| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0123/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/135 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/135
2024 01 29 2024/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
улсын яллагч: Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Г.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Тт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* ********** /регистрийн дугаар: *******/,
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, урлаач, зурхайч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Б*******,******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч Г.Т нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ******* тоотод хамтран амьдрагч **********тай хувийн таарамжгүй шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь “хамрын нуруунд шарх, цус хуралт, зүүн бугалга, зүүн өгзөг, баруун гуя, ташаа, шагайнд цус хуралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Т нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч **********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хамар руу цохиж, тоосго шидэн эрүүл мэндэд нь “хамрын нуруунд шарх, цус хуралт, зүүн бугалга, зүүн өгзөг, баруун гуя, ташаа, шагайнд цус хуралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэрэгт холбогджээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
-Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр ажлынхаа газрын хүмүүстэй хамт пабд суугаад 00 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч Г.Тийг дуудаад явсан. Тухайн үед **********ийг ирэхэд манай ажлын нэг хүүхний араас гүйгээд байдаг залуу ирчихсэн сууж байхыг харчихаад “танай ажлынхан нөхрөө дуудаад суудаг юм байна, чи намайг дуудахгүй яасан юм бэ” гээд харих замдаа уурлаад байсан. Тэгээд шөнийн 01 цагийн үед ********** уурлаад гэрээсээ гараад явчихсан юм. Өглөө 07 цагийн үед ********** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу орж ирээд гэрийн эд зүйл авч шидээд, аяга хагалаад байхаар нь би гэрээс гараад явахад ********** араас гарч ирээд баруун хөл рүү тал тоосго авч шидээд, намайг гэр рүү оруулах гээд би орохгүй гээд гадаа барьцалдаад миний хамар руу гараараа нэг удаа цохичихоод гараад явчихсан. Тэр үед миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж 4 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 02 дугаартай:
“...1. *******ийн биед нуруунд шарх, цус хуралт, зүүн бугалга, зүүн өгзөг, баруун гуя, ташаа, шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүдээс зулайн баруун ар гадна хэсгийн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд зовхины цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
-Шүүгдэгч Г.Тийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр манай эхнэр ********** ажлынхантайгаа сууж байгаад намайг 01 цагийн үед дуудаад ирээд аваач гээд Хан-Уул дүүргийн Наадам центрийн урд талд “Beer house” гэсэн нэртэй газраас очиж аваад бид хоёр харих замдаа тооцооноос болж бас нөхрөө дуудаад хамт сууж болдоггүй юм уу гэсэн асуудлаас болж хоорондоо маргалдаад Анударийн цээж хэсэгт нэг удаа цохичихсон юм. Тэгээд орж ирээд маргалдаад би гэрээс гараад урлан хийдэг жижиг байшиндаа ороод 2-3 пиво, тал шил архи байхаар нь уучихаад гэр рүүгээ орсон чинь эхнэр сэрүүн байхаар нь гомдоод ингэж хэлээд байхдаа яахав дээ гээд уурандаа ширээн дээр байсан 1-2 аяга хана руу авч шидээд би ингэж байхаар үхчихье гээд эхнэрээ айлгах гээд хутга авсан чинь ********** бас хутга аваад би бас үхнэ гэхээр нь хутгыг нь булааж аваад хамар тус газар нь гараараа нэг удаа цохисон, гэрээс гараад гүйхээр нь араас нь тоосго аваад шидэхэд хөлийг нь оночих шиг болсон. Тэгээд ********** хадам ээжид хэлээд хадам ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Т нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 02 дугаартай дүгнэлтээр хохирогч *******ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Г.Т нь хохирогч *******ийг цохиж, тоосго шидэж байгаа үйлдэл нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.
Хэдийгээр шүүгдэгч Г.Т нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчийн эрүүл мэндийн эсрэг чиглэсэн үйлдэл гаргасан байгаа ч түүнийг тохиолдлын шинжтэй, ахуйн маргааны улмаас дээрх үйлдлийг хийсэн санаа сэдэлтийг нь үндэслэн гэр бүлийн хүчирхийллийн шинжийг бүрэн агуулаагүй байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зүйлчилсэн нь зөв байна гэж дүгнэсэн.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Т нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч ********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд хохирол төлбөрийн талаарх баримт гаргаж өгөөгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 52 дахь тал/ байгаа тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560,000 (таван зуун жаран мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Г.Т нь гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Г.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд ажил хөдөлмөр эрхэлдэг тодорхой орлого олдог болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчид торгох ял шийтгэх нь тохиромжтой гэж үзсэн.
Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560,000 /таван зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560,000 /таван зуун жаран мянган/ төгрөгөөр ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Тт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560,000 /таван зуун жаран мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Г.Тт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин ********** болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин ********** болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА