| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00718/и |
| Дугаар | 153/ШШ2020/00574 |
| Огноо | 2020-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 153/ШШ2020/00574
| 2020 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2020/00574 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ........ оршин суух, ........овогт Л-ийн М-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 153/2020/00718/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Л.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 оны 08 сарын 11 -нд Ховд аймгийн Ховд сумын Рашаан гэх газарт төрсөн. 60 настай. Ам бүл 9. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 1973 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад ар гэрийн гачигдлаар 3-р ангиас сургуулиас гарч хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1984 оны 06 сарын 05-нд цэрэгт татагдан барилгын цэргийн 022 дугаар ангид алба хааж, 1987 оны 08 сарын 08 -нд цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын 4-р бригадад мал маллаж байгаад 1989 оны 12 сарын 20-нд Б.Меруеттэй гэр бүл болж Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт 1990 оны 03 сарын 13-нд шилжин ирж өнөөдрийг хүртэл тус сумандаа мал малласаар амьдарч байна.
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд миний Ховд аймгийн Ховд сумын 4-р багт малчинаар ажиллаж байсан үеийн холбогдох хөдөлмөрийн хөлсний баримт бичиг, хөдөлмөрийн дэвтэр зэргийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болж тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч байна.
Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадад 1982 оны 01 сарын 01 - нээс 1984 оны 06 сарын 04 -нийг хүртэл, 1987 оны 08 сарын 08 -наас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.МХовд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргы тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 163 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадын 70 дугаар данс, 1980-1984, 1987-1988 онуудын хөдөлмөрийн хөлсний түүвэрүүд /хх-ийн 4-11 дүгээр тал/
2.1982 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 12-21 дүгээр тал/
3.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 22 дугаар тал/
4.Гэрч А.Санахын... Миний бие нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1976 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1982 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хонь, ямаа, үхэр маллаж байсан. Миний бие нь 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Л.М нь сургууль соёл төгсөөгүй бага ангиасаа сургуулиас гарсан. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийн хамт мал маллаж байсан. 1984-1987 онуудад цэргийн алба хаасан юм. Нэгдлийн үхрийн фермийн үхэр маллаж байсан. Ээж нь саальчин байсан. Мгийн аавыг Лай, ээжийнх нь нэрийг Жария гэдэг байсан. Л.М нь айлын 5 дахь хүүхэд дээрээ хоёр ах, хоёрэ эгчтэй байсан. Л.Мйг манайхан Сунадаг шар гэж хочилж дууддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ......... М-г Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ