| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00615/и |
| Дугаар | 00604 |
| Огноо | 2020-08-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 00604
| 2020 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2020/00605 | Жагалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт байрлах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар /9067434/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Т.Ж-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 5,363,533 төгрөг, зээлийн хүү 359,060 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан актын төлбөр 179,530 төгрөг, нийт 5,902,123 /таван сая есэн зуун хоёр мянга нэг зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00615/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сум хөгжүүлэх сангаас иргэн Т.Ж нь 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Эрдэнэбүрэн СЕNТЕР төслийн зориулалтаар 15,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй авсан ба одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 5,363,533 төгрөг, зээлийн хүү 359,060 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан акт 179,530 төгрөг нийт 5,902,123 төгрөг гаргуулахаар байгаа болно.
Мөн уг зээлийг авахдаа Зил 130 машин 1 ширхэг, Фургон 1 ширхэг, хашаа байшин 1 ширхэг, Бариа гэр 1 ширхэг, зурагт 1 ширхэг, угаагч 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, адуу 13 ширхэг, үхэр 11 ширхэг, хонь 194 ширхэг , ямаа 1 ширхэг зэрэг эд зүйлийг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан ба гэрээг нэхэмжлэлд хавсаргав гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Цэвэлмаа нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.Ж нь сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь Т.Жэд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 5,363,533 төгрөг, зээлийн хүү 359,060 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан актын төлбөр 179,530 төгрөг, нийт 5,902,123 /таван сая есэн зуун хоёр мянга нэг зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Цэвэлмаа нь хариуцагч Т.Жийг нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,902,123 /таван сая есэн зуун хоёр мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг тус шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2/276 дугаар албан бичгээр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 109,384 /нэг зуун есэн мянга гурван зуун наян дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Жэд холбогдох, сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 5,363,533 төгрөг, зээлийн хүү 359,060 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан актын төлбөр 179,530 төгрөг, нийт 5,902,123 /таван сая есэн зуун хоёр мянга нэг зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Цэвэлмаа нь хариуцагч Т.Жийг нэхэмжлэлийн шаардлага болох 5,902,123 /таван сая есэн зуун хоёр мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 109,384 /нэг зуун есэн мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ