Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар           2024/ШЦТ/21

 

  

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах /томилолтоор/, 

шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чичүүл овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2310031511834 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1968 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эмэгтэй, 55 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг гэх, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо*******ын ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Чичүүл овогт *******ийн ******* /РД:*******/

 

                                          Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.******* нь “Дундад ази үүлдрийн” эрлийз, цагаан алаг өнгийн нохойг зохих хамгаалалтгүй Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр*******ын ******* дүгээр гудамжны ******* тоот хашаан дотор байлгасны улмаас 2023 оны 7 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө тус хашаанаас гарч хохирогч Ц.******* рүү дайрч унагааж, хазан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед байгаагүй. Намайг явахад манай нохой уяатай байсан. Ирэхэд уяатай байсан. Би болсон зүйлийг хараагүй. Манай хүү хохирогчийг хазах үед нь харж салгасан. Би 7 дугаар сарын 25-ны өглөө босож эмнэлэг яваад 26-ны өдөр 12 цагийн орчимд гэртээ ирсэн. Ирээд манай гэрт ажил хийж өгч байсан хүмүүст хоол хийж өгөх гээд байж байхад манай том хүүхэд орж ирээд “Ганаа эгчийг манай нохой урьд шөнө хазсан” гэж хэлэхэд нь “тэгээд яасан бэ” гэж асуухад “эмнэлэг явж гарыг нь гипсдүүлээд ирлээ” гэж хэлсэн. Би өөрөө бие муутай явж чаддаггүй хоолоо хийчхээд утсаар яръя гээд байж байтал бага хүү орж ирээд Ганаа эгчийн хоёр охин таныг уулзъя гэж байна гэж хэлсэн. Манай бага хүүхэд тэр шөнө гэртээ хоноогүй байсан. Хоёр охин нь орж ирэхэд нь юу болсон талаар асуухад гар нь хугарсан гэж хэлсэн. Би эгч нь хоол хийчхээд уулзъя гэхэд нь охин нь гарч явсан. Би явж чадахгүй учраас утсаар ярьж юу болсон талаар асуухад Энхтуяагийн хүүхэд нь халуураад байна гэсэн учраас халууны эм өгөх гэж гэр рүү нь явсан. Намайг явж байхад танай нохой хашаа дотроо хуцаж байсан, эргээд явахад мөн хуцаж байсан, би тоохгүй явж байтал хашаанаасаа гинжээ чирээд гараад ирсэн гэж хэлсэн. Манай нохой байнга уяатай байдаг. Гинж нь тасраагүй байсан, барилгын сайн түгжээгээр би түгждэг. Түгжээ нь мултраагүй байхад суларсан нь сонин байна. Манайх хашааны дотор хар панертай, түүний наана төмөр тортой. *******т би “гар нь яаж байна, яс шөнө өвддөг шүү, өдөр унтахгүй байгаарай, тариа хийлгэ” гээд хүүтэйгээ хамт явуулсан. Тэр хоёр эргэж ирээд “тариа Монголд тасарсан байна, эм авч өгсөн” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа бид нар эмнэлэг рүү бөөндөө хамт явсан. ******* үзүүлж гарч ирээд гар татна гэж байна гэж хэлсэн. Тухайн үед би “шаардлагатай юм байвал хэлээрэй, эгч нь чадахаараа авч өгнө, шархаа сайн цэвэрлээрэй, цэвэрлэж чадахгүй бол манай хүүгээр цэвэрлүүлээрэй” гэж хэлээд гэрт нь хүргэж өгөөд явсан. Тэгээд ******* “та надад 500.000 төгрөг хуваагаад өгчих” гэж хэлэхэд нь би “тэгье *******т хэлье” гэж хэлсэн. ******* бол манай хүү. ******* *******тэй уулзаад “би танд 500.000 төгрөг 100.000, 100.000 төгрөгөөр хуваагаад өгье” гэхэд ******* “100.000-аар өгөөд юм болохгүй, хоёр хуваагаад өг” гэхэд нь манай хүү “тэгье” гээд салсан. Хэд хоногийн дараа ******* залгаад “урд айлын эгч нэг нохойны шүд 10.000.000 төгрөг болдог гэж байна” гэхэд нь би “эгчид нь тийм их мөнгө байхгүй” гэхэд “тэгвэл шүүхэд өгөөд бүгд найрамдах уншуулдаг гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би “уншуулмаар байвал шүүхэд өг” гээд өнгөрсөн. Тэгээд цагдаад өгч байгаа гэснээс нь хойш 4 хоноод Марзан *******ын цалин бууж манай хүү мөнгийг нь өгөх үү гэхэд нь цагдаад өгсөн байсан, тэгж байгаад больё гэж хэлсэн. Урьд эм тариа өгч өгсөн мөнгө 100.000 гаран төгрөг болсон байсан. Түүнээс хойш цагдаад өгч байна гээд нэлээд хэд хоносон. Нэг өдөр намайг цагдаагаас дуудахад нь очиж болсон зүйлийг хэлсэн. 1 сарын дараа хэсгийн ахлагч танай нохойг маргааш нь өглөө буудна гэхэд нь тэг тэг гэж хэлсэн. Маргааш нь 5 цаг болоогүй байхад хашаанд орж ирж манай нохойг буудаад аваад явсан. Би нохойгоо сул тавьдаггүй. Хүүхдээсээ хаагуур нь гарсан юм гэж асуухад төмөр тор хаалт татаад хашаа цөмлөөд гараад явсан байна гэж хэлсэн гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2310031511834 дугаартай хавтаст хэргээс:  

Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 6 дахь тал/,

Хохирогч Ц.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 9 дэх тал/,

Гэрч  Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 11 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №11031 дугаартай шинжээчийн дүгнэлт

/хэргийн 18-19 дэх тал/,

Хан-Уул дүүргийн Мал эмнэлэг үржлийн “*******” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай албан бичиг /хэргийн 23 дахь тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 43 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн  байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хэргийн 22 дахь тал/, Хан-Уул дүүргийн Мал эмнэлэг үржлийн “*******” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 23 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 26 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 27 дахь тал/, автотээврийн хэрэгсэл, эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хэргийн 28 дахь тал/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хэргийн 29 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.*******ын буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч П.******* нь “Дундад ази үүлдрийн” эрлийз, цагаан алаг өнгийн нохойг зохих хамгаалалтгүй Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр*******ын ******* дүгээр гудамжны ******* тоот хашаан дотор байлгасны улмаас 2023 оны 7 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө тус хашаанаас гарч гудамжинд явж байсан хохирогч Ц.******* рүү дайрч унагааж, хазан эрүүл мэндэд нь “зүүн шуу ясны далд хугарал, баруун гуяны хазагдсан шарх гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 6 дахь тал/,

Хохирогч Ц.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэртээ буюу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо*******ын ******* дүгээр гудамж задгай тоотод байхад орой 23 цагийн орчимд манай хөрш болох Энхтуяа миний гар утас руу залгаад “хүүхэд халуураад байна, халуун буулгах эм байна уу” гэж хэлсний дагуу би гэрээсээ халуун буулгах эм аваад хөрш Энхтуяагийн гэрт нь оруулж өгчхөөд буцаад Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо*******ын ******* дүгээр гудамжаар гэр рүүгээ явж байхад 182/А тоот айл болох П.******* эгчийн хашааны нохой болох цагаан эрээн зүсмийн маш том биетэй нохой төмөр гинжээ чирсэн байдалтай хашааныхаа завсраар гараад над руу дайран урд 2 хөлөө өргөж миний цээж рүү түлхэхэд би хойшоо газар унахдаа зүүн гараа гэмтээсэн. Намайг газар доош хараад нүүрээ хамгаалаад хэвтэж байхад миний баруун ташаа дээрээс 1 удаа хазах үед П.******* эгчийн хүү ******* хашаанаасаа гарч ирээд нохойгоо надаас салгаж нохойгоо хашаандаа оруулсаны дараа намайг дагуулан Гэмтлийн эмнэлэгт очиж миний биеийг үзүүлэхэд миний зүүн гарын бугуй хэсгийн яс хугаралттай, баруун ташаа дээрээс нохой хазсан шархыг цэвэрлэж өгсөн...гэсэн мэдүүлэг /хэргийн 9 дэх тал/,

Гэрч  Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө гэртээ амарч байхад хашааны гадаа нохой хуцаад байхыг сайн сонсоход ээж *******ын нохойн дуу мөн байсан тул би хашаанаасаа гараад чанга дуугаар “Жерри” гэж нохойгоо дуудахад миний дууг сонссон. “Жерри” нохой танил эгч Ц.******* эгч рүү дайрахад Ц.******* эгч хойшоогоо ухарч байхдаа хөл алдан газар унахад нь Жерри нохой зүүн гуянаас нь хазсан тул би гүйж очоод Жерри нохойг ээж *******ын хашаанд нь оруулж уясан. Танил эгч Ц.*******ийг яаралтай Гэмтлийн эмнэлэг рүү авч яваад анхны тусламж үзүүлэхэд баруун гарын савхан яс хугарсан, зүүн гуянд 3 ширхэг соёо шигдэж орсон байсан. ...Миний ээж Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо*******ын 1*******-******* тоотод амьдардаг бөгөөд хашаандаа “Жерри” нэртэй нохой тэжээдэг бөгөөд тэр нохой нь хашаандаа уяатай, гадуур нь давхар төмөр торон хашаатай байдаг юм. Тус нохойг миний ээж гөлөг байхад нь буюу 2019 оны өвөл танихгүй хүнээс худалдан авсан цагаас хойш саяханыг хүртэл хашаандаа тэжээж байсан. Гэтэл хүн урсан гэх шалтгаанаар хорооны ажилчид ирж буудан устгасан. Дээрх нохой нь миний ээж *******ын нэр дээр байдаг нохой юм...гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №11031 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Ц.*******т зүүн шуу ясны далд хугарал, баруун гуяны хазагдсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон хатуу ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлдпээр үүссэн байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй. /хэргийн 18-19 дэх тал/,

Хан-Уул дүүргийн Мал эмнэлэг үржлийн “*******” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо*******ын *******-182а тоотод оршин суудаг П.*******ын дундад азийн эрлийз алаг нохой 2022 оны 4 дүгээр сард нохойны 5 өвчний эсрэг вакциныг ******* хоногийн хугацаатай 3 удаа хийлгэсэн нь үнэн болно.” гэх албан бичиг /хэргийн 23 дахь тал/,

Шүүгдэгч П.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Тухайн үед би юу болсон талаар хүү *******аас асуухад өчигдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 25-ны шөнө 00 цагийн орчимд гэртээ амарч байхад хашааны гадаа хүн орилоод, нохой хуцаад байхаар гэрээсээ гарахад манай нохой “Жерри” хашаанаасаа гарсан байхаар нь чанга дуугаар “Жерри” гээд хэд хэдэн удаа дуудаад өөрийнхөө хашаанаасаа гарах үед гудамжинд явж байсан Ц.******* эгч рүү манай нохой “Жерри” дайраад Ц.******* эгчийг газар унагаасан, газраас босож амжаагүй байхад нь ар нуруу орчимд нь хазсан гэж надад хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 43 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

       

          Шүүгдэгч П.******* шүүх хуралдаанд “намайг явахад манай нохой уяатай байсан” гэж мэдүүлсэн боловч хохирогч Ц.*******, гэрч  Д.******* нарын мэдүүлгээр 2023 оны 7 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо,*******ын *******-р гудамжинд хохирогчийг явж байхад П.*******ын нохой хохирогч руу дайрч унагааж, хазсан болох нь тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч П.******* нь “манай нохой уяатай байсан” гэж мэдүүлж байгаа хэдий ч орчиндоо аюул учруулж болох амьтныг бусдад хохирол учруулахгүй байхаар хамгаалалтыг зохих ёсоор хийгээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хэргийн 22 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэнгээс “миний үйлчлүүлэгч нь урьд ял шийтгэлгүй, болгоомжгүй хайхрамжгүй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгчийн хүү нь хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, баримтгүй ч эм тарианы зардал төлсөн, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч П.*******д ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, өндөр настай, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******д мэдэгдэх нь зүйтэй.

 

          3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэх хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ийн биед “зүүн шуу ясны далд хугарал, баруун гуяны хазагдсан шарх бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна.

          Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч Ц.******* нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлын баримт гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт гэм хорын зардалтай холбоотой нотлох баримт авагдаагүй тул хохирогч Ц.*******ийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг энэ шийтгэх тогтоолоор эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

           Иймд шүүгдэгч П.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин хохирогч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

           1. Чичүүл овогт *******ийн *******ыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******д мэдэгдсүгэй.     

 

4. Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР