Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2020/00583

 

 

 

2020 оны 08 сарын 19 өдөр

  Дугаар 153/ШШ2020/00583

                 Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар ............ оршин суух, ...... овогт ....... Б-ийн нэхэмжлэлтэй, ................ оршин суух, ....... овогт .....А -д холбогдох, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  08 дугаар 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 153/2020/00691/И индекстэй  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, хариуцагч О.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.А-тай 2008 оны 08 сарын 19-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэр бүл болсноос хойш 2009 онд том хүү Б.Тэнгис, 2012 онд бага хүү Б.Эрхэс нар төрсөн. 2012 оноос хойш эхнэр бид хоёр хувийн таарамжгүй харилцаанаас болж байнга хэрүүлтэй байх болсон. Ингээд би 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар луу шилжиж явсан.Үүнээс хойш эхнэртэйгээ дахиж хамт амьдраагүй. Одоо би Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа бөгөөд өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Шинээр гэрлэлтээ батлуулах гэсэн боловч А-тай батлуулсан гэрлэлт хүчин төгөлдөр байгаа тул шинээр батлуулах боломжгүй байна. 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд хандаад тус тусдаа амьдралтай болсон тул эвлэрч чадаагүй. Эхнэр О.А нь шинээр гэр бүлтэй болж хүүхэд төрүүлэн амьдарч байгаа. Бидэнд одоо буцаж хамт амьдрах боломж байхгүй. Би хүүхдүүдээ эх А-гийн асрамжинд үлдээнэ. Хүүхдүүдийн асрамжийн асуудал дээр маргах зүйл байхгүй болно. Иймд бидний гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Б 2008 оны 8 сарын 19-ний өдөр гэр бүл болсон. 2009 онд том хүү Б.Тэнгис, 2012 онд бага хүү Б.Эрхэс нар төрсөн. Б.Б бид хоёр 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Б.Б 2008-2014 оны хооронд надтай амьдрах хугацаандаа намайг байнга хардаж, олон хоногоор архи ууж, намайг байнга зоддог байсан. Мөн хүүхдүүдээ ч өөрийн хүүхэд биш гэж хэлдэг байсан. Архи уугаад хэд хоногоор ч хамаагүй гадуур хоноод алга болчихдог байсан. 2014 оноос хойш 6 жил тусдаа амьдарч байгаа бөгөөд бид тус тусдаа амьдралтай болсон. Би энэ нөхөртэйгээ албан ёсоор хуримаа хийсэн. 2 хүүхдээ бага байхад нь хуримаа хийсэн. Би өмнө нь 2015 онд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл өгч байсан боловч хаяг тодорхойгүй гэдгээр буцааж байсан. Харин Б нь өөрөө тусдаа амьдралтай болсон учраас нэхэмжлэл өгсөн юм шиг байна. Иймд миний бие Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авна, тэтгэлэг авахгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Т, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Э нар төрсөн болох нь №0000509274, №0000820349 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 3,4,5 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч О.А нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Т, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Эрхэс нарын санал болон  хүүхдүүдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдүүдийг эх О.А-гийн асрамжид үлдээж, хариуцагч О.А нь хүүхдүүдийн тэтгэлэг авахгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдүүд болох Б.Тэнгис, Б.Э нарыг эхийн асрамжид  үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Б.Б-гийн  хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд  Монгол улсын Үндсэн хуульд заасан эцгийн журамт үүргээ биелүүлж, үр хүүхдээ тэжээн тэтгэж өсгөн хүмүүжүүлэхэд оролцож, мөн  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхийг эцэг Б.Бд үүрэг болгож, энэ үүргээ биелүүлэхэд нь эх  О.А нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.

Нэхэмжлэгч Б.Бгийн шүүхэд ирүүлсэн ...Миний бие нь Улаанбаатар хот руу яаралтай ажил гараад явах болсон тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон. О.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70,200 төгрөгийг хариуцагч О.А-гаас гаргуулан  нэхэмжлэгч  Б.Бд олгохоор тогтов.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар  .... овогт Б...н Б , ....... овогт О-ын А  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Э нарыг эх О.Агийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Бд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О.Ад  тус тус даалгасугай.

5.Зохигч нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч О.Агаас улсын тэмдэгтийн хураамж нийт 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д  олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад  даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Х.ОТГОНЖАРГАЛ