Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар  2024/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалан, 

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн 2310035941822 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хөргүүрийн ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт *******ын ******* /РД:*******/

 

                                          Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөл бөмбөгийн холбооны урд замд насанд хүрээгүй хохирогч Г.*******тэй маргалдаж улмаар түүний хүзүү хэсэгт машины холбогчоор цохиж эрүүл мэндэд нь “хүзүүний 6-р нугалмын арын сэртэнгийн далд хугарал, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

 

Хоёр. Эрүүгийн 2310035941822 дугаартай хавтаст хэргээс:  

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч Г.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

         Гэрч Э.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

         Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №12575 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн  байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 62-66 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 68 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 72 дахь тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 73 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөл бөмбөгийн холбооны урд замд “Toyota Sai К10” маркийн ******* улсын дугаартай хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа дугуйтай зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Г.******* нь “автомашинаар шахаж явлаа” гэснээс маргаан үүсгэж, “хэрүүл маргаан хийлээ, ах хүнийг хүндэлсэнгүй” гэж шалтаглан хохирогчийн хүзүү хэсэгт машины холбогчоор цохиж эрүүл мэндэд нь “хүзүүний 6-р нугалмын арын сэртэнгийн далд хугарал, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудсанд: “******* машины жолооч бууж ирээд холбогчоор 2-3 удаа цохисон...гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч Г.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр найз *******, Оргил нарын хамт Богд уул руу гарахаар болоод Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И Март худалдааны төвөөс Хөл бөмбөгийн холбооны харалдаа дугуйтай явж байсан чинь улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгсэл араас сигналдаад бид нарыг шахаад байхаар нь урд явж байсан найз Оргил хажуу тийшээ болоод зогссон. Би ард нь явж байсан болохоор найз дээрээ очоод гурвуулаа “аятайхан яваач гэж хэлэх үү” гээд тухайн машиныг гүйцэж очоод “дайрлаа шүү дээ, аятайхан яваач” гэж хэлэх гээд очсон чинь 30-35 орчим насны эрэгтэй хүн машин бариад хажуудаа эмэгтэй хүн суулгасан явж байхаар нь очоод “аятайхан яваач ээ” гээд хэлсэн чинь “юу гээд байгаа юм, чамаар заалгах юм уу” гэж хэлэхээр нь бид 3 хаяад явсан чинь араас сигналдаад хаазлаад байсан. Бид 3 түрүүлж яваад зогсож байсан чинь тухайн машины жолооч бууж ирээд “юу гээд байгаа юм том хүнтэй аятайхан харьцаарай, сургаад өгөх үү” гээд машины багажийг онгойлгоод машины холбогч гаргаж ирээд төмөр хэсгээр нь хүзүүн тус газар 2 удаа цохисон чинь машинд сууж байсан эмэгтэй “боль, хая явъя” гээд явсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр найз *******, Оргил хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И Март худалдааны төвийн харалдаа зам дээр унадаг дугуй унаад явж байсан чинь үл таних машинтай ах чанга сигнал дуугаргаад хажуугаар өнгөрөхдөө урд явж байсан найз Оргилыг шүргэх шахаад явсан. Тухайн машин цааш явж байгаад замын түгжрэлд зогсохоор нь хажууд нь очоод “ахаа та аятайхан яваач ээ, та дайрлаа шдээ” гэж хэлээд цааш явж байсан чинь тухайн машин дахиад араас сигналдаад хажууд ирэхээр нь “та аятайхан яваач ээ” гэж хэлсэн чинь тухайн хүн авто машинаасаа бууж ирээд “юу гэнээ” гээд авто машины хойд багажнаас холбогч гаргаж ирээд “чамайг сургаад өгөх үү” гээд найз *******ийн хузүү нуруун тус газар нь нэг нэг удаа цохисон чинь тухайн машинд сууж байсан ул таних эмэгтэй машинаас бууж ирээд салгах гээд “боль” гэж хэлсэн чинь “та нар битгий хуц” гэж хэлээд машиндаа суугаад явсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

         Гэрч Э.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр *******ийн хамт нөхрийн ******* улсын дугаартай авто машинтай Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөл бөмбөгийн холбооны харалдаа явж байхдаа нөхөр маань урд машин огцом тоормос гишгэхээр нь хажуу тал руу шахсан чинь хажууд нь явж байсан хүүхдүүд рүү шахсан юм шиг байгаа юм. Ингээд цааш явж байсан чинь тухайн дугуйтай хүүхдүүд хараагаад” лалар минь, замаа хараад яваач” гээд маргаан үүсгэсэн. Тэгтэл нөхөр машиндаа “юу гээд байгаа юм” гэж хэлээд цааш явсан чинь дахиад хажууд ирээд дахиад хэл амаар доромжилсон чинь нөхөр машинаас буугаад багажаа онгойлгоод машины холбогчоор тухайн хүүхдийг цохисон. Би өөрөө машинаас буугаад нөхрөө машиндаа суулгаад цааш явсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

         Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №12575 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.*******ийн биед хүзүүний 6-р нугалмын арын сэртэнгийн далд хугарал, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И Март худалдааны төвөөс 120 мянгат руу чиглээд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай авто машинтай хөдөлгөөнд оролцоод явж байсан чинь үл таних 3 дугуйтай хүүхдүүд авто машины зам дээр явж байсан. Би тухайн хүүхдүүдийг тойроод гарсан. Тэгтэл миний урд явж байсан машин огцом тоормос гишгэхээр нь би дугуйтай хүүхдүүдийн тал руу шахаад цааш яваад Хөл бөмбөгийн талбайн харалдаа зам дээр түгжрээд зогсож байсан чинь тухайн 3 дугуйтай хажууд ирээд намайг янз бүрийн үгээр харахаар нь би ямар нэгэн үйлдэл үзүүлэхгүй цааш хөдөлгөөнд оролцоод явсан. Цааш 200 метр явжж байгаад түгжрээд зогссон чинь тухайн надаа зодуулсан гэх хүүхэд над дээр ирээд бас л хэл амаар хараахаар нь би цааш явсан. Тэгээд дахиад түгжрээд зогссон чинь тухайн хүүхэд над дээр ирээд бас л хэл амаар доромжлоод л яаж яваад байгаан бэ? гэхээр нь та нарт ямар нэгэн саад учруулсан зүйл байхгүй шүү гэж хэлсэн чинь намайг “лалар минь” гэхээр нь би машинаас буугаад “яасан ах захгүй хүүхдүүд вэ” гэж хэлээд машины багажинд байсан авто машины холбогчийг гаргаж ирээд тухайн хүүхдийн шилэн хүзүү, дал хэсэгт нь 1 удаа цохисон. Эхний цохилтоос тухайн хүүхэд бултсан. Ингээд би машиндаа суугаад цааш хөдөлгөөнд оролцоод явсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.******* нь насанд хүрээгүй хохирогч Г.*******ийг машины холбогчоор цохиход түүнд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөл бөмбөгийн холбооны урд замд “Toyota Sai К10” маркийн ******* улсын дугаартай хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа дугуйтай зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Г.*******ийг “автомашинаар шахлаа” гэснээс маргалдаж “хэрүүл маргаан хийлээ, ах хүнийг хүндэлсэнгүй” гэж шалтаглан машины холбогчоор хохирогчийн хүзүү хэсэгт цохиж эрүүл мэндэд нь “хүзүүний 6-р нугалмын арын сэртэнгийн далд хугарал, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

         Иймд шүүгдэгч Г.*******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

          Насанд хүрээгүй хохирогч Г.******* нь 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, гэмт хэрэг гарах үед 14 нас, 5 хоногтой байжээ. Насанд хүрээгүй хохирогч Г.******* нь “бага насны хүүхэд” гэх ойлголтод хамаарахгүй тул прокуророос шүүгдэгч Г.*******ид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч Г.******* нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.******* нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан болох нь тогтоогдож байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Г.*******ид ял оногдуулахдаа насанд хүрээгүй хохирогч Г.*******ийг “хэрүүл маргаан хийлээ, ах хүнийг хүндэлсэнгүй” гэж шалтаглан  машины холбогчоор хүзүү хэсэгт нь цохисны улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн хохирол учруулсан арга, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******ид мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

         Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.*******ийн биед “хүзүүний 6-р нугалмын арын сэртэнгийн далд хугарал, хүзүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Шоовдор нь мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Г.*******ийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой 183.700 төгрөгийн баримт /хэргийн 75 дахь тал/ гаргаж өгсөн ба шүүгдэгч Г.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 2,200,000 төгрөг нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан “Шилжүүлгийн мэдээлэл” баримтуудаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин насанд хүрээгүй хохирогч Г.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Шоовдор нар нь энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй Г.*******ийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.*******оос нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйиргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

           1. Боржигон овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******ид мэдэгдсүгэй.     

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Шоовдорт 2,200,000 төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Насанд хүрээгүй хохирогч Г.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Шоовдор нар нь энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.*******ийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.*******оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.  Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР