| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/34 |
| Огноо | 2024-01-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжир
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******, түүний өмгөөлөгч О.Даваажаргал,
иргэний хариуцагч Б.*******
шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2303006420536 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1956 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, *******гийн 3-р гудамж ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
- Нийслэлийн шүүхийн 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 161 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88.б- д зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигин овогт *******гийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 22 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн замд Тоёота Приус 20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч П.ыг мөргөж амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмт хэрэг миний өөрийн буруугаас болсон. Амь хохирогчийн үр хүүхдээс уучлалт гуйж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх хэрэг гарсан талаар2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээрээ байхдаа мэдсэн. Ажлаа хийж байхад нагац эгч залгаад “Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очих хэрэгтэй байна, ээж чинь зам тээврийн осолд орсон юм шиг байна, таниулна гэж байна” гэж хэлсэн. Тэр үед ухаан жолоогүй гарч гүйгээд Цагдаагийн хэлтэс дээр очиж зурагтай танилцаад ээжийг таньсан. Тэр өдрөөс 2 өдрийн өмнө машинд мөргүүлсэн байсан. Тэр хоёр хоногийн хугацаанд би ээж рүү залгаагүй. Яагаад гэвэл тусдаа амьдардаг. Эмээтэй холбоо барьсан. Гэртээ ирээгүй гэхэд нь яасан юм бол залгана гэж байтал эгч залгасан. Түүнээс хойш бид нарын хийж чадах зүйл буяны ажил байсан. Түүнд анхаарал хандуулсан. Ээжийн дүү хэрэг үйлдсэн жолоочтой цагдаагийн хэлтэс дээр уулзсан. Би тэр хүнтэй уулзах сөхөө байгаагүй. 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр осол гарсан. Миний төрсөн дүү Өнөбилэг эхнэр хоёр хүүхдийнхээ хамт Яармагийн Энкантод байр түрээсэлж амьдардаг байсан. Яармагийн Оргил худалдааны төвийн орчим осол гарсан. Ээж маань дүүгийн гэр рүү явж байсан байна гэж бодсон. Учир нь дүүгийн том хүүхэд төрснөөс хойш хүүхдийг нь хардаг байсан. Хүнд үхэл хагацлаас илүү зовлон гэж байхгүй. Миний ээж 2003 оноос хойш дүү бид хоёрыг ганцаараа өсгөсөн. Бид хоёрын төлөө бүх зүйлийг хийж байсан. Бид хоёр сургуулиа төгсөж өөрийнхөөрөө амьдарч эхлэх үед ээж минь байхгүй болсон. Харамсалтай байна. Өөртөө анхаарал тавих, үр хүүхдээ харах үлдсэн насаа сайн сайхан өнгөрөөх насандаа байхгүй болчихлоо. Олон улсаар яривал 47 нас гэдэг ид залуу, гэр бүл зохиодог нас. Энэ насандаа байхгүй болсонд харамсалтай байна. Юугаар ч орлуулшгүй, юу ч хийгээд хэрэггүй. Би өөрөө 1 жил хагасын өмнө жолооны курст сууж байсан. Яагаад дүрмээ баримтлаагүй вэ. Одоо юу ч хийгээд ээжийгээ авч ирж чадахгүй. Сэтгэл санааны хувьд би гэлтгүй дүү, эмээ, гэр бүлийнхэн хэцүү байна. Эмээ 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Манай ээж том хүүхэд нь байсан. Үр хүүхдээ алдсан хүнд хэцүү байгаа. Маш олон хүнд хор уршиг учирч байна. Бид нарын амьдрал цаашид өөрчлөгдөхгүй. Хохиролтой байна. 24.543.682 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдсан. Сүүлд гаргаж өгсөн баримт нь 986.600 төгрөг. Нийт 25.530.282 төгрөг. Үүнээс үлдэгдэл 5.530.282 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа.
Иргэний хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хохиролд аавтай хамт 15.000.000 төгрөг төлж барагдуулсан. Олон хувааж шилжүүлсэн. Сүүлийн 5.000.000 төгрөгийг даатгалын компаниас хохирогчийн данс руу шилжүүлсэн. Даатгалаас 5 сая төгрөгийг өөрсдөө авах уу гэхэд нь хохирогчийн данс руу хийе гээд шилжүүлүүлсэн. Төлөгдөөгүй 5.530.282 төгрөг төлнө гэв.
Хоёр. Эрүүгийн 2303006420536 дугаартай хэргээс:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-11 дэх тал/,
Амь хохирогч П.ы цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,
******* ******* улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.*******гийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Амь хохирогч П.ы нас барсны гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 66 дахь тал/
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 128, 131 дэх тал/,
******* ******* улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь тал/,
Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №2494 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 77-87 дахь тал/
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №999991 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 91-95 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1207 дугаартай Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 19-59 дэх тал/,
Шүүгдэгч С.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 102 дахь тал/,/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 103 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 104 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 105-106 дахь тал/, гэрч Э.Буянхишигийн мэдүүлэг /хавтаст хэргийн 108 дахь тал/, гэрч Б.Баярмагнайгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 111 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 113 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө 22 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн замд Тоёота Приус 20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч П.ыг мөргөж амь нас хохироосон болох нь:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудсанд: “******* ******* улсын дугаартай Приус маркийн машинд эмэгтэй хүн мөргүүлээд цус алдаан байна” гэх. /хавтаст хэргийн 3 дахь тал/,
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-11 дэх тал/,
Амь хохирогч П.ы цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,
******* ******* улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.*******гийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Амь хохирогч П.ы нас барсны гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 66 дахь тал/
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ы шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: Хамгийн сүүлд 2023 оны 9 дүгээр сарын 15-наас 16-ны үед ээжтэй // утсаар ярихад “дүүгийн чинь хүүхдүүдийг хараад байж байна” гэсэн. Ер нь тэр 7 хоногт манай дүүгийн хүүхдийг хараад гэрт нь байсан. Манай дүү ээжтэй хамгийн сүүлд 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр /ням гариг/ Баянхошуунд гэрт нь очиж хүүхдүүдээ авахдаа уулзсан. Тэрнээс хойш уулзаагүй. ...Манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна, миний ээж дөнгөж 47 насандаа гэнэтийн байдлаар нас барсанд нөхөж барашгүй хор уршиг учирсан. Оршуулгын зардалтай холбоотой баримтууд бэлэн байгаа, хэрэгт хавсаргаж өгнө...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Автомашинд нохирлын үнэлгээ хийлгэхгүй, осол болсоноос хойш хохирогчийн ар гэрийнхэнд нийт 15 сая төгрөгийг өгсөн байгаа...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 128, 131 дэх тал/,
Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаанд: эзэмшигч нь *******гийн ******* гэх. /хавтаст хэргийн 105 дахь тал/,
Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: ...гуйвсан согтуу эмэгтэй зам хөндлөн гарч харагдахаар нь энэ эмэгтэй такси авч магадгүй гэж бодоод явган хүний гарц өнгөрөөд 1 дүгээр эгнээнд зогсож байтал удаагүй тас хийх чимээ гарахаар нь эргээд харахад нэг эмэгтэй цагаан өнгийн Приус 20 маркийн машин мөргөөд унагаачихсан байсан. Тэгэхээр нь өөрийн утсаараа цагдаа болон түргэн дуудсан. Тэгээд машинаас жолооч нь 60 гаруй насны ах яахаа мэдэхгүй сандраад зогсож байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Цогцост задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №2494 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач П.ы цогцост гавал тархины ил гэмтэл, гавал яс болон хүзүүний 1-р нугалмын хагас мултрал, тагнайн ар хэсгээр гавлын хөндий нээгдсэн шарх, гавлын зүүн чамархайн ар, дагзны зүүн хэсгээс 3 тийш салбарлаж зүүн чулуулаг, турк эмээл, баруун чулуулаг, чамархай, дагз, суурийн хоёр талын ар хонхор хамарсан хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн дух чамархайн дэлбэн зулайн дэлбэнгийн урд хэсэг, чамархай дагзны дэлбэнгийн суурь хэсэг, бага тархины аалзан хальсан доор тархмал цус харвалт, элэгний цус хуралт язарсан шарх, дух, баруун хацар, шанаа, баруун бугуй зүүн хавирганы нум, зүүн гуянд зулгаралт баруун сарвуу, хэвлий, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, автомашинд мөргүүлэх үед үүсэх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ. 2023-09-20-ны 0120 цагийн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 3-4 цаг орчим болсон байжээ. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 4,9 промилли илэрсэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис цусанд илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 77-87 дахь тал/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №999991 дугаартай дүгнэлтэд: Уг тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд салхины шил цөмөрч бяцарч хагарсан, капот баруун урд хэсэгтээ хонхойж цөмөрсөн, урд буфер доод сетка байхгүй, зүүн урд талдаа будаг нь халцарч зурагдсан, улсын дугаарын арын хэсзгт хагарсан, баруун гар талын урд крыло хонхойж зурагдаж будаг халцарсан, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн, баруун хойд оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Урд салхины шил цөмөрч бяцарч хагарсан, капот баруун урд игсэгтээ хонхойж цөмөрсөн, урд буфер доод сетка байхгүй улсын дугаарын арын хэсэгт 13-арсан, баруун гар талын урд крыло хонхойж зурагдаж будаг халцарсан зэрэг нь шинэ тухайн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой эвдрэл гэмтэл байна. Харин урд буфер зүүн урд талдаа будаг нь халцарч зурагдсан, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн, баруун хойд оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь ашиглалтын үед үүссэн байх боломжтой хуучин эвдрэл гэмтэл байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,ЗкН, баруун талдаа 2,2кН, зөрүү нь 4% (стандарт<20%) автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна, 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,1 кН, баруун талдаа 1,2кН зөрүү нь 8% (стандарт<30%) автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон эвдэрч гэмтсэн зүйлгүй байна. /хавтаст хэргийн 91-95 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1207 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд: “Тоёота Приус 20” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үндэслэлтэй байна. Явган зорчигч П. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 19-59 дэх тал/,
Шүүгдэгч С.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2023 оны 9 дүгээр сарын 19-ний орой 22:00 цаг өнгөрч байхад охин *******ын эзэмшилд бүртгэлтэй Тоёота Приус 20 маркийн автомашиныг жолоодон *******гийн баруунаас хороолол орохоор гарсан. Тэгээд Яармагийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш нэг талдаа 3 эгнээтэй замын 3 дугаар эгнээгээр явж байхад эсрэг талын эгнээнд явсан. Машины гэрэл тусах үед гэнэт замын баруун талаас юм сүүдэгнэх шиг болоод та буугаад урд салхины шил хагарчихаар нь тоормос гишгэж зогсоод машинаас буугаад харахад замын 2 дугаар эгнээнд 40 гаруй насны бараан өнгийн хувцастай хүн хажуу тийшээ хараад хэвтсэн байдалтай толгойноос нь их хэмжээний цус гараад намайг тэр хүнийг татаад босгох гэхэд ямар ч ухаангүй байсан. Тэр үед хажуугаар явсан танихгүй хүн ирээд “наад хүн чинь нас барчихсан байна” гэж хэлээд утсаараа цагдаа руу залгаж өгсөн. ...Би явган хүний гарц ирж байгааг анзаараагүй юм. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож байгаа Миний буруутай үйлдлээс болж хүний амь нас эрсдсэнд маш их гашуудаж байна. Хохирогчийн оршуулгын зардалд одоогийн байдлаар 15 сая төгрөг төлсөн гэсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дахь тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.******* нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон, энэ үйлдлийн улмаас үүдэн зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохирсон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж буй үйлдлээ хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, тухайн хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирч, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцдог.
Шүүгдэгч С.*******гийн хувьд “Toyota Prius 20” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч П.ыг мөргөсний улмаас амь хохирогчийн биед гавал тархины ил гэмтэл, гавал яс болон хүзүүний 1-р нугалмын хагас мултрал, тагнайн ар хэсгээр гавлын хөндий нээгдсэн шарх, гавлын зүүн чамархайн ар, дагзны зүүн хэсгээс 3 тийш салбарлаж зүүн чулуулаг, турк эмээл, баруун чулуулаг, чамархай, дагз, суурийн хоёр талын ар хонхор хамарсан хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн дух чамархайн дэлбэн зулайн дэлбэнгийн урд хэсэг, чамархай дагзны дэлбэнгийн суурь хэсэг, бага тархины аалзан хальсан доор тархмал цус харвалт, элэгний цус хуралт язарсан шарх, дух, баруун хацар, шанаа, баруун бугуй зүүн хавирганы нум, зүүн гуянд зулгаралт баруун сарвуу, хэвлий, баруун шилбэнд цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулсан. Амь хохирогч нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барж амь нас нь хохирсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч С.*******г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч болон иргэний хариуцагч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20,000,000 төгрөг төлсөн ба 5,530,282 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Хуульзүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалаар баталсан журмын 1 дүгээр хавсралтад “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотын хүний дундаж наслалт 67 ба, амь хохирогч 47 настай байсан тул зөрүү наслалт 20 жилийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгөөр үржүүлэн, 5 дахин нэмэгдүүлж нийт 55,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах”үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Даваажаргалаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар хохирол нэхэмжлэх эрхтэй” ба шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ч хор уршиг арилгах үүрэгтэй. Хуульзүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалаар баталсан журмын 1 дүгээр хавсралтад “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж хуульчилсан. Амь хохирогч нь гэмт хэрэг гарах үед 47 нас 5 сартай байсан ба Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод эмэгтэй хүний дундаж наслалт 75,6 нас байсан тул 28 жилийн зөрүү гарч байна. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж тооцоход 82,500,000 төгрөгийн гарч байх тул хохирогчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. 550,000*5*336=924,000,000 төгрөг дээр төлөгдөөгүй хохирол 5,530,282 төгрөгийг нэмж тооцоход нийт 929.530.282 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.*******, иргэний хариуцагч Д.******* нараас нэхэмжилж байна” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгээс “миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3 дахь хэсгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч зөрүүтэй тайлбарлах шиг боллоо. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүний дундаж наслалтын зөрүүг тооцож улсын яллагч зөв тооцоолж гаргасан. 28 насны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөгөөр тооцоход 77,000,000 төгрөг болж байна. Төлөгдөөгүй хохирол 5.530.282 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Сэтгэцэд учирсан хохирлын томъёоллын хувьд зөрүүтэй яригдаж байгаа учраас зөв томъёоллоор шийдэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нар нь сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлбөрийн дүнгийн талаар маргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.*******гийн дээрх үйлдлүүдэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нараас эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан санал гаргаагүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгээс “миний үйлчлүүлэгч болгоомжгүй нөхцөл байдлын улмаас Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын амь насыг хохироосон үйлдэлдээ гэмшиж үүнийгээ илэрхийлсээр ирсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байна. Урьд нэг удаа ял эдэлж байсан боловч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн зохицуулалт байгаа. Осол гарахад түргэн тусламж дуудсан, хохирогчийн ар гэртэй харьцаж байсан, хохирол төлбөр төлж байсан болон 68 настай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримталж өгнө үү, эсхүл мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж тэнсэж өгнө үү” гэсэн саналыг гаргаж тус тус мэтгэлцэв.
Шүүгдэгч С.******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, оршуулгын зардлаас тодорхой хэмжээг төлсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр 68 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 06 сарын хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ял эдлэх бүсийг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.******* нь эрүүл мэнд болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлахаар тогтоов.
Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч С.*******д мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан С.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирогч П. нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №2494 дугаартай
дүгнэлтээр “...гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан” /хавтаст хэргийн 77-87 дахь тал/ болох нь тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******аас оршуулгын зардалд нийт 24,543,682 төгрөг /хавтат хэргийн 19-57 дахь тал/-ийг нэхэмжилсэн ба шүүгдэгч С.*******, иргэний хариуцагч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******д 15,000,000 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалаас 5,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 4,543,682 төгрөг төлөгдөөгүй үлдсэн гэж үзлээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтаас амь хохирогчийн 21 хоногийн буяны зардалд 986,600 төгрөг нэхэмжилсэн нь амь хохирогчийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардалд хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаанд: эзэмшигч нь *******гийн ******* гэх баримт авагджээ. /хавтаст хэргийн 105 дахь тал/,
Иргэний хариуцагч Б.******* нь өөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг аав С.*******г жолоодохыг зөвшөөрч шилжүүлэн өгсөн тул бусдад учруулсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар хамтран хариуцвал зохино.
Иймд амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд төлөгдөөгүй үлдсэн 4,543,682 төгрөгийг шүүгдэгч С.*******, иргэний хариуцагч Д.******* нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 2,271,841 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******д олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улсын Дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.3-д “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заажээ.
Амь хохирогч П. нь 1976 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн /хавтаст хэргийн 66 дахь тал/ ба 47 нас 5 сар 04 хоногтой байхдаа амь хохирсон байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550.000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82,500,000 төгрөгийг шүүгдэгч С.*******гээс гаргуулахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, иргэний хариуцагч Д.******* нараас хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн хугацаанд завсарлага авах эсэх талаар тодруулахад хэн аль нь хохирол төлөхөөр завсарлага авахгүй гэсэн тул эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 06 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигин овогт *******гийн *******г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр ял эдлэх бүсийг тогтоож, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусад газар руу зорчихгүй хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч С.*******д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******д шүүгдэгч С.*******, иргэний хариуцагч Б.******* нараас амь хохирогчийн оршуулгын зардалд 15,000,000 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалаас 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, оршуулгын зардалд төлөгдөөгүй үлдсэн 4,543,682 төгрөгийг шүүгдэгч С.*******, иргэний хариуцагч Д.******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 2,271,841 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******д олгож, нэхэмжлэлээс 986,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 82,500,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******д олгосугай.
8. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР