| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0226/З |
| Дугаар | 221/МА2026/0612 |
| Огноо | 2026-08-25 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2026/0612
Л.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б
Нэхэмжлэгч: Л.Г
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 641 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0226/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Г-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс албан тушаалд эгүүлэн томилох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор тооцож олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайлагнахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 641 дүгээр шийдвэрээр:
Төрийн албаны тухай хуулийн 37дугаар зүйлийн 37.1.13, 37.1.18, 39 дүүгээр зүйлийн 39.1.3, 39.1.18, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан Л.Г-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан "Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс албан тушаалд эгүүлэн томилох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор тооцож олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайлагнахыг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргажээ. Үүнд:
3.1. “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн, бодитой тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харилцан уялдаатай үнэлээгүй, Төрийн албаны тухай хуулийн 47.1.4 болон 48 дугаар зүйлийн зохицуулалтыг агуулга, зорилгоос нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, сонсох ажиллагаа болон маргаан бүхий захиргааны актын үндэслэлд тавигдах хуулийн шаардлагыг буруу дүгнэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Нэг. Төрийн албаны тухай хуулийн 47.1.4 дэх заалтыг бие даасан, хугацааны хязгаарлалтгүй халах үндэслэл болно гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37.1.13, 37.1.18, 39.1.3, 39.1.18, 47.1.4 дэх заалтуудыг үндэслэсэн боловч нэхэмжлэгчийг ямар хуульд заасан, ямар тодорхой үндэслэлээр төрийн албанаас халж байгааг тодорхой заагаагүй. Төрийн албаны тухай хуулийн 47.1.4-т "энэ хуульд заасан бусад үндэслэлээр" гэж заасан нь өөрөө зөрчлийн бүрэлдэхүүн, буруутай үйлдэл, халах бие даасан нөхцөлийг тодорхойлсон зохицуулалт бус, харин уг хуулийн өөр зүйл, хэсэгт тусгайлан заасан үндэслэлд шилжүүлэн хэрэглэгдэх лавлагааны шинжтэй зохицуулалт юм. Иймд уг заалтыг хэрэглэхдээ хариуцагч Төрийн албаны тухай хуульд заасан яг аль "бусад үндэслэл" бий болсон, тухайн үндэслэлийн хууль зүйн болон бодит нөхцөл нь хэрхэн бүрдсэнийг захиргааны актдаа тодорхой тусгах үүрэгтэй байсан.
Гэтэл маргаан бүхий Б/640 дүгээр тушаалд "улсын бүртгэлийн хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг зөрчин бүртгэл хөтөлсөн” гэх ерөнхий дүгнэлтээс өөрөөр нэхэмжлэгч ямар хуулийн аль заалтыг, ямар тодорхой үйлдлээр, буруугийн аль хэлбэрээр зөрчсөн, тухайн үйлдэл нь төрийн албанаас халах ямар тусгай үндэслэлд хамаарч байгааг тайлбарлаагүй, энэ тухай шүүхийн хэлэлцүүлгийн үед ч үндэслэл бүхий тайлбар гаргаагүй болно. Тушаалд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 37.1.13, 37.1.18, 39.1.3, 39.1.18 дахь заалтууд нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглолтыг ерөнхий байдлаар зохицуулсан болохоос эдгээрийг зөрчсөн гэх төдийд шууд төрийн албанаас халах үр дагавар үүсгэхгүй. Иймд анхан шатны шүүх 47.1.4 дэх заалтыг өөрөө бие даасан халах үндэслэл мэтээр тайлбарлаж, маргаан бүхий тушаалын материаллаг үндэслэл тодорхойгүй байгааг үл хэрэгссэн нь хууль хэрэглээний алдаа болж байна.
Хоёр. Төрийн албаны тухай хуулийн 48.5 дахь хугацааны хязгаарлалтыг хэрэглэхгүй гэж дүгнэсэн нь хуулийн зорилго, агуулгад нийцээгүй тухайд:
Нэхэмжлэгч Л.Г намайг ажлаас халсан бодит шалтгаан нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хийсэн улсын бүртгэлийг хууль зөрчсөн гэж үзсэн явдал юм. Уг бүртгэлийг Хууль зүй дотоод хэргийн сайдын ажлын хэсгийн хяналт шалгалтаар шалган, төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэх санал гаргаж, уг саналд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/187 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн илтгэх хуудаст¹ үндэслэн төрийн албанаас халсан учраас маргаан бүхий Б/640 дүгээр тушаал нь агуулгын хувьд сахилгын хариуцлага ногдуулсан шийдвэр мөн.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл нь төрийн албан хаагч хууль, албан үүргээ зөрчсөн тохиолдолд хүлээлгэх сахилгын шийтгэл, түүний төрөл, журам, хугацааг зохицуулдаг. Тус хуулийн 48.5-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш арван хоёр сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заавал мөрдөх хугацааны хязгаарлалтыг тогтоосон. Хариуцагч 2015 онд гарсан гэж үзсэн үйлдлийг арван жилийн дараа, мөн 2023 оны ажлын хэсгийн шалгалтаар илрүүлсэн гэж үзсэнээс хойш хоёр жил орчмын дараа ажлаас халах үндэслэл болгосон нь дээрх хугацааг хэтрүүлсэн ноцтой зөрчил юм.
Анхан шатны шүүх "Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан халах зохицуулалт нь 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлээс тусдаа тул 48.5 дахь хугацаа хамаарахгүй" гэж дүгнэсэн. Гэвч хуулийн заалтыг нэршлээр нь бус, захиргааны шийдвэрийн бодит агуулга, зорилго, үр дагавраар нь тодорхойлох ёстой. Хууль зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй гэх буруутай үйлдлийг тогтоож, түүнд хариу болгон төрийн албанаас халсан бол энэ нь агуулгын хувьд сахилгын шинжтэй хариуцлага юм. Хариуцагч сахилгын зөрчилд хариуцлага ногдуулж байгаа атлаа 48 дугаар зүйлд заасан ажиллагаа, хугацаанаас зайлсхийхийн тулд 47.1.4 дэх ерөнхий заалтыг хэрэглэж болохгүй. Нөгөө талаараа Төрийн байгууллага, албан тушаалтан аливаа сахилгын зөрчлийг "хуулийн бусад үндэслэл" гэж нэрлэн, хөөн хэлэлцэх хугацааг хязгааргүйгээр тойрон гарах боломж бүрдэх бөгөөд энэ нь эрх зүйн тодорхой байдал, төрийн албан хаагчийн баталгааг үгүйсгэсэн сөрөг үр дагавартай гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Б/640 дугаар тушаал харуулж байна
Нэхэмжлэгч 2007 оноос төрийн албанд тэр дундаа улсын бүртгэлийн байгууллагад олон жил тасралтгүй ажилласан. Маргаан бүхий бүртгэл 2015 онд хийгдсэн бөгөөд тухайн үеэс хойш нэхэмжлэгчид уг бүртгэлтэй холбоотой сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй. Тухайн бүртгэлээс үүссэн гэх маргаан олон жилийн дараа гарсан, бүртгэлийг хууль бус гэж эцэслэн тогтоосон шийдвэр байхгүй, хор уршиг болон нэхэмжлэгчийн буруугийн хэлбэр тодорхой тогтоогдоогүй байхад шууд төрийн албанаас халсан нь зорилгодоо хүрэхэд зайлшгүй байсан эсэх, өөр сахилгын арга хэмжээ авах боломж байсан эсэхийг хариуцагч үнэлж үзээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Харин анхан шатны шүүх хариуцагчийн сонгосон хамгийн хүнд үр дагавар бүхий арга хэмжээний тэнцвэртэй байдлыг шалгалгүй, зөвхөн агентлагийн даргад халах эрх хэмжээ байсан гэх үндэслэлээр шийдвэрийг зөвтгөсөн нь захиргааны эрх хэмжээний хэрэгжилтийг бүрэн хянаагүй, үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Гурав. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1/1 дүгээр албан даалгаврын 1.2 дахь хэсгийн эрх зүйн үр дагавар болон эрх хэмжээний асуудлыг шүүх бүрэн зөв үнэлээгүй тухайд:
Хариуцагчаас Б/640 дүгээр тушаал гарсан гол шалтгаан, чиглэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дүгээр "Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай" албан даалгаврын 1.2 дахь хэсэгт "хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Л.Г-эд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээ авах"-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасантай шууд холбоотой.
Анхан шатны шүүх уг албан даалгаврыг заавал биелэгдэх шинжтэй, харьяа агентлагт чиглэл өгөх хүрээнд гарсан гэж үзсэн боловч сайдад тодорхой улсын бүртгэлийг хууль зөрчсөн гэж эцэслэн тогтоох, нэр бүхий улсын бүртгэгчид хариуцлага хүлээлгэхийг даалгах эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгох эрхийг аль хуулийн ямар заалтаар олгосныг тодорхой дүгнээгүй. Яамны бодлого, хяналт, удирдлагын бүрэн эрх нь хуулиар агентлагийн даргад олгосон томилох, чөлөөлөх, сахилгын шийдвэр гаргах бүрэн эрхийг орлон хэрэгжүүлэх, эсхүл тухайн бүрэн эрхийн үр дүнг урьдчилан зааж өгөх эрх гэж ойлгож болохгүй.
Түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн сайдын 1/1 дүгээр албан даалгаврын 1.1 дэх хэсэгтэй холбоотой маргааныг шүүхээс шийдвэрлэсэн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 346 дугаартай магадлал гарсан боловч тухайн шийдвэрээр сайдын хяналт шалгалтын үйл ажиллагаа, бүртгэлийг шалгуулах эрх хэмжээ байсан эсэхийг хэлэлцсэн болохоос нэр бүхий төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэхийг даалгасан 1.2 дахь хэсгийн хууль ёсны байдал, сайдын эрх хэмжээ, нэхэмжлэгчид үүссэн шууд эрх зүйн үр дагаврыг шийдвэрлээгүй гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй бөгөөд 1.2 дахь хэсэг хууль ёсны болох нь урьдчилан тогтоогдсон үйл баримт мэтээр тайлбарлан шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй байна.
Харин 1.2 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0401 дүгээр шийдвэр гарсан бөгөөд анхан шатны шүүх одоогийн хэргийг шийдвэрлэхдээ уг шүүхийн шийдвэрийн хууль зүйн ач холбогдлыг бүрэн дүгнээгүй. Б/640 дүгээр тушаалын үндсэн суурь болсон албан даалгаврын холбогдох хэсэг илт хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд уг албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан дараагийн захиргааны актын хууль ёсны байдлыг салгаж дүгнэх боломжгүй юм.
Дөрөв. 2015 оны бүртгэлийг хууль зөрчсөн гэж тогтоосон нотлох баримтын хүчин төгөлдөр хууль ёсны байдал болон хоорондын зөрүүг шүүх бүрэн үнэлээгүй тухайд:
Анхан шатны шүүх Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/400 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн илтгэх хуудсыг үндэслэн Л.Г-ийн хийсэн 2015 оны улсын бүртгэл хууль зөрчсөн болох нь тогтоогдсон гэж үзсэн. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 5012 дугаар дүгнэлтээр тухайн бүртгэлээс хууль тогтоомж зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн баримт хэрэгт авагдсан. Уг дүгнэлт хүчингүй болсон, өөрчлөгдсөн, эсхүл хуульд заасан журмаар няцаагдсан талаар нотлох баримт байхгүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр захиргааны акт юм. Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, бүртгэлд өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт, шийдвэр гаргах эрхийг улсын байцаагчид тусгайлан олгосон. Тухайн эрх бүхий улсын байцаагчийн өмнөх дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр байхад өөр бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн илтгэх хуудсыг илүү өндөр нотлох чадвартай гэж үзсэн шалтгаан, эрх зүйн үндэслэлийг анхан шатны шүүх тайлбарлаагүй.
Мөн 2015 оны бүртгэлийг хүчингүй болгосон эрх бүхий улсын байцаагчийн шийдвэр, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдаагүй бөгөөд "Х М" ХХК нь хууль заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Улсын бүртгэлийг хууль бус гэж үзсэн гомдол гаргагч этгээд тухайн бүртгэлийг хүчингүй болгуулахаар хуульд заасан журмаар захиргааны хэргийн шүүхэд хандаагүй, бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байгаа нөхцөлд уг бүртгэлийг хийсэн албан хаагчийн буруутган дан ганц ажлын хэсгийн дүгнэлтээр эцэслэн тогтоож, төрийн албанаас халах нь нотлох баримтын хангалттай, эргэлзээгүй байх шаардлагад нийцэхгүй байна.
Тав. Маргаан бүхий Б/640 дугаар тушаал эрх зүйн болон бодит үндэслэлээ тодорхой тусгаагүй байхад шүүх тушаалд байхгүй үндэслэлийг нөхөн тайлбарласан тухайд:
Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэх хуулийн шаардлага тавигддаг, энэ нь акт гарах бодит нөхцөл, хууль зүйн үндэслэл, тухайн нөхцөлд хийсэн үнэлгээ, эрх зүйн үр дагавраа ойлгомжтой, тодорхой илэрхийлсэн байхыг шаардаж байгаа. Гэтэл Б/640 дугаартай тушаалд 2015 оны бүртгэл хийгдэх үед ямар бүрдүүлбэр дутуу байсан, ямар нотлох баримтыг нэхэмжлэгч шалгаагүй, ямар хуулийн аль шаардлагыг зөрчсөн, түүний гэм буруугийн хэлбэр, тухайн зөрчил нь төрийн албанаас халах ямар тусгай үндэслэлд хамаар байгаа талаар огт тусгаагүй байдаг.
Анхан шатны шүүх тушаалд тусгагдаагүй эдгээр нөхцөлийг ажлын хэсгийн илтгэх хуудас болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нөхөн тодорхойлж, маргаан бүхий актыг зөвтгөсөн. Гэвч захиргааны байгууллага захиргааны акт гаргасныхаа дараа шүүхийн ажиллагааны явцад шинэ үндэслэл нэмж, анх гаргасан актын тодорхойгүй байдлыг нөхөх ёсгүй, Шүүх ч захиргааны байгууллагын өмнөөс актын үндэслэлийг шинээр бүтээж, нөхөн тогтоон зөвтгөх бус тухайн акт гарсан үеийн бодит болон хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн эсэхийг хянаж, шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалыг зөвтгөж, актад тусгагдаагүй агуулга, үндэслэлийг тодорхойлон хариуцагчид ашигтай байдлаар нотлох баримтыг үнэлж, хэргийг шийдвэрлэсэн.
Зургаа. Сонсох ажиллагааг бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлээгүй байхад хэлбэрийн төдий ажиллагааг хангалттай гэж үзсэн тухайд:
Анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэл, 11 дүгээр сарын 17-ны өдрийн танилцуулах хуудас, нэхэмжлэгчийн гарын үсэгт үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагаа хангагдсан гэж дүгнэсэн. Гэвч сонсох ажиллагааны зорилго нь шийдвэр гарах гэж байгааг мэдэгдэж гарын үсэг авах төдий биш, харин эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд шийдвэрийн бодит болон хууль зүйн үндэслэл, түүний эсрэг ашиглах нотлох баримтыг урьдчилан бүрэн танилцуулж, тайлбар, санал, няцаалт гаргах бодит боломж олгоход оршдог. Гэтэл Л.Г надад энэ боломжийг олгоогүй буюу 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн илтгэх хуудсыг 11 дүгээр сарын 17-ны өдөр буюу тушаал гарснаас хойш танилцуулсан, тухайн илтгэх хуудас дээрхи хууль зөрчсөн гэх үндэслэлийн талаар тайлбар хийх боломжийг огт олгоогүй, энэ тухай шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн боловч анхан шатны шүүхээс гарын үсэг зурсан, 17-ны өдөр гэдэг техникийн алдаа гэх хариуцагчийн тайлбарыг илүүд үзсэн болно.
Сонсох ажиллагааны мэдэгдэлд нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэлийг ерөнхий байдлаар дурдсан бөгөөд өөрийгөө хамгаалахад шаардлагатай баримтын бүрдэл, тодорхой хууль зүйн үндэслэлийг агуулаагүй. Ийм нөхцөлд гарын үсэг зурсан, биечлэн оролцсон гэх хэлбэрийн шинжээр сонсох ажиллагаа бүрэн хэрэгжсэн гэж үзэх боломжгүй юм.
Мөн сонсох ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр явагдсан боловч Б/640 дүгээр тушаал 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр огноологдож, нэхэмжлэгчийг 11 дүгээр сарын 17-ны өдөр илтгэх хуудас, бусад баримтыг уншиж танилцуулсан. Нэхэмжлэгчийн тайлбар, санал, өмнөх дүгнэлт болон бусад няцаах баримтыг гаргах бодит боломж олгоогүй, энэ тухай тушаал болон холбогдох баримтад тусгагдаагүй. Иймд сонCOX ажиллагаа нь шийдвэрт нөлөөлөх бодит боломж олгосон бус, урьдчилан тогтсон шийдвэрийг хэлбэрийн хувьд баталгаажуулсан ажиллагаа болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Долоо. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн бодитой, харилцан уялдаатай үнэлээгүй тухайд:
Анхан шатны шүүх Хуль зүй, дотоод хэргийн сайдын А/400 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн илтгэх хуудас, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын байгуулсан дараагийн ажлын хэсгийн санал, хариуцагчийн тайлбарыг голлон үнэлсэн атлаа нэхэмжлэгч талын дараах ач холбогдол бүхий нөхцөл, баримтыг шийдвэртээ бодитой, хууль зүйн үндэслэл бүхий няцаалт хийгээгүй. Тухайлбал: тухайн бүртгэл 2015 онд хийгдсэн бөгөөд арав гаруй жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэвээр байсан; 2023 оны 5012 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр хууль зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй; бүртгэлийг хууль бус гэж тогтоосон эрх бүхий улсын байцаагчийн шийдвэр болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй; сахилгын хариуцлага ногдуулах хугацаа өнгөрсөн; нэхэмжлэгчийн олон жилийн төрийн албаны ажил, өмнөх сахилгын байдал, тухайн үйлдлийн хор уршиг, буруугийн хэлбэрийг үнэлээгүй; төрийн албанаас халах хамгийн хүнд үр дагаврыг сонгосон шалтгаан, зайлшгүй шаардлагыг тогтоогоогүй зэргээр илэрхийлж болно. Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэж, нотлох баримт бүрийг бусад баримттай харьцуулан үнэлсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй юм.
Дээрхи үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0641 дүгээр шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 47.1.4, 48.5 дахь хэсгийн агуулга, Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох, сонсох ажиллагаа явуулах, үндэслэл бүхий захиргааны акт гаргах шаардлага болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2, 106.4-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан байх шаардлагыг тус тус хангаагүй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийн хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0641 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дүгээр тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс ажилд эгүүлэн томилох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор тооцон олгож, у хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох тайлан, бичилтийг хийхийг хариуцагчид даалгасан магадлал гаргаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Л.Г-ээс шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс албан тушаалд эгүүлэн томилох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор тооцож олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайлагнахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2. Анхан шатны шүүх шийдвэртээ “...Дээрх хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэгчийг улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж улсын бүртгэл хийсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан дотоод хяналт шалгалт болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан дотоод хяналт шалгалтаар тус тус тогтоож, хуульд заасан захиргааны хариуцлага ногдуулах саналыг хүргүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1/1 дугаар албан даалгаврын 1.2 дах заалтаар өгсөн үүрэг чиглэлийг биелүүлэх зорилгоор томилох эрх бүхий албан тушаалтан болох хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, хуульд нийцсэн байна, ...хуулийн 47 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах зохицуулалт нь 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтад хамаарахгүй, зөвхөн сахилгын шийтгэл ногдуулахад хамааралтай зохицуулалт байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй, ...нэхэмжлэгчээс ... 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/361 дугаартай илтгэх хуудаст зөрчил гаргасан гэж дүгнэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ... улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 5012 дугаар дүгнэлтээр үгүйсгэгддэг юм гэж дурдан хүснэгтээр тайлбарласан боловч улсын бүртгэгч нь гагцхүү хуульд заасан шаардлага хангасан баримтыг үндэслэн бүртгэлийг хийх үүрэгтэй тул Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар тус тус байгуулагдсан ажлын хэсгүүдийн тогтоосон холбогдох хуульд заасан шаардлагыг хангаагүй нөхцөл байдалд бүртгэлийг хийсэн нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй...” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3. Хэргийн үйл баримтын талаар:
3.1 Нэхэмжлэгч Л.Г Улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн/14242/, Олимпийн гудамж, 5 тоот хаягт байрлах, 14,386,5 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга/ -ийн хамтран өмчлөгчөөс “Х М” ХХК-ийг хасаж, “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хийсэн байна.
3.2 Уг бүртгэлтэй холбоотойгоор “Х М” ХХК маргаан бүхий бүртгэлтэй холбоотой барилгын 60 хувийг “А” ХХК-ны захирал А.Б хуурамч баримт бичиг бүрдүүлэн залилан авсан талаарх гомдлыг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт, маргаан бүхий барилгын 60 хувиас “Х М” ХХК-ийг хасуулахаар хийсэн хэлцлийг хүчингүй болгуулахаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд эцсийн байдлаар Эрүүгийн хэрэг нь 2023 оны 10 дугаар сарын 19-ий өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай хүргүүлж прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, иргэний хэргийн хувьд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01131 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0110 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, тухайн тогтоол эцсийн шийдвэр болж эрүүгийн болон иргэний хэргийн маргаанууд дуусжээ.
3.3 Уг маргаан бүхий 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлтэй холбогдуулан “Х М” ХХК-ийн зүгээс тухайн үед Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3.4 “Х М” ХХК-ийн зүгээс Монгол улсын Ерөнхий сайдад 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр захидал /дээрх маргаан бүхий бүртгэл, өмчлөх эрх, бүртгэл хийсэн бүртгэгч Л.Г-тэй холбоотой гомдол/ хүргүүлснийг Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад албан бичгээр хүргүүлжээ.
3.5 Үүнээс өмнө “Х М” ХХК-ийн зүгээс Хууль зүй, дотоод хэргийн хэргийн сайдад 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хандаж гаргасан гомдлын дагуу ажлын хэсэг байгуулагдаж, маргаан бүхий бүртгэлтэй холбогдуулан хяналт шалгалт хийж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1/1 дугаартай “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын 1.2 дах заалтаар улсын бүртгэгч Л.Г-эд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар тусгажээ.
3.6 Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Б/640 дугаар “Л.Г-ийг албан тушаалаас халах тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.18, 39 дүгээр зүйлийн 39.1.18, 47 дугаар зүйлийн 47.1.4, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1/1 дүгээр албан даалгавар зэргийг үндэслэн улсын бүртгэлийн хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг зөрчин бүртгэл хөтөлсөн нь дотоод хяналт шалгалт, холбогдох баримтаар тогтоогдсон тул 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь халснаар маргаан үүсжээ.
4. Маргаан бүхий 2015 оны улсын бүртгэлийн тухайд:
4.1. Маргаан бүхий 2015 оны бүртгэлтэй холбоотойгоор “Х М” ХХК-ийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шилжүүлэн ирүүлсэн гомдлын дагуу тус газрын хяналтын ахлах байцаагч Ж.Чиймаа, хяналтын улсын байцаагч А.М, С.О нар хяналт шалгалт явуулж 2023 оны 5012 дугаар улсын байцаагчийн дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтээр маргаан бүхий эрхийн улсын бүртгэлийн 2203024452 дугаар бүртгэлд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн хамтран өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлтэй холбоотойгоор “Х М” ХХК-ийн захирал Z D, түүний өмгөөлөгч Э.Г-ийн гаргасан өргөдөл, гомдлыг хангахгүй орхих, 3 дах заалтаараа шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан байх бөгөөд дээрх 5012 дугаар дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр үлдсэн байна.
5. Түүнээс хойш 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5580 дугаар дүгнэлтээр дээрх 2015 оны бүртгэлийн эрхийг түдгэлзүүлснийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 6612 дугаар дүгнэлтээр цуцалж, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4096 дугаар “бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтээр маргаан бүхий барилгын үл хөдлөх эд хөрөнгийг тусдаа 15 үл хөдлөх хөрөнгө болгон салгаж бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгосон бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 4096 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
6. Дээрх үйл баримтуудын эцэст нэхэмжлэгч Л.Г-ийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэл болон уг бүртгэлтэй холбоотой шалгалт хийгээд гарсан 5012 дүгнэлт тус тус хүчин төгөлдөр хэвээр байгаа энэ нөхцөлд нэхэмжлэгч Л.Г-ийг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг зөрчин бүртгэл хөтөлсөн нь дотоод хяналт шалгалт, холбогдох баримтаар тогтоогдсон гэх үндэслэлээр албан тушаалаас халсан нь буруу болжээ.
7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно”, 22.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.
8. Өөрөөр хэлбэл дээрх хяналт шалгалтууд, улсын байцаагч нарын дүгнэлтүүдээр 2015 оны маргаан бүхий бүртгэлийг хууль, журам зөрчиж бүртгэсэн гэх боловч уг бүртгэлийг хүчингүй болгосон Улсын ерөнхий байцаагч болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр одоогоор байхгүй байх тул 2015 оны маргаан бүхий бүртгэлтэй холбогдуулж нэхэмжлэгч Л.Г-ийг албан тушаалаас халах нь хуульд нийцэхгүй байна.
9. Харин нэхэмжлэгч Л.Г-ийн бүртгэсэн 2015 оны маргаан бүхий бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн болох нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болсон тохиолдолд түүнд хуульд заасны дагуу хариуцлага тооцох боломжтой юм.
10. Нөгөө талаар нэхэмжлэгчийг албан тушаалаас халах тухай маргаан бүхий Б/640 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэл, агуулгын хувьд зөрчилтэй ойлгомжгүй тушаал гарсан гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч Л.Г-ийг албан тушаалаас /албанаас халах/ халах тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан зөрчил буюу мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын арга хэмжээ авах үндэслэлийг дурдаж 47.1.4-д заасан энэ хуульд заасан бусад үндэслэлээр халсан нь хууль зүйн агуулгын хувьд алдаатай, сахилгын арга хэмжээ авах үндэслэлийг дурдсан атлаа албанаас халах арга хэмжээ авсан нь ойлгомжгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй байна. /Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгаврын талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс өмнө нь нэгэнт дүгнэлт өгсөн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байх тул дүгнэлт өгөх боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 128/ШШ2026/0641 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР