| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00668/и |
| Дугаар | 00602 |
| Огноо | 2020-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 00602
| 2020 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2020/00602 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт оршин суух, Н.Б-ы нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 153/2020/00668/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Н.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1980 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 дугаар ангийг төгссөн. Илгээлтээр ээждээ тусалж мал маллаж байгаад 1984 онд цэрэгт татагдаж 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Халагдаж ирээд Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт мал малласан. Одоог хүртэл мал маллаж байгаа. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жилээ тогтоолгох шаардлага гарсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1980 оны 7 дугаар сараас 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 10 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Миний ээжийн эцэг эхээс өгсөн нэр нь Цэнд-Аюуш гэхдээ нутгийнхан Бор гэж дууддаг байсан....Би 1981 онд 8 дугаар анги төгссөн. ...Гүррагчааг сансарт нисч байхад би сурагч байсан....Дорнодын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд сурсан. 1983 оны 6 дугаар сард тракторчнаар төгссөн....Цэрэгт явтлаа Чандмань суманд ээжтэйгээ хамт мал малласан....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1980 оны 7 дугаар сараас 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 10 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодрууллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Б нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1983 оны 6 дугаар сараас 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1007 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадын 1983-1984, 1988-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 8-12 дугаар тал/
Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1980 оны 7 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарыг хүртэл малчнаар ажиллаж байгаагүй болох нь нэхэмжлэгч Н.Бы шүүх хуралдаанд гаргасан ...Би 1981 онд 8 дугаар анги төгссөн....Гүррагчааг сансарт нисч байхад би сурагч байсан....Дорнодын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд сурсан. 1983 оны 6 дугаар сард тракторчинаар төгссөн.... гэх тайлбараар нотлогдож байна.
Иймээс нэхэмжлэгч Н.Бы Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1980 оны 7 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарыг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч Н.Б нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 10 дугаар сараас 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилчин, тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Н.Б нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 10 дугаар сараас 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилчин, тракторын жолоочоор талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1603000576 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1103 дугаартай лавлагааны хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 15, 16 дугаар тал/
Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн 1983, 1984 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудад нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд авагдсан иргэн Г.Бурмаа, Б.Намсрай нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 27-29, 30-31 дүгээр хуудсанд авагдсан гэрч Б.Намсрай, П.Ганцоож нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас зөрсөн, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Н.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ы Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1983 оны 6 дугаар сараас 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1980 оны 7 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарыг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Н.Б нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 10 дугаар сараас 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилчин, тракторын жолоочоор ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ