| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0059/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/64 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/64
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Х.Анхцэцэг /томилолтоор/,
шүүгдэгч, хохирогч *******,
шүүгдэгч, хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2310000001965 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Занаду Ресиденси хотхонд машин буруу байрлуулснаас үүдэлтэйгээр маргалдан харилцан зодолдож нүүр лүү цохих, хөл рүү өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь зүүн нүдний алиманд цус харвалт, духны баруун дээд хэсэг, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, доод уруулын салст, баруун гарын долоовор хуруу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Занаду Ресиденси хотхонд машин буруу байрлуулснаас үүдэлтэйгээр ******* маргалдан харилцан зодолдож, түүний нүүр, толгой, бие хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, цус хуралт, духанд, зүүн даланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч, хохирогч ******* “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч, хохирогч *******: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Занаду Ресидэнс хотхоны ерөнхий менежер залуу /нэрийг нь мэдэхгүй/ нь надтай утсаар яриад "машинаа байрлуулаарай" гэсэн. Тэгээд удаа дараа над руу залгаж яриад хэл үгээр доромжилсон. Тэгээд би 2 удаа түүн рүү "би чиний ажилтан юм уу ? өнөөдөр очихгүй намайг оруулахгүй байхыг чинь харья" гэж мессеж бичсэн дараа нь удаа дараа над руу тухайн ерөнхий менежер залгаад байсан тул гэрийнхээ үүднээс таксидаад очиж байхад бас л удаа дараа залгаад байсан. Тэгээд маргалдаж явсаар ирээд ерөнхий менежер залууд би өөрийн 99028774 дугаараас түүний 99145946 дугаар руу залгаж “би ирчихлээ Уулзая” гэж дуудсан. Тэгээд тэр ерөнхий менежер залуутай очиж уулзан "яагаад намайг хараагаад байгаа юм" гэж асууж над руу хараасан талаар асуухад шууд миний уруул руу эхлээд гараараа цохиод авсан. Тэгээд намайг саравчны сандал руу дарж доош хэвтүүлж миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд манай эхнэр захиалагчийн дүү хоёр салгаж холдуулсан, Дээд доод уруул зэрэг хавдсан духан дээр хөхрөлттэй зүүн талын шанаа хэсэг шалбарсан эрүү зуурсан бөгөөд тухайн өдрөө толгой өвдөж байсан. Шалтгаан нь машинаа байрлуул гэж тухайн Мөнх-Амгалан гэх залуу над руу удаа дараа залгаж стрессдүүлж маргаан үүсгэн би амарч байгаа өдрөө очиж уулзаж яагаад над руу хараагаад байгаан гэж асуухад над руу эхлээд гэнэт цохиод авсан. Би өөрийн эрүүл мэндээрээ хохирсон учир гомдолтой байна...” (хавтас хэргийн 18 дахь тал) гэсэн,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Занаду Ресиденсийн тэнд урсгал хаагаад машин байрлуулсан байсан. Тэгээд өглөө 09 цагийн орчим утсаар машинаа холдуулчих гэж уг автомашины эзэн Манлай гэх хүнд хэлэхэд "би согтуу байна, Та нар баахан приус авчраад тавьчихдаг байж, би машинаа тавихад яадаг юм" гэсэн тул "гарц хаасан байна" гэхэд бухимдаж хараал хэлсэн. Тэгээд өдөр 13-14 цагийн үед гарч ирээд байрныхаа зогсоолд байрлуулаад намайг утсаар дуудсан тул очиход "чи муу хэн юм, олигтой юм унадаг юм шиг” гэж хэлээд цээж рүү гараараа 2 удаа цохисон тэгээд барьцалдаад авахад нүүр рүү 4-5 удаа цохиж, хөл рүү өшиглөсөн. Би ажлын шаардлагаар машинаа холдуулаа гэхэд бухимдаж, над руу утсаар залгаж дуудаж, мессеж бичсээр байгаад маргаан үүсгэж, тэгээд согтуугаар миний биед халдаж цохисон. Нүдэнд цус хураад, хацар, дух хавдаж, уруул язарч, амнаас цус гарсан байна. Өөр гайгүй байна. Би ажилтай байсан учраас архи, согтууруулах ундаа хэрэглээгүй. Харин намайг зодсон Манлай гэх хүн архи уусан, согтуу байсан. Би тэр Манлай гэх хүний уруул руу гараараа 1 удаа цохисон. Өөр би цохиогүй...” (хавтас хэргийн 15 дахь тал) гэсэн,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхөр Мөнхманлайн хамт 10 дугаар сарын 18-ны өглөө гэрт Мөнхманлайгийн гар утас руу үл таних залуу залгаж “машинаа холдуулчхаарай яг одоо холдуул” гэж залгаж хэлэхэд нь Мөнхманлай за ойлголоо би 10 цагийн орчимд би хүнд түлхүүр өгөөд явуулъя, би өөрөө очихгүй гэж хэлэхэд нь нөгөө үл таних залуу нь дахин дахин Мөнхманлай руу залгаж уурлаж маргалдаж гар утсаа түрүүлээд таслаад байхаар нь Мөнхманлай "би өөрөө очихгүй чи намайг үүдээр оруулахгүй байх мэдэлтэй нь чи биш" гэж хариу мессеж бичсэн. Тэгээд удалгүй Мөнхманлай өөрөө очиж тухайн үед уулзахаар болоод Мөнхманлай бид хоёр тухайн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо зайсангийн Занаду хотхон дээр явж очиход Мөнхманлай тухайн залуугийн гар утас руу залгаж дуудахад удалгүй нөгөө Мөнх-Амгалан гэх залуу нэг эрэгтэй хүнтэй хамт хүрч ирээд тоглоомын талбай дээр гараад ир гэхэд нь Мөнхманлай бид хоёр тухайн Мөнх-Амгалан гэх хүн дээр явж очиход эхлээд тухайн Мөнх-Амгалан гэх залуу нь манай нөхөр лүү юм ярьж байхад нь ойртоод дөхөөд байхаар нь Мөнхманлай нь цээж рүү нь хойшоо бай гээд гараараа хөнгөн түлхэхэд Мөнх-Амгалан гэх залуу эхлээд шууд манай нөхрийн нүүрний уруул хэсэг рүү нь гараараа цохиж аваад шууд Мөнхманлайг хоолойноос нь боогоод саравчны сандал руу унагааж байгаад дээрээс нь хэд хэдэн удаа цохиод байхаар нь эзний дүү болох Чинболд бид хоёр очоод салгаж Мөнх-Амгаланг арагшаагаа татаж Мөнхманлайг газраас босгоход Мөнхманлай нь Мөнх-Амгалангийн нүүр хэсэг рүү нь 2 удаа цохиод авах шиг болсон. Тухайн өөрсдийн эзэмшлийн машиныг тухайн замаас холдуулах байсан харин түүнээс болж Мөнх-Амгалан гэх хүн нь манай нөхөр лүү дайрч дахин дахин залгаж хэрүүл маргаан үүсгэж мөн түрүүлж цохиж зодоон үүсгэсэн...” (хавтаст хэргийн 22 дахь тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ******* дугаар “...Э.Мөнх- Амгалангийн биед зүүн нүдний алиманд цус харвалт, духны баруун дээд хэсэг, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, доод уруулын салст, баруун гарын долоовор хуруу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” (хавтаст хэргийн 25-26 дахь тал) гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ******* дугаар “...*******н биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, цус хуралт, духанд, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” (хавтаст хэргийн 30 дахь тал) гэсэн дүгнэлт,
Яллагдагчаар ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Занаду Ресидэнс хотхоны ерөнхий менежер залуу Мөнх-Амгалан гэх залуу надтай гар утсаар залгасан бөгөөд над руу "машинаа байрлуулаарай" гэсэн. Тэгэхээр нь би ойлголоо 11 цагийн үед очно би өнөөдөр амарч байгаа гээд тасалсан. Тэгсэн над руу дараа дахин дахин удаа дараа залгаж үг хэлээр доромжлоод байсан. Тэгээд би удаа түүн рүү "би чиний ажилтан юм уу" өнөөдөр очихгүй намайг оруулахгүй байхыг чинь харья" гээд гэж мессеж бичсэн дараа нь удаа дараа над руу ерөнхий менежер Мөнх-Амгалан нь залгаад байсан тул гэрийнхээ үүдээс таксидаад очиж байхад бас л удаа дараа залгаад байсан. Тэгээд маргалдаж тухайн газар луу явах замдаа ерөнхий менежерийн гар утас руу өөрийн 99028774 гэсэн дугаараас түүний 99145946 дугаар руу залгаж "би ирчихлээ уулзья" гэхэд Мөнх-Амгалан гар утсаар "гадаа тоглоомын талбай дээр хүрээд ир" гэхэд 34-р байрны гадна талын тоглоомын талбай дээр очиход ерөнхий менежер Мөнх-Амгалан нь инженер гэх залуутай хоёулаа ирчихсэн намайг хүлээж байсан. Тэгээд би өөрөө явж очиж уулзахад "яагаад намайг харааж үг хэлээр доромжлоод байгаа юм бэ" гэж асуухад над руу бага багаар дөхөж ирээд байхаар нь би хуруугаараа цээж рүү нь түлхэж биенээсээ холдуулах гэтэл шууд миний уруул гараараа эхлээд цохиод авахад би арагш саравчны сандал руу хөл алдаж унасан. Тэгэхэд дахин над руу хүрж ирээд миний дээрээс толгой болон нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиод байсан тэгээд би эргүүлээд 2 удаа нүүр лүү цохих шиг болсон. Харин удалгүй эхнэр болон захиалагчийн дүү хоёр хүрч ирж бид хоёрыг хоёр тийш салгаж болиулаад Мөнх- Амгалан бид хоёр цагдаа дуудсан.” (хавтаст хэргийн 44 дэх тал) гэсэн,
Яллагдагчаар ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Занаду Ресидэнсийн тэнд урсгал хаагаад машин байрлуулсан байсан. Тэгээд өглөө 09 цагийн орчимд тухайн машиныг холдуулах зорилгоор автомашины эзэн рүү залгахад Манлай гэх хүн гар утсаа авсан тэгээд тэр хүн надад хэлэхдээ "би согтуу байна та нар баахан приус авчраад тавьчихдаг байж, би машинаа тавихад яадаг юм" гэсэн тул би тухайн залууд "гарц хаасан байна" гэхэд над руу бухимдаж хараал хэлж хэл амаар доромжилж гар утсаа тасалсан. Тэгээд дараа нь өдөр 13-14 цагийн орчимд гарч ирээд байрныхаа зогсоолд байрлуулаад намайг гар утсаар дуудсан тул очиход над руу тэр Мөнхманлай гэх залуу "чи муу хэн юм" олигтой юм унадаг юм шиг“ гэж хэлээд цээж рүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр харилцан барьцалдаж авахад миний хоолойг боогоод авахад нь би өөрөөсөө салгаж түлхэх гээд тухайн залуугийн нүүр рүү 4-5 удаа цохиж хөл рүү өшиглөсөн. Тэгээд тэр залуугийн эхнэр болон хамт явж байсан Жаргалсайхан нар бид хоёрыг салгасан. Дахин ийм үйлдэл асуудал гаргахгүй, тухайн залуугийн биед гэмтэл учруулсан үйлдэлдээ харамсаж байна...” (хавтаст хэргийн 46 дахь тал) гэсэн,
Хохирогч, шүүгдэгч *******н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 48-51 дэх тал),
Хохирогч, шүүгдэгч ******* хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 54-66 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52, 67 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Занаду Ресиденси хотхонд машин буруу байрлуулснаас үүдэлтэйгээр маргалдан харилцан зодолдож нүүр лүү цохих, хөл рүү өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь зүүн нүдний алиманд цус харвалт, духны баруун дээд хэсэг, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, доод уруулын салст, баруун гарын долоовор хуруу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч, хохирогч ******* болон шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны №13346 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Занаду Ресиденси хотхонд машин буруу байрлуулснаас үүдэлтэйгээр ******* маргалдан харилцан зодолдож, түүний нүүр, толгой, бие хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, цус хуралт, духанд, зүүн даланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч, хохирогч ******* болон шүүгдэгч ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны №13313 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч *******гийн эрүүл мэндэд нь “...биед зүүн нүдний алиманд цус харвалт, духны баруун дээд хэсэг, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, доод уруулын салст, баруун гарын долоовор хуруу, баруун өвдөгт зулгаралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч ******* түүнийг цохих, өшиглөх үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Мөн хохирогч *******н эрүүл мэндэд нь “...дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, цус хуралт, духанд, зүүн даланд цус хуралт... бүхий гэмтэл нь шүүгдэгч ******* түүний нүүр, толгой хэсэгт цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
Мөн шүүгдэгч ******* хохирогч *******н эрүүл мэндэд зүүн хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагч: ...шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар ******* 600.000 төгрөг, 90 хоног төлүүлэх, шүүгдэгч ******* 500.000 төгрөг, 90 хоног төлүүлэх торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна... гэсэн саналыг шүүхэд гаргажээ.
2. Шүүгдэгч *******, ******* нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, прокурор гаргасан санал дүгнэлт зэргийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
- шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******, ******* нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******, хохирогч ******* нар гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2310000001965 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
1. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
- шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
- шүүгдэгч *******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ