Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/100

 

                          

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Ц.Ганцэцэг, иргэний нэхэмжлэгч Ц.Ө, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Мөнх-Очир, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303 00586 0562 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн Б.Б, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ** тоотод оршин суудаг, ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч *** овогт Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 23 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цамбагарав үйлчилгээний төвийн зүүн урд замд, Тоёота приүс маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох Ц.Ө, Д.Ц нарыг мөргөж, Ц.Ө-ын эрүүл мэндэд “баруун тохойд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол, Д.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, ** овгийн Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Toyota Pruis-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цамбагарав үйлчилгээний төвийн зүүн талын хорооллын зам руу орох гарц дээр баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч... -д зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, 23 цаг 50 минутын үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Ө, Д.Ц нарыг мөргөж, Ц.Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд “баруун шаант ясны дээд булууны гадна дээд хэсэгт үе дайрсан сэлтэрсэн далд хугарал, тахилзуур ясны эпиметафиз хэсгийн зөрүүгүй сэлтэрсэн хугарал, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар саатуулах хүндэвтэр гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үед шөнө байсан, хүн байхгүй байсан тул баруун эргэсэн. Урдаас ирж байгаа автомашины гэрэл маш тод тусаж байсан. Тэгээд үзэгдэх орчин хязгаарлагдаж санаандгүй хохирогч нарыг мөргөсөн. Хохирогч нараас уучлалт гуйж байна...” гэж;

- Иргэний нэхэмжлэгч Ц.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээний зардалд манай ээжийнх 120,000 төгрөг, минийх 160,000 төгрөг болсон. Мөн такси үйлчилгээний зардалд 122,340 төгрөг зарцуулсан. Ээжийн сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Манай ээж 8 сард хадаас авхуулах мэс засалд орно....” гэж тус тус мэдүүлцгээв.

Дээрх мэдүүлгүүд болон улсын яллагч, өмгөөлөгч нарын шинжлэн судалсан дараах нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт буюу нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Хохирогч Д.Ц-ын: “...2023 оны 08 дугаар сарын 23 аас-24 нд шилжих шөнө охин Ө-ын хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Цамбагаравын урд талын явган хүний гарцаар гараад дуусаж байхад машин ирж мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал);

2. Иргэний нэхэмжлэгч Ц.Ө-ын: “...2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 40 минутын орчим ээж Ц-ын хамт эгчийнхээ гэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн нутаг, Цамбагаравын хойд талын автобусны буудал өнгөрөөд замынхаа араар, М март дэлгүүрийн зүүн урд талын явган хүний гарцаар гараад дуусах гэж байтал төв замаас баруун эргэж ирсэн машин бид хоёрыг мөргөөд газарт унагаасан...Би газарт унахад миний харааны нүдний шил шидэгдээд газарт унасан, машин мөргөсөн газартаа зогсоогүй хойшоогоо чигээрээ явж байгаад 5 орчим метрийн зайд зогссон. Манай ээж босох гэтэл босож чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал);

3. Иргэний нэхэмжлэгч /ЭМДЕГ/ Д.Г-ийн: “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 120,000 төгрөг гарсан, хохирлыг гаргуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал);

4. Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10937 дугаартай:Д.Ц-ын биед баруун шаант ясны дээд булууны гадна дээд хэсэгт үе дайрсан сэлтэрсэн далд хугарал, тахилзуур ясны эпиметафиз хэсгийн зөрүүгүй сэлтэрсэн хугарал, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал);

5. Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10936 дугаартай:Ц.Ө-ын биед баруун тохойд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал);

6. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч болон гэрэл зургууд (хавтаст хэргийн 8-12 дахь тал);

7. Баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Д.Ц-оос гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 107-113 дахь тал), иргэний нэхэмжлэгч Ц.Ө-аас гаргаж өгсөн гэм хорын талаарх баримтууд (хавтаст хэргийн 114-116 дахь тал), Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Баримтын дагуу хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 125 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэв.

 

               Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн өмгөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа төв замаас туслах зам /хороолол доторх зам/-руу баруун гар тийш эргэхдээ явган хүний тэмдэг, тэмдэглээ бүхий гарцаар зам хөндлөн гарч явсан хоёр явган зорчигчийг мөргөсөн үйлдлийг тогтооход тусгай мэдлэг шаардлагагүй бөгөөд тухайн үйлдэл нь ямар хууль дүрмийн ямар зүйл хэсэг заалтыг зөрчсөн эсэхийг хууль зүйн арга хэрэгслээр тогтоох учиртай. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч болон гэрэл зураг болон мэдүүлгээр шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэл нь хангалттай тогтоогдож байна.

Харин тээврийн хэрэгслийн хурд, бүрэн бүтэн байдал, замын нөхцөл, үзэгдэх орчин, хоёр биетийн харилцан үйлчлэл, мөргөлдөх үеийн болон дараах үеийн чиглэл байрлал, үрэлтийн хүч болон хадгалагдсан инерцийн үйлчлэл зэрэг нөхцөл байдлыг хууль зүйн     арга хэрэгслээр тогтоох боломжгүй тул тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгодог онцлогтой. Ийм учраас мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчигдсөн талаарх Мөрдөгчийн магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно.” гэж зааснаар хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй  оролцсон болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10937 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Ц-ын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10936 дугаар шинжээчийн дүгнэлтээр Ц.Ө-ын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарч байх тул хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Гэхдээ иргэний нэхэмжлэгч Ц.Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь энэ гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй тул түүнийг хохирогч гэж үзэхгүй бөгөөд тухайн үйлдлийг гэм буруутайд тооцохгүй.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган хүний гарц дээр хүн мөргөсөн үйлдэл болон хохирогч Д.Ц-ын биед учирсан гэмтлүүд нь харилцан хамааралтай, шалтгаан холбоотой байх бөгөөд хохирогч Д.Ц-ын биед учирсан гэмтлүүд нь тухайн ослын үед үүссэн шинэ гэмтлүүд болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б-ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

УИХ-аас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж оногдуулах ялыг хүндрүүлсэн өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байна.

Иймд хууль хэрэглээний хувьд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан болон хууль хэрэглэх үед дагаж мөрдөж байгаа хоёр хуулийн алийг нь хэрэглэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Тодруулбал, хууль буцаан хэрэглэх эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг журамлана гэсэн үг.

Энэ хэрэг гарах үед буюу 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заагаагүй байсан юм. Харин 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн өөрчлөлтөөр тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар хуульчилсан байна.

Ийнхүү хуулийн шинэ өөрчлөлтөөр оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг журамлан мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ...хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ц-оос эмчилгээтэй холбоотой 460,369 төгрөг, шатахуунд 25,000 төгрөг, нийт 485,369 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Ө-аас эмчилгээтэй холбоотой 192,976 төгрөг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч Б.Б төлж барагдуулсан, харин хохирогч Д.Ц-ын Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний 120,000 төгрөг төлөгдөөгүй байна.  

Шүүхийн шатанд хохирогч Д.Ц-оос “UBcab” такси үйлчилгээ авсан 122,340 төгрөгийн баримтыг шинээр гаргаж өгсөн, иргэний нэхэмжлэгч Ц.Ө “эрүүл мэндийн даатгалын сангаас 160,000 төгрөгийн үйлчилгээ авсан” гэж мэдүүлсэн байна.

Улсын яллагч:” Хохирогч Д.Ц-ын эмчилгээ үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 120,000 төгрөгийг зарцуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах, такси үйлчилгээний зардал 122,340 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах, хохирогч Б.Ц-ын цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох  550,000 төгрөгийг 13 дахин үржүүлж 7,150,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: “хохирогч Ц нь өндөр настай ээжийгээ асардаг, ажилд орох гэж байсан боловч осолд орж хөл нь гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа алдаж сэтгэл санааны гүн хямралд орсон, нүдний болорт нь өөрчлөлт орсон. Хохирогч Ц-ын цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү, мөн сэтгэцэд учирсан гэм хорын уршиг 3 дугаар зэрэглэлд хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 11,000,000 төгрөгөөр тогтоож гаргуулж өгнө үү...” гэв.

 

Шүүх хохирогч Д.Ц-оос нэхэмжилсэн такси үйлчилгээний 122,340 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ. Харин иргэний нэхэмжлэгч Ц.Ө “эрүүл мэндийн даатгалын сангаас 160,000 төгрөгийн үйлчилгээ авсан” гэж мэдүүлж байгаа боловч Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ талаар нэхэмжлэл гаргаагүй тул хэлэлцэх боломжгүй юм.

Хохирогч Д.Ц-ын эрүүл мэнд хэвийн байдалд ороогүй, цаашид хадаас авхуулах мэс засалд орох шаардлагатай байгааг харгалзан цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Б-ээс 120,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэх, такси үйлчилгээний зардалд 122,340 төгрөг, сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,800,000 төгрөг тус тус шүүгдэгч Б.Б-ээс гаргуулж хохирогч Д.Ц-т олгох, хохирогч Д.Ц цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтоолд тусгалаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч:  “шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй” гэв.    

Хохирогчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж, түүнээс олсон орлогоосоо хохирол төлбөр төлөх боломжоор хангах нь зүйтэй гэж үзэж байна” гэв

            2.2.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 60-61 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар эрхэлсэн тодорхой ажилтай, эд хөрөнгөгүй, тээврийн хэрэгсэлгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг тодорхойлов.

Шүүх улсын яллагчийн болон өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан долоон зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээ, хохирол төлөх боломжийг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацааг нэмэгдүүлж, долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

            2.3.     Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.И овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан долоон зуун мянган төгрөгөөр торгох ялыг долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-ээс нийт 9,042,340 төгрөг гаргуулан хохирогч Д.Ц-т 8,922,340 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 120,000 төгрөг тус тус олгосугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.Ц нь цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА