| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2020/03958/И |
| Дугаар | 184/ШШ2020/03444 |
| Огноо | 2020-11-10 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2020/03444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Буянт Ухаа дүгээр гудамж, тоотод оршин суух, Ц овогт Т-ын Ө /рд:/ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоотод оршин суух, А овогт Б-ын З /рд:/-д холбогдох
11,774,294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Т.Ө, түүний өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Б.З, түүний өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Ө нь хариуцагч Б.З-тай хамтран 2017 оны 03 сарын 24-ний өдөр Монгол Улсын Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу “Зол Интэрнешнл Дентал Медикал Групп” ХХК-г анх үүсгэн байгуулсан.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн дагуу Компани нь гадаад худалдаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 20,000 төгрөгөөр тогтоож нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 ширхэг энгийн хувьцааг иргэн Б.З бид хоёр 50/50 хувиар хамтран эзэмшихээр болж Улсын бүртгэлд холбогдох журмын дагуу бүртгүүлсэн. Компани хамтран үүсгэн байгуулах үеийн гол тохиролцоо нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас тухайн чиглэлээр эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулах тусгай зөвшөөрлийг холбогдох дүрэм журмын дагуу авч шүдний эмнэлэг ажиллуулах байсан. Ийнхүү компанийн үйл ажиллагааг эхлүүлэх, тогтвортой явуулах, компанийн үйл ажиллагаа явуулах байрыг тохижуулах, шаардлагатай эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж худалдан авах, хаягжилт, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлуудад зориулан тал талаасаа тодорхой хэмжээний хөрөнгийг оруулсан. Тодруулбал, Б.Згийн зүгээс нийт 18,604,500 төгрөгийг, миний зүгээс 24,809,294 төгрөг мөн үйл ажиллагааны явцад түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг, хүүнд 965,000 төгрөг буюу нийт 31,774,294 төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийсэн байдаг. Компанийн данс нээж амжаагүй байсан тул миний бие мөнгөн хөрөнгийг шууд Компанид тодорхой бараа бүтээгдэхүүн авах эсхүл түрээсийн зардал төлөх замаар зарцуулсан. Хариуцагч Б.З нь компанийн хувьцаа эзэмшигчээс гадна компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд бидний оруулсан хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хариуцан санхүүгийн болон тусгай зөвшөөрлийн асуудлыг шийддэг байсан. Эмнэлгийн барилгыг баригдаж байсан цагаас миний бие засвар, тохижилтын ажлыг дангаараа хариуцан үйл ажиллагаа эхэлсэн үеэс Б.З өмнөх ажлаасаа гарч орж ирж байсан ба ажлын явцад төдийлөн оролцдоггүй байсан. Гэтэл үйл ажиллагаа тогтворжих, хэвийн болоод эхлэхэд эмнэлгийн үйл ажиллагааг Б.З дангаараа аваад явах хүсэлтэй байна гэсэн шалтгааны улмаас анхны тохиролцоо буюу эмнэлгийн чиглэлээр тусгай зөвшөөрөл гаргуулан үйл ажиллагааг эрхлэн явуулахад боломжгүй болсон тул энэхүү шүдний эмнэлгийн төслөөс гарч өөрийн оруулсан мөнгөн хөрөнгөө буцаан авах хүсэлтийг хариуцагчид Фэйсбүүк чатаар дамжуулан тавьсан. Б.З миний тавьсан саналыг хүлээн авч цаашид компанийг дангаар авч явахаар болж миний “Зол Интэрнэшнл Дентал Медикал Групп” ХХК-д оруулсан хөрөнгийг хэсэгчлэн төлж байсан. Тухайлбал 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 6,000,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,937,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2,063,000 төгрөгийг буюу нийт 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч миний Хаан банкны харилцах данс руу тус тус шилжүүлсэн. Дээрхээс үзвэл Монгол улсын Иргэний тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т “хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан” гэж заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр хэлцэл хийгдэж Б.З тус хэлцлийн дагуу төлбөр буцаан төлөх үүрэг хүлээсэн байна. Гэвч энэхүү нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үлдэгдэл 11,774,294 төгрөгийг өдийг хүртэл төлж барагдуулалгүй эдийн засгийн хувьд хохироогоод байна. Тодруулбал, компанийн үйл ажиллагаанд зориулан гаргасан миний 31,774,294 төгрөгийн хөрөнгө оруулалтаар компани өдийг хүртэл үйл ажиллагаагаа Б.Згийн удирдлага доор явуулсаар байх атал энэ бүх хугацаанд миний бие ямар ч ашиг, орлого аваагүй хийгээд 11,774,294 төгрөгөөр хохирсон. Ажлын байрыг өөрийн цаг хугацаа, хөрөнгийг зарцуулан бий болгож өгөөд 3 жил ямар ч үр шим, орлого хүртээгүй байгаад маш гомдолтой байна. Иймд “Зол Интэрнэшнл Дентал Медикал Групп" ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан гаргасан нийт хөрөнгийн үлдэгдэл буюу 11,774,294 төгрөгийг хариуцагч Б.Згаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Ө болон түүний өмгөөлөгч Ж.Ч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байгаа.
Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн тухайн компанийн үйл ажиллагаанд зориулж гаргасан хөрөнгө орлогыг бүгдийг нь гаргаж өгнө үү гэж хүсэлт гаргаж үүнийг фейсбүүкээр хүлээн зөвшөөрч тохиролцсон гэж үзэж байгаа. Т.Өаас явуулсан мэссэнжэрт 24,809,211 төгрөгийн зардал гарсныг баримтыг нь харья гээд хариуцагч хүлээн зөвшөөрч зөвлөсөн байдаг. Энэ нь ийм хэмжээний мөнгө төлөх хүслээ мэдэгдсэн байна гэж үзэж байна. Гэрээ хийх талаар хариуцагч талтай тохирсон.
Анх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүдний эмнэлэг байгуулъя гэж ярилцаад. Түрээсийн байр хайж эхэлж байсан. Б.З тухайн үед шүдний эмчээр ажиллаж байсан. Хамтарч ажиллаад хөрөнгө оруулалтаа 50, 50%-иар гаргаж, ашиг орлогоо хувааж эзэмшиж авах хүсэлт гарсан. Эхний ээлжид надад 2 жилийн хугацаанд 2 өрөө байр авч өгнө гэж надад амласан. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлээд 2 жил болохоор гэрчилгээ нь гарахаар дахин шинэ эмнэлэг яармагт нээе гэж анхны аман тохиролцоо хийж байсан юм. Би хамтарч ажиллаж эхлээд бүх зүйлийг өөрөө хийж, тухайн компанид цэвэрлэгээ хийж өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг байсан. Эхэн үедээ сард 300,000 төгрөгийн цалин өгдөг байсан. 2018 оны 4 сараас Б.З хамтарч ажиллахгүй гэж хэлсэн, би миний компанид орлуулж байсан хөрөнгө мөнгийг буцаагаад өгчих гэж хэлсэн. Тухайн үед 24 гаран сая төгрөгийн зардал гарсныг хэлж ярьж байсан. Орлого, зарлагыг компаний бүртгэл санхүүд бүртгэж баримт үйлдээгүй. 24 сая төгрөгийг юунд зарцуулсан болох нь миний гаргаж ирсэн баримтын хавсралт №2 дээр байгаа. Нэхэмжлэлээс хүү гэж 1,960,000 төгрөг нэхэж байгаа нь зэс картаар түрээсийн төлбөрийг би төлж байсан учир картын төлбөрийн хүү гэж нэхэмжилсэн. Картаас би 2 сарын төлбөр 2,882,790 төгрөг, 4 сарын урьдчилгаа төгрөг 2,000,000 төгрөг, 5 сард урьдчилгаа 1,000,000 төгрөг шилжүүлж хувиасаа төлсөн байгаа. Золзаяа үүнээс нэг ч төгрөг өгөөгүй учир түрээсийн 5,000,000 төгрөг болон түрээсийн хүүгийн төлбөрийг нэхэж байгаа гэв.
Хариуцагч Б.З шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Цонх овогт Түмэнжаргалын Өлзий-Утасын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, дараах тайлбарыг хүргүүлж байна. Б.З миний бие 2017 оны 3 дугаар сард нэхэмжлэгч Т.Өтай хамтран шүдний эмнэлэг байгуулахаар 2 талаасаа тус бүр 20 сая төгрөг гаргахаар ярилцаж тохиролцсон. Тохиролцсоны дагуу миний бие 20 сая төгрөгийг Т.Өд өгсөн. Т.Ө нь тухайн үед өөрөөсөө 20 сая төгрөг гаргаж үйл ажиллагаанд зарцуулсан гэж ярьж байсан боловч би Т.Өын гаргасан мөнгөний баримттай албан ёсоор танилцаагүй. Т.Ө нь эмч мэргэжилтэй биш учраас тухайн үед шүдний эмнэлгийн үйл ажиллагааг хамтран явуулахад тохиромжгүй байсан. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний хооронд 5 удаагийн гүйлгээгээр Т.Өд анх оруулсан гэх 20,000,000 төгрөгийг буцааж төлсөн. Иймээс Т.Өд дахиж төлөх өр төлбөр тооцооны асуудал байхгүй. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн түрээс, цалин, урсгал зардлыг эмнэлгийн үйл ажиллагааны орсон орлогоор төлж байсан. Мөн Т.Өд 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 5 сар хүртэлх хугацаанд 300,000 төгрөгийг эмнэлгийн үйл ажиллагааны орлогын ашиг болгож өгч байсан. Гэхдээ энэ нь буцааж төлсөн 20 сая төгрөгөөс тусдаа юм. Нэхэмжлэгч Т.Ө нь шүдний эмнэлгийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан учраас миний бие түрээсийн талбайгаа багасгаж 2018 оны 07 сараас “Золоо дентал” ХХК-ыг 100 хувь өөрийн нэр дээр үүсгэн байгуулж ,тусгай зөвшөөрөл авч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Нэхэмжлэгч Т.Өын анх оруулсан гэх 20 сая төгрөгийг өөртэй нь ярилцаж тохиролцсоны үндсэн дээр буцааж төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид 2017 оны 03 дугаар сард хоорондоо хамтран ажиллахаар болоод шүдний эмнэлэг ажиллуулсан тал дээр маргаан байхгүй. Нэхэмжлэгч Т.Ө эдийн засагч хүн учир үйл ажиллагаанд гар бие оролцох боломжгүй, өөрөө хүсэлт гаргаад болье гэсэн санал тавьсан. Анх оруулсан мөнгөө эргүүлж авья гэсний даруу 20,0 сая төгрөгийг өгсөн. Б.З 20,000,000 төгрөг гаргасан гэж үзээд зөвшөөрсөн. Уг мөнгийг 2020 оны 01 дүгээр сараас 20-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор яг 20,0 сая төгрөгийг хувааж өгсөн байгаа. Нийт 24,000,000 төгрөгийн зардал гаргасан нь нотлогдож байгаа гэж яриад байна. Фейсбүүкээр Б.Згийн үйлдлээс шалтгаалахгүй мессенжер чат хүлээж авсан нь тухайн 24,0 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөөд байгаа гэсэн үг биш юм. Уг мэссэжэр чатаас харахад Б.З 24,0 сая төгрөгийг юунд зарцуулсан талаар падаан шаардаж байсан. 20,0 сая төгрөгөөс илүү гарсан зардлыг манай тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Цэс картын гүйлгээ хийгдсэн талаар баримтыг Б.Згийн зүгээс Т.Өын данс руу мөнгө шилжүүлж байсан баримт байгаа. Мөнгө төгрөг нэхээд байгаа асуудал нь санхүүгийн баримттай байж нэхэх ёстой асуудал гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сар болгон 300,000 төгрөг Т.Өын данс руу шилжүүлж байсан. Мэссэнжэрт бичсэн зүйл дээр зөвлөсөн байгаа нь эмнэлгийг зараад нийлүүлсэн мөнгөө авъя гэж ярилцсан хэсгийг зөвлөсөн байгаа.
Анх компани байгуулаад засварын үйл ажиллагаа явуулж байхад бид хоёр өөр өөрсдийн мөнгөөр хариуцсан эд зүйлээ аваад явъя гэж ярьсан. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мессенжер чатаар 24,000,000 төгрөгийг ийм зардал гараагүй гэж Т.Ө бичснийг би хүлээн авч харсан нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тухайн үед миний бие гарсан зардлын падааныг нь харж байж шийднэ гэж хэлж байсан ч надад падаан баримтаа өгөөгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ө нь хариуцагч Б.Зд холбогдуулан 11,774,294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Т.Ө, Б.З нар нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус бүр 20,000,000 төгрөгийг гарган хамтарч “Зол Интернэшнл Дентал Медикал групп” ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар шүдний эмнэлгийн үйл ажиллагааг эрхлэхээр харилцан тохиролцсон байна. Уг тохиролцооны дагуу хэн аль нь 20,0 сая төгрөгийг гарган уг хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, ажлын байрыг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж, ашиглах, завсар үйлчилгээ хийж тохижуулах, тоног төхөөрөмж худалдан авах зэрэгт өөрсдийн оруулсан мөнгийг зарцуулсан гэсэн тайлбарыг гаргаж байна. Мөн түүнчлэн талууд хоорондоо үл ойлголцох байдал үүссэний улмаас хамртан ажиллахаас татгалзаж нэхэмжлэгч Т.Ө өөрийн оруулсан мөнгөн хөрөнгийг буцаан авахаар болсон байна. Үүний дагуу хариуцагч Э.Аззаяа нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,937,000 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2,063,000 төгрөгийг тус тус төлж 5 удаагийн төлөлтөөр нийт 20,000,000 төгрөгийг Т.Өт шилжүүлэн өгсөн гэх эдгээр үйл баримтын талаар хэн аль нь маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Харин нэхэмжлэгч Т.Ө нь дээрх тохиролцооны дагуу 20,000,000 төгрөгийг гаргасан ба үйл ажиллагааны явцад нэмж 4,809,294 төгрөгийг зарцуулсан, мөн эмнэлгийн байрны түрээсийн төлбөрийг төлөхөөр өөрийн зэс картаас 5,000,000 төгрөгийг зарцуулсан тул өөрөөс нэмж гаргасан нийт 9,809,294 төгрөгийг, зэс картын хүүгийн төлбөр 1,965,000 төгрөгийн хамт нийт 11,774,294 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Талуудын шүүхэд гаргасан тайлбар, тэдний гарган ирүүлсэн бичгийн баримтуудаар “Зол Интернэшнл Дентал Медикал групп” ХХК гэх хуулийн этгээд үүсгэн байгуулсан болон уг компанитай холбоотой буюу хэн хэн үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан, хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн тоо, үйл ажиллагааны чиглэл г.м холбоотой нөхцөл байдлууд тогтоогддоггүй бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд хэн аль нь гарган ирүүлээгүй, нотлох баримт бүрдүүлэх цуглуулахтай холбогдуулан хүсэлт санал гаргаагүй тул хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн гарган ирүүлсэн түүний Zol Zaya гэх фээсбүүкийн мэссэнжэр чат хуудснаас хариуцагчийн Ulzii Utas Ulzii гэх фээсбүүк мэссэнжэр чат хуудас руу илгээсэн бичлэгт шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр үзлэг хийсэн ба энэхүү баримтаар нэхэмжлэгчийн хамтран ажиллахад зориулан 24,809,294 төгрөгийг гарган зарцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч өөрийн Голомт банк дахь Кредит картын хуулгыг гарган ирүүлсэн ба уг картаас 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөгийг БЗД-ийн 14-р хороо Сувдансондор гэсэн гүйлгээний утгатайгаар зарцуулсан байх бөгөөд үүнийг шүдний эмнэлгийн түрээсийн төлбөрт шилжүүлсэн учир уг төлбөрийг картын төлбөрийн хүүгийн хамт гаргуулна гэж шаардаж байна. Уг баримтыг үндэслэн хариуцагч түрээсийн төлбөрийг төлсөн болохыг зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг ч уг мөнгийг нэхэмжлэгч Өлзий-Утасын дансанд цалин, гэр бүлийн орлого гэсэн утгатайгаар шилжүүлж төлсөн тул зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргадаг. Хариуцагч тайлбар татгалзлаа нотлох зорилгоор өөрийн ХААН банкны болон Чингис хаан банкны дипозит дансны хуулгыг гарган ирүүлсэн байна. Уг хуулгаар хариуцагчаас нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн мөнгөн дүнг нэхэмжлэгч үгүйсгэж няцаадаггүй бөгөөд уг мөнгийг хэрхэн юунд зарцуулсан болох талаар болон түрээсийн төлбөрт өгөөгүй болохыг баримтаар нотолж чадахгүй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан түрээсийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 14-р хороо, Сувдансондор хотхон 71/А байрны 71 тоот хаягт байрлах, үйлчилгээний талбайг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Г.Энхбаатартай нэхэмжлэгч Т.Ө, мөн 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Рич майнинг ХХК-тай Золоо дентал ХХК-ийн төлөөлөн Б.З нар эмнэлгийн зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан байх бөгөөд энэ талаар талууд маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Гэвч хэрэгт авагдсан эдгээр бичгийн баримтууд нь талуудын хоорондох тохиролцоо, нэхэмжлэлийн шаардлагыг шууд нотолсон баримт гэж үзэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч дээрх эрхээ хэрэгжүүлж холбогдох нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй, нотлох баримт бүрдүүлэх цуглуулахтай холбогдуулан хүсэлт гараагүй тул нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Б.Зд холбогдох нэхэмжлэгч Т.Өын 11,774,294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН