ улсын дугаартай, Тоёота хариер маркийн автомашин нь нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө байх тул энэ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагад хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 47 663 364 /дөчин долоон сая зургаан зуун жаран гурав гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан ........ 52 тоот, ......... улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 466 467 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд 466 467 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ