Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 01897

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/01718/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн А.. сумын .. дугаар багт оршин суух, регистрийн дугаар РБ., Өндөр нөр овогт Б.Ц.н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн А. сумын .. дүгээр багт оршин суух, регистрийн дугаар РБ., Ж. овогт Б.Ш.,

 Хариуцагч: Хөвсгөл аймгийн А. сумын ... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар РБ., М. овогт М.О. нарт холбогдох эр хонь 32 толгой, нэг бүрийн үнэ 135.000 төгрөг, эр ямаа 16 толгой, нэг бүрийн үнэ 90.000 төгрөг, хурга 4 толгой, нэг бүрийн үнэ 35.000 төгрөг, борлон 8 толгой, нэг бүрийн үнэ 20.000 төгрөг, нийт дутаасан 60 толгой бог малын үнэ 6.060.000 төгрөг, 2 эр хонины 60 килограмм махны үнэ, нэг килограммын үнэ 4.500 төгрөг, бүгд 270.000 төгрөг, 1 эр ямааны 25 килограмм махны үнэ, нэг килограммын үнэ 3.600 төгрөг, бүгд 90.000 төгрөг, нийт 85 килограмм махны үнэ 360.000 төгрөг, нийт 6.420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Б.Ц., нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э., хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.С. нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц. нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие нь Б. овогтой Ш., Б.О. нарт 2012 оны 11 сард А.. сумын 01 дүгээр багийн нутаг болох Харын завсар гэдэг газар өвөлжиж байхад нь 400 гаран бог мал 2013 оны 3 дугаар сар хүртэл сарын 150.000 төгрөгийн хөлсөөр маллуулахаар тохирч өгсөн. Гэтэл 2013 онны 3 дугаар сард малаа автал 32 эр хонь, 16 эр ямаа, 8 ишиг, 4 хурга дутаасан байсан. Энэ талаар Ш.. хэлэхэд ах нь олж төлж өгнө, айлын хонь шүүе, С... начингийнх авсан байх гэх тайлбар өгч, хөлсөө өгчих гэсэн. Тэр үед ээж минь хүнд өвчтэй байсан мөн Б.Ш. төлж өгөх байх гэсэн тул бид хэл ам хийлгүй 300.000 төгрөг өгөөд үлдсэн 200.000 төгрөгөө дутаасан мал авчирч өгөөд аваарай гэсэн. 2012 оны 12 дугаар сард 2 эр хонь, 1 эр ямаа идшиндээ янзалж тавьчихаад тухайн үед мотоцикльтой явсан тул дараа нь 1 дүгээр багийн малчин Д.А.. очоод мах аваад ир гээд явуултал шувуу идчихсэн гээд өгөөгүй байсан. Дутсан малаа нэхэхээр бид сайн харсан хөлсөө авъяа одоо ч өнгөрөө биз гэх мэтээр хэл амаар дайрч доромжилж, манай нөхрийг нэхтэл нүүр рүү нь нулимж цохиж авсан байсан. Би хүнд өвчтэй ээжийгээ асарч нас барахад нь уй гашуу болсоор нэхэлгүй өдий хүрсэн. Иймд эр хонь 32 ширхэг х 150.000= 4.800.000, эр ямаа 16 ширхэг х 100.000= 1.600.000, ишиг 8 ширхэг х 40.000= 320.000, хурга 4 ширхэг х 50.000=200.000, эр хониний 2 ширхэг мах 60 кг х 5000= 300.000, эр ямааны 1 ширхэг мах 25 кг х 4000= 100.000, нийт 7.320.000 төгрөгийг Б.Ш., Б.О. нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх би нэхэмжлэл гаргахдаа нутгийн хүмүүс О., О. гэж дууддаг байсан учир О. нэрийг Отгонбаяр буюу О.гэж буруу бичиж нэхэмжилсэн.

Би Б.Ш.., түүний эхнэр М.О.. нарыг хариуцагчаар татсан болно. Мөн би шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа малын үнэ болон махны үнийг тухайн үеийн ханшаар бодоогүй өнөөгийн ханшаар бодсон тул нэхэмжлэлийн  шаардлагаа эр хонь 32 толгой, нэг бүрийн үнэ 135.000 төгрөг, эр ямаа 16 толгой, нэг бүрийн үнэ 90.000 төгрөг, хурга 4 толгой, нэг бүрийн үнэ 35.000 төгрөг, борлон 8 толгой, нэг бүрийн үнэ 20.000 төгрөг, нийт дутаасан 60 толгой бог малын үнэ 6.060.000 төгрөг, 2 эр хонины 60 килограмм махны үнэ, нэг килограммын үнэ 4.500 төгрөг, бүгд 270.000 төгрөг, 1 эр ямааны 25 килограмм махны үнэ, нэг килограммын үнэ 3.600 төгрөг, бүгд 90.000 төгрөг, бүгд 85 килограмм махны үнэ 360.000 төгрөг, нийт 6.420.000 төгрөг гаргуулахаар багасгаж байна. Би анх 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 472 тооны хонь, ямаа нийлсан бог малуудыг тоолж, Б.Ш., М.О. нарт хүлээлгэж өгсөн боловч 2012 оны жилийн эцсийн малын тооллогоор Б.Ш., М.О. нь манай тоологдох малын тоог багийн Засаг даргад явуулсан байсан юм. Тэр малын тоогоор би нэхэмжлэлээ бичсэн. Б.Ш., М.О. нар мал чинь зуданд үхсэн гээд хэдэн хурга, ишигний арьс, толгой үзүүлж байсан. Хонь, ямааны махны тухай манай бусад муулсан хониний мах дунджаар 25-35 килограмм татаж байсан учраас дундажлаад нэг хонины махыг 30 килограмм гэж, ямааны мах дунджаар 25-30 килограмм татаж байсан учраас 25 килограмм гэж тооцоолж, тухайн үеийн малын махны ханшаар тооцож нэхэмжилж байгаа юм. Б.Ш. гуайн эхнэр намайг дутаасан малын үнэ болон хонь, ямааны махны үнийг нэхэхээр элс, шороо цацаад элдэв үгээр хэлээд байдаг болохоор би түүнээс 1 удаа нэхээд, бусад үед нь Б.Ш.с нэхэмжилдэг байсан. Тэр өгнөө л гэж хэлдэг байсан. Хэргийн материалд Г.Б. мал тооллогын баримтыг гаргаж өгсөн нь манай нөхрийн нэрээр тоологдсон малын тоо юм. Нөхөр бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б.Ш., М.О. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие М.О. 2012 оны 10 сард Арбулаг сумын 1-р багийн нутаг Харын завсар гэдэг газар А.н өвөлжөөнд Б.Ц. нөхөр болох Г.Б. гуйж 2012 оны 10 сард 300 хонь ямаа хараад өгөөч гэж нөхөр бид хоёрыг өвөлжүүлсэн юм. Тэр жил цас ихтэй, хүйтэн, зуданд нөхөр бид хоёр ганц өвс тэжээлгүй мөн малаа харуулж Б. өвс тэжээл авч өгөөгүй хүндхэн өвөлжиж хавартай золгосон. Тэр хүнд жил малаа хариулуулчаад хавар нь хүний урманд хөрзөнгөө ч авалцаж өгөөгүй өвөлжүүлсэн айлын хашааны эзэн, айл саахалтын ганц хоёр хүмүүсийг гуйж хөрзөнгөө авсан. Нэхэмжлэхэд дурдсан эр хонь, эр ямааг мэдэхгүй байна. Хаанаас тийм зүйл гаргаж ирж бичсэнийг мэдэхгүй байна. Харин ишиг, хурга цас зуданд үхсэн. Тэрнээс бусад нь худал мэдэгдэл хүн гүтгэж байгаа учир миний бие гомдолтой, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний нэрийг Б.О. гэж худлаа бичиж аав, ээжээс заяасан алдар нэрийг худал бичиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа учир шүүх яах гэж худал нэрээр хүн шүүхэд дууддаг юм. Шүүхэд бас гомдолтой байна. Алдар нэрээ сэргээлгэж иргэнийхээ үндсэн нэрээр дуудуулмаар байна. Нэрээ олж авмаар байна. А-н амбаар нь шувуу ч ороод идэхээр нүх цоорхойтой амбаарт шувуу ороод идсэн юмыг яах юм. Тэр махаа цаг тухайд нь ирээд авахгүй яасан юм. Уг махыг харж хамгаалах үүрэг бид нарт байгаагүй. Мөн ээж нь 2014 онд бурхан болсон худлаа ярьж байна. Нэхэмжлэл дээр бичсэн малын үнэ тоо бүгд худлаа бичсэн. Үнэ нь ч одоогийн ханш байна. Тэр үед мал мах ямар үнэтэй байсныг мэдэхгүй байна. Өөрсдөө сайн мэдэж байгаа юм чинь өөрөө зарсан юм байгаа биз. Үүнтэй санал нийлэхгүй байна ингэж хүнийг гүтгэж болохгүй гомдолтой байна. Бид хоёрт алаад өгөөд явуулъя гэсэн ч машин тэрэг, унаа хөсөг байхгүй. Харин ч Г.Б-ы малыг үнэ хөлсгүй шахуу цөөхөн юм гээд харж өгсөн. Харин Г.Ба, Б.Ц хоёрт тус болсон байх. Төрөл садан хүмүүс гэж бодож байхад та хоёр харин үнэ хөлсөө ч бүрэн өгөлгүй олон малыг идсэн уусан гэж хүн гүтгэж доромжилсон шүү. Үнэхээр л мал дутсан бол тухайн үед нь чимээгүй өнгөрөхгүй, бид нараас нэхэх байсан нь ойлгомжтой. Гэтэл мал дутсан төлж өг гэх яриаг бид нартай нэг ч удаа яриагүй байснаа 7 жил өнгөрсний дараа гэнэтхэн хонь, мал дутсан гэж шүүхэд өгч, бид нараас юу авах гээд байгаа юм. Б.Ц, Г.Б нарт гомдолтой байна. 1 дүгээрт бүтэн нэрээ сэргээлгэж авмаар байна. 2 дугаарт маш их малын өрөнд дуугай байдлыг минь далимдуулан оруулж байгаа үйлдэлд гомдолтой, хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Ш, Б.О нарт холбогдуулан дутаасан 60 толгой бог малын үнэ 6.920.000 төгрөг, 85 килограмм хонь, ямааны махны үнэ 400.000 төгрөг, нийт 7.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн овог, нэрийг буруу бичсэн гэж тайлбарлаж, хариуцагч Б.Ш, түүний эхнэр М.Оюунгэрэл нарт холбогдуулан дутаасан 60 толгой бог малын үнэ 6.920.000 төгрөг, 85 килограмм хонь, ямааны махны үнэ 400.000 төгрөг, нийт 7.320.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоо тодруулж, хариуцагч Б.Ш., М.О. нар нэхэмжлэлийг гардан авч хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Б.Ц. нь Б.Ш., М.О. нараас 7.320.000  төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, эр хонь 32 толгой, нэг бүрийн үнэ 135.000 төгрөг, эр ямаа 16 толгой, нэг бүрийн үнэ 90.000 төгрөг, хурга 4 толгой, нэг бүрийн үнэ 35.000 төгрөг, борлон 8 толгой, нэг бүрийн үнэ 20.000 төгрөг, нийт дутаасан 60 толгой бог малын үнэ 6.060.000 төгрөг, 2 эр хонины 60 килограмм махны үнэ, нэг килограммын үнэ 4.500 төгрөг, бүгд 270.000 төгрөг, 1 эр ямааны 25 килограмм махны үнэ, нэг килограммын үнэ 3.600 төгрөг, бүгд 90.000 төгрөг, нийт 85 килограмм махны үнэ 360.000 төгрөг, нийт 6.420.000 төгрөг гаргуулна гэж тодруулсан байна.

Эр хонь 32 толгой, нэг бүрийн үнэ 135.000 төгрөг, эр ямаа 16 толгой, нэг бүрийн үнэ 90.000 төгрөг, хурга 4 толгой, нэг бүрийн үнэ 35.000 төгрөг, борлон 8 толгой, нэг бүрийн үнэ 20.000 төгрөг, нийт дутаасан 60 толгой бог малын үнэ 6.060.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Талуудын хооронд 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Мал маллуулах тухай” гэрээ байгуулагдсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож байх ба энэхүү гэрээгээр талууд гэрээний хугацааг 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 4 сар 15 хоногийн хугацаатай, ажлын хөлсөнд 1 сарын 150.000 төгрөг сар бүр төлөхөөр тохиролцсоноор зохигчдын хооронд “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдаж, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

2 эр хонины 60 килограмм махны үнэ, нэг килограммын үнэ 4.500 төгрөг, 1 эр ямааны 25 килограмм махны үнэ, нэг килограммын үнэ 3.600 төгрөг, нийт 85 килограмм махны үнэ 360.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Талуудын хооронд 2012 оны 12 дугаар сард “Даалгавар гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн “ ... А..н амбаар нь шувуу ч ороод идэхээр нүх цоорхойтой амбаарт шувуу ороод идсэн юмыг яах юм. Тэр махаа цаг тухайд нь ирээд авахгүй яасан юм. Уг махыг харж хамгаалах, үүрэг бид нарт байгаагүй...” гэсэн утга бүхий хариу тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.  

Дээрх гэрээнүүдэд заавал бичгээр хийгдэх хэлбэрийн шаардлага тавигдаагүй бөгөөд Иргэний хуульд заасан гэрээний үүргийн зохицуулалтанд хамаарч байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт: “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан байх ба нэхэмжлэгч нь хариуцагч нарыг дутаасан малын үнэ болон бог малын махны үнийг төлнө гэж явсаар өдий хүргэсэн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчаас хэзээ хэрхэн нэхэмжилж, сануулж байсан нь хэрэгт гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдохгүй байх тул гэрээний хугацаа дуусах өдрөөс шаардах эрх үүссэн гэж тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн А... сумын Засаг даргын тамгын газар хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймгийн А... сумын 6 дугаар баг, Г.Б. 2012 оны малын А дансны хуулбар, Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн: “Арбулаг сумын 1992, 1993 оны цаг агаарын дундаж температурын тухай” 196 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн Засаг дарга гэсэн тамга дарагдсан Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн 2012 оны 02 сарын мэдээ зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн холбогдож, нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байгаа нь тогтоогдохгүй байх тул үнэлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2. дахь хэсэгт: “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.  

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 155/ШШ2020/01620 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, регистрийн дугаар РЭ..7, Ш.. овогт Ш.Б.н А0320536 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн болохыг дурдлаа.  

Иймд дээр дурдаж буй үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Ц. нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ш., М.О. нарт холбогдох дутаасан 60 толгой бог малын үнэ 6.060.000 төгрөг, хонь, ямааны 85 килограмм махны үнэ 360.000 төгрөг, нийт 6.420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.Ц.йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

  1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 399 дүгээр зүйлийн 399.1, 72 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Ц. нэхэмжлэлтэй, Б.Ш., М.О. нарт холбогдох эр хонь 32 толгой, эр ямаа 16 толгой, хурга 4 толгой, борлон 8 толгой, бүгд дутаасан 60 толгой бог малын үнэ 6.060.000 төгрөг, 2 эр хонины 60 килограмм махны үнэ, 1 эр ямааны 25 килограмм махны үнэ, бүгд 85 килограмм махны үнэ 360.000 төгрөг, нийт 6.420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.САРАНТУЯА