| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01882/И |
| Дугаар | 01995 |
| Огноо | 2020-11-27 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 01995
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч:Б овогт Л.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогт М.Б-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдүүдийг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Г нь Мөнх-О.Б-тай 2015 онд танилцан бидний дундаас хүү Б, охин У нар мэндэлсэн. Хамтран амьдрах явцад Б нь архи ууна, худал ярина, хүүхдүүдээ хараа хяналтгүй орхин явдаг. Энэхүү байдал нь цаашид хүүхэд эрсдэлд орох, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх, өөрийн гэсэн асран хамгаалах, харж хандах хүнгүй байгаа нь хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж байгаа. Би Б-тай уулзан хоёр хүүхдийнхээ асуудлыг шийдвэрлэхээр олон удаагийн оролдлого хийсэн боловч намайг үл тоон уулздаггүй, ярилцдаггүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Бид албан ёсны гэр бүлийн бүртгэл байхгүй бөгөөд хариуцагч М.Б-аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх шаардлагагүй.
Иймд 2016 онд төрсөн 4 настай хүү Б.Б, 2018 онд төрсөн 2 настай охин Б.У нарыгаа эцгийн үүргээ биелүүлж цаашид тэжээн тэтгэж, өөрийн асрамжид авах, хүүхдүүдийн эцэг мөн болохоо тогтоолгох хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Бүрэнтунгалаг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Бүрэнтунгалаг би Л.Г-ын нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Бид 2015 онд Улаанбаатар хотод танилцсан Тухайн үед би бага насны гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эх байсан. Л.Г-тай танилцаж дотносож, улмаар хамт амьдарсан. Бидний дундаас 2016 оны 3 дугаар сарын 21-нд хүү Баттулга, 2018 оны 2 дугаар сарын 02-нд охин У нар тус тус төрж гэрлэлтийн батлах байхгүй учир Бүрэнтунгалаг надаар овоглож бичиг баримт авсан. Л.Г бид хоёрын хүүхдүүд мөн. Гэрлэлтээ батлуулах гэтэл хаяг оршин суух газрын бүртгэл өөр өөр тул гэрлэлтээ батлуулж чадаагүй байсан. Улаанбаатар хотод бид хоёр нэг байгууллагад хамт ажиллаж, байгууллагаас гаргаж өгсөн байранд хамт амьдарч байсан. Бусад хугацаанд ирэн очин байсан. Бид хоорондоо таарч тохирохгүй болсон тул 2020 оны 2 сараас хойш тус тусдаа амьдарч байна. Хоёр хүүхэд хоёр талдаа ирэн очин байдаг байсан. 2020 оны 7 сард Өмнөговь аймагт ажилд орсон тул хоёр хүүхэд аав Г дээр 2020 оны 8 сард очсон байгаа. Би бага насны хүүхдүүдээ тэжээн тэтгэх шаардлагатай тул зайлшгүй ажил хийж орлого олох хэрэгтэй байдаг. Одоо бид хамт амьдрах боломжгүй болсон. Хэрэв миний эрхийг нь хаах, боох, хүүхдүүдтэй уулзуулахгүй байх, утсаар яриулахгүй байх, ээжийн нь талаар худал хуурмаг ойлголт төрүүлэх, хүүхдүүдийг эрсдэлтэй орчинд байлгах зэрэг үйлдэл гаргаад байвал би хүүхдүүдээ өөр дээрээ авах эрхтэй гэдгийг ойлгуулан тайлбарлаж өгнө үү.
Иймд бид хоёр ярилцаад хүү Б.Б, охин Б.У нарыг эцэг Л.Г-ын асрамжид үлдээхээр болсон. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно Маргах зүйл байхгүй, хүү Б.Б, охин Б.У нарыг Л.Г-ын асрамжид үлдээхийг зөвшөөрч байгаа болно. Гэвч Л.Г-ын асрамжид хоёр хүүхдээ үлдээж байгаа нь миний хувьд эх байх үүргээс татгалзсан гэсэн үг биш бөгөөд би өөрийн төрүүлж өсгөсөн хүүхдүүдтэйгээ хэзээ ч уулзах, утсаар ярих эрхтэй гэдгийг Л.Г-д ойлгуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч М.Б-т холбогдуулан Б, У нарын эцэг мөн болохоо тогтоолгож, хүүхдүүдийг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Г, хариуцагч М.Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд хамтран амьдарч байх хугацаанд хариуцагч М.Б нь жирэмсэлж тэдний дундаас хүү Б.Б, охин Б.У нар төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар,
Х аймгийн М сумаас олгосон бүртгэлийн №6701000134 дугаартай “ Б овогт Б.У-ийг 2018 оны 02 дугаар сарын 02-нд Х аймгийн М суманд төрснийг Х аймгийн М сумын төрсний бүртгэлд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эхийн Б овогт М.Б ” гэх бичилт бүхий 0000288685 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн / зэргээр нотлогдож байна.
Хүүхдүүд эрүүл чийрэг өсөж бойжиж, нэхэмжлэгч Л.Б-ын асрамжинд байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан доорхи баримтуудаар тогтоогдов.
Үүнд: Хүний их эмч Лутбаатарын Мөнхцэцэгийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “ Б овогтой Б нь 4 настай, эрүүл өсөн бойжиж байгаа, вакцинд хамрагдсан болохыг тодорхойлов. “ гэх,
Хүний их эмч Лутбаатарын Мөнхцэцэгийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “ Б овогтой У нь 2 настай, эрүүл өсөн бойжиж байгаа, вакцинд хамрагдсан болохыг тодорхойлов. “ гэх баримтууд,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны засаг дарга М.Тэмүгэгийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2686 дугаартай “Б овгийн Л.Г нь тус хорооны Тахилтын 20 дугаар байрны 15 тоотод хоёр хүүхдийн хамт амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов.” гэх,
С дүүргийн Тэмүка найзууд цэцэрлэгийн эрхлэгч Э.Мөнхсайханы 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/25 дугаартай “ Б овогтой Б, Б овогтой У нар нь манай цэцэрлэгт суралцдаг нь үнэн болно. ” гэх албан бичгүүд зэрэг болно.
Нэхэмжлэгч Л.Г нь Хүүхэд хамгааллын төвд хандаж байсан талаархи Хөвсгөл аймгийн Хүүхэд, Залуучууд, Хөгжлийн газрын дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төвд хандсан өргөдөл 2 хуудас баримт,
Нэг цэгийн үйлчилгээний төвийн эрх зүйч С.Баярцэцэгийн Л.Г-тай Хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх журмын Маягт ХБ2-ын дагуу ярилцсан “Ярилцлагын тэмдэглэл” 1 хуудас баримт,
Нэг цэгийн үйлчилгээний төвийн Нийгмийн ажилтан П.Одонтуяагийн Хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх журмын Маягт ХХ4-ын дагуу хийсэн “ Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ” 4 хуудас баримт,
Нэхэмжлэгч Л.Г өөрийн тодорхой орлоготой болохоо нотолсон 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ХААН банкны Сонгинохайрхан тооцооны төвөөс лавлагаагаар авсан 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны 5025639168 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга 40 хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “ Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно. ” гэж заасан байх тул Л.Г нь хүү Б.Б, охин Б.У нарын төрсөн эцэг мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ.” гэж,
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно.” гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй хариуцагч М.Б нь хүү Б.Б, охин Б.У нарыг эцэг Л.Г-ын асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иймд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Б овогт Б.Б, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Б овогт Б.У нарын төрсөн эцэг Б овогт Л.Г мөн болохыг тогтоож, хүү Б.Б, охин Б.У нарыг эцэг Л.Г-ын асрамжинд үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Л.Г, хариуцагч М.Б нар нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадахгүй /хорио тогтоосон/, өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлтийг ирүүлсэн ба Улс орон даяар COVID-19 цар тахлын улмаас хорио, цээр тогтоож бүх нийтийн бэлэн байдлыг зарласан байдлыг зохигчид хүрэлцэн ирж чадахгүй байгаа хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэв.
Зохигчид нь өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт ирүүлсэн ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар зохигчдын эзэнгүйд зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгох тухайн нэхэмжлэлд нэхэмжлэгч Л.Г-ын төлсөн 140.400 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг хариуцагч М.Б-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Б овогт Б.Б, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Б овогт Б.У нарын төрсөн эцэг Б овогт Л.Г мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Б овогт Б.Б, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Б овогт Б.У нарыг эцэг Б овогт Л.Г-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 / нэг зуун дөчин мянга дөрвөн зуу / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА