Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 01905

 

 

 

 

   2020        11            03                                           155/ШШ2020/01905    

                                                                   

                                                                                  

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/01827/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М... сумын 9 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар РЭ..., Ш...овогт Б.Ц. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М. сумын ... дугаар багийн 18-03 тоотод оршин суух, регистрийн дугаар РЭ......., Х. овогт Б.Ш. холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Б.Ц., хариуцагч Б.Ш. нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б. Ц нь Б.Ш. 2006 онд танилцан үерхэж байгаад 2007 оны 5 дугаар сарын 19-нд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс хамтран амьдарсан бөгөөд бид үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдан хэрэлдэх болсон. Ийм байдалтай гурван сар амьдраад тус тусдаа амьдрах болсон. 2008 оны 8 дугаар сарын 05-нд охин Ц.Х төрсөн. Миний охин Ш. хүүхэд биш учраас хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй. Би охиноо төрөхөд өөрөөрөө овоглосон. Энэ хүнээс тусдаа амьдарснаас хойш өөр хүнтэй гэр бүл болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Б.Ш нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх

хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б. овогтой Ш нь Б.Ц 2006 онд танилцаад үерхэж байгаад 2007 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлж байсан. Бид хэсэг хугацаанд хамтран амьдарсан бөгөөд үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж хэрэлдэн маргалдах болсон. Үүнээсээ болоод 3 сар амьдраад тус тусдаа амьдрах болсон. Б.Ц-с төрсөн хүүхэд миний хүүхэд биш. Би энэ хүнээс тусдаа амьдарч эхэлснээс хойш өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж, 3 хүүхдийн эцэг, эх болсон. Хүүхдүүд маань бүгд ээжээрээ овоглогддог. Би өөрөөрөө овоглох гэхээр гэрлэлтийн баталгаатай байна гээд надаар овоглодоггүй. Үүнээс болж хүүхдүүдийн маань эцгээр овоглох эрх зөрчигдөж байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц. нь хариуцагч Б.Ш. холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2007 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0049976-340 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчидийн тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Б.Ш нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Регистрийн дугаар РЮ..., 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр охин Ц.Х төрсөн болох нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Төрийн мэдээллийн сангаас гаргах лавлагаа, тодорхойлолтын маягтын “Төрсний бүртгэлийн лавлагаа”-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба төрсөн цагаасаа ээжийнхээ асрамжинд байгаа бөгөөд нэхэмжлэгч хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зохигчид хүүхдийн асрамж, эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж заасан байх тул хариуцагч Б.Ш-с улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц-д олголоо.

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигчид тусдаа амьдраад 12 жил болж байгаа зэрэг нөхцөл байдал талуудын тайлбаруудаар тогтоодож байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РЭ..., Ш.. овогт Б.Ц, регистрийн дугаар РЭ..., Х овогт Б.Ш нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.Ш-с 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.САРАНТУЯА