Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0081

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр Дугаар 128/ШШ2020/0081 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ТӨҮГ /

Хариуцагч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл Э ү ТӨҮГ, Э-У д т с ОНӨХК-ийн хооронд усны төлбөр тооцоотой үүссэн маргааныг шийдвэрлэсэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 94 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х , Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б , Ж.Г , Ш.Э нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэл гаргагч Э ү ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э ү ТӨҮГ нь Сэлэнгэ мөрнөөс өөрийн бий болгосон сувгаар ус татаж Орхон аймгийн цэвэр усны хэрэгцээг бүрэн хангадаг бөгөөд Э-У д т с ОНӨХК Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-ний үндсэн дээр цэвэр ус худалдан авч хэрэглэгчдэд борлуулж ирсэн.

Э-У д т с ОНӨХК нь Э ү ТӨҮГ-аас худалдан авсан цэвэр усны төлбөрөө бүрэн төлж чадалгүй жил бүр усны төлбөрийн өр үүсгэсээр 2019 оны 05 дугаар сарын байдлаар нийтдээ 5,67 тэрбум төгрөгийн усны өр төлбөрийн хуримтлал үүсгэсэн.

Энэхүү асуудал болон Э ү ТӨҮГ-аас худалдсан цэвэр ус, Э-У д т с ОНӨХК-ийн худалдан авсан цэвэр усны зөрүү, усны зөрүүнээс үүссэн усны алдагдлыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/24 дүгээр тушаалаар байгуулан тус ажлын хэсэг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Орхон аймагт ажиллаж дүгнэлт, зөвлөмж гаргасан.

Ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/693 тоот албан бичгээр манайд ирүүлсэн бөгөөд тус дүгнэлт, зөвлөмжийн дүгнэлт хэсгийн 4-т Үүсээд байгаа санхүүгийн хүндрэлийг харгалзан үзэж, Орхон аймгийн ус, дулаан хангамж, бохир ус зайлуулах үйл ажиллагааг тасралтгүй явуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар заасан бүрэн эрхийг нь хангуулах, эдийн засаг нийгмийн үйл ажиллагааг тасалдуулахгүй хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Э ү ТӨҮГ нь өөрийн эрх хэмжээний хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-ийн 3 дугаар зүйлд заасны дагуу Орон нутгийн захиргаатай хамтран Э-У д т с ОНӨХК-ийн одоо хуримтлагдаад байгаа 5,67 тэрбум төгрөгийн усны өр төлбөрийг хүчингүй болгох гэж дүгнэсэн.

Э ү ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь заалтуудад зааснаар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ангиллаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус хуулийн 16 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн эрхийг эдэлж үйл ажиллагааныхаа үр дүнд олсон ашгаас мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан нормативт хэмжээгээр захиран зарцуулах бүрэн эрхтэй байтал Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 94 дүгээр тогтоолоор Э ү ТӨҮГ, Э-У д т с ОНӨХК-ийн хооронд усны төлбөр тооцоотой үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Э ү ТӨҮГ-ын бүрэн эрхэд халдаж Э-У д т с ОНӨХК-ийн 5,670,000,000 /таван тэрбум зургаан зуун далан сая/ төгрөгийн усны өр төлбөрийг дээрх тогтоолын 2 дахь заалтаар хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн тус тогтоолын 1 дэх заалгаар Э ү ТӨҮГ, Э-У д т с ОНӨХК-ийн хооронд хийгдэх ус хангамжийн үйлчилгээний 25 хувийн хорогдол, бохир усны үйлчилгээний 10 хувийн шингээлт тооцсон гэрээг байгуулж ажиллахыг Э ү ТӨҮГ, Э-У д т с ОНӨХК-иудад даалгасан нь ямар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актыг үндэслэж шийдвэрлэсэн нь тодорхой биш, ойлгомжгүй байна.

Иймд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл Э ү ТӨҮГ, Э-У д т с ОНӨХК-ийн хооронд усны төлбөр тооцоотой үүссэн маргааныг шийдвэрлэсэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн "Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 94 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэг. Зохицуулах зөвлөлийн тухайд Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Зохицуулах зөвлөлийн дүрмийг баталж, мөн оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183-р тогтоолоор бүтэц, орон тоог баталснаар тус Зохицуулах зөвлөл үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Тус Зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тариф тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг бие даасан, хараат бус байгууллага юм.

Хоёр. Үүссэн нөхцөл байдлын тухайд Э ү ХХК /хуучин статусаар/ нь 2015 онд хуримтлагдсан өрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан бөгөөд тус Зохицуулах зөвлөл дахин өр авлага үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Э-У д т с ОНӨХК-д 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/47 тоотоор усны алдагдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авах албан даалгавар хүргүүлсэн байдаг.

Гэвч энэ асуудал шийдэгдээгүй, Э ү ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 24/165 тоот маргаан шийдвэрлэх тухай албан бичиг ирүүлсний дагуу Зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг усны алдагдлын шалтгааныг тодорхойлохоор газар дээр нь ажиллаж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны 02/264 тоот албан бичгээр үүрэг даалгавар өгч, Орон нутгийн захиргааны оролцоотой ажлын хэсэг байгуулагдан ажилласан.

"Э ү ТӨҮГ-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаар усны алдагдлыг бууруулах талаар хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны 01/437 тоот албан бичгээр дахин үүрэг даалгавар өгсөн байдаг.

Э-У д т с ОНӨХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний 193 тоотоор тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Зохицуулах зөвлөлөөс томилогдсон ажпын хэсэг Орхон аймагт ажиллах үеэрээ Э ү ТӨҮГ, Э-У д т с ОНӨХК хооронд үүссэн усны өр төлбөрийн талаар Орхон аймгийн Засаг дарга болон бусад удирдлагууд, Э ү ТӨҮГ-ын ерөнхий захирал болон бусад удирдлагууд, Э-У д т с ОНӨХК-ийн захирал болон бусад удирдлагуудыг оролцуулсан өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж хэлэлцүүлсэн боловч өрийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой үр дүн гараагүй.

Э ү ТӨҮГ-ын зүгээс 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ТБ-117-12/773 тоот албан бичгээр манай байгууллагад гомдол гаргасан бөгөөд уг гомдлын дагуу тус Зохицуулах зөвлөлийн даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний А/24 тоот тушаалаар Э ү ТӨҮГ болон Э-У д т с ОНӨХК-ийн хооронд усны төлбөр тооцоотой холбоотой үүссэн маргааныг судалж, зохицуулах, мэргэжлийн дүгнэлт гаргах зорилго бүхий Зохицуулах зөвлөл, Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Орхон аймгийн Мэргэжпийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, 2019 оны 06 дугаар сарын 27-ноос 30-ны хооронд Эрдэнэт хотод ажиллаж, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/693 тоотоор холбогдох дүгнэлт, зөвлөмжийг дээр дурдсан газруудад хүргүүлсэн. Ажлын хэсгийн дүгнэлт, 2 байгууллагын үйл ажиллагааны тайланд хийсэн шинжилгээг үндэслэн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч 2 байгууллагын маргааныг шийдвэрлэх бүрэн эрхийнхээ хүрээнд Зохицуулах зөвлөл 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 94 дүгээр тогтоолыг баталсан.

Гурав. Шийдвэр гаргахад нөлөөлсөн хүчин зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй; гэж заасан байдаг. Иргэний энэ эрхийг хангах үндсэн нөхцөлийн нэг нь баталгаат ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрх байдаг. Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газар иргэнийхээ эрхийг хангуулах үүргийг хариуцан хөрөнгө оруулалтыг хийдэг бөгөөд төрийн өмнөөс энэ үүргийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцан гүйцэтгэж байна. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллага нь төр, орон нутгийн өмч дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зүй ёсны монопольд хамаардаг.

Монгол Улс бусад улс орны жишгээр ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын зүй ёсны монополь үйл ажиллагааг хязгаарлах зорилгоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын хуулийн дагуу салбарын зохицуулалтыг хариуцуулахаар тус Зохицуулах зөвлөлийг байгуулаад 7 жил болж байна.

Э ү ТӨҮГ нь төрийн өмчтэй гэдэг утгаараа өөрийн бүртгэлд байгаа Монгол Улсын төрийн өмчөөр энэхүү ус хангамжийн системийг байгуулан Эрдэнэт хотын буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын аж ахуйн нэгж, байгууллага, 27.8 мянган айл өрхийн ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж ирсэн. Социализмын үед буюу 1990 он хүртэл Эрдэнэт хотын ус хангамжийн асуудлыг 1976 онд байгуулагдсан Эрдэнэт хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон Э ү хариуцан ажиллаж, тухайн үед усны тоолуур өргөн дэлгэр хэрэглэгдээгүй байсан тул тус үйлдвэр, хотын хооронд өр авлагын асуудал төдийлөн үүсдэггүй байсан байна.

Харин зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа үеэс буюу 1990-ээд оны дунд үеэс хойш Э ү ТӨҮГ өөрийн хариуцдаг байсан нийгмийн салбарын байгууллагуудыг орон нутагт шилжүүлэх болсноор өөрийн харьяанд хотын зарим хэсгийг хариуцан ажиллаж байсан Э-А компанийг орон нутгийн өмчид шилжүүлсэн байдаг. Улмаар Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 83 дугаар тогтоолоор 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Орон нутгийн өмчтэй орон сууцны Эрдэнэт амьдрал ХХК-тай нэгтгэн орон нутгийн өмчтэй Э-У д т с ОНӨХК болгон зохион байгуулагдаад ажиллаж байна.

Орхон аймгийн усны 50 гаруй хувийн алдагдлын асуудал үндсэндээ салбарт тоолууржилт нэвтрүүлсэн, Э ү ТӨҮГ өөрийн хариуцдаг байсан нийгмийн үйлчилгээг орон нутагт шилжүүлсэн цагаас буюу сүүлийн 20 гаруй жил яригдаж ирсэн бөгөөд энэ асуудлыг дараах байдлаар зохицуулж ирсэн байдаг.

Энэ 2 байгууллагын хооронд жил бүр ус худалдан авалтаас 2-оос 3 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсч өр, авлагын 50 хувийг орон нутагт төлөх газрын төлбөрөөр хааж ирсэн бөгөөд үлдэх хуримтлагдсан өр төлбөрийг Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байх үед Совет буюу Удирдах зөвлөлөөр оруулан нийгмийн үйлчилгээ, Эрдэнэт хотын иргэд төлөх боломжгүй гэдэг утгаар нь тэглэх арга хэмжээ авч ирсэн. Үүнээс шалтгаалан Орхон аймгийн төсөвт орох газрын төлбөрийн орлого усны төлбөрт зарцуулагдаж ирсэн байна.

Тус Зохицуулах зөвлөл байгуулагдсанаас хойш ч энэ өрийг шийдвэрлэх талаар 2 байгууллага удаа дараа хандаж ирсэн бөгөөд Зохицуулах зөвлөлөөс 2 байгууллага орон нутгийн төлөөлөл 3 тал оролцсон ажпын хэсэг байгуулж шийдвэрлүүлэх, мэргэжпийн баг ажиллуулж усны алдагдлыг илрүүлэх талаар үүрэг даалгавар өгч ажилласан. 2015, 2016 онуудад Орхон аймгийн Засаг дарга, 3 талын оролцоотой ажлын хэсэг байгуулагдан усны алдагдлыг илрүүлэх, алдагдлыг бууруулах чиглэлээр ажилласан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Харин 2017 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн мэргэжлийн баг ажилласан бөгөөд энэхүү багийн ажпын үр дүн Зохицуулах зөвлөлөөс 2019 онд байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлттэй үндсэндээ адилхан байгаа юм.

Зохицуулах зөвлөлөөс тарифын зохицуулалт хийсэн 2014 он хүртэл Э ү ТӨҮГ бөөний үнээр цэвэр усыг 501.14 төг/мЗ, бохир усыг 270.32төг/м3-ээр тооцон Э-У д т с ОНӨХК-д нийлүүлж, тус ХК цэвэр усыг 504.6 төг/мЗ, бохир усыг 324.6 төг/мЗ-өөр борлуулж зөрүү 4.6 төг/мЗ болон 54.28 төг/мЗ-ээр өөрийн үйл ажиллагааг явуулж усны алдагдлаа төлж чаддаггүй байсан. Хэдийгээр Зохицуулах зөвлөлөөс усны үйлчилгээний суурь хураамж нэвтрүүлж, зөрүүг цэвэр усанд 230 төг/мЗ, бохир усанд 210 төг/мЗ болгон нэмэгдүүлсэн хэдий ч усны төлбөрөө бүрэн төлж чадахгүй байна.

Шугамын зайлшгүй гардаг алдагдал болон тодорхойлох боломжгүй байгаа усны алдагдлаас шалтгаалан үүссэн өр төлбөрийг Эрдэнэт хотод амьдарч байгаа иргэд хэрэглэгчдэд үүрүүлэх боломжгүй юм.

Хамгийн сүүлд Э-У д т с ОНӨХК-ийн 2015 он хүртэл хуримтлагдсан усны өр төлбөрийг Э ү ТӨҮГ нь ОХУ-ын хамтарсан өмчтэй байх үедээ ТУЗ-ын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны А/29 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байдаг.

Үүнээс хойш буюу ОХУ өөрийн эзэмшлийн хөрөнгийг Монголын талд шилжүүлснээс хойш тодорхой шийдвэр гаргах эзэнгүй болж улмаар газрын төлбөрөөс илүү гарсан өр хаагдахгүй өр хуримтлагдсаар 5.67 тэрбум төгрөг болоод байна. Э-У д т с ОНӨХК нь өөрөө шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, ашигт малтмал олборлох зэргээр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн төрийн өмнөөс Эрдэнэт хотыг ус, дулаанаар хангаж, бохир усыг нь татан зайлуулах үйлчилгээ үзүүлэн иргэд, хэрэглэгчдээс төлбөрийг хураан авч Э ү ТӨҮГ-т бөөний үнээр төлбөр хийн зөрүүгээр нь өөрийн үйл ажиллагааг явуулдаг байгууллага болно. Иймд үүсээд байгаа уг өр төлбөрөөс үүдэн Эрдэнэт хотын буюу Баян-Өндөр сумын орон сууцанд амьдардаг 12.68 мянган өрх тус бүр 440 гаруй мянган төгрөгийн өр Э ү ТӨҮГ-т төлөх ёстой болж байна. Түүнчлэн энэ асуудлыг салбарын онцлогт тулгуурлан төлбөр тооцоог хэрхэн хийх, усны хэмжээг хэрхэн тодорхойлох талаар тодорхой, мэргэжлийн шийдвэрийг Зохицуулах зөвлөлөөс гаргахгүй тохиолдолд энэ өр улам нэмэгдсээр байх юм.

Э ү ТӨҮГ ба Э-У д т с ОНӨХК-ийн усны тооцоог нарийвчлан авч үзвэл тус 2 байгууллага гэрээгээр тохирсон шугам сүлжээний зааг дээр усны төлбөр тооцоонд ашиглах тоолуурыг суурилуулаагүй Э ү ТӨҮГ нь өөрийн эзэмшлийн дамжуулах шугамын эхэнд хэт авианы тоолуур суурилуулж, өөрийн шугам дээрх усны алдагдлыг Э-У д т с ОНӨХК-иас нэхэмжилж, усны алдагдлыг зөвхөн нэг байгууллагад үүрүүлсэн, даралтын тохируулгыг голлон хариуцдаг, тоолуурыг хариуцах зааг эзэмшил дээрээ бус өөрийн хариуцсан шугам дээрээ байрлуулсан Э ү ТӨҮГ нь усны алдагдалд ямар нэг үүрэг хүлээгээгүй гэдэг нь харагдаж байна.Өөрөөр хэлбэл Э-У д т с ОНӨХК Эрдэнэт хотын усны алдагдлыг дангаараа үүрснээс энэ байдал үүссэн.

Улаанбаатар хотын жишгээс үзэхэд Э ү ТӨҮГ-тай ижил төстэй үүрэг бүхий нийт усны алдагдал 30 хувь гэж үзвэл УСУГ усны алдагдын 18 хувь, ОСНААУГ 13 хувийг үүрч санхүүгийн хувьд УСУГ 6-10 тэрбум төгрөгийн ОСНААУГ уснаасаа 0.50-аас 1.5 тэрбум төгрөгийн алдагдлыг тус тус хүлээн ажилладаг. Аймгуудийн нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагууд мөн энэ алдагдлыг дангаараа үүрч ажилладаг байна.

Усны зүй ёсны алдагдал гэж байдаг бөгөөд хэдийгээр битүү шугам сүлжээгээр ус хэрэглэгчдэд очиж байгаа боловч алдагдал үүсч байдгийн хамгийн шинэ, гэмтэлгүй, тоолуур нь эхнээсээ эцсээ хүртэл нэг төрлийн буюу мэдрэмж өндөртэй байдаг Япон, Австрали зэрэг улсад хамгийн бага буюу 4-өөс 5 хувь байдгаас харж болно.

Тухайн үед Э ү ТӨҮГ нь Э-А компанийг хариуцан ажиллаж байхдаа орон сууцны хэрэглэгчдийг механик тоолуураар 100% тоолууржуулсан бөгөөд эдгээр тоолуур нь одоо хуучран солих шаардлагатай болсон байна. Гэтэл Э ү ээс ус авч буй тоолуур нь өндөр нарийвчлалтай, цахилгаан соронзон тоолуур бөгөөд гадаад орнуудын жишгээс харахад ийм тоолууруудын заалтын зөрүү 20 хүртэл хувь байдаг байна. Өндөр нарийвчлал мэдрэмжтэй хэт авианы тоолуур болон механик тоолуурын хооронд хэмжилтийн зөрүү гардаг нь олон улсын усны байгууллагуудын туршлагад үндэслэн алдагдал нь хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Э ү ТӨҮГ нь өндөр мэдрэмж бүхий хэт авианы тоолуураар усны төлбөр тооцоо хийдэг бол Э-У д т с ОНӨХК нь худалдан авсан усаа айл өрхүүдэд энгийн механик тоолуураар борлуулалт хийдэг бөгөөд энэхүү хоёр тоолууруудын зөрүүнд усны алдагдал хүлээж байгаа учраас ижил төрлийн тоолуураар тооцоо хийх хүртэл хорогдол тооцохыг зөвшөөрсөн болно.

Энэ байдлыг Орхон аймагт хэрэглэх зорилгоор хэрэглэгчдэд гол төлөв механик тоолуураар төлбөр тооцоо хийж байгаа, нэг өрхийн дундаж ам бүлийн тоо ойролцоо буюу 4 орчим хүнтэй, орон сууцны нөхцөл, халуун усны хэрэглээ нь хэвшил болсон зэрэг ижил төстэй шинж чанар бүхий Улаанбаатар хотын тоолууртай айл өрхийн ус хэрэглээтэй харьцуулах нь зүйтэй гэж үзсэн.

5 жилийн дунджаас үзэхэд Улаанбаатар хотын тоолууртай нэг өрхийн хэрэглээ 306 л/хоног байсан бол Эрдэнэт хотынх 264.6 л/хоног буюу 15.7 хувиар доогуур байна. Олон улсад хэрэглэгдэж байгаа туршлага болон Улаанбаатар хоттой харьцуулсан судалгаанаас хэт авианы тоолуур ба жижиг диаметр бүхий механик тоолуурын хэмжилтийн зөрүүг 15-аас 16 хувь гэж авах нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсын бүх аймаг, хотын ус суваг, орон сууц нийтийн аж ахуйн байгууллагын дарга нарт өгсөн Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэх агентлагийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 1997 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №15 дугаар бүхий зөвлөмжийг үндэслэн ус хангамжийн шугам сүлжээний дамжуулах хоолойн залгаас, хаалт, холбох хэрэгслүүдийн гидравлик эсэргүүцлээс үүсэх түрэлтийн алдагдлыг 10-аас 15 хувиар тооцохыг даалгасан байдаг.

Энэ бүхэнд үндэслэн цаашид өр авлага нэмэгдүүлэхгүй байх үүднээс Зохицуулах зөвлөл гэрээнд усны алдагдлыг 2 тал хуваан үүрэхээр зохицуулалт хийсэн болно.

Э-У д т с ОНӨХК-ийн санхүүгийн байдалд шинжилгээ хийхэд 2011 оноос хойш алдагдалтай ажиллаж ирсэн бөгөөд 2018 онд алдагдал нь 750.1 сая төгрөг, хуримтлагдсан алдагдал нь 4.2 тэрбум төгрөг болсон байна. 2018 оны байдлаар эргэлтийн харьцаа 1.28, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 0.92 байгаа нь тус байгууллага богино хугацаат өр төлбөрөө төлөх буюу хөрвөх чадвар сул байна. Альтманы таван хувьсагчтай загвараар тус байгууллагын санхүүгийн чадавхийг үнэлэхэд 2017, 2018 онуудад 1.5-аас 1.8 гэж гарсан нь дампуурах магадлал их буюу дампуурлын ирмэгт тулаад байгааг харуулж байна. Тус компани санхүүгийн хувьд одоо хуримтлагдаад байгаа 5.67 тэрбум төгрөгийн өрийг төлөх чадваргүй байна.

Иймд ус, дулаан хангамж гэсэн Орхон аймгийн иргэд, эдийн засгийн үйл ажиллагааг тэтгэх чухал нийтийн үйлчилгээг эрхэлж байгаа тус байгууллагын үйл ажиллагааг эрүүлжүүлж хэвийн явуулах нь гол асуудал болоод байна.

2018 оны тайлан мэдээнээс үзэхэд Э ү ТӨҮГ-ийн Ус хангамжийн цех нь 2.4 тэрбум төгрөгийн ашигтай, Э-У д т с ХХК 778.2 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг.

Энэхүү судалгаагаар орон нутаг усны төлбөр хийхэд зохих дэмжлэг үзүүлж жил бүр 1.5-аас 2.4 тэрбум төгрөгийн газрын түрээсийн орлогыг зарцуулж байгаа ч усны алдагдалыг нөхөх бололцоогүй байгаа нь харагдаж байна

Э ү ТӨҮГ нь ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээнээс 2018 онд 2.48 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаас гадна сүүлийн 3 жилд 13.78 тэрбум төгрөгийн хөрөнгийн элэгдлийг хуримтлуулж ус хангамжийн үйлчилгээнээс нийт 16.26 тэрбум төгрөг хуримтлуулсан байна.

Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 4.1.3. Харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амыг энэ хуулийн 4.9-т заасан стандартыг хангасан ундны усаар тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлнэ гэж заасан боловч Орхон аймгийн Засаг дарга Э ү ТӨҮГ-т үүрэг өгч хэргжүүлэх боломжгүй байна.

Нэгэнт орон нутгийн захиргаа, Э ү Зохицуулах зөвлөлөөс өмнө өгсөн үүрэг даалгавар, хүргүүлсэн зөвлөмжийн дагуу шийдвэрлээгүй, зохицуулах эрх зүйн орчин бүрэлдээгүй байгаа тул Зохицуулах зөвлөл хуулиар хүлээсэн мэргэжлийн шийдвэр гаргах чиг үүргийнхээ хүрээнд дээрх хуримтлагдсан хөрөнгийн хэмжээнд багтаан, 2015 онд өрийг тэглэснээс хойш сүүлийн 4 жилд дахин хуримтлагдсан 5.67 тэрбум төгрөгийн энэ өрийг тэглэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.

Дөрөв. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухайд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хэн дуртай нь эрхлэн явуулах боломжгүй онцлог зохицуулалттай үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл, асар өндөр өртөг бүхий дэд бүтцээр дамжуулан олон зуун хэрэглэгч, хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагыг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариутгах амаргүй үйл ажиллагаа байдаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрх, эрх чөлөөг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа юм.

Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүлийн 4.1.3-д Харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амыг энэ хуулийн 4.9-д заасан стандартыг хангасан ундны усаар тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлнэ. гэж заасны дагуу Орхон аймгаас бусад 20 аймаг болон Улаанбаатар хотын Засаг дарга хүн амыг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Гэвч Э ү ТӨҮГ нь орон нутгийн бус төрийн өмчийн хүрээнд хүн амыг усаар хангах үйл ажиллагаа эрхэлж байгаагаас Орхон аймгийн Засаг дарга өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл үүссэн.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д цэвэр ус дамжуулах шугам гэж ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжаас ус дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтаар орон сууцны ус дамжуулах төвийн тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам нь Э ү ТӨҮГ-т харъяалагдахаар байна. Гэтэл Э ү ТӨҮГ нь өөрийн эзэмшлийн дамжуулах шугамын эхэнд хэт авианы тоолуур суурилуулж, өөрийн шугам дээрх усны алдагдлыг бусдаас нэхэмжилж байна.

Энэхүү үйлчилгээ нь тодорхой нутаг дэвсгэрийг хамарсан зүй ёсны монополь шинжтэй тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, Э ү ТӨҮГ болон Э-У д т с ОНӨХК-ийн усны өр төлбөрийг шийдвэрлэх зорилгоор тус Зохицуулах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 94 дүгээр тогтоолыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан чиг үүрэг, 10 дугаар зүйлийн 10.1.5-т заасан бүрэн эрхийн хүрээнд батлан гаргасан.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж, Э ү ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ү ТӨҮГ-аас шүүхэд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /цаашид Зохицуулах зөвлөл гэх/-д холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 94 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Зохицуулах зөвлөл нь Э ү ТӨҮГ болон Э-У д т с ОНӨХК-ийн хооронд усны төлбөр тооцоотой үүссэн маргааныг зохицуулах зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 94 дүгээр тогтоолоор:

  • Орхон аймгийн Э ү ТӨҮГ болон Э-У д т с ОНӨХК-ийн хооронд хийгдэх ус хангамжийн үйлчилгээний 25 хувийн хорогдол, бохир усны үйлчилгээний 10 хувийн шингээлт тооцсон гэрээг жилийн эхнээс буюу 2019 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн байгуулж ажиллахыг даалгасан,
  • Дээрх 2 байгууллагын төлбөр тооцооноос хуримтлагдсан 5,67 тэрбум төгрөгийн усны өр төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

1. Э-У д т с ОНӨХК нь Э ү ТӨҮГ-тай Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-ний үндсэн дээр цэвэр ус худалдан авч хэрэглэгчдэд борлуулдаг бөгөөд худалдан авсан цэвэр усны төлбөрөө бүрэн төлж чадалгүй 2015 оноос хойш жил бүр усны төлбөрийн өр үүсгэсээр 2019 оны 05 дугаар сарын байдлаар нийтдээ 5,67 тэрбум төгрөгийн усны өр төлбөрийн хуримтлал үүсчээ.

Энэхүү асуудлыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Зохицуулах зөвлөлийн даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/24 дүгээр тушаалаар байгуулан тус ажлын хэсэг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллаж дүгнэлт, зөвлөмж гаргасан.

Уг дүгнэлт, зөвлөмжийн 4 дэх хэсэгт Үүсээд байгаа санхүүгийн хүндрэлийг харгалзан үзэж, Орхон аймгийн ус, дулаан хангамж, бохир ус зайлуулах үйл ажиллагааг тасралтгүй явуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар заасан бүрэн эрхийг нь хангуулах, эдийн засаг нийгмийн үйл ажиллагааг тасалдуулахгүй хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Э ү ТӨҮГ нь өөрийн эрх хэмжээний хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д заасны дагуу Орон нутгийн захиргаатай хамтран Э-У д т с ОНӨХК-ийн одоо хуримтлагдаад байгаа 5,67 тэрбум төгрөгийн усны өр төлбөрийг хүчингүй болгох гэж дурьдаж, зөвлөмж дүгнэлтийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: Дүгнэлт, зөвлөмж гарснаар хуульд заасан үүргийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай энэ өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвшилцөж өөрийн санхүүгийн боломжид тулгуурлан шийдвэр гаргах боломжтой байсан. Гэтэл хариуцагч хөндлөнгөөс оролцож манай байгууллагын авлагыг хүчингүй болгосон тогтоол гаргасныг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй.

Дээрх маргаан бүхий тогтоолын 2 дугаар заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж захиран зарцуулах эрх-ийг заасныг баримтлан үүссэн өр төлбөрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Э ү ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-т зааснаар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ангиллаар үйл ажиллагаагаа явуулдаг болох нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 102 дугаар тогтоолоор баталсан Э ү ТӨҮГ-ын дүрмийн 1.2-т ...өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар мөн гэж тодорхойлсноор тогтоогдох бөгөөд тус хуулийн 16 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн эрхийг эдэлж үйл ажиллагааныхаа үр дүнд олсон ашгаас мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нормативт хэмжээгээр захиран зарцуулах эрхийг олгосноор 20 дугаар зүйлийн 20.1.2-т үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг нь гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулах эрхтэй гэснээр Э ү ТӨҮГ-ын ерөнхий захиралд тухайн өр авлагыг шийдэрлэх бүрэн эрх үүсэхээр байна.

Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Засгийн газрын 2012 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм-ээр зохицуулагдахын зэрэгцээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д заасан тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах зэрэг 9 төрлийн бүрэн эрхийг хэрэгжүүлдгийн дотор 10.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхээр тусгайлан заасан нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгчийн хооронд үүссэн төлбөр тооцоо, өр авлагын асуудлыг бусад хуулиар нарийвчлан зохицуулсан байхад хөндлөнгөөс акт гаргаж хүчингүй болгох эрх хэмжээг олгоогүй гэж үзнэ.

Гэвч Зохицуулах зөвлөл 2015 оноос эхлэн Э ү ТӨҮГ болон Э-У д т с ОНӨХК-ийн хооронд үүссэн өр төлбөрийг төлүүлэх, усны алдагдлыг илрүүлэх талаар холбогдох байгууллагуудын удирдлагатай уулзалт ярилцлага зохион байгуулах, ажлын хэсэг байгуулж, мэргэжлийн байгууллагаас зөвлөмж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр зөрчил доголдлыг илрүүлэн удаа дараа албан шаардлага хүргүүлсэн боловч тухайн асуудал шийдэгдэхгүй байснаар өрийн асуудал жил тутам нэмэгдэх нөхцөл байдал үүсч, орон нутгийн онцлог, Орхон аймгийн хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагыг эрүүл ахуйн стандартад нийцсэн цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх эрх ашгийн үүднээс маргаан бүхий актыг гаргасныг шүүх буруутгах боломжгүй байна.

Мөн Э-У д т с ОНӨҮГ нь үйлдвэрлэл явуулдаггүй, бие даан өрийг төлөх ямарч боломжгүй, энэ байдал даамжирвал өрийн 5.67 тэрбум төгрөгийг Эрдэнэт хотын нэг айл өрхөд хуваавал 1 өрхөд 600,000 орчим төгрөг ногдох болно. Цаашид энэ өр төлбөрийг асуудал жил тутам 2-3 тэрбум төгрөгөөр нэмэгдэх хандлагатай. Зохицуулах зөвлөлийн хувьд энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр нэлээдгүй үйл ажиллагаа явуулсан боловч талууд зөвшилцөлд хүрч чадаагүй, бид иргэд, аж ахуйн нэгжийн зайлшгүй цэвэр усаар хангагдах нийтийн эрх ашгыг хамгаалах үүднээс тэдний хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхийн тулд энэхүү тогтоолыг гаргасан гэх хариуцагчийн тайлбарыг шүүх үгүйсгэх боломжгүй, нэгэнт талууд усны алдагдал болон өрийн асуудлыг шийдвэрлэх асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй байгаа тохиодолд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хөндлөнгөөс зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой.

2. Зохицуулах зөвлөлийн 94 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар Орхон аймгийн Э ү ТӨҮГ болон Э-У д т с ОНӨХК-ийн хооронд гэрээг жилийн эхнээс буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн байгуулж ажиллахыг даалгахдаа ус хангамжийн үйлчилгээний 25 хувийн хорогдол, бохир усны үйлчилгээний 10 хувийн шингээлт тооцохдоо Э ү ТӨҮГ-ын холбогдох мэргэжлийн хүмүүсийн оролцоог хангаагүй, санал хүсэлтийг тусгаагүй гэж нэхэмжлэгч тал маргадаг.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-д Зохицуулах зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцэх бөгөөд Зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна, 9.14-д Зохицуулах зөвлөлийн шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө гэж үүрэгжүүлсэн заалттай ч усны алдагдлын 25 хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид дан ганцаар үүрүүлж, цаашид өр үүсэх нөхцөл шалтгааныг арилгасан гэх зохицуулалт нь Э-У д т с ОНӨХК болон хэрэглэгчдийн гэрээний дагуу хүлээх үүрэг хариуцлага, шударга ёсны зарчмыг алдагдуулсан зохицуулалт болжээ.

Хариуцагч уг гэрээнд бохир усны үйлчилгээний 10 хувийн шингээлтийг өмнөх жилийн гэрээнүүдэд тусгаж ирсэн, харин цаашид усны алдагдлыг тооцож нэмж өр төлбөрийн асуудал үүсэхээс сэргийлж 25 хувийн хорогдлыг тооцож тусгасан гэж тайлбарлаж байгаа хэдий ч ус дамжуулах сүлжээн дээр байрлаж байгаа тоолуур нь Э ү ТӨҮГ-ын эзэмшлийн сүлжээний хил зааг дээр байрлаж байгаа эсэхийг газар дээр нь тогтоож, зохистой байрлуулах арга хэмжээ авах, тусгай зөвшөөрөл бүхий цэвэр ус нийлүүлэгчийн электрон тоолуур, хэрэглэгчийн механик тоолуур нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-156 дугаар тушаалаар батлагдсан Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам-ын дагуу тавигдсан эсэх, 2 өөр төрлийн тоолуурын хэмжилтийн зөрүү болон шугам сүлжээний элэгдэл хорогдлоос алдагдлын хэдэн хувь үүсч байгаа зэргийг нарийвлан тогтоох нь зүйтэй байна.

Мөн 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 301 дүгээр тушаалаар баталсан Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм болон бусад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг нарийвчлан тогтоож, усны алдагдлын 25 хувь хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцож, Э ү ТҮӨГ, Э-У д т с ОНӨХК, Орохон аймгийн Засаг дарга, тамгын газар тэдгээрийн төлөөллийг оролцууулж, санал хүсэлтийг харгалзан тогтоох асуудал нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий актыг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13. 9.14. 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч үүссэн нөхцөл байдалд өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийж, дахин шинэ акт гаргах хүртэл нэхэмжлэлд дурьдагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 94 дүгээр тогтоолыг 4 /дөрвөн/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА