Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 133

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

           шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр ҮД:09-07, 

шүүгдэгч Б.Мөнх-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 06 дугаар сарын 20-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, барилгын өрөгч- угсрагч  мэргэжилтэй, хэрэг үйлдэх  үедээ хувиараа  хөдөлмөр  эрхэлж  байсан, ам бүл-4, эцэг, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 1-р байрны 56 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа  бүрэн Олхонууд овогт Баярмагнайн Мөнх-Оргилд /РД:ШУ93062010/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 0014 дугаартай 105/2017/0127/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ

Шүүгдэгч Б.Мөнх-Оргил нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” хоолны газрын үүдэнд иргэн Б.Хишигтогтохыг ямар ч шалтгаангүйгээр толгойгоороо мөргөж, нүүрэнд нь  цохиж зүүн нүдний дээд доод зовхи зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Оргил мэдүүлэхдээ: Би  2016 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө “Шөлөндөө” хоолны газрын үүдэнд Хишигтогтохтой таарахад Оюунсондорыг мөрлөөд гичий минь гээд зөрсөн. Тухайн үед би Хишигтогтохыг таниад Хишгээ болио гэж хэлээд салсан. Тэгээд хоолоо захиалчаад сууж байтал Бямбасүрэн алга болчихоод Нарангуа эгч араас нь гарсан. Тэгээд бид нар хоол ирсний дараа араас нь гарахад Хишигтогтох нь Нарангуа эгчийн гарыг мушгиж өчих буюу гарыг нь ард нь нуглаад газар унагаасан байсан. Тэгэхээр нь би эмэгтэй хүнийг яаж байна, Хишигтогтохоо болио гээд салгахад намайг хэл амаар доромжилсон. Би түүнийг  Оргилоо дараа хоёулаа уулзана гээд мангасдаж Хишигтогтохтой зүй бус харьцсан. Тухайн үед үл ойлголцлоос болж хохирогчид гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч  Б.Хишигтогтохын:…Бид  хоёр  хоол идэж дууссаны дараа би түрүүлээд гарсан. Тэгтэл манай найзын маргалдах чимээ ард сонсогдсон. Тэгэхээр нь би эргэж очсон чинь хаалганы ойролцоо манай найз хэдэн залуучуудтай маргалдаад хоорондоо заамдалцсан байдалтай байсан. Би дундуур орж салгаад найзыгаа аваад доошоо буусан. Тэр залуучууд араас маргаан өдөж бууж ирээд нэг залуу шууд миний зүүн талын нүд орчимд мөргөсөн. Би мөргүүлээд газар унасан чинь нэг залуу нь дээрээс нүүр рүү өшиглөсөн. Намайг найзыгаа аваад доошоо буугаад гарах гэж байхад ардаас дуудсан. Тэгэхээр нь эргээд харсан чинь Оргил гэх залуу хүрч ирээд юу ч ярилгүй шууд мөргөсөн. Би өшиглөсөн залуугийн зүс царайг хараагүй. Би тухайн үед ногоон өнгийн өвлийн куртиктэй цэнхэр жинсэн өмдтэй ногоон шар өнгийн ноосон малгайтай байсан.гэх мэдүүлэг / хх-ийн 20-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Шинэбаярын: ...Миний урд явж байсан эхнэр хаалгаар орохдоо нэг залуу мөргөөд нэг нэгийгээ мөрлөөд зөрсөн юм. Тэгэхдээ  уг залуу манай эхнэрийг өө муу гичий чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь би ардаас нь татаад хавираад унагаасан. Уг залуу босож ирээд намайг гаръя энэ тэр гээд байж байсан чинь манай найзууд хүрч ирээд тэр залуутай маргалдсан. Уг залуу бас нэг залуутай хамт явж байсан. Бид нарыг хоолны газрын ажилчид салгасан. Тэр хоёр  залуу гараад явсан. Манай найз Бямбасүрэн алга болчихоор нь эхнэр Нарангуа нь хайхаар гарсан. Тэр хоёрыг байхгүй болохоор эхнэр бид 2 хамт доошоо буусан. Тэр хоёр  залуугийн нэг нь Нарангуагийн хоёр  гарнаас барьчихсан зогсож байсан. Нарангуа энэ миний гарыг мушгиад байна гэж хэлсэн. Би тэр залуу яг аль нь байсныг нь сайн мэдэхгүй байна. Тэр явцад манай найзууд ар араасаа бууж ирж таарсан. Тэр үед би хавирч унагаасан залуутай уулзаад чи өөрөө эхэлсэн биз дээ ингээд больё та хоёр  явчих гэж хэлсэн. Тэгж байхад хажуу талд манай найзуудын нэг нь нөгөө залуутай харилцан цохилцоод байсан. Би яг манай найзуудын хэн нь тэр залуутай маргалдаж цохисонг мэдэхгүй байна. Би бор өнгийн куртиктэй, эхнэр маань хар өнгийн куртиктэй байсан. гэх мэдүүлэг. /хх-ийн  24-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Дэлгэрмөрөнгийн:... Бид нарыг сууж байхад Нарангуа нөхрөө хайгаад гарсан. Бид нар араас нь гарч очсон. Тэгтэл доор коридорт нөгөө 2 залуугийн нэг нь Нарангуагийн гарыг өчөөд зогсож байсан. Тэгэхээр нь очиж салгаад маргалдаад зогсож байхад цагдаа ирсэн. Тэр хоёр  залууг манай найзуудын хэн нь цохисоныг мэдэхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал /

Мөрдөн байцаалтанд гэрч Оюунсондорын:..2 давхарын шөлөндөө руу ордог хаалган дээр надтай нэг залуу зөрсөн юм. Тэр залуу зөрөхдөө намайг гичий энэ тэр гээд хэл амаар доромжилсон. Үүнийг манай нөхөр сонсчихоод уг залууг барьж аваад хавсарч унагаагаад маргасан…тэр 2 залуу доошоо буугаад явсан. Харин бид нар хоол идэх гээд ширээн дээр суусан. Тэгсэн Бямбасүрэн байхгүй болчихсон бөгөөд түүнийг нөгөө 2 залуутай муудалцаж байна гэж бодоод бид нар ар араасаа доошоо буусан. Манай нөхөр бид хоёрыг буусан чинь нэг давхарт шатан дээр Нарангуагийн гарыг намайг хэл амаар доромжилдог залуутай цуг явж байсан залуу нь өчөөд дарчихсан байсан ба Нарангуа намайг хэл амаар доромжилсон гэж хэлсэн. Тэгээд дахиад муудалцсан уг маргалдаж байх явцад хэн хэнийгээ хэрхэн яаж цохисоныг анзаараагүй. гэх мэдүүлэг/хх-ийн 34-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Нарангуагийн:..Би нөгөө 2 залуутай маргалдах гээд явчихлаа гэж бодоод араас нь гарсан. Би ганцаараа шатаар буугаад доор зогсож байсан 2 залуугийн хажуугаар гараад нөхрөө байна уу үгүй юу гэж харсан тэгтэл нэг залуу нь намайг хөөе гэсэн. Тэгэхээр нь би чи муу юу гээд байгаа юм бэ гэж хэлтэл дуудсан залуу нь миний баруун гарыг урдаас нь хойшоо хуруунуудыг өчсөн. Яг тэр үед манай хэд дээрээс бууж ирж таарсан. Уг маргааны явцад юу болсоныг сайн санахгүй байна. Ямар ч байсан манай хэдийн нэг залуу нь хүрч ирээд намайг өчиж байсан залууг мөргөөд унагаасан уг залууг би яг хэн байсныг одоо санахгүй байна. Бид нар төрсөн өдөр тэмдэглээд 2 шил архи хувааж уусан. Мөн 10 гаран пиво авсан байсан. Тэр 2 залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Батхуягын:..Шөнийн 03 цаг өнгөрч байхад манайхаар үйлчлүүлж байсан хүмүүс хаалган дээр маргасан. Нэг талаас 2 согтуу залуу нөгөө талаас эмэгтэй эрэгтэй нийлсэн олон залуучууд байсан. Тэд нарыг маргаад байхаар нь хамгаалагч тогооч бид 3 салгаад 2 тийш нь салгасан. 2 залуу нь доошоо буусан. Маргалдсан залуучууд нь ширээнд суугаад хоолоо захиалсан. 10 гаран минутын дараа тэд нар алга болчихсон байсан. Тэгсэн чинь шатан доор нөгөө залуучууд дахиад маргалдсан байдалтай хоёулаа явж байсан 2 залуугийн нэг нь газар уначихсан хамраас нь цус гарсан байдалтай байсан. Харин хамгаалагч тэд нарыг салгах гээд байж байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Нямжавын:..Нэг залуу нь газар уначихсан хамраас нь цус гарч байсан. Би тэр залууг хэн цохисоныг мэдэхгүй байна. Тэнд байсан хүмүүсийн нэг нь цохисон байх. Цус хараад нэг нэгрүүгээ дайрах нь гайгүй болсон. гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹216 тоот  дүгнэлтэнд :

           1. Б.Хишигтогтохын  биед зүүн нүдний дээд зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Шинжээч эмч Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-ийн 52-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас  дүгнэхэд  Б.Мөнх-Оргил нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ  хохирогч Б.Хишигтогтохтой  хамт явсан  найзтай  нь  өөр хүмүүс  маргалдаж  байхад  Б.Мөнх-Оргил  хүрч  ирж   ямар ч шалтгаангүйгээр хохирогчийг толгойгоороо мөргөж, нүүрэнд нь цохиж  хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан  байна. Уг гэмт хэрэг нь танхайн сэдэлттэй байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт  Б.Мөнх-Оргил нь  хохирогч  Б.Хишигтогтохыг  урьд нь таньдаг байсан, бидний хоорондын зүй бус  харьцаанаас  түүнд гэмтэл учруулсан гэж  мэтгэлцэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар  шүүгдэгч  Б. Мөнх-Оргилын  мэдүүлэг тайлбар  нотлогдож тогтоогдохгүй байна.

Иймд  Б.Мөнх-Оргил  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” хоолны газрын үүдэнд иргэн Б.  Хишигтогтохыг ямар ч шалтгаангүйгээр толгойгоороо мөргөж, нүүрэнд нь  цохиж зүүн нүдний дээд доод зовхи зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь талуудын хүсэлтээр  шинжлэн  судалсан  хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Мөнх-Оргилыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Мөнх-Оргил нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 65-р тал/

Шүүгдэгч  Б.Мөнх-Оргил нь эмчилгээ  болон  сэтгэл санааны хохирлыг бүрэн  барагдуулсан тул  гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй гэсэн хүсэлтийг  хохирогч Б.Хишигтогтох бичгээр ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв./ хх-н 93-95-р тал /

Шүүгдэгч Б.Мөнх-Оргил нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар бусдад  учруулсан хохирлоо сайн дураараа  нөхөн төлсөн,  55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж түүнд оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Олхонууд овогт Баярмагнайн Мөнх-Оргилыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож  бусдын  биед  хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Баярмагнайн Мөнх-Оргилыг 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Мөнх-Оргилд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Б.Мөнх-Оргил нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Мөнх-Оргилд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын   хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Мөнх-Оргилд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш   14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Мөнх-Оргилд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ