| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00494/и |
| Дугаар | 153/ШШ2020/00575 |
| Огноо | 2020-08-19 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 153/ШШ2020/00575
| 2020 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2020/00575 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар .............тоотод оршин суух, .......... овогт Ц-ийн Ц-н нэхэмжлэлтэй охин Д.Э-ын асран хамгаалагчаар тогтоолгож, 1995 онд үрчилсэнийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00494/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Ц.Ц нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1994 оны сүүлээр нөхөр Д. танилцаж 1995 оны 5 сараас нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн. Тухайн үед нөхөр Д******* нь 2 настай охинтойгоо амьдардаг байсан. Энэ мөчөөс эхлэн охин Д.******* миний асрамжинд өссөн. Д.Дж бидний дундаас 1999 оны 02 сард хүү Д.Ням-Эрдэнэ, 2001 оны 11 сард хүү Д.Б, 2006 оны 11 сард охин Д.П нар төрсөн. Миний бие нь 4 хүүхэдтэй Алдарт эхийн 2 дугаар одонг 2011 онд авч байсан. Би төрд 30 гаран жил ажилласан бөгөөд 4 хүүхэдтэй гэдгээр тэтгэвэрт гарах гэтэл том охины маань бүртгэл нь гарч ирэхгүй байгаа тул Ц.Ц нь Д.*******ын асран хамгаалагч мөн гэдгийг тогтоолгох, Д.*******ыг 1995 онд үрчилсэнийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах шаардлагатай болоод байна. Охин Д.******* нь одоо тусдаа гарсан бөгөөд нөхөр хүүхдийнхээ хамт амьдардаг. Иймд Ц.Ц намайг охин Д.*******ын асран хамгаалагчаар тогтоолгож, Д.*******ын 1995 онд үрчилсэнийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаа өөрчилсөн хүсэлтдээ: Миний бие нь тус шүүхэд охин Д.*******ын асран хамгаалагчаар тогтоож, 1995 онд үрчилсэнийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан. Би нөхөр Д.Д*******той танилцаж 1995 оны 5 сараас нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн бөгөөд тухайн үед нөхөр Д******* нь 2 настай охинтойгоо амьдардаг байсан. Энэ мөчөөс эхлэн охин Д.******* миний асрамжинд өссөн. Охин Д.*******ыг гуравдагч этгээдээр татаж хүсэлтийн хувийг гардуулсан. Охин маань намайг өсгөсөн ээж нь мөн гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүүлсэн байна. Мөн Д.Д******* бидний дундаас 1999 оны 02 сард хүү Д.Ням-Эрдэнэ, 2001 оны 11 сард хүү Д.Бат-Эрдэнэ, 2006 оны 11 сард охин Д.Пүрэвдулам нар төрсөн. Миний бие нь 4 хүүхэдтэй Алдарт эх-ийн 2 дугаар одонг 2011 онд авч байсан. Төрд 30 гаран жил ажилласан бөгөөд 4 хүүхэдтэй гэдгээр тэтгэвэрт гарах гэтэл том охин Д.*******ын бүртгэл гарч ирэхгүй байгаа бөгөөд Ц.Ц намайг охин Д.*******ын асран хамгаалагч өсгөсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба одоо миний нэхэмжлэлийн шаардлага охин Д.*******ыг асран хамгаалж, өсгөсөн болохыг тогтоож, үрчлэлтийг улсын бүртгэлд нөхөж бүртгэхийг даалгах тухай юм. Би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь Д.*******ын асран хамгаалагч мөн гэдгийг тогтоолгох, Д.*******ыг 1995 онд үрчилсэнийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийн шаардлагаа өөрчилж Ц.Ц намайг охин Д.*******ын асран хамгаалж, өсгөсөн болохыг тогтоож, Д.*******ыг 1995 онд үрчилсэнийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэж шаардлагаа өөрчилжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч Ц.Цг охин Д.*******ын асран хамгаалагч, өсгөсөн болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Учир нь нэхэмжлэгч Ц.Цэцэхараацай нь 1995 оны 5 сараас эхлэн Д.Д*******той нэг гэрт амьдарч охин Д.*******ыг асран хамгаалж өсгөж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
а/ Ц.Цн №311428 дугаартай Алдарт эхийн 2-р одонгийн үнэмлэхний хуулбар /хэргийн материалын 7-р тал/
б/ Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 175 дугаартай албан бичиг / хэргийн материалын 11-р тал/
в/ Гэрч Д.Д*******ийн: ...Би эхнэр Ц.Цтай 1994 онд танилцсан. Би 1995 оны 5 сард Ц.Цтай гэр бүл болж хамт амьдарсан. Гэрлэлтийн баталгаагаа 1997 онд авсан. 1992 оны 12 сараас 1993 оны 12 сар хүртэл эхнэр Г*******тай хамтран амьдарч байсан. Г******* нь 1993 оны 8 сарын 25-ны өдөр охин *******аа төрүүлсэн. Төрөөд сарын дараа савны хий хөөрч сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн. Сэтгэцийн өөрчлөлттэй болоход нь Г*******ын эцэг, эх нь ирээд түүнийг аваад явсан. Би охиноо Цтаа амьдрах хүртэл ганцаараа өсгөж байсан. Сүүлд сонсоход нас барсан гэж дуулдсан. Би 1995 оны 5 сард Цтай гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Манайх 4 хүүхэдтэй айл, эхнэр маань Алдарт эхийн 2 дугаар одонг авч байсан. ******* нь ээжийгээ мэдэхгүй. Цг л ээжийгээ гэж бодож өссөн. Охин маань арван жилийн сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод сургуульд явсан. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаа гэх мэдүүлэг /хэргийн материалын 28-29р тал/
г/ Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******ын :... Миний бие Ц.Цг өөрийн асран хамгаалагчаар иргэний бүртгэлд бүртгэхийг зөвшөөрч байна гэх тайлбар зэргээр Ц.Ц нь 1993 оны 08 сарын 25-нд төрсөн охин Д*******ийн *******ыг 1995 оны 5 сараас хойш асран хамгаалж, өсгөсөн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хүсэлтийн шаардлагаа өөрчлөхдөө Д.*******ын асран хамгаалагч өсгөсөн болохыг тогтоолгох гэж тодорхойлсон боловч шүүх хуралдаан дээр асран хамгаалж, өсгөсөн болохыг тогтоолгох гэж тодруулсаныг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.14-д Тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтооно гэж хуульчилсан ба нэхэмжлэгч Ц.Цг охин Д.*******ыг 1995 оны 5 сараас эхлэн асран хамгаалж, өсгөсөн болох үйл баримтыг тогтоох боломжтой гэж үзсэн болно. Иймд энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Охин Д.*******ыг үрчилсэнийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах шаардлагын хувьд:
Охин Д.******* нь *******ын Д*******, Ц*******ийн Г******* нарын гэр бүлд 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болох нь 2020 оны 04-р сарын 14-ний өдрийн Дугаар 126/002955 тоот Төрсний бүртгэлийн лавлагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Ц нь *******ын Д******* /охин Д.*******ын эцэг/ -той 1997 онд гэр бүл болсон нь ПА №110 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр /хэргийн материалын 8-р тал/ тогтоогдож байгаа ба Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар Ц.Ц болон охин Д.*******ын хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүссэн байна. Иймд охин Д.*******ыг үрчилсэн гэж үзэх боломжгүй. Мөн хэргийн материалын 9 дугаар хуудсанд ГА 493 дугаартай Д*******ийн *******ын төрсний гэрчилгээний хуулбар байх ба энэхүү гэрчилгээний хуулбар дээр эцгийн мэдээлэл хэсэгт Д, эхийн мэдээлэл хэсэгт Ц Ц гэсэн тэмдэглэл байх ба үүнийг нэхэмжлэгч нь тайлбарлахдаа анх бичиг баримтыг нь хөөцөлдөж байх үед энэ гэрчилгээ олгогдсон гэж тайлбарладаг, мөн бодит байдалд охин Д.Э-ыг Ц.Ц нь төрүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул ПА№110 дугаартай төрсний гэрчилгээг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үзээгүй тул үнэлээгүй болно.
Мөн нэхэмжлэгч Ц.Ц нь Д.Э-ыг үрчилсэнийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах шаардлагыг гаргасан ба энэхүү үрчлэлтийг улсын бүртгэлд нөхөж бүртгэх ажиллагааг Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар Улсын бүртгэлийн газар эрхлэн явуулдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан нийтийн эрх зүйн этгээдтэй холбоотой маргаан байна гэж дүгнэлээ. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд энэхүү шаардлагыг гаргах болсон үндэслэлээ тодорхойлохдоо Нийгмийн датагалалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэсэн нөхцлөөр тэтгэвэрт гарах хүсэлттэй байгаа ба үүнд хамрагдахад 4 хүүхдийг өөрөө төрүүлсэн, эсхүл 3 хүртлэх настайд нь үрчилсэн байхыг шаардаж байх тул шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.
Бодит байдал дээр нэхэмжлэгч нь охин Д.Э-ыг 1995 оны 5 сараас эхлэн /3 нас хүрээгүй байхаас нь / асран хамгаалж, өөрийн асрамжинд байлгаж төрсөн болон үрчилсэн эх шиг нь өсгөсөн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн хүсэл сонирхол нь энэхүү хуулийн хөнгөлөлтөнд хамрагдахыг хүссэн боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэмгэмжийн тухай хуульд 3 хүртлэх настайгаас нь өсгөсөн хойд эхийн тухай зохицуулаагүй байна. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна гэж хуульчилжээ. Иймээс 3 хүртлэх насанд хүрээгүй байхад нь хойд эх нь болж өсгөж, хүмүүжүүлсэн байдлыг мөн насанд хүрээгүй байхад нь үрчилж авсантай дүйцүүлж, төсөөтэй хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Ц.Цг 1993 оны 08 дугаар сарын 25-нд төрсөн охин Д*******ийн *******ыг 1995 оны 5 сараас эхлэн асран хамгаалж өсгөсөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар Ц.Ц нь 1995 онд охин Д.Э үрчилснийг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлоголд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ