Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/02604

 

 

2020 09 30             183/ШШ2020/02604

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Г.Б-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э Г Б сургалтын төвд холбогдох

Сургалтын төлбөр 9 405 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Г.Б-ий шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь 3 настай охин Б.М, охин Б.Э нарыг Э Г цэцэрлэгт сургахаар тус цэцэрлэгтэй 2019.08.23-ны өдөр Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг тус бүр байгуулсан. Гэрээний дагуу миний бие нийт 09 сар буюу 09 сарын 01-ний өдрөөс 06 сарын 30-ны өдрийг хүртэл хоёр охин цэцэрлэгт явуулахаар нийт 18 810 000 төгрөг төлсөн болно. Гэвч шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарч, би хүүхдээ Э Г цэцэрлэгт явуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн гэр бүлийн хүсэн хүлээж байсан хичээлийн хагас жилийн төлсөн төлбөртэй тэнцэхүйц үр дүн, үйлчилгээ, сургалт, (бие бялдрын хөгжлийн чухал хичээлүүд болох биеийн тамир, балет, усан бассейн зэрэг сургалтууд явагдаагүй), хоол хүнсийг огт авч чадаагүй болно. Э Г цэцэрлэгийн удирдлагын зүгээс 2020 оны 04 сарын 17 өдөр гаргасан сургалтын төлбөрийн тухай мэдэгдэл нь хэт нэгталыг барьсан, бидэнд хохиролтой шийдвэр гаргасан. Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс 2020 оны 04 сарын 27-ны өдөр Э Г цэцэрлэгийн захиргаанд албан шаардлага хүргүүлсэн боловч тус цэцэрлэгийн зүгээс 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 20/12 дугаар шаардлагад хариу хүргүүлэх тухай албан бичгээр бидний шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд би 2019 оны 08 сарын 23-ны өдрийн Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнүүдээс татгалзаж гэрээний дагуу төлсөн төлбөрийн 50 хувь болох 9 405 000 төгрөгийг 2020 оны 06 сарын 10 өдөр буцаан олгож тухай мэдэгдлийг 2020 оны 06 сарын 04-ний өдөр Э Г Б сургалтын байгууллагад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл сургалтын төлбөр болох 9 405 000 төгрөг төлж барагдуулахаар ямар нэгэн хариу өгөхгүй байна. Иймд 2019 оны 08 сарын 23-ны өдрийн Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнээс татгалзсан тул Монгол Улсын Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-т Ажиллагч ажлынхаа хөлсийг бухэлд нь эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цүцлагдсан бол урьд олгосон хөлсийг бүцаан төлүүлнэ гэж заасны дагуу Э Г Б сургалтын байгууллагаас сургалтын төлбөр болох 9 405 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Э Г Б сургалтын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Э Г цэцэрлэг нь нэхэмжпэгч Г.Б-тэй 2019 оны 8 дугаар сарын 23-ний өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг байгуулж, түүний дагуу 3 настай охин Б.М, охин Б.Э нарыг тус цэцэрлэгт сургахаар харилцан тохиролцож, сургалтын төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 18 810 000 төгрөгийг төлсөн. Улмаар Э Г цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдаж байсан боловч Дэлхий нийтэд Ковид-19 буюу шинэ төрлийн короновирус гэх цар тахал гарч уг тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол улсын онцгой комиссоос мөн өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд улмаар Улсын онцгой комиссоос шат дараалсан шийдвэр гарсаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үндсэнд нь зогсоож шийдвэрлэсэн. Улмаар дээрх үйл явдал буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас ганцхан тус цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан бус улс даяараа дээрх нөхцөл байдлын улмаас хүнд нөхцөл байдалд орж олон аж ахуй нэгж байгууллагууд хаалгаа барьсан. Харин Э Г цэцэрлэгийн зүгээс хэдий цэцэрлэгтээ хүүхдүүдэд биет байдлаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломж нь биднээс үл шалтгаалах асуудлаас болж үргэлжлэх боломжгүй болсон хэдий ч сургалтын байгууллага тэр дундаа сургуулийн өмнөх насны боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллагын нэр хүнд, түүнчлэн талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээ зэргээ ухамсарлаж хүүхдүүддээ чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео хичээл бэлтгэж хүүхдүүддээ хүргэх зэрэг арга хэмжээг цаг үргэлж явуулсаар ирсэн. Цэцэрлэгийн үйл ажиллагааны тухайд төсөв бүтэн жилээр батлагддаг тул төсөвт тусгагдсан үйл ажиллагаагаа хэвийн явуулж хэдий хүүхдүүд ирэхгүй байгаа ч гэсэн цэцэрлэгийн зүгээс хүүхдүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар байгаа. Мэдээж цар тахлын улмаас цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа боловч бусад хувийн цэцэрлэгийн жишгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд эцэг эхчүүдээс сургууль цэцэрлэгийг хаах Улсын онцгой комиссын шийдвэр гарснаас хойших сургалтын төлбөрийн үлдэгдлээ буцаан авах хүсэлтийг эрчимтэй гаргах болсон. Гэрээний хугацаа 10 сарын хугацаатай байсан. Нэхэмжлэгч талын гэрээний 50 хувийг нэхэмжилж байгаа бөгөөд уг гэрээний 7.5.2-д зааснаар төлбөрөөс 20 хувийг суутгана. 9 405 000 төгрөгийн 20 хувь буюу 3 762 000 төгрөгийг суутган авч, үлдэгдэл 5 643 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

 

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,             

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Э Г Б сургалтын байгууллагад холбогдуулан сургалтын төлбөр 9 405 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 

 

Талуудын хооронд 2019 оны 08 сарын 23-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ байгуулагдаж, .......... дугаар гэрээгээр 5 настай Э-г 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 06 сарын 30-ны өдөр хүртэл, ........... дугаар гэрээгээр 3 настай М-ыг 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 06 сарын 30-ны өдөр хүртэл тус тус цэцэрлэгт хамруулах, хүүхдийг цэцэрлэгт хамруулах хугацаанд 9 900 000 төгрөгийн төлбөртэй сургаж хөгжүүлэх, эрүүл зөв хооллох, хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшүүлэхүйн дэмжих зорилготой боловсролын цөм хөтөлбөр болон Канад улсын Октарион мужийн сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөөр баяжуулсан сургалтын ажлыг тогтмол, чанартай зохион байгуулахаар тохиролцжээ. /хх-ийн 5-12/

 

Дээрх гэрээний дагуу 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 8 сарын 26-ны өдөр 8 405 000 00 төгрөг, 2019 оны 12 сарын 12-ны өдөр 8 405 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар болон талуудын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаангүй байна. /хх-ийн 9-21/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарч, би хүүхдээ Э Г цэцэрлэгт явуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн. ...иймд төлсөн төлбөрийн 50%-ийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. гэснийг хариуцагчийн төлөөлөгч ...Цэцэрлэгийн үйл ажиллагааны тухайд төсөв бүтэн жилээр батлагддаг тул төсөвт тусгагдсан үйл ажиллагаагаа хэвийн явуулж хэдий хүүхдүүд ирэхгүй байгаа ч гэсэн цэцэрлэгийн зүгээс хүүхдүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар байгаа. Мэдээж цар тахлын улмаас цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа боловч бусад хувийн цэцэрлэгийн жишгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд эцэг эхчүүдээс сургууль цэцэрлэгийг хаах Улсын онцгой комиссын шийдвэр гарснаас хойших сургалтын төлбөрийн үлдэгдлээ буцаан авах хүсэлтийг эрчимтэй гаргах болсон. Гэрээний хугацаа 10 сарын хугацаатай байсан. Нэхэмжлэгч талын гэрээний 50 хувийг нэхэмжилж байгаа бөгөөд уг гэрээний 7.5.2-д зааснаар төлбөрөөс 20 хувийг суутгана. 9 405 000 төгрөгийн 20 хувь буюу 3 762 000 төгрөгийг суутган авч, үлдэгдэл 5 643 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй... гэж тайлбар гаргажээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ...Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заажээ.

 

Хариуцагчийн тайлбар татгалзал, үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан бөгөөд дэлхий нийтэд тархсан Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосонтой холбоотой сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоосон нь нийтэд илэрхий үйл баримт байна.

 

Уг байдлын улмаас талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжих нөхцөл өөрчлөгдөж, цэцэрлэгийн зүгээс хүүхдүүдэд гэрээр хоол болон видео хичээлийг хүргүүлж, сургалтын үйл ажиллагааг явуулсан гэх боловч энэ талаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч уг үйл ажиллагаанд хамрагдаагүй гэх тайлбар гаргажээ.

 

 

 

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-т Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь сургалтанд хамрагдаагүй хугацааны сургалтын төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас болон зохигч талуудын тайлбар зэргээр охин Эгшиглэн, Охин Марал нар нь 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 1 сарын 27-ны өдрийг хүртэл Э Г цэцэрлэгт хамрагдаж, үйлчилгээ авсан байх энэ хугацааны төлбөрийг 1 хүүхдээр тооцоход 4 702 500 төгрөг, нийт 9 405 000 төгрөг болж байна. Үүнийг нийт төлсөн төлбөр болох 18 810 000 төгрөгөөс хасаж тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнтэй тохирч байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч тал талуудын байгуулсан гэрээний 7.5.2-т Эцэг, эх хүүхдээ гэрээний хугацааны 50% хүртэлх хугацаанд цэцэрлэгт хамруулсны дараа гэрээг дуусгавар болгохоор хүсэлт гаргасан бол гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй ба элсэх хүүхдийн тоо хязгаарласны торгуулийг хамрагдаагүй үлдсэн хугацаанд ноогдох төлбөрөөс 20%-иар суутган авч эцэг эхэд буцаан олгоно.гэсний дагуу төлбөрөөс 20%-ийг суутгуулна гэсэн нь дараах үндэслэлгүй юм.

 

Тодруулбал, талуудын байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон дээрх нөхцөлд хэн аль нь буруутай гэх үндэслэлгүй тул талуудын байгуулсан гэрээний хариуцлага ноогдуулсан заалтыг хэрэгжүүлэх боломжгүй юм.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э Г  Б сургалтын байгууллагаас 9 405 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 165 430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э Г Б сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 165 430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ