| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0331/З |
| Дугаар | 221/МА2026/0610 |
| Огноо | 2026-08-25 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2026/0610
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн
Z Q-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н
Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Z Q
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн H T
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0632 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0331/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Z Q нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан ““Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Б.Г-ыг чөлөөлж, Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн H T-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн улсын бүртгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0632 дугаар шийдвэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Z Q-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан "Д" ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Б.Г-ыг чөлөөлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн H T-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн улсын бүртгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. “...Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ гадаад улсад үйлдэгдсэн баримт бичиг болон гадаад улсын хуулийн этгээдийн холбогдох баримт бичгийг баталгаажуулах олон улсын зарчим болон Монгол Улсын Их хурлын 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц"-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулиар батлагдсан олон улсын гэрээ болон тус олон улсын гэрээний үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар батлагдсан "Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын бүртгэл хөтлөх журам"-ын 3.4-д "Өргөдөлд хавсаргасан баримт бичиг нь гадаад улсад үйлдэгдсэн бол "Апостиль" гэрчилгээ, нотариатч, эсхүл нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн байна" гэсэн заалтыг хэрэглээгүй, холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглэсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Тодруулбал, Анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ: "....6. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам"-ын 3.1-д "Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд гаргана", 3.2-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ журмын Долоо, Найм, Ес, Аравт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээдийн тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байна", 3.3-д "Өргөдөлд хавсаргасан баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан хувийг хавсаргана", 3.4-д "Өргөдөлд хавсаргасан баримт бичиг гадаад улсад үйлдэгдсэн бол "Апостиль" гэрчилгээ, нотариатч, эсхүл нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн байна", 8.3.4-д "хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр тогтоол, хурлын тэмдэглэл; 8.3.5-д "үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримтыг хавсаргаж ирүүлэх" гэж тус тус бүртгэлийг хийхэд шаардлагатай баримтыг хэрхэн бүрдүүлж, гаргах талаар нарийвчлан зохицуулсан байна.
7. Нэхэмжлэгчээс хариуцагчийг бүртгэл хийхдээ компанийн тамга тэмдэг дараагүй, апостиль гэрчилгээ байхгүй, хүсэлт гаргасан H T нь төлөөлөх эрхгүй, нэхэмжлэгчид зарыг зохих журмын дагуу мэдэгдээгүй Компанийн тухай хууль зөрчсөн, мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргахад Монгол Улсын хилээр гарсан байхад улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь хууль бус гэх агуулгаар маргасан.
8. Тухайн тохиолдолд гүйцэтгэх захирлыг өөрчлөн бүртгүүлэхээр гаргасан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн өргөдөлд H T гэж бичиж, "Д" ХХК-ийн тамга дарагдсан, "Д" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, тэмдэглэл нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шаньдун мужид болсныг Монгол хэлээр орчуулсан байх боловч дээрх журмын 3.4-д зааснаар "Апостиль" гэрчилгээ, нотариатч, эсхүл нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүй байна..." гэж холбогдох хуулийн заалтуудыг зөв үндэслэсэн атлаа, мөн хэсгийн 10-д дараах дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх дараах буруу дүгнэлтийг хийжээ: "10. Гэвч маргаан бүхий бүртгэлийг хийх үед хуулийн этгээдийн мэдээлэл дээрх 51 хувийн хувьцаа эзэмшигчээр "L Y T H S Y" компани бүртгэлтэй, уг компанийн тамга дарагдсан хурлын тэмдэглэл, шийдвэр ирсэн байхад эрх бүхий этгээд биш гэж улсын бүртгэгч үзэх боломжгүй юм" гэсэн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна.
Учир нь Анхан шатны шүүх хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн H T-гаас 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөлд хавсаргасан баримт бичгүүд болон Гадаадын хуулийн этгээд болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээд L Y T X S Y-ийн дараах баримт бичгүүдийг ямар үндэслэлээр үнэн зөв гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Үүнд:
1) 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024-003 дугаартай "Хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах тухай" албан бичиг ІХятад, Монголоор үйлдэгдсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нотариатаар баталгаажуулаагүй, "Апостиль" гэрчилгээ байхгүй/
2) Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шандун муж Ли и хот, Ланшан дүүрэг Льюцин гудамж Жинхоу Бэй чэн минжтю 2А байр 2002 урд талд хаягт байрал, Л и Т аж үйлдвэр ХХК-ийн гэрчилгээ гэх баримт /Хятад, Монголоор үйлдэгдсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нотариатаар баталгаажуулаагүй, "Апстиль" гэрчилгээ байхгүй.
3) 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шаньдун муж-д үйлдэгдсэн гэх "Д" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр гэх баримтууд болон тухайн баримт бичигт дарагдсан хятад ханз бүхий тамгатай баримт
3. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Han Tao-гаас 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөлд хавсаргасан "Д Ю” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээдийн гэрчилгээний орчуулгаас харахад “Лин и Тиэнши аж үйлдвэр ХХК" гэх хуулийн этгээдийн гэрчилгээ байна. Гэтэл Улсын бүртгэлийн газраас шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас харахад Монгол Улсын бүртгэлд бүртгэлтэй "Д" ХХК- ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч нь "L Y T X S Y", эсхүл "Лин И Тиан Хүнс ХХК" гэсэн бүртгэлүүд байхад анхан шатны шүүх H T-гийн өргөдөлд хавсаргасан баримтын үнэн зөв мэтээр үзэж байгаа нь үндэслэлгүй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэх хуулбар баримт дээр бичигдсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын аж ахуйн нэгжийн нэр нь Монгол Улсын бүртгэлд бүртгэгдсэн нэрээс зөрсөн байхад шүүх уг баримтыг ямар үндэслэлээр үнэн зөв гэж үзээд байгаа нь ойлгомжгүй нотолгооны болон хууль зүйн үндэслэлгүй байна.
4. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд "10. Гэвч маргаан бүхий бүртгэлийг хийх үед хуулийн этгээдийн мэдээлэл дээрх 51 хувийн хувьцаа эзэмшигчээр L Y T H S Y компани бүртгэлтэй, уг компанийн тамга дарагдсан хурлын тэмдэглэл, шийдвэр ирсэн байхад эрх бүхий этгээд биш гэж улсын бүртгэгч үзэх боломжгүй юм" гэсэн туйлын эргэлзээтэй, зохиомол дүгнэлт хийжээ. Учир нь тухайн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, хурлын тэмдэглэл гэх баримтад дарагдсан Ханз үсгээр бичигдсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээдийн дардсыг шүүх ямар нэгэн баталгаажуулалтгүйгээр ямар үндэслэлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээд "L Y T X S Y"-ийн тамга дарагдсан байна гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байгаагийн улмаас шүүх хуулийн шаардлага хангаагүй баримтыг үнэн зөв гэж үзэж буруу шийдвэр гаргахад хүргэжээ.
5. Түүнчлэн Монгол Улсын хуулийн этгээд "Д” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээд "L Y T X S Y"-ийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн H T гэх иргэн ямар үндэслэлээр төлөөлж Монгол Улсын хуулийн этгээд өргөдөл гаргаад байгаа болон "Д" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг гаргаад байгаа тодорхойгүй, түүнийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээд "L Y T X S Y"-r төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэдгийг нотолсон баримт байхгүй байхад шүүх төлөөлөх эрхтэй мэт дүгнэлт хийгээд байгаа нь үндэслэлгүй байна.
6. Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн H T-гийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөл нь бүрдүүлбэр хангаагүй, өргөдөл хавсаргасан 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шаньдун муж-д үйлдэгдсэн гэх "Д" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр гэх баримтад 51 хувийн хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээд Lin Yu Tian Xi Shi Үе компанийн тамга тэмдэг дарагдсан, эрх бүхий этгээд нь гарын үсэг зурсан эсэх нь нотлогдоогүй, батлагдаагүй, өргөдөлд хавсаргасан "Лин и Тиэнши аж үйлдвэр ХХК"-ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ нь Монгол Улсын хуулийн этгээд “Д” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Lin Yu Tian Xi Shi Үе компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ мөн гэдэг нь Монгол Улсын олон улсын гэрээний дагуу баталгаажаагүй байхад шүүх тухай гэрчилгээ, тамга, тэмдэг, гарын үсгийг үнэн зөв гэж үзсэн нь хуульд нийцэхгүй, Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг ноцтой зөрчиж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Z Q- шүүхэд ““Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Б.Г-ыг чөлөөлж, Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн H T-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн улсын бүртгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч маргаан бүхий бүртгэлийг хийхдээ 1/ хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2/ үйлчилгээний хураамж төлсөн баримт, 3/ 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024-0003 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах тухай “Л И Т Ш Ш Е” ХХК-ийн хятад хэл дээрх шийдвэр, түүний орчуулга, 4/ хурлын зар мэдэгдсэн гэх зураг, 5/ Монгол шууданд төлбөр төлсөн баримт, 6/ “Д” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, 8/ мөн өдрийн хурлын шийдвэр хятад хэлээр болон орчуулгын хамт, 9/ H T Бүгд Найрамдах Хятад Ард Улсын паспорт нотариатаар батлуулсан хуулбар, 10/ Z Q--н Монгол улсад оршин суух үнэмлэх болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын паспорт зэрэг бүрдүүлж өгсөн баримтуудыг тус тус үндэслэн “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Б.Г-ыг чөлөөлж, Бүгд найрамдах хятад ард улсын иргэн H T-г гүйцэтгэх захирлаар томилсон улсын бүртгэлийг хийжээ.
3. Уг бүртгэл хийгдэх үед “Д” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Л И Т Ш Ш Е” ХХК, 49 хувийн хувьцаа эзэмшигч нь Z Q- бүртгэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4. Анхан шатны шүүх шийдвэртээ “…гүйцэтгэх захирлыг өөрчлөн бүртгүүлэхээр гаргасан … өргөдөлд H T гэж бичиж, “Д” ХХК-ийн тамга дарагдсан, “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл нь БНХАУ-ын Шаньдун мужид болсныг Монгол хэлээр орчуулсан байх боловч дээрх журмын 3.4-д зааснаар Апостиль гэрчилгээ, нотариатч, эсхүл нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүй байна” гэж дүгнэсэн атлаа “ маргаан бүхий бүртгэлийг хийх үед хуулийн этгээдийн мэдээлэл дээрх 51 хувийн хувьцаа эзэмшигчээр “Л И Т Ш Ш Е” ХХК бүртгэлтэй, уг компанийн тамга дарагдсан хурлын тэмдэглэл, шийдвэр ирсэн байхад эрх бүхий этгээд биш гэж улсын бүртгэгч үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
5. Мөн шүүхээс “...дээрх маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу субьектив эрх хөндөгдөх үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч байх ба компанийн гүйцэтгэх захирал томилсон шийдвэрийг бүртгэснээр түүний хувьцааны хэмжээ өөрчлөгдөөгүй, өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гараагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
6. Апостиль гэрчилгээ, нотариатын баталгаа зэрэг нь баримт бичгийг баталгаажуулдаг хэрэгсэл бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22.1 , 22.3-т зааснаар улсын бүртгэл хийлгэхэд бүрдүүлж өгөх баримтын жагсаалтад Апостиль гэрчилгээ, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байхыг шаардаагүй учраас бүрдүүлэх үүрэггүй гэж үзэхгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/208 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3.4-д зааснаар “Д” ХХК-ийн өргөдөлд хавсаргасан баримтууд нь БНХАУ-д үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд Апостиль гэрчилгээ, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хариуцагчийн зүгээс хангаж ажиллаагүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэсэн зарчимд нийцэхгүй.
7. Түүнчлэн “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шаньдун мужид болсон байх талаар тухайн баримтад дурдсанаас үзвэл гадаад улсад үйлдвэрлэгдсэн баримтууд дээрх журамд заасан шаардлага хангасан эсэхийг улсын бүртгэгч шалгаж, хангаагүй бол татгалзах үүрэгтэй.
8. Нэхэмжлэгчийн хувьд тухайн компанийн 49 хувийн хувьцааг эзэмшигчийн хувиар Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан гүйцэтгэх удирдлагын багийн эрх хэмжээг тогтоох, компанийн гүйцэтгэх захирлыг сонгох, дуусгавар болгох зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн субьектив эрх хөндөгдөх, түүний хувьцааны хэмжээ өөрчлөгдөөгүй, өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 128/ШШ2026/0632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.4-д зааснаар нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Z Q--ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Б.Гыг чөлөөлж, Бүгд найрамдах хятад ард улсын иргэн H T-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн улсын бүртгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Z Q--аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР