Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/82

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         01          26                                   2024/ШЦТ/82

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор У.Дэндэвдоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч У.Дэндэвдорж,

хохирогч Ц.Д , түүний өмгөөлөгч Б.Батжаргал,

шүүгдэгч Г.Х , түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан эрүүгийн 2211 00168 0525 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.Х /, Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 08-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Янзган хээр ХХК-д эдийн засагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 0-0 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х  нь 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хххххххх барилга дотор хохирогч Ц.Д ийг шатан дээрээс түлхэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав:  

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Шүүгдэгч Г.Х  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Яллах дүгнэлт дээр дурдагдсан болон гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн өдөр болсон бодит байдлаас зөрөөд байна. Анхны шүүх хуралдаан дээр хохирогч Ц.Д  өөрийгөө шатны бариул мөргөсөн гэж хэлсэн боловч эмнэлэг дээр очоод шатнаас газарт унасан гэж өөр зүйл хэлээд байна. Хохирогч Ц.Д ийн өөрийнх нь хэлсэн зүйл камерын бичлэг дээрээс зөрсөн учраас намайг камерын бичлэгийг хассан байна гэж хэлээд байна. Би тухайн бичлэгийг засварлаж, тасалсан зүйл байхгүй. Хохирогч Ц.Д  нь хуурамч баримт, бичиг үйлдэж надаас мөнгө авах гэж байна. Би түүнд зодуулсан байхад намайг хохирогч Ц.Д ийг зодсон мэтээр хэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Хохирогч Ц.Д ийн гаргаж өгсөн зарим баримт нь он, саргүй байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хохирогч Ц.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би байрны түрээстэй холбоотойгоор шүүгдэгч Г.Х тай маргалдсан. Би шүүгдэгч Г.Х т туслаад 2 өрөө байрыг хямдаар түрээслэсэн. Гэтэл байр хүлээлгэж өгөхдөө гарын үсэг зурчих гэж хэлсэн чинь зурахгүй гээд байсан. Би шүүгдэгч Г.Х аас мөнгө авах гэж худлаа яриагүй. Мөнгө авахгүй байж болно. Шүүгдэгч Г.Х  намайг цохьсоны улмаас би шатнаас унаад чих шуугиад юу ч сонсохгүй болсон. Улмаар шууд Гэмтлийн эмнэлэг явсан. Дараа нь шүүх эмнэлэг дээр очсон чинь шинжээчийн хэлснээр хажуугийнх нь чих, хамар, хоолойн эмнэлэг явсан. Тэгээд үзүүлсэн чинь хэнгэрэг цоорсон байна гэсэн онош гарсан.  Намайг 2-3 удаа элгэдээд, миний урдаас түлхээд би шатны уруу унасан” гэв.

Шүүхээс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х , түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй цагаатгах байр суурьтай оролцсон бол улсын яллагчаас шүүгдэгч Г.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтээ танилцуулж яллах байр суурьтайгаар оролцож, хохирогч Ц.Д , түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн байр суурийг дэмжиж тус тус оролцжээ.

Прокуророос шүүгдэгч Г.Х ыг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хххх давхарт хохирогч Ц.Д той түрээсийн асуудлаар маргалдаж улмаар түүнийг шатан дээрээс түлхэж хүний биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн зулайн хуйхны зулгарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлж дүгнэв. Үүнд:

Хохирогч Ц.Д  мэдүүлэхдээ “...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Хххххххх дүгээр байрыг 1998 онд барьж ашиглалтанд оруулж түүнээс хойш зарим давхруудыг нь түрээслэдэг зарим давхруудыг нь зарж борлуулсан байгаа. Миний уг байрны 3 давхарт хххх  тоот 2 өрөөг Гантөмөрийн Г.Х  гэх залуу 3 жил орчим түрээслээд сүүлийн 1 жил  6 сар мөнгөө өгөхгүй гэхээр нь би иргэний шүүхэд хандсан байгаа ...өнөөдөр манай харуул над руу залгаад хххх  тоот өрөөний Г.Х  гэх машинтай хүмүүс авчираад эд бараагаа зөөж гаргаад байна гэхээр нь би гэрээсээ гараад Г.Х тай уулзаад миний дүү шүүхийн маргаантай байхад яагаад амралтын өдөр хэлж мэдэгдэхгүйгээр юмнуудаа зөөгөөд байгаа юм бэ хэний юмыг зөөгөөд байгаа юм бэ гэж хэлсэн чинь энэ өрөөний хүний юмыг зөөж байна өөрийнхөө юмнуудыг зөөгөөгүй байна хөгшин өвгөн минь чамд хамаа байхгүй цаашаа яв гэхээр нь би бараа материал зөөж байгаа юм бол гарын үсэгнүүдээ зураад хүлээлцэж ав гээд харуулаа дуудсан юм. Тэгээд би харуулаас хэзээнээс эхэлж зөөсөн бэ гарын үсэг зураагүй надад огт мэдэгдээгүй гэхээр нь Г.Х т чи бүх юмнуудаа аваад өрөөг хоосон хүлээлгэж өгсөн гэдэг бичиг бичиж өгөөд яв гэсэн чинь би гарын үсэг бичиж өгөхгүй гээд бид ам муруйгаад шатан дээр би доор нь Г.Х  дээр нь зогсож байтал шууд  над руу дайраад цээж рүү тохойгоороо 2 удаа цохиод түлхсэн чинь би шатны уруу өнхрөөд уначихсан. Гэтэл миний толгойноос цус гараад хэсэг босч чадахгүй байж байтал 2 давхарыг түрээслэж байдаг эмэгтэй гарч ирээд та нар яагаад байгаа юм бэ гээд миний гар утсыг уначихсан байсан газраас нь авч өгөөд хэсэг байж байгаад гадаа гартал Г.Х  зугтаад яваад өгсөн. ” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал),

Гэрч Г.Бямбаа мэдүүлсэн “...Би өнөөдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хххххххх дүгээр байрны зогсоол болон байрны харуулаар орсон. Гэтэл өдөр 12 цагийн оричмд 3 давхарын хххх  тоот өрөөнөөс хүмүүс эд зүйлс зөөгөөд байхаар нь уг байрны эзэнд энэ талаар хэлсэн. Гэтэл байрны эзэн ирээд хххх  тоот өрөөний түрээслэгчтэй түрээсийн талаар ярилцаж байгаад байрны эзэн түлхүүр хүлээлгэж өгөөд гарын үсгээ зур гэсэн шаардлага тавьсан чинь нөгөө түрээслэгч залуу нь байрны эзнийг хэл амаар доромжилж байгаад миний нүдэн дээр шатнаас түлхээд унагаагаад эхнэрийнхээ хамт яваад өгсөн. Шатнаас унагаж зодсон нь үнэн. Би уг асуудлыг харж байсан юм” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 13 дахь тал),

Гэрч Г.Наранцацрал мэдүүлсэн “...Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Хххххххх тоот өрөөг түрээслэн амьраад 4 жил орчим болж байна. Тухайн өдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн орчимд санагдаж байна үүдний коридор хэсэгт хүмүүс маргалдсан дуу чимээ гараад байсан ба уг дуу чимээн дотор байрны эзэн болох Ц.Д  ахын дуу нь гараад байхаар нь би гайхаад өрөөнөөсөө гарч хартал нэг залуу, эмэгтэй 2 хамт байсан ба залуу нь шатаар уруудаж гарах гэсэн чинь Ц.Д  ах гаргахгүй гээд урд нь зогсож байтал Ц.Д  ахыг түлхээд унагаачихсан. Тэгтэл Ц.Д  ахын гар утас шатан дээр уначихсан. Тэгээд би гар утсыг авч өгөх хооронд Ц.Д  ах босч ирээд нөгөө залууг гаргахгүй гээд урд нь ахиад зогстол нөгөө залуу нь хүчээр гараад явчихсан. Тэгээд би Ц.Д  ахын гар утсыг нь өгөөд биеийг нь гайгүй юу гэж асуухад толгойгоо барьчихсан царай нь сонин болчихсон байсан. ...Нөгөө залуу нь л нэг удаа түлхэж унагаасан”

“...Тухайн үед би гэрээс гараад ажилдаа явж таарсан. Тэр үед Ц.Д  гэх хүн Г.Х  гэх хүнтэй шатан дээр зууралдаад зогсож байсан. Ц.Д  3 давхар шатнаас 2 давхар луу уруудаж ордог шатны гол хэсэгт зогсоод нөгөө залуу гүйгээд гарсан. Тэгсэн Ц.Д  эрчинд нь унаад үлдсэн. Гар утас нь шатан дээр унаад үлдэхээр нь би гүйж очоод зүгээр үү ах гэж хэлээд гар утсыг нь авч өгөөд Ц.Д  ахыг босоход нь туслаад босгосон. Тэгэхэд Ц.Д  миний толгой өвдөж байна гэхээр нь та өөрөө шатны уруу ойчсон болохоор толгой чинь өвдөж байгаа байх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Ц.Д ийг Г.Х  гэх залуу албаар түлхсэн албаар түлхсэн үйлдэл гаргаагүй гэж бодож байна. Г.Х  нь явах гэтэл Ц.Д той зууралдаад зогсож байгаад залуу хүүхэд хурдтай гүйгээд гарсан тэр үед Ц.Д ид хүрээд шатны уруу ойчсон. Өөр янз бүрийн юм болсныг би огт мэдэхгүй байна. ” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17, 217 дахь тал),

Гэрч З.Цэнгэл мэдүүлсэн “...2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ах нүүлгэлт хийнэ гэхээр нь туслахааар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Хххххххх дүгээр байранд очсон. Тэгээд бид нарыг өрөөнөөс эд зүйлс зөөж байхад 2 ах орж ирээд манай ах Г.Х тай маргалдаад намайг өрөө рүү орох гэсэн чинь биеэрээ шахаад зам хаагаад оруулахгүй байсан. Тэгэхээр нь би ард нь зогсож байтал намайг араас цохилоо гээд орилоод байсан. Тэгээд би удалгүй шатаар доошоо буусан. Ингээд доор байж байтал маргалдаад байхаар нь дахин дээшээ гартал манай ахыг татаж чангаагаад түлхэж байгаад өөрөө шат руу халтираад уначихсан  юм. Тэгснээ ахыг боогоод явуулахгүй байхаар нь би нөгөө хэрүүл хийсэн ахын хувцаснаас нь барьж байгаад Г.Х  ахыг гаргасан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал),

Гэрч Л.Хулан мэдүүлсэн “...Миний бие 2021 оны 11 дүгээр сараас хойш Мед траума эмнэлэгт дүрс оношилгооны эмчээр ажиллаж байна. Миний ажил үүргийн хувьд өвчтөнтэй харилцаж  тусламж үйлчилгээ үзүүлдэггүй харин өвчтөний томограф зургийг нь компьютер дээр radi ant программыг ашиглаж үзэж оношлоод дүгнэлт гаргадаг юм. Өөрөөр хэлбэл өвчтөний томографийн зургийг үндэслэн шинжилгээний хариу гаргадаг. ...Б.Сарантуяа нь мөн манай эмнэлэгт дүрс оношилгооны эмч юм. Миний хувьд Ц.Д ийн толгойны томографын зургийг Б.Сарантуяагийн хувьд бол бүсэлхий нурууны томографийн зургийг үндэслэн оношилгоо хийж дүгнэлт гаргасан байна. Тархи толгойны шинжилгээний хариуг харахад хамар хуучин мурийлттай байсан гамрит /хамрын дайвар хөндийн үрэвсэлтэй/ тархины голомтод болон эзэлхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй өөрөөр хэлбэл тархинд онц ноцтой гэмтэл байхгүй байна. Томограф зургаас харахад харин хуйхны доор цус хуралттай жижиг хэмжээний энэ нь шинэ гэмтэл байх боломжтой. Нуруу бүсэлхийний шинжилгээний хариуг харахад бол ямар нэгэн шинэ гэмтэл бол байхгүй харин хуучин дарагдлын хугаралтай байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дэх тал),

Гэрч Б.Сэлэнгэ мэдүүлсэн “...2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр манай нөхрийн түрээслэж байсан байранд нь байсан хүмүүсийн эд хогшлийг өгөх гээд би хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Хххххххх дүгээр байранд нүүлгэлтийн 2 залуугийн хамт очсон. ...манай нөхрийг тухайн байрны түрээслэгч ах гаргахгүй өрөөндөө хашаад байсан. Тэгээд тэр ах манай нөхөрт хоосон өрөө хүлээлгэж өгөв гэж гарын үсэг зур гэхээр нь манай нөхөр уг бичгийг нь үйлдэж өгсөн боловч гаргахгүй байсан. Тэгээд манай нөхөр уг ахыг та миний эрхэнд халдаад байна намайг явуулаадах гээд гаргахгүй байсан түрээслэгч ахын хажуугаар нь яваад өгсөн. Гэтэл нөгөө ах өөрөө шатан дээр бөгсөөрөө уначихсан. Тухайн үед манай нөхөр нөгөө ахыг огт түлхэж бариагүй юм. Харин нөгөө ах унаж босч ирчихээд шатны бариулын ирмэг дээр манай нөхрийг нугасаар нь шахаад байсан”

“...Түлхэж унгасан зүйл огт байхгүй. Манай нөхөр Хххххххх байрны хххх  тоот өрөөнөөс эд зүйлсээ авах гээд 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өглөө очсон. Тэгээд эд зүйлээ аваад гарч байсан чинь Ц.Д  гэдэг хүн хххх  тоотод орж ирээд худал гүтгэж элдвээр дайрч доромжлоод байсан. Тэгээд манай нөхөрт хоосон өрөө хүлээлгэж өглөө гээд гарын үсэг зур гээд байхаар нь зурсан. Тэгээд нөхөр бид хоёр өрөөнөөс гараад явах гэтэл хаалга хааж хашаад зогсчихоод явуулахгүй тойроод гарах гэхээр урд зогсчихоод болохгүй тэгээд шатны хажууд очоод манай нөхрөөс зуураад жүжиглээд өөрөө шатны уруу унасан. Ц.Д  шатны уруу уначихаад босч ирээд манай нөхрийг тэвэрч аваад шатны бариулын үзүүр лүү нуруугаар нь нугасалж дайрсан. Тэр хоёр зууралдаж байхад нэг эмэгтэй гарч ирээд юу болоод байгаа юм гэж асуучихаад газарт унасан байсан гар утсыг Ц.Д ид авч өгчихөөд яваад өгсөн. Тухайн өдөр би юу болсон талаарх бүх процессыг өөрийн гар утас дээрээ бичлэг хийж хадгалж авсан. Ц.Д  гэх хүнийг түлхэ унагаасан зүйл огт байхгүй энэ нь миний хийсэн бичлэг дээр тодорхой харагдана” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 20, 219 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 1857 дүгнэлтэнд “...Ц.Д ийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн зулайн хуйхны зулгарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Шинжээч О.Болороо мэдүүлсэн “...Дээрх гэмтлүүд баруун чихний хэнгэрэгэн хальсны цоорол, зүүн зулайн хуйхны зулгарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун чихний хэнгэрэгэн хальсны цоорол гэмтэл нь баруун чих болон чихний орчимд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг үед үүсч болно”

“...Тархи доргилт гэмтлийн талаар ямар нэгэн бичиг баримт байхгүй би өөрийн биеэр үзлэгээр үзэж тархи доргилт гэмтэл тогтоогдоогүй. Эмчийн үзлэгийн карт үндэслэж чих хамар хоолойн эмчийн үзлэгт байгаа дүгнэлтийг үндэслэж гаргасан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29, 215 дахь тал),

Шүүгдэгч Г.Х  гэрчээр мэдүүлсэн “...би түүнд өрөөг хоосон хүлээлгэж өгсөн гэсэн бичгийг нь бичиж өгөөд явах гэтэл миний хувцаснаас зуураад намайг явуулахгүй миний эрхэнд халдаад мөн түүний биед хүрээгүй байхад ёо ёо ёо гээд орилоод байсан. Би тэр үед нь өөрөө бодохдоо урьд нь энэ асуудлаас болж миний биед гэмтэл учруулаад ЧДЦГ-2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа болохоороо намайг буруутгах шалтаг хайж байна гэж бодсон. ...хажуугаар нь гарах гэсэн чинь миний хувцасыг зуурч байгаад өөрөө уначихсан. Унаж босч ирээд 2 гараараа шатны бариулнаас барьж байгаад намайг нугасалж нурууг минь эвгүй болгосон” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал),

Шүүгдэгч Г.Х  яллагдагчаар мэдүүлсэн “...2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Хххххххх дүгээр байрны хххх  тоот өрөөнөөс хүний, өөрийн эд зүйлсийг зөөж гаргаж байсан. Учир нь дээрх тоот өрөөг хамт түрээслэж байсан  хүмүүс маань гарахаар болж нүүж байсан юм. Гэтэл уг байрны эзэн Ц.Д  гэх хүн ирээд манаачид хүлээлгэж өгсөн гэдэг зүйл дээр гарын үсэг зурчих гэхээр нь гарын үсэг зурчихаад явах гэтэл зураагүй гэж ойлгоод явуулахгүй намайг өрөөнөөс болон коридороос хашаад гаргахгүй байсан юм. Тэр үед манаач нь зурчихсан гээд хэлж байсан. Тухайн үед намайг гарах гэхээр хашаад байхаар нь би хажуу талаар нь гарах гэсэн чинь миний нуруунаас зуурч байгаад шатан дээр өөрөө уначихсан. Тэгээд босч ирээд намайг шатны бариул руу нугасалж байгаад нурууг маань бага зэрэг эвгүй болгосон юм. Тэгээд би хажуугаар нь арай гэж гарч явсан юм” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал) зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахын зэрэгцээ хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хавсаргасан дүрс бичлэг бүхий сидиг шүүхийн хэлэлцүүлгийн үед үзэж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дүрс бичлэгт засвар орсон эсэх талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн Дугаар 0153 шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн 2022 1 (1). MOV, 2022 1 15 (2). MOV, 2022 1 15 (3). MOV, 2022 1 15 (4). MOV, 2022 1 15 (5). MOV, 2022 1 15 (6). MOV, 2022 1 15 (6). MOV, 2022 1 15 (7). IMG_7305.MOV, IMG_7306.MOV, IMG_7хххх .MOV, IMG_7308.MOV нэртэй дүрс бичлэгүүд эвлүүлэг ороогүй байна. ...Дээрх дүрс бичлэгүүд үргэлжлэх хугацаанд хасагдагүй, таслаагүй байна. ...Шинжилгээнд ирүүлсэн “1” болон “2” гэж дугаарласан зөөврийн санах ой /DVD/-д байгаа файлууд нь нэг эхтэй ижил хувиуд байна” гэх дүгнэлт авагджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл /эс үйлдэхүй/ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай шалтгаант холбоотой байдаг бол субъектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.

Шүүгдэгч Г.Х ын хувьд прокуророос яллаж ирүүлсэн хэргийн хувьд хохирогч Ц.Д ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь нотлогдон тогтоогдохгүй, мөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэл хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 1857 дүгнэлтэнд “...Ц.Д ийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн зулайн хуйхны зулгарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэжээ. Энэхүү гэмтлийн талаар шинжээч эмч О.Болороо, гэрч Л.Хулан нар тодорхой байдлаар мэдүүлсэн байна. Хохирогч Ц.Д ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдон тогтоогджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэхэд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжүүд хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх учиртай.

Прокуророос шүүгдэгч Г.Х ыг 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хххххххх дүгээр байрны дотор шатны хонгилд хохирогч Ц.Д ийг шатнаас түлхэсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасан байна.

Болсон хэргийн талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн мэдүүлгүүд болон мөн шүүгдэгч Г.Х ын эхнэр гэрч Б.Сэлэнгэ өөрийн гар утсаар бэхжүүлсэн дүрс-бичлэгийг DVD-нд хуулбарлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хавсаргасан байна. Энэхүү бичлэгийг шүүхийн хэлэлцүүлт проектор төхөөрөмж ашиглан үзэж шинжлэн судлахад хохирогч Ц.Д  бичлэгт гарч байгаа үйл явдлаас зөрүүтэй мэдүүлж, мөн дээрх бичлэгийг засварласан байна гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дүрс бичлэгт засвар орсон эсэх талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн Дугаар 0153 шинжээчийн дүгнэлтээр Дээрх дүрс бичлэгүүд үргэлжлэх хугацаанд хасагдагүй, таслаагүй болох нь тогтоогдсон байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 1857 дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүд нь хохирогч Ц.Д ийн биеийн толгой хэсэгт учирсан байна. Түүний дотор баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтлийн үүсэх механизмыг шинжээч эмч О.Болороо мэдүүлэхдээ “...Баруун чихний хэнгэрэгэн хальсны цоорол гэмтэл нь баруун чих болон чихний орчимд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэж мэдүүлжээ. Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан дүрс бичлэгт хохирогч Ц.Д  нь Хххххххх барилгын шатны хонгилд шатнаас доош унахдаа толгойдоо гэмтэл авах үйл явц бий болсон гэж дүгнэх боломжгүй, мөн түүний биед үүссэн баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн зулайн хуйхны зулгарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүсэх боломжтой механизм буюу шатнаас унах үед үүсгэгдэх эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

Хохирогч Ц.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Шүүгдэгч Г.Х  намайг цохьсоны улмаас би шатнаас унаад чих шуугиад юу ч сонсохгүй болсон” гэж, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...би доор нь Г.Х  дээр нь зогсож байтал шууд  над руу дайраад цээж рүү тохойгоороо 2 удаа цохиод түлхсэн чинь би шатны уруу өнхрөөд уначихсан” гэх, гэрч Г.Бямбаа мэдүүлсэн “...шаардлага тавьсан чинь нөгөө түрээслэгч залуу нь байрны эзнийг хэл амаар доромжилж байгаад миний нүдэн дээр шатнаас түлхээд унагаагаад эхнэрийнхээ хамт яваад өгсөн. Шатнаас унагаж зодсон нь үнэн” гэх мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч З.Цэнгэл мэдүүлсэн “...Тэгээд би удалгүй шатаар доошоо буусан. Ингээд доор байж байтал маргалдаад байхаар нь дахин дээшээ гартал манай ахыг татаж чангаагаад түлхэж байгаад өөрөө шат руу халтираад уначихсан  юм” гэх гэрч Б.Сэлэнгэ мэдүүлсэн “...манай нөхөр уг ахыг та миний эрхэнд халдаад байна намайг явуулаадах гээд гаргахгүй байсан түрээслэгч ахын хажуугаар нь яваад өгсөн. Гэтэл нөгөө ах өөрөө шатан дээр бөгсөөрөө уначихсан. ...Түлхэж унгасан зүйл огт байхгүй. ...нөхөр бид хоёр өрөөнөөс гараад явах гэтэл хаалга хааж хашаад зогсчихоод явуулахгүй тойроод гарах гэхээр урд зогсчихоод болохгүй тэгээд шатны хажууд очоод манай нөхрөөс зуураад жүжиглээд өөрөө шатны уруу унасан” гэх, шүүгдэгч Г.Х  яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн үед намайг гарах гэхээр хашаад байхаар нь би хажуу талаар нь гарах гэсэн чинь миний нуруунаас зуурч байгаад шатан дээр өөрөө уначихсан” гэх тус тус мэдүүлгээр няцаагдаж байхын зэрэгцээ гэрч Г.Бямбаа, хохирогч Ц.Д  нарын мэдүүлэг нь хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан DVD-д бичигдсэн дүрс-бичлэгт гарч буй үйл явдалтай таарч, тохирохгүй байгааг дурьдах нь зүйтэй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Наранцацрал мэдүүлэхдээ “...нэг залуу, эмэгтэй 2 хамт байсан ба залуу нь шатаар уруудаж гарах гэсэн чинь Ц.Д  ах гаргахгүй гээд урд нь зогсож байтал Ц.Д  ахыг түлхээд унагаачихсан” гэж мэдүүлсэн боловч дахин мэдүүлэхдээ  “...Ц.Д  3 давхар шатнаас 2 давхар луу уруудаж ордог шатны гол хэсэгт зогсоод нөгөө залуу гүйгээд гарсан. Тэгсэн Ц.Д  эрчинд нь унаад үлдсэн. ...Ц.Д ийг Г.Х  гэх залуу албаар түлхсэн албаар түлхсэн үйлдэл гаргаагүй гэж бодож байна” гэж зөрүүтэйгээр мэдүүлжээ.

Иймээс дээрх нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Х  нь шүүгдэгч Ц.Д ийг түлхэж унагаасны улмаас хохирогч Ц.Д ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан гэмтлүүд учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлжээ. Санаатай гэмт хэрэг нь гэмт хэрэгт үйлдсэн хүний ухамсарын түвшинд үйлдэл (эс үйлдэхүй)-ийн хууль бус шинжийг ухамсарлаж үйлдлийн эцэст учрах хохирол, хор уршгийг мэдсээр байж зориуд хүсэж үйлдсэн, эсхүл үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэх шинжийн аль нэгийг агуулсан байдаг. Гэм буруугийн санаатай хэлбэрийг эрүүгийн эрх зүйн онолд мэдэх, хүсэх элементийн түвшинд тайлбарладаг. Хүсэх элементийн хувьд өөрийн үйлдлийн улмаас бий болох үр дагаварыг хүсэх шинж чанартай байдаг бол мэдэх элементийн хувьд өөрийн үйлдлийн үр дагаварыг ердийн ухамсрын түвшинд ойлгон мэдэж, ухамсарлаж санаатай хийсэн үйлдэл нь наад зах нь тухайн хохирол, хор уршиг бүхий бүр дагаварыг мэдсэн, мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэх шинжээр тодорхойлогдож зайлшгүй үр дагаварыг бий болгосон үйлдэл байдаг онцлогтой. Шүүгдэгч Г.Х ын хувьд хохирогч Ц.Д ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах санаатай үйлдлийг зориуд хүсч үйлдсэн гэх шинж тогтоогдохгүй, хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох оролцогч нарын мэдүүлгүүд, мөн тухайн үйл явдлыг бэхжүүлсэн дүрс-бичлэг зэргээс харахад Г.Х  нь 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хххххххх дүгээр байрыг орхин гарах, гарч явах хүсэл сонирхол бүхий үйлдлийг хийж гүйцэтгэж байсан бөгөөд хохирогч Ц.Д  нь шүүгдэгч Г.Х ыг тухайн байрнаас гаргахгүй замд нь саад болох зэргээр саатуулж байсан байна. Энэ үед тухайн Хххххххх байрны шатны хонгилд Ц.Д  нь шатны уруу унажээ. Прокуророос шүүгдэгч Г.Х  нь хохирогч Ц.Д ийг шатны уруу түлхэж унагаасан гэх боловч нотлох баримтуудад тулгуурлан шүүх дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Х ын шатны уруу түлхэж унагаасан идэвхтэй үйлдэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ санаатай гэмт хэргийн гэм бурууг тогтоох үндсэн шинжүүд болох хүсэж үйлдсэн эсхүл үйлдэл нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх шинжийг хангахгүй байх бөгөөд Г.Х  нь Хххххххх барилгыг орхиж явах хүртлээ хохирогч Ц.Д той зөвхөн орхин гарахад нь саад болж буй үйлдлийн эсрэг үйлдэл хийж байсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч Г.Х  нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн үйлдэл хийсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймээс прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Х т холбогдох хэргийн хувьд Г.Х ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Г.Х т холбогдох эрүүгийн 2211 00168 0525  дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Х т холбогдох эрүүгийн 2211 00168 0525 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих гэж заасны дагуу энэ хэрэгт хохирогч Ц.Д оос өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Г.Х  нь энэ хэрэгт баривчилсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий сиди 2 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 3 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 36.4, 36.6, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2211 0016 80525  дугаартай шүүгдэгч Г.Х-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэнд буцаасугай.

 

  1. Шүүгдэгч Г.Х  нь энэ эрүүгийн хэрэгт бусдад төлөх төлбөргүй, баривчилагдсан, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

  1. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шүүгдэгч Г.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

  1. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР