| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0060/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/65 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/65
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч, хохирогч *******,
шүүгдэгч, хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2310001881646 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их хуралдай цогцолборын 1 дүгээр давхарт хохирогч *******тай маргалдаж улмаар ******* нүүр болон зүүн хавирганы хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн 2, 3-р хавирганы далд хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их хуралдай цогцолборын 1 дүгээр давхарт хохирогч *******тай маргалдаж улмаар түүний нүүр болон толгой хэсэгт мөргөх, гараараа цохих зэргээр эрүү, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч *******: Гэм буруу дээр маргах зүйл байхгүй гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 12 дугаар сарын 17-ны орой найз охин *******гийн хамт ажлын газрын шинэ жил болоод, тарахаар нь бид хоёр Хан-Уул дүүргийн Их хуралдай төвийн оффис руу ирээд 1 давхарт ажлын газрын хүмүүсийг нь хүлээгээд зогсож байсан. Болормаа өндөр өсгийтэй гуталтай хөл өвдөж байна гээд цонхны хажууд пааран дээр хөлөө амраагаад сууж байхад ресейпшний наанаас харуул хамгаалалтын ажилтан хөөе янхан минь наадан пааран дээрээсээ бос гэж орилохоор нь би найз охиноо паарнаас босгоод хамгаалагчид шаардлагаа зөв тавиарай гэж хэлсэн чинь өөдөөс та нар тэгээд яах юм. Эсвэл цагдаа руугаа зайл гэж хэлээд ирэхээр нь өөдөөс нь очиход хамгаалагч архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь мэдэгдэж үнэртэж байхаар нь согтуу байна шүү дээ цаашаа яваа гээд өөрсдөөсөө холдуулахад цаашаа буцаад яваад өгсөн. Тэгээд байж байхад 10-20 минутын дараа тус хамгаалагчаас өөр нэг Баттулга гэдэг нэртэй хамгаалагч бид хоёр дээр ирж та хоёр хамгаалагчийн шаардлага биелүүлдэггүй яасан том улсууд вэ гэж хэлэхээр нь учраа тайлбарлаж 9 давхарт байдаг оффис луугаа орох гэж байна аа гэхэд хоёр архичин минь та хоёрыг оруулахгүй гээд татаж чангаагаад байхаар нь би найз охиноо оффис руу нь оруулчхаад явах гэж байна гэхэд миний биед халдаж, найз охин Болормааг зүй бус үгээр доромжлоод байсан бөгөөд найз охиныг маань Баттулга хамгаалагч нь оффис түрээсэлдгийг нь мэддэг учраас таниад, та муу түрээслэгч нар дандаа бид нарыг дорд үздэг гэсэн зүйл ярьсан. Тэгээд над руу ер нь дайраад хүзүү рүү цохиод миний толгой эргэсэн, найз охин салгах гэхэд дайраад гараас нь татаад байхаар нь найз охиныг мань цохих вий гэж бодоод найз охиноосоо холдуулах гэхэд над руу дайрч эхэлсэн. Нөгөө нэг архи үнэртүүлсэн хамгаалагч нь нүүр лүү нэг удаа өшиглөхөд найз охин надаас холдуулахаар би босоод ирэхэд Баттулга нь ахиад дайрч толгой руу олон удаа гараараа цохиод, мөргөсөн. Нөгөө хамгаалагч миний толгойн ар дагз руу цохисон ба найз охин 9 давхарт байсан ахыгаа дуудахад бууж ирээд зодооныг салгаад 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд цагдаа хүлээж байхад нөгөө хоёр хамгаалагч дээр нэмэгдэж 2-3 хамгаалагч Баттулга бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээ авчраад согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг багажаар шалгахад Баттулгын зэрэг 0.29 хувь гарсан. Харин би үлээхэд 0.00 зэрэг гарсан, би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би зодолдоогүй, би өөрийгөө болон найз охин Болормааг хамгаалж аргагүй хамгаалалт хийж Баттулга гэдэг хамгаалагчийг өөрөөсөө холдуулах гээд зууралдаж түлхсэн. Намайг мөргөх үедээ өөрийн хөмсгөө шалбалсан бөгөөд би Баттулгын хавирга болон хэвлий хэсэгт нь огт гар хүрээгүй, цохиогүй. Баттулга нь тэр өдрөөс хойш хэвийн ажлаа хийж байгаа...” (хавтас хэргийн 74-79 дэх тал) гэсэн,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Залуу Монгол гэх оффисын нэг давхарт би хамгаалагчийн ажил хийдэг бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хийж байтал нэг залуу нэг давхрын паар дээр суугаад байхаар нь би ажлын шаардлага тавиад “наанаасаа бос” гэж хэлтэл урдаас чи хэн юм бэ, чи надад шаардлага тавьдаг хүн биш гэж хэлэхээр нь би паар дээр суувал задраад ус алддаг юм аа гэж хариултал миний нүүр лүү тэр залуу гараараа цохиход нь би буцаагаад түлхтэл миний урдаас буцааж цээж хэсэг рүү цохих үед нь би буцаагаад нүүр хэсэг рүү нь гарын алгаар түлхтэл газар дээр нүүр хэсгээрээ унаад босож ирээд миний цээжний зүүн хавирга хэсэгт нэг газраа 3 удаа цохиход тэр залуугийн эхнэр голоор орж ирээд салгасан. Тухайн зодоон болох үед надтай хамт ажилладаг Золбоо /86620217/, тэр залуугийн эхнэр бид хэд байсан. Тэнд байсан хүмүүс бид хоёрын зодолдохыг харсан. Миний зүүн талын дээрээсээ 2 болон 3 дахь хавирга зөрөлдөхүй хугаралттай гэж шүүх эмнэлэгт үзүүлэх үед хэлсэн. Бас Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд адил дүгнэлт гаргасан. Би тэр залуугийн шанаа хэсэг рүү нь гарын алгаараа түлхтэл тэр залуу нүүрээрээ газар унасан бөгөөд бусдаар бол цохиж, зодсон зүйл байхгүй...” (хавтас хэргийн 82-86 дахь тал) гэсэн,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шөнийн 23 цагт ажлаа тараад өөрийн найз болох Хишгээ найныхаа ажил дээр очоод Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Их хуралдай гэх нэртэй оффист очсон. Нэг давхрын жижүүрийн өрөөнд Хишгээ болон түүний нөхөр Баттулга болон хамт ажилладаг нэг эрэгтэй байсан. Бид дөрөв уулзаад сууж байх үед Хишгээ гэх найзын нөхөр Баттулга нь ажлын газрын хүнтэй шилтэй архи ууж байсан ба Хишгээ бид хоёр уулгүй сууж байсан удалгүй хяналтын камерт хүмүүс пааран дээр суугаад байна гээд Баттулгын ажлын газрын залуу гараад тэр хүмүүстэй уулзахаар явсны дараа удалгүй буцаж ирээд миний шаардлагыг хүлээж авахгүй байна гэтэл Баттулга тэр хоёр гараад уулзахаар явсан. Тэр хооронд Хишгээ бид хоёр нэг давхрын угаалгын өрөөнд орж бие засаад гарч ирэх үед Баттулга болон ажлын газрын залуу нэг залуу, нэг эмэгтэйтэй маргалдаж байсан ба бид хоёр ярилцаж байгаад хоёулаа очоод маргааныг хүндрүүлээд яах уу гэж ярилцаад жижүүрийн өрөө болох цахилгаан шатны хажуу талд зогсоод харж байсан. Хишгээгийн нөхөр Баттулга нь тэнд байсан нэг залуутай маргалдсан байдалтай “шаардлага хүлээж аваарай” гэсэн утга бүхий үг хэлтэл тэнд байсан хар хувцастай залуу “чи хэн болчхоод надад шаардлага тавиад байгаа юм бэ” гэж хэлээд орилоод Баттулгын нүүр хэсэг рүү цохиод автал Баттулга нь “чи хөмсөг сэтэлчихлээ” гээд тэр залуугийн нүүр хэсэг рүү нь цохитол тэр залуу газар унасан ба босож ирээд Баттулга руу дайраад бие рүү нь 3,4 удаа цохисны дараа цохисон залуугийн эхнэр нь голоор нь орж зодооныг болиулсан. Тэгээд ер нь зодоон дууссаны дараа бид хоёр Баттулга болон хамт ажилладаг залуу дээр очиж зүгээр эсэхийг нь асуутал Баттулгын хөмсөгнөөс цус гарсан, цээжний хавирга хэсгээр өвөөд байна гээд цээжээ бариад байсан. Тэд нар хоорондоо ам хэлээрээ маргалдаж байсан ба зодоон болон гэж огт бодоогүй маш хурдан болоод өнгөрсөн болохоор зодооныг очиж салгах боломж байгаагүй. Би Хишгээг сайн танихгүй болохоор хамаагүй зодоонд оролцож согтуу хүмүүст цохиулж магадгүй гэж бодоод тухайн үед очиж салгаагүй...” (хавтаст хэргийн 88-89 дэх тал) гэсэн,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах залуу монгол гэх оффист манай нөхөр ажилладаг ба тухайн газар бид хоёр байрлаж амьдардаг байсан болохоор би ажлаа тараад найз Оюун гэх эмэгтэйн хамт нөхөр дээрээ очоод нэг давхарт уулзаж байтал манай нөхөр дээр Золбоо гэж хамт ажилладаг залуу хүрч ирээд “тэнд байгаа хүмүүс миний шаардлагыг хүлээж авахгүй пааран дээр суугаад байна” гэж хэлэхээр нь манай нөхөр тэнд байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн дээр очсон ба тухайн газар пааран дээр эмэгтэй хүн сууж байхаар нь манай нөхөр очоод “пааран дээр сууж болохгүй босоорой” гэж хэлтэл тэнд сууж байсан эмэгтэй “ чи хэн болчхоод надад шаардлага тавиад байгаа юм бэ” гэж хэлтэл тэр эмэгтэйтэй хамт явж байсан залуу нь орилж дайраад манай нөхрийг түлхэж маргалдаж байгаад манай нөхрийн нүүр лүү тэнд байсан эрэгтэй нэг цохисон ба манай нөхөр “чи хөмсөг сэтэлчихлээ гээд” тэр залуугийн цээж хэсэг рүү нь хоёр гараараа түлхсэн. Тэнд байсан залуу газар луу нуруугаараа хойшоо савж унасан ба тэр хооронд тэр залуутай хамт явж байсан эмэгтэй манай нөхөртэй зууралдаж байхад нөхөр нь босож ирээд манай нөхрийн цээж хэсэг рүү 5 удаа гараараа цохитол манай нөхөр уураа барьж дийлэхгүй тэр залуугийн бие хэсэг рүү 5 гаруй удаа цохисон ба яг хаашаа цохисныг нь хараагүй. Тэнд зодолдож байсан залуу бас манай нөхрийг хэд хэдэн удаа гараа савж цохиж байсан. Тухайн зодоон болох үед миний мэдэхээр Золбоо, манай найз Оюун болон тухайн үед хүлээн авалт болж байсан болохоор эргэн тойрон танихгүй хүмүүс байсан. Тухайн үед тэнд зодолдож байсан залуу цээж рүү нь 5 удаа цохиж, нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн цохилтоос болж гэмтэл үүссэн байх гэж бодож байна. Тухайн үед манай нөхөр цээж рүүгээ цохиулаад уурлах үедээ тэр залууг эргүүлээд 5 орчим удаа цохисон. Яг хаашаа цохисныг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-95 дахь тал) гэсэн,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Их хуралдай” оффисын нэг давхарт 23 цагийн үед би өөрийн ажилладаг 9 давхар оффисоосоо цүнхээ авах гээд нөхөр Балжиннямын хамт орох гэж байгаад нэг давхрын паар дээр суугаад гутал халтираад байхаар нь гутлаа солих гээд суух гэж байтал холоос нэг хүн “хөөе янхан минь наад паарнаасаа бос” гээд нэг залуу хүрч ирэхээр нь би “гутал халтираад байна, гутлаа суугаад солих гэж байсан юм” гэж хэлээд ямар нэгэн юм болчих вий гээд нөхрөө аваад гарах гэж байтал цаанаас тухайн оффист ажилладаг саарал өнгийн цамцтай Баттулга гэх залуу “та нар шаардлага биелүүлдэггүй юм уу” гэхээр нь би “та нар шаардлагаа зөв тавих ёстой, шаардлагыг тэгж тавьдаггүй юм” гэж хэлтэл манай нөхөр “бид хоёр архи уугаагүй эрүүл байна, та нарын шаардлага буруу та нар согтуу байна” гэж хэлэх үед тэр залуу манай нөхрийн гадуур хувцаснаас нь татаж зуураад, нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохих үед манай нөхөр шалан дээр халтирч унаад босож ирээд манай нөхөр “та нар согтуу байна, дараа нь ямар нэгэн асуудал үүснэ шүү дээ гэж хэлэхэд “та хоёр шаардлага биелүүлсэнгүй, үгээрээ хэлж болдоггүй юм бол бие дээр чинь мэдрүүлээд өгий” гээд энгэрээс нь зуурч аваад манай нөхрийн толгой хэсгийн мөргөөд нүдний шилийг нь хугалсан. Тэр залуу манай нөхрийг мөргөх үедээ нүдний шилэнд нь өөрийн хөмсгийг сэтлэх шиг болсон. Мөргөсний дараа манай нөхрийн толгой хэсэг рүү нь цохиж унагаагаад бие рүү нь өшиглөхөөр нь би голоор нь орж салгаад манай нөхөр боссоны дараа танихгүй хүмүүс ирээд салгаад зодоон дууссан. Манай найз залуу биеэ хамгаалж тэр залуугийн нүүр хэсэг рүү ганц, хоёр удаа цохисон бусдаар бол тэр залуугийн бие рүү нь хүнд гэмтэл учруулахаар цохиогүй. Баттулга гэх залуугаас архи их үнэртэж, согтолтын зэрэг ихтэй байсан. Манай нөхөр тэр залуугийн цээж болон бие хэсэг рүү нь цохиогүй бөгөөд тэр залуугийн биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Баттулга нь хувийн эмнэлэгт үзүүлсэн бөгөөд тухайн хувийн эмнэлгийн дүгнэлтэд үндэслэж шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн хүндэвтэр зэргийн дүгнэлт гаргасан байсан. Бас тухайн зодооны маргааш нь Баттулга гэх залуу хэвийн ажлаа хийгээд явж байсан...” (хавтаст хэргийн 94-95 дахь тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 385 дугаар “...1. *******ын биед эрүү, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” (хавтаст хэргийн 103-104 дахь тал) гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 524 “...1. ******* биед зүүн 2, 3-р хавирганы далд хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна...” (хавтаст хэргийн 110-111 дэх тал) гэсэн дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч , , нарын 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 611 дугаартай дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, шинжилгээ хийсэн “1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 524 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. ******* биед зүүн 2,3 дугаар хавирганы далд хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. ******* биед зүүн 2,3 дугаар хавирганы далд хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх гэмтлүүд учрах үед цээжээр өвдөх, амьсгалахад цээжээр хөндүүрлэх, гэмтлийн түвшинд эмзэглэх, шархаар өвдөх зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрнэ. 4. ******* биед учирсан зүүн 2,3 дугаар хавирганы далд хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 114-116 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ын “...******* биед учирсан зүүн талын 2,3-р хавирганы далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120 дахь тад),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч “...Зүүн 2,3-р хавирганы далд хугарал гэмтэлтэй тохиолдолд хөдөлгөөн, ажил хөдөлмөр эрхэлж болно. Ямар нэгэн хөдөлгөөн хязгаарлахгүй, бага зэрэг зовуурьтай байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дахь тал)
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 65-69 дэх тал)
Хохирогч, шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 138-143 дахь тал),
Хохирогч, шүүгдэгч ******* хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 146-148 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 136, 149 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их хуралдай цогцолборын 1 дүгээр давхарт хохирогч *******тай маргалдаж улмаар ******* нүүр болон зүүн хавирганы хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн 2, 3-р хавирганы далд хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь гэрч, хохирогч ******* болон шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны №524, 611 дугаартай дүгнэлт болон шинжээчийн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их хуралдай цогцолборын 1 дүгээр давхарт хохирогч *******тай маргалдаж улмаар түүний нүүр болон толгой хэсэгт мөргөх, гараараа цохих зэргээр эрүү, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч, хохирогч ******* болон шүүгдэгч ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны №385 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч ******* эрүүл мэндэд нь “...биед зүүн 2, 3-р хавирганы далд хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх...” бүхий гэмтэл нь шүүгдэгч ******* түүнийг нүүр, биед цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Мөн хохирогч *******ын эрүүл мэндэд нь “...эрүү, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал... бүхий гэмтэл нь шүүгдэгч ******* түүний нүүр, толгой хэсэгт мөргөх, гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, хохирогч О.Баттулгыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,
Мөн шүүгдэгч ******* хохирогч *******ын эрүүл мэндэд зүүн хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагч: ... шүүгдэгч Д Балжиннямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна гэв. 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг хуульчилсан. Шүүгдэгч нарын хувьд өөрсдийн үйлдэл холбогдлыг тодорхой хэлж мэдүүлдэг. Хэн аль нь тодорхой хэрэг хариуцах чадвартай. Баттулгыг согтууруулах ундаа хэрэглэсэн эгж байгаа боловч энэ талаар баримт байхгүй. Хоёр шүүгдэгчийн аль аль нь 11.6, 11.4 гэмт хэргийг санаатай үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймээс Балжиннямд 11.4.1 зааснаар 700 нэгж, Баттулгад 500 нэгж ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Баттулга 5.0 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа боловч хохирлын баримт хэрэгт авагдаагүй байгаа учраас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах саналтай... гэсэн саналыг шүүхэд гаргажээ.
2. Шүүгдэгч *******, ******* нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, прокурор гаргасан санал дүгнэлт зэргийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
- шүүгдэгч О.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******, ******* нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт 5.000.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт баримтаар нэхэмжлэл авагдаагүй, хохирогч ******* мөн тодорхой хэмжээний нэхэмжлэл гаргана гэж мэдүүлсэн ч баримтаар гаргасан нэхэмжлэлгүй байх тул хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг шүүх нээлтэй үлдээх нь зүйтэй байна.
Иймд энэ тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2310001881646 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СД-ийг хэрэгт хавсарган, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
- шүүгдэгч Алаг Адуут овогт Оюунбилэгийн Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
- шүүгдэгч О.Баттулгыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын,
- шүүгдэгч *******д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СД-ийг хэрэгт хавсарган, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг шүүх нээлтэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ